Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2021/03709

 

 

 

 

 

2021 11 12

101/ШШ2021/03709

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Э-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т г к ХХК/-д холбогдох,

 

Орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг болон гэрээний үүргээ биелүүлж орон сууц хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.О, Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн өмгөөлөгч З.Б, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2019.03.22-ны өдөр ******* ХХК-тай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулан улмаар Хан-уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан 150 айлын орон сууц -наас 7 давхарт 703 тоотын 47.35 мкв талбай бүхий орон сууцыг захиалан гэрээ ёсоор орон сууц захиалгын мөнгийг төлөх хуваарийн дагуу 2019 оны 04-р сарын 05-ны өдөр 4 удаагийн гүйлгээгээр уьрдчилгаа төлбөрт нийт 42,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн дансанд шилжүүлж өгсөн. Дээрх гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь уг гэрээний 3.1-д зааснаар орон сууцны барилгыг 2019 оны 04-р сард багтаан барьж улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулж, захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч одоо болтол ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөөгүй байна. Уг баригдаж байгаа барилга дээрээ очиж гэрээ ёсоор өгөх ёстой үлдэгдэл мөнгө болох 5,350,000 төгрөгийг өгөх гээд хэд хэдэн удаа хуучин байрлаж байсан Жем палас дээр байсан оффис дээр нь хэд хэдэн удаа очсон боловч энэ байр нь цоожтой, гэрээн дээр бичигдсэн утас руу нь залгахад холбогдохгүй байсан. 2021 оны 06-р сард өөр газар буюу нэхэмжлэлд дурдсан дээрх хаягийг олж очтол өөдөөс өөр хүмүүс та нар тэр Хаш-Эрдэнэтэйгээ учраа ол, эсвэл та нар нэг м.кв-ийг нь 1,350,000 төгрөгөөр тооцож авбал ав, авахгүй бол зарсны дараа та нарын урдчилгаа мөнгийг чинь өгнө гэсэн. Дараа нь дахиад очиход 1 м.кв-ийг 1,650,000 төгрөгөөр тооцно гэж байсан. Би яагаад тэгж байгаа юм бэ, гэрээний үнээрээ явна гэж хэлсэн, тэгээд тэнд байсан Болор, мөн Болортуяа гэх хүмүүстэй учраа олохгүй байхаар нь Анх өгсөн мөнгөө ч авч чадахгүй, юу ч үгүй үлдэх юм байна гэж бодоод урьдчилгаанд тушаасан 42,000,000 төгрөгөө буцааж авъя гэж тухайн үед хүсэлт бичсэн боловч нэн удалгүй хэд хоногийн дараа орон сууцаа авах нь зөв гэж бодоод Болор гэгчтэй нь утсаар ярьж Би байраа авна, өргөдлөө буцааж авна гэсэн боловч зөвшөөрөөгүй, тэгэхээр нь мессэж бичсэн боловч хариу ирээгүй. Мөн өчигдөр буюу 2021.08.11-ны өдөр миний төрсөн дүү Ц.Энхбаяр оффис дээр нь очоод эгчийнхээ өгсөн өргөдлийг авъя гэхэд өгөөгүй, одоо тийм юм байхгүй гэж хэлсэн байна лээ. Тухайн үед бэлэн төлөлтөөр бол 1 м.кв-ыг нь 1,000,000 төгрөгөөр тооцно гэж байрны нийт төлбөрийн 90 орчим хувийг авчихаад байрыг ашиглалтанд оруулах хугацаандаа оруулаагүй, үлдсэн мөнгөө өгөх гэхээр хэнд өгөх нь тодорхой бус асуудал үүсгээд төлөх боломж гаргахгүй, би үнэхээр гайхаж, хүндрэлтэй болоод байна. ******* ХХК нь дээрх гэрээ байгуулах үеийн хаяг болох Баянгол дүүрэг, 2-р хороо, Баруун зам, Gem Palace 13-1301 тоотод байршилдаа байхгүй, бид өөрсдөө нэхэмжлэлд дурдсан дээрх хаягийг нь олж ийнхүү нэхэмжлэл гаргасан. Нэгэнт бид гэрээний үүргээ биелүүлсэн, үлдэгдэл 5,350,000 төгрөгөө төлөх гэтэл дээр дурдсан нөхцөл байдал үүссэн, төлөхөд бэлэн байгаа. Тушаах данс нь тодорхой биш байлаа гэхэд хаанахын ямар дансанд байршуулах-аа мэдэхгүй байна. Иймд ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Хан-уул дүүргийн 16-р хороо, 150 айлын орон сууцны 47,35 мкв бүхий 2 өрөө 703 тоот орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгож өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах, гэрээний үүргээ биелүүлж орон сууц хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 16-р хороо 150 айлын орон сууц-ны 47,35 м.кв бүхий 2 өрөө 703 тоот орон сууцыг 47,350,000 төгрөгөөр буюу 1 м.кв нь 1,000,000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон. 2018, 2019 онуудад компанийн үйл ажиллагаа доголдож санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас барилга 8 давхарт бүрэн зогссон. 2020 онд дэлхий нийтээр цар тахалын хөл хорио тогтоосны улмаас барилгын ажил бүрэн зогсож, 2021 оноос эхлэн барилгын материалын үнэ өссөний улмаас манай компанийн санхүүгийн нөхцөл байдал бүр хүнд байдалд орсон. Бид дээрх нөхцөл байдлыг нэхэмжлэгчид учирлаж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж хамтын ажиллагааг цааш үргэлжлүүлэх санал тавьсан. Нэхэмжлэгчийн зүгээс Орон сууц захиалан бариулах гэрээ-ний төлбөрт 42,000,000 төгрөгийг төлсөн тул дээрх мөнгийг гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өөрийн гараар бичиж өгсөн. Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу бид дээрх орон сууцыг бусдад шилжүүлэх, арилжих бүх боломжит нөхцлийг судлаж үзэж барилгын материалын ханган нийлүүлэгч компанид шилжүүлэхээр харилцан тохиролцож шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь төлсөн төлбөрөө авах тухай хүсэлтийг гаргаснаас хойш 22 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр хэрэгжихэд харшлах олон нөхцөл байдал үүсгэсэн болохыг дурдах нь зүйтэй болов уу. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан төлбөрөө буцааж авах хүсэлтийн дагуу буцаан төлөх 42,000,000 төгрөгийг бэлдэж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгох бүхий л нөхцөл байдлыг илэрхийлэн ажиллаж байгаа юм.

Нэхэмжлэгч 42,000,000 төгрөгөөс буцааж авах хүсэлтийг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гаргаснаас хойш бид түүний захиалсан 703 тоот орон сууцыг Ви Жи Эй ХХК-д бартерийн гэрээгээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон байгаа. Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ч шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болсон. Маргаан бүхий 150 айлын орон сууц нь Ц.Энхтуяатай гэрээ байгуулах үед төлөвлөгдсөн байсан талбайн хэмжээнд нь өөрчлөлт орсон. Иймд нэхэмжлэгчийн хүсээд байгаа 47.35 м.кв орон сууцыг өөр тоотод байрлах орон сууцаар сольж өгөх ч боломж байхгүй. Одоо орон сууцны барилга 70-80 хувийн гүйцэтгэлтэй байгаа. 42,000,000 төгрөгөө буцаан авах хүсэлт гаргасан нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан гэж үзнэ. 1 м.кв нь 1,000,000 төгрөгийн үнэтэй байх орон сууц хаана ч байхгүй, барилгын материалын зах зээлийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчид гэрээний үнэд өөрчлөлт оруулах санал гаргахад хүлээж аваагүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Энхтуяа нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг болон гэрээний үүргээ биелүүлж орон сууц хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.Энхтуяа нь хариуцагч ******* ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 150 айлын орон сууцны 7 дугаар давхар, 703 тоотод байрлах 47.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2019 оны 04 дүгээр сард багтаан барьж улсын комисст өгч, захиалагчид хүлээлгэн өгөх, Ц.Энхтуяа нь 1 м.кв-ын үнэ 1,000,000 төгрөг, нийт 47,350,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 8-9 дүгээр тал/

Талуудын хооронд дээрх гэрээ байгуулах үед орон сууцны барилга баригдаагүй, барилгын суурийн ажил эхэлж байсан талаар зохигчдийн хэн аль нь тайлбарласан. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

Захиалагч Ц.Энхтуяа нь гэрээний үүрэгт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 14,775,500 төгрөг, 16,091,000 төгрөг, 9,132,500 төгрөг нийт 42,000,000 төгрөгийг гүйцэтгэгч ******* ХХК-д шилжүүлсэн болох нь төлбөрийн баримтууд, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдсон. /хх-ийн 10-15 дугаар тал/

 

Дээрх гэрээний дагуу шилжүүлсэн нийт 42,000,000 төгрөгийг захиалагч Ц.Энхтуяа нь өөрийн төрсөн эх Д.Пүрэвсүрэнгийн эзэмшлийн данснаас шилжүүлсэн байх ба Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж зааснаар тэрээр гуравдагч этгээдээр дамжуулан мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй. Хариуцагч ******* ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээний үүрэгт 42,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Энхтуяагаас хүлээн авсан үйл баримтад маргаагүй. /хх-ийн 59-60 дугаар тал/

 

Тооцооны үлдэгдлийн баталгаагаар захиалагч Ц.Энхтуяа нь 5,350,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон ба уг мөнгөн хөрөнгийг ажил гүйцэтгэх гэрээний 2.3-т зааснаар гэрээ байгуулснаас хойш 24 сарын хугацаанд төлж дуусгах үүрэгтэй байна.

 

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулснаас хойш ажил гүйцэтгэгч ******* ХХК нь гэрээнд заасан хугацаанд ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед орон сууцны барилга 70 хувийн гүйцэтгэлтэй, улсын комисс хүлээн аваагүй байгаа болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, талуудын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 99 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Ц.Энхтуяа нь орон сууц захиалгын гэрээний дагуу 42,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг шилжүүлснээс хойш хариуцагч ******* ХХК нь оршин байрлах хаягаа өөрчилж, захиалагчтай холбоо харилцаагүй байсаар 2021 оны 08 дугаар сард захиалагч нь гүйцэтгэгчийн шинээр оршин байрлах хаягийг олж тогтоосон болох нь талуудын тайлбар, гэрч Ц.Энхбаярын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Ц.Энхтуяагаас ...******* ХХК нь гэрээ байгуулснаас хойш хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Бид байнга араас нь олж уулзах гэж хөөцөлдөж байсан. Утасны дугаарууд нь холбогдох боломжгүй болсон. Ингэж явсаар 2021 оны 08 дугаар сард хаана байрлаж байгааг нь олоод очиж уулзсан. Гэтэл захирлууд солигдсон, та үнээ нэмж төлөхгүй бол байрыг өгөх боломжгүй гэсэн. Би 2 жил 6 сарын хугацаанд энэ компанид бэлэн 42,000,000 төгрөгөө өгчихөөд олж уулзаж чадахгүй сэтгэлийн шаналгаатай явсан байсан тул шоконд ороод байр ч үгүй, мөнгө ч үгүй болох юм байна гэж бодоод мөнгөө авах бичиг бичиж өгсөн нь үнэн. Гэхдээ уг бичгийг бичиж өгсөний маргааш нь тайвшираад гэрээгээр тохиролцсоноороо байраа авах нь зөв гэдгээ хэлэхэд нэгэнт бичиг бичиж өгсөн, одоо боломжгүй гэсэн. Гэрээ байгуулсанаас хойш надад нэг ч удаа барилгын үнэ нэмэгдсэн тул гэрээний үнэд өөрчлөлт орох талаар мэдэгдээгүй. Ямар ч холбоо, харилцаагүй 2 жил 6 сар болчихоод гэнэт үнэ нэмэгдсэн гэж тулгаж байна. Би үлдэх 5,350,000 төгрөгөө төлөхөд бэлэн байсан боловч ямар ч холбоогүй байсан төлөөгүй одоо төлөхөд бэлэн байгаа гэж,

гэрч Ц.Энхбаяраас ...Ковид гарсанаас хойш хариуцагч компани олдохоо больсон. 2020 оны хавар хуучин оффис дээр нь очиход байхгүй байсан. Шинэ оффисыг нь олоод очиход нягтлан гэх эмэгтэй барилга баригдаж байгаа л гэдэг. Анх гэрээ хийхэд Хоймор гэх оффист байсан. Сүүлд 4 зам руу нүүсэн байсан, дараа нь Сөүл центрт нүүсэн байсан. Хариуцагч компани мөнгөө авбал ав, авахгүй бол байрыг зарсан хойно өгнө гэж хэлсэн. 2 жил 6 сар хүлээлгэчихээд үнээ нэмээд байрыг зарсан хойно мөнгийг өгнө гэсэн тул манай эгч сандраад өргөдөл бичсэн. Тэгээд нөгөөдөр нь компаниас өргөдлөө авъя гэхэд үгүй гэж гүрийсэн гэж тус тус тайлбарлаж, мэдүүлсэн. /хх-ийн 79-81 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Ц.Энхтуяа нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч ******* ХХК-д ...Танай компанитай байгуулсан 2019.03.22-ны өдөр, №030 тоот гэрээний дагуу 47.35 м.кв байрны үнийн дүн м.кв-ын үнэ нэмэгдсэнтэй холбоотой өөрийн танай компанид оруулсан мөнгийг гаргаж өгнө үү. Төлсөн дүн 42 сая төгрөг. 2021 он хүртэл үүссэн хохирлыг цаашид ч нэхэмжлэх болно гэх бичгийг өгчээ. /хх-ийн 44 дүгээр тал/

 

Хариуцагч дээрх бичгийг татгалзлын үндэслэлээ болгон ...ажил гүйцэтгэх гэрээнээс нэхэмжлэгч нь мөнгөө буцааж авах хүсэлт гаргаснаар татгалзсан гэж үзнэ. Компани гэрээний зүйл болох 703 тоотод байрлах орон сууцыг барилгын ажлын туслан гүйцэтгэгчид ажлын хөлсөнд өгөхөөр тохиролцсон. Барилгын ажил дуусч, орон сууцыг худалдан борлуулсан орлогоос нэхэмжлэгчийн төлсөн 42,000,000 төгрөгийг гаргаж өгнө гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, 204.2 дахь хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж тус тус заасан.

 

Хариуцагч ******* ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Ц.Энхтуяагаас гэрээгээр шилжүүлсэн 42,000,000 төгрөгийг буцаан авах хүсэлт гаргах үед ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзах хугацааг тогтоогоогүй, уг бичгийг үндэслэн нэхэмжлэгчид түүний саналыг хүлээн авч гэрээг цуцалж байгаа талаар албан ёсоор мэдэгдээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Хариуцагч нь мөнгө авах саналыг гаргасныг хүлээн авсан болох нь түүний хүсэлтийг авснаар батлагдана гэж маргах боловч энэ нь эс үйлдлээр бус бодит үйлдлээр саналд хариу өгөх журамтай. Захиалагч нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гүйцэтгэгчид бичиг өгсөнөөс хойш 2 өдрийн дараа мөнгөө авахгүй, гэрээний дагуу орон сууцаа авах хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон.

 

Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж байгаа саналыг хүлээн авч байгаагаа гэрээний нөгөө тал болох нэхэмжлэгчид мэдэгдэх хугацаа тогтоогоогүй, уг саналыг хүлээн авч байгаагаа зохих журмаар мэдэгдээгүй байх үед нэхэмжлэгч нь гэрээний дагуу орон сууцаа хүлээн авах талаар мэдэгдсэн байна. Энэ нь түүний гэрээ цуцлах саналд нөгөө тал хугацаа тогтоож, хариу өгөөгүй байх үед уг саналаа буцаан татсан байна. Мөн хариуцагч нь гэрээг цуцалсан гэх атлаа нэхэмжлэгчийн гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хэзээ өгөх нь тодорхойгүй, үүнд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй явсаар шүүх хуралдаанд ...орон сууцыг худалдан борлуулсаны дараа өгнө... гэж тайлбарласан. Иймд захиалагчийн санаачилгаар гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй, гэрээнээс татгалзах журам хуульд зааснаар хэрэгжээгүй байна.

 

Нөгөө талаар, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан. Хэргийн 44 дүгээр талд авагдсан нэхэмжлэгч Ц.Энхтуяагийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бичсэн бичвэрийн агуулга, талуудын гаргасан тайлбар, тэдгээрийн хооронд үүссэн үйл баримт зэргийг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон үнийг нэмэхтэй холбоотойгоор үнийг буюу гэрээнд өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрөхгүй болохоо илэрхийлсэн гэж үзэхээр байна.

 

Хариуцагч нь харилцаа холбоогүй байсаар 2 жил 6 сарын хугацааны дараа гэрээний талууд уулзах тэр цаг мөчит үнэ нэмэхтэй холбоотойгоор үл ойлголцлын улмаас нэхэмжлэгч нь дээрх бичгийг бичсэн байна. Иймд хариуцагч ******* ХХК-иас гаргасан нэхэмжлэгчийн санаачилгаар ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан гэх татгалзал үндэслэлгүй.

 

Хариуцагч ******* ХХК нь 2019 оны 03 дугаар сард гэрээ байгуулсанаас хойш барилгын материалын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор ажил гүйцэтгэх гэрээний үнэд өөрчлөлт оруулах саналыг нэхэмжлэгч Ц.Энхтуяад гаргахад тэрээр хүлээн зөвшөөрөөгүй. Өнөөгийн зах зээлийн ханшаар 1 м.кв нь 1,000,000 төгрөгийн үнэтэй орон сууц хаана ч байхгүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасан. Мөн талуудын байгуулсан гэрээний 6.7-д зааснаар барилгын үнэ нэмэгдсэн болон компанийн удирдлагууд өөрчлөгдсөнтэй холбоотой мэдээллийг захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй байна. Гүйцэтгэгч нь 2019 оны 03 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаас хойш 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд төсвийн хэмжээ нэмэгдсэн болохыг захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч тал ...төсөв нэмэгдэх тухай бүрт нь захиалагчид зохих журмын дагуу мэдэгдэж байсан гэж тайлбарлах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй.

 

Хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн хэргийн 127-133 дугаар талд авагдсан 2019 оны бараа материалын тооцоо гэх баримт нь хэн гаргасан эсэх, уг тооцоо нь санхүүгийн тамга, тэмдгээр баталгаажаагүй байна.

 

Түүнчлэн хариуцагч нь ...компанийн удирдлагууд гэрээ байгуулснаас хойш солигдсон. Анх гэрээ байгуулсан захирал нь алдагдалтай гэрээ байгуулсан байсан. Компанийг одоогийн удирдлагууд аваад Ц.Энхтуяатай алдагдалтай гэрээ байгуулсан болохыг мэдсэн. Гэрээний үнэд өөрчлөлт оруулах замаар орон сууцны үнийг нэмж төлөхгүй бол гэрээг үргэжлүүлэх боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 195.2 дахь хэсэгт тус тус зааснаар хүсэл зоригоо бодитой, хангалттай илэрхийлэх замаар гэрээний гол нөхцөл болох үнийг тодорхойлон тохиролцсон байх ба компанийн удирлагууд өөрчлөгдсөн нь гэрээний нөхцөлд өөрчлөлт орох, өмнө байгуулсан гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм.

 

Хэдийгээр хариуцагч нь барилгын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор хэргийн 107-126, 134-136 дугаар талд авагдсан орон сууцны дундаж үнийг харуулсан баримтуудыг хэрэгт цуглуулж өгсөн боловч гэрээний үнийг нэмэх зайлшгүй шаардлагатай болохоо зохих журмын дагуу нэхэмжлэгчид мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, гэрээнд заасан хугацаанд ажлын үр дүнг яагаад хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болсон болохоо 2021 оны 08 дугаар сар хүртэл хугацаанд мэдэгдээгүй, тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Иймд хариуцагч ******* ХХК нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.3 дахь хэсэгт Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч аливаа болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ийн хариуцлагыг хүлээнэ, 222.4 дэх хэсэгт Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна тус тус зааснаар төсвийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой санхүүгийн эрсдэл буюу гэрээний хариуцлага хүлээхээр байна.

 

Талуудын гэрээгээр тохиролцсон орон сууцны нийт үнэ 47,350,000 төгрөг ба үүнээс нэхэмжлэгч нь 42,000,000 төгрөг төлсөн байдал, үлдэх 5,350,000 төгрөгийг хаана, ямар дансанд төлөх талаар компанийн зүгээс ямар ч мэдээлэлгүй алга болсон тул төлөх боломж байгаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Ц.Энхтуяа нь үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд хариуцагчаас гаргасан гэрээний дагуу үлдэгдэл төлбөр төлөх үүргээ төлөөгүй тул гэрээ цуцлах үндэслэлтэй гэх татгалзал нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт зааснаар үгүйсгэгдэж байна.

 

Хариуцагч нь гэрээний зүйл болох 703 тоотод байрлах 47.35 м.кв орон сууцны талбайн хэмжээнд өөрчлөлт орж 47.15 м.кв болсон гэж тайлбарлаж, хэргийн 100-101 дүгээр талд авагдсан 16 давхрын технологийн зохион байгуулалтын схем зургийг нотлох баримтаар цуглуулж өгсөн. Уг баримтаас үзэхэд талуудын гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах, 150 айлын орон сууцны барилгатай хамааралгүй, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлх-Вилла хотхоны барилгын схем зураг байна. Иймд хариуцагчийн 47.35 м.кв орон сууцыг хүлээлгэн өгөх боломжгүй гэх тайлбар үндэслэлгүй, уг тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Түүнчлэн хариуцагч тал 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд гэрээний зүйл болох орон сууцыг Ви Жи Эй ХХК-д бартерийн гэрээгээр шилжүүлэхээр тохиролцсон гэж тайлбарласан атлаа 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хүслэн хайрхан ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хэрэгт цуглуулж өгсөн. /хх-ийн 94-98 дугаар тал/

 

Хариуцагч нь уг гэрээнд зааснаар маргааны зүйл болох орон сууцыг бартераар Хүслэн хайрхан ХХК гэх компанид өгөхөөр тохиролцсон тул нэхэмжлэгч Ц.Энхтуяад орон сууцыг хүлээлгэн өгөх боломжгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.

 

Уг гэрээний 2.2-т гэрээний нийт 585,000,000 төгрөг, үүнд ...47.15 м.кв 2 өрөө, 7 давхарт 703 тоот 1 граш, 23,500,000... гэж, 1.7-д ажлын зураг төсөл нь гэрээний салшгүй нэг хэсэг байх ба эхийн адил хүчинтэй байна /хавсралт 1 ажлын зураг/ гэж тус тус заажээ.

 

Дээрх баримтууд болох 703 тоотод байрлах 47.35 м.кв орон сууцны талбайн хэмжээнд өөрчлөлт орсон гэх 47.15 м.кв схем зураг нь маргаан бүхий барилгын зураг биш байгаа байдал, Хүслэн хайрхан ХХК-ийн ажлын хөлсөнд шилжүүлэхээр тохиролцсон гэх 47.15 м.кв 2 өрөө, 7 давхарт 703 тоот 1 граш, 23,500,000 гэж тохиролцсон нь маргааны зүйл болох орон сууц мөн эсэх нь эргэлзээтэй, хаана байрлах аль орон сууцны 703 тоот орон сууцыг Хүслэн хайрхан ХХК-д өгөх эсэх нь тодорхойгүй байгаа байдал, Хүслэн хайрхан ХХК-иар гүйцэтгүүлэх ажлын зураг төслийг хэрэгт цуглуулж өгөөгүй байдал, орон сууцыг Ви Жи Эй ХХК-д бартерийн гэрээгээр шилжүүлэхээр тохиролцсон гэх тайлбар зэргийг харьцуулан үзэхэд хариуцагчаас гаргаж буй тайлбар зөрүүтэй, маргааны зүйл болох орон сууцыг бусдад шилжүүлсэн гэх үндэслэлээр хүлээлгэн өгөх боломжгүй гэх хариуцагчийн тайлбар учир дутагдалтай байна.

 

Нөгөө талаар, шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч талаас 703 тоотод байрлах 47.35 м.кв орон сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэнтэй холбоотой улсын бүртгэлийн эрхийн гэрчилгээ гараагүй байгаа гэж тайлбарласан. Одоо орон сууцны барилга 70 хувийн гүйцэтгэлтэйгээр ******* ХХК-ийн өмнөх захирал О.Хаш-Эрдэнийн өмчлөлд нийт 4725 м.кв талбайн хэмжээгээр бүртгэлтэй, улсын комисс хүлээн аваагүй байгаа болох нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч Ц.Энхтуяа нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, маргаан бүхий орон сууцыг хүлээлгэн өгөхийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь заалтад заасантай нийцэж байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Энхтуяа нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр 703 тоотод байрлах, 47.35 м.кв орон сууцны өмчлөх эрхийг олж авах эрх үүсч, уг эрхийн дагуу гэрээний зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө болсон байхад хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, бусдад ажлын хөлсөнд өгөхөөр тохирсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хэрвээ бусад этгээдэд төлөх ажлын хөлсний төлбөрт шилжүүлэхээр тохиролцсон гэж үзвэл энэ нь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байх шаардлагатай ба мөн Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх замаар эсхүл Иргэний хуулийн 185 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх урьдчилсан тэмдэглэгээг хийлгэх замаар баталгаажих учиртай. Хариуцагч ******* ХХК нь маргаан бүхий орон сууцыг бусдад шилжүүлсэн гэх боловч шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний хуулийн 109, 110, 185 дугаар зүйлд заасан журмыг хэрэгжүүлээгүй, одоогоор шилжүүлэх тохиролцоо л байгаа гэж тайлбарласан.

 

Дээрх үйл баримтууд болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ц.Энхтуяа нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 150 айлын орон сууцны 7 дугаар давхар, 703 тоотод байрлах 47.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр олж авах эрх үүссэн, уг орон сууцыг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч ******* ХХК нь үндэслэлгүйгээр ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж байх тул нэхэмжлэгч Ц.Энхтуяа нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт /үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ/-ыг гаргаж өгөхийг даалгуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд зааснаар өмчлөх эрхээ олж авахаар улсын бүртгэлд хүсэлт гаргах, мөн хуулийн 110 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр өмчлөх эрх шилжихтэй холбоотойгоор уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлэх замаар өөрийн өмчлөх эрхийг баталгаажуулах зорилготой байна.

 

Нэхэмжлэгчийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь дээр дурдсан Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасан журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой, улсын бүртгэлд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууц хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2 дахь хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3 дахь хэсэгт Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заасан.

 

Хариуцагч ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох гүйцэтгэсэн ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байх тул Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 150 айлын орон сууцны 7 дугаар давхар, 703 тоотод байрлах 47.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт /үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ/-ыг нэхэмжлэгч Ц.Энхтуяад гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 150 айлын орон сууцны 7 дугаар давхар, 703 тоотод байрлах 47.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхийг болон тус орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч Ц.Энхтуяад гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 464,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 464,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ