Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/00187

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/00188

 

 

Ц.Э-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2021/03709 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Э-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ТК ХХК-д холбогдох,

Орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг болон гэрээний үүргээ биелүүлж орон сууц хүлээлгэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д, О.О, хариуцагчийн өмгөөлөгч З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 150 айлын орон сууцны 47,35 м.кв бүхий 2 өрөө 703 тоот сууцны өмчлөгч болохыг тогтоолгож, өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах, гэрээний үүргээ биелүүлж орон сууц хүлээлгэн өгөхийг даалгах.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Ц.Э- нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ТК ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан урьдчилгаа төлбөрийг хуваарийн дагуу 4 удаагийн гүйлгээгээр нийт 42,000,000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ТК ХХК-ийн дансанд шилжүүлсэн.

Дээрх гэрээгээр гүйцэтгэгч ТК ХХК нь уг гэрээний 3.1-д зааснаар барилгыг 2019 оны 04 дүгээр сард багтаан барьж ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн захиалагчид өгөх үүрэгтэй байсан ч ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөөгүй. Гэрээний үлдэгдэл төлбөр 5,350,000 төгрөгийг өгөх гээд Ж- паласт байрлах оффис дээр хэд хэдэн удаа очсон ч цоожтой, гэрээнд бичигдсэн утас руу залгахад холбогдохгүй байсан.

Тус компанийн хүмүүс хэлэхдээ ...байрны талбайн м.кв-ын үнэ нэмэгдэж 1,350,000 төгрөг болсон, дахин гэрээ хийнэ гэхэд нь гэрээнд м.кв-ын үнэ 1,000,000 төгрөг гэж заасан гэдгээ хэлэхэд хүлээж аваагүй. Тухайн үед Улаанбаатар хотод өөр барилгуудын бэлэн болсон байрны м.кв-ын үнэ 1,100,000 төгрөгийн үнэлгээтэй зарагдаж байсныг худалдан авч болох байсан ч бид тус компанийг сонгож мөнгөө өгсөн. Гэрээнд заасан м.кв-ын үнэ 1,000,000 төгрөгийг нэмэгдүүлж 1,350,000 төгрөг болгож, дахин нэмж 1,650,000 төгрөг болгосон. Хариуцагч тал орон сууцны м.кв-ын үнэ 1,650,000 төгрөг болж нэмэгдсэн, гэрээ байгуулахгүй бол өөр асуудал байхгүй гэхэд мөнгөө буцааж авахаар өргөдөл бичиж өгсөн. Гүйцэтгэгч компанийн буруугаас болж манай гэрийнхэн хохирч болохгүй гэж үзээд хэдэн өдрийн дараа манай дүү Ц.Э- хариуцагч компани дээр очиж ...эгчийнхээ өргөдлийг буцааж авъя, гэрээ ёсоор байраа л авна гэхэд хариуцагч тал хүлээн аваагүй. Тус компаниас хариу өгөхгүй, утсаа авахгүй байсан тул ...би мөнгөө буцааж авна гэсэн өргөдлөөсөө татгалзаж байна, байраа авна гэж мессэжээр мэдэгдсэн. Миний хүүхэд бие муутай олон жил хүнд өвчнөөр шаналж байгаа, бөөрний диализийн аппаратад асаргаанд байдаг, өндөр настай аавыгаа харж асардаг, надад цалингаас өөр нэмэлт орлого байхгүй. ТК ХХК барилга барьж эхлэхдээ биднээс байрны үнийн 90 хувь буюу 42,000,000 төгрөг авч хэрэглээд барилга баригдсаны дараа гэрээг зөрчиж орон сууцны үнийг зориуд нэмэгдүүлж байгаад гомдолтой. Орон сууц захиалгаар бариулах гэрээ хүчин төгөлдөр байхад намайг дарамт шахалтад оруулж хохироож байгаа байдлыг анхааран үзэж нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Талууд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 150 айлын орон сууцны 47,35 м.кв талбай бүхий 2 өрөө, 703 тоот орон сууцыг 47,350,000 төгрөгөөр буюу 1 м.кв-ын үнийг 1,000,000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Улмаар 2020 онд дэлхий нийтээр цар тахлын хөл хорио тогтоосны улмаас барилгын ажил 8 давхарт бүрэн зогсож, 2021 оноос эхлэн барилгын материалын үнэ өссөний улмаас манай компанийн санхүүгийн нөхцөл байдал бүр хүндэрч, дээрх нөхцөл байдлыг нэхэмжлэгчид учирлаж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж үргэлжлүүлэх санал тавьсан. Нэхэмжлэгчээс орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрт төлсөн 42,000,000 төгрөгийг гаргаж өгнө үү гэх хүсэлтийг 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гараар бичиж өгсний дагуу дээрх орон сууцыг бусдад худалдах бүх боломж нөхцлийг судлаад барилгын материалын ханган нийлүүлэгч компанид шилжүүлэхээр харилцан тохиролцож шилжүүлсэн. Нэхэмжлэгч төлсөн төлбөрөө буцаан авах тухай хүсэлт гаргаснаас 22 хоногийн дараа шүүхэд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй,шүүхийн шийдвэр хэрэгжихэд харшлах олон нөхцөл үүссэн. Хариуцагч нь нэхэмжлэгчийн төлбөрөө буцааж авах хүсэлтийн дагуу 42,000,000 төгрөгийг буцаан төлөхөөр бэлтгэж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгох бүхий л нөхцөл байдлыг илэрхийлэн ажиллаж байгаа бөгөөд богино хугацаанд нэхэмжлэгчийн төлбөрийг төлнө. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 150 айлын орон сууцны 7 дугаар давхар, 703 тоотод байрлах 47.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхийг болон тус орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч Ц.Э-д гаргаж өгөхийг хариуцагч ТК ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 464,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 464,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Ц.Э- нь ТК ХХК-д гэрээнд өөрчлөлт оруулах саналын үндсэн дээр нэмэлт төлбөр төлөх боломжгүй тухайгаа хэлж гэрээнээс татгалзсан хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч хүлээн авсан. Үүнийг шүүх буруу үнэллээ.

Дэлхий нийтээр 2020 онд коронавирус тархаж, түүнтэй холбогдуулан хөл хорио тогтоосноор барилгын ажил бүрэн зогсож, 2021 оноос эхлэн барилгын материалын үнэ өссөний улмаас санхүүгийн хүнд нөхцөл бий болж барилгыг ашиглалтад оруулж чадахгүй байгаа тухайгаа тайлбарлан гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж хамтын ажиллагааг цааш үргэлжлүүлэх санал гаргасан. Уг саналын дагуу нэхэмжлэгч Ц.Э-гаас хүсэл зоригоо илэрхийлсэн тул төлсөн 42,000,000 төгрөгийг бүрэн төлөхөө илэрхийлэн талуудын хооронд байгуулсан гэрээг дуусгавар болгосон. Шүүх Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасныг үндэслэн гэрээгээр тохирсон үнийг нэмэхтэй холбоотой гэрээнд өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрөхгүй болохоо илэрхийлсэн гэж тайлбарлажээ. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар Ц.Э- нь ТК ХХК-ийн гэрээнд өөрчлөлт оруулах саналын үндсэн дээр нэмэлт төлбөр төлөх боломжгүй тухайгаа хэлж гэрээнээс татгалзсан хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч хүлээн авсан. Нэхэмжлэгч Ц.Э-гаас гаргасан хүсэлтийн дагуу түүнийг хохиролгүй болгохоор боломжит нөхцлийг судалж дээрх орон сууцыг өөр этгээдэд худалдсан. Талуудын хэн аль нь өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлээд байхад шүүх хүсэл зоригийн илэрхийллийг буруу тайлбарласан.

4.б. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчтэй ашиг сонирхлын зөрчилтэй этгээд буюу түүний төрсөн дүү гэрч Ц.Э-ын мэдүүлгийг үндэслэсэн.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч татгалзлаа нотлоогүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасан хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргаж өгөх үүрэгтэй гэсэн заалтыг биелүүлээгүй, зөрчсөн. Тодруулбал, хариуцагч нь шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргахдаа иргэн Ц.Э-гийн захиалсан орон сууцыг ВЖЭ ХХК-д бартераар шилжүүлж өгсөн гэдэг. Гэтэл дараагийн шүүх хуралдаанд ВЖЭ ХХК-д бус Хүслэн хайрхан ХХК-д ажил гүйцэтгэх гэрээгээр орон сууцыг шилжүүлж өгсөн гэж шүүхэд зөрүүтэй тайлбар гаргадаг. Мөн ажил гүйцэтгэх гэрээг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн бөгөөд уг гэрээ бүрэн бус гэрээ байгаа. Тодруулбал, уг гэрээ 3 хавсралттай байна гэж заасан боловч нэг ч хавсралтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн хариуцагчийн зүгээс шүүхэд орон сууцны талбайн зураг гэж баримт гаргаж өгөхдөө өөр зураг өгсөн. Түүнчлэн, орон сууцны барилгатай хамааралгүй хотхоны барилгын хэсгийн зургийг өгснийг шүүх тогтоож, шийдвэртээ тусгасан байгаа Хариуцагч нь иргэн Ц.Э-гийн орон сууцыг бусдад шилжүүлж өгсөн гэдэг атлаа компанийн санхүүгийн талаар нэг ч баримт бичгийг шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүртгэлийг ч гаргаж өгөөгүй. Түүнчлэн, гэрээнд заасан хугацаандаа барилгыг бариагүй, энэ тухай захиалагчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй Эдгээр нөхцөл байдлаас харахад Ц.Э- нь алданги нэхэмжлэх эрхтэй байхад харин ч алдангийг нэхэмжлээгүй. Мөн гэрээнд орон сууцны үнийг нэмэгдүүлнэ гэсэн заалт огт байхгүй байхад үндэслэлгүйгээр үнэ нэмэгдүүлж байгаа нь хууль зүйд бол нийцэхгүй байна. Үнэ нэмсэн гэх албан ёсны баримт байхгүй, компанийн удирдлагын шийдвэр байхгүй, судалгаа, дүгнэлт байхгүй. Нэхэмжлэгч Ц.Э- нь шүүхэд гаргасан тайлбартаа ...хариуцагч компани нь байрны үнэ нэмэгдсэн, одоо үнээр авбал ав, авахгүй бол байрыг чинь худалдаад мөнгө орж ирэхээр мөнгийг чинь өгнө... гэж хэлсэн гэдэг бөгөөд үүнд гомдолтой байгаа. Иймд учраас тус компанид холбогдуулан үнэ нэмсэн нь хохироож байна гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргасан болохоос сайн дураараа шүүхэд хандсан асуудал биш. Ц.Э- нь 42,000,000 төгрөгийг 2 жилийн өмнө өгсөн бөгөөд орон сууцны төлбөрөөс 97 хувийг төлчихсөн гэсэн үг. Үлдэгдэл мөнгө төлөх гэхэд хариуцагч компанийн байршил болон удирдлагууд нь удаа дараа өөрчлөгдөж, солигдсон байгаа. Үүнд иргэн Ц.Э-гийн буруу байхгүй. Хариуцагч тал иргэн Ц.Э-г сайн дураар өргөдөл өгсөн гэж давж заалдах гомдол гаргасан нь үнэнд нийцэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт заасан хуулийн заалтууд бүгд хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.Э- нь хариуцагч ТК ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 150 айлын орон сууцны 47,35 м.кв бүхий 2 өрөө 703 тоот сууцны өмчлөгч болохыг тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг болон гэрээний үүргээ биелүүлж орон сууц хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 29-30/

 

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 30 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээгээр ТК ХХК нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 150 айлын орон сууцны 7 дугаар давхрын 703 тоотод байрлах 47,35 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг 2019 оны 04 дүгээр сард багтаан барьж улсын комисст өгч, захиалагчид хүлээлгэн өгөх, Ц.Э- нь 1 м.кв-ын үнэ 1,000,000 төгрөг, нийт 47,350,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх 8-9/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэжээ. Гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй тодорхой хөрөнгө буюу тодорхой хаягт байрлах 47,35 м.кв талбайтай, 2 өрөө сууц түүнтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хэрэгт нэхэмжлэгч Ц.Э- нь 42,000,000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ТК ХХК-ийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон./хх10-14/

 

Нэхэмжлэгчийн ... сууцны үнийн үлдэгдэл болох 5,350,000 төгрөгийг төлөх гээд Ж- паласт байрлах хариуцагчийн оффис дээр хэд хэдэн удаа очсон ч цоожтой, гэрээнд бичигдсэн утас руу залгахад холбогдохгүй байсан гэх тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй.

 

Хариуцагч ТК ХХК нь уг гэрээний 3.1-д зааснаар барилгыг 2019 оны 04 дүгээр сард багтаан барьж ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн захиалагчид өгөх үүргээ биелүүлээгүй үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон.

 

Мөн хариуцагч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүргээ хугацаанд биелүүлээгүй атлаа сууцны гэрээгээр тохиролцсон м.кв-ын үнийг нэмэгдүүлэх, үнэ нэмж төлөхгүй бол гэрээнээс татгалзах саналыг нэхэмжлэгчид тавьсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.3 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч аливаа болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ийн хариуцлагыг хүлээнэ.

 

Гэрээний үүрэг хугацаандаа биелэгдээгүйд нэхэмжлэгч тал буруугүй байх бөгөөд гэрээнээс татгалзах эсэх нь нэхэмжлэгчийн хүсэл зориг, түүний эрх юм. Эрхийг үүрэгжүүлэн тайлбарлаж нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах үүрэгтэй гэж дүгнэх боломжгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг хууль зүйн талаас нь зөв тайлбарлан шийдвэрлээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж зөвтгөх боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу шаардлага гаргасан бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тохиролцсон тодорхой хөрөнгө буюу Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 150 айлын орон сууцны 47,35 м.кв бүхий 2 өрөө 703 тоот сууцыг өмчлөлд шилжүүлэхийг болон сууцны бодит эзэмшлийг шилжүүлэхийг түүнчлэн сууцтай холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч талаас сууцны үнийг нэмэхийг, нэмээгүй нөхцөлд гэрээнээс татгалзахыг үндэслэлгүйгээр шаардаж, эрхийн тодорхой бус байдлыг бий болгосон тул нэхэмжлэгч тал иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхийн журмаар шаардсаныг буруутгахгүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 150 айлын орон сууцны 47,35 м.кв бүхий 2 өрөө 703 тоот сууцны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагыг дээрх сууцыг Ц.Э-гийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч ТК ХХК-д даалгах, тус орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч Ц.Э-д гаргаж өгөхийг хариуцагчид даалгах агуулгаар өөрчлөн найруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч өөрийн татгалзал, үндэслэлээ баримтаар нотлоогүй талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

 

Харин орон сууцны үнийн үлдэгдэл 5,350,000 төгрөгийн асуудлаар нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн ... Ц.Э-гийн гэрээнээс татгалзсан хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч хүлээн авсан гэх гомдол үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно. Хариуцагч талын Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчтэй ашиг сонирхол нэгдмэл этгээд буюу түүний төрсөн дүү Ц.Э-ын мэдүүлгийг үндэслэсэн гэх гомдол үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. Анхан шатны шүүх дан ганц Ц.Э-ын мэдүүлгийг биш, бүх нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үнэлсэн байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2021/03709 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 150 айлын орон сууцны 7 дугаар давхар, 703 тоотод байрлах 47,35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ц.Э-гийн өмчлөлд шилжүүлэхийг болон тус орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахад шаардагдах бичиг баримтыг нэхэмжлэгч Ц.Э-д гаргаж өгөхийг хариуцагч ТК ХХК-д даалгасугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 464,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД