Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2021/03761

 

 

 

 

 

 

 

 

2021 11 17 101/ШШ2021/03761

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-19-д байрлах******* ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: 2635534/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хаппи таун хотхон 73 дугаар байр, 122 тоот хаягт оршин суух, Баядууд овогт Баярсайханы *******/регистрийн дугаар: ЧИ87030677/-т холбогдох

 

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинзориг, хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Юу би эйч проперти ХХК нь*******тай 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр №ЗГ/СС160506007-5-н тоот зээлийн гэрээг №ЗБ/СС160506007-5-12 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г тус тус байгуулан 48,725,000,000 төгрөгийг сарын 1,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Зээлдэгч нь №ЗГ/СС160506007-5-н тоот Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож №ЗБ/СС 160506007-5-12 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/, ХД-71, 72, 73-н тоот орон сууцны барилгуудыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан.

Юу би эйч проперти ХХК нь дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тус компанийн зээлийн барьцаанд барьцаалсан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/, ХД-71, ХД-72, ХД-73 дугаар байранд байрлах орон сууцны барилгуудын өмчлөх эрх 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №tdbm/362/2018-н тоот Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу банкны өмчлөлд шилжсэн. Үүний дагуу талуудын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон. Банкны өмчлөлд шилжсэн орон сууцнууд дунд хариуцагчийн оршин сууж байгаа 73 дугаар байрны 5 тоог орон сууц багтсан байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасны дагуу******* нь барьцаа хөрөнгөөр тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулах эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлж, барьцааны зүйлийн өмчлөх эрхийг олж авсан.

Худалдаа, хөгжлийн банк нь дээрх орон сууцнуудын өмчлөх эрхийг иргэн О.Өрнөхбаяраас шилжүүлэн авсан. Энэ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 ...Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байна..., мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 ...мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсанд тооцно... хэмээн тус тус заасны дагуу банк орон сууцнуудын хууль ёсны бөгөөд шударга өмчлөгч юм.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу банк өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхээ хэрэгжүүлж хариуцагч Б.Цэнгүүнжавд 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл банкны өмчлөлийн орон сууцанд ямар нэгэн хариу төлбөргүйгээр гэр бүлийн хамт амьдарсаар байна.

Иймд хариуцагч Б.Цэнгүүнжавыг хууль бус үйлдлийг таслан зогсоож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заасны дагуу хариуцагч Т.Болормаа, Худалдаа, хөгжлийн банктай өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хаппи таун хотхон 73 дугаар байр 122 тоот орон сууцнаас албадан чөлөөлж өгөхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Орон сууцыг Юу би эйч проперти ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр орон сууцны худалдах, худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрийг хуваарийн дагуу төлж, банкны зээлд хамрагдах гэрээг эгч н.Мөнхчимэгийн нэр дээр хийсэн. Тус байранд миний бие гэр бүлийн хамт амьдарч байгаа. Гэрээний дагуу төлбөрөө төлж байгаад 2020 оны 10 дугаар сарын сүүлээр******* руу зээлээ шилжүүлэх болсон тул******* ХХК-иас зээл гарах боломжтой гэж хэлсэн. Ингээд*******анд зээл судлуулахад гарах боломжгүй байна гэж хэлсэн. Иймд байраа өөрсдийн нэр дээр авч, банкны төлбөрийг төлөх хүсэлтэй байна. Байрын урьдчилгаанд 16,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Миний бие урьдчилгаа төлбөр төлсөн уг байрыг******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд тус байрыг миний эзэмшилд үлдээж, авч болохоор хангаж өгнө үү гэв. гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Юу би эйч проперти ХХК-ийн төлөөлөгч О.Өрнөхбаяртай Б.*******ын эгч н.Мөнгөнчимэг нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэрээ хийсэн. Уг гэрээний дагуу өнөөдрийг болтол Б.******* тус орон сууцанд амьдарч байгаа. Юу би эйч проперти ХХК нь******* ХХК-иас зээлсэн зээлийн төлбөрийг төлж чадаагүйн улмаас уг байрыг зээлийн төлбөрт авах гэж байгаа нь үнэн. Энэ байранд ямар хүмүүс амьдарч байгаа, зээл төлөгдсөн юм уу, төлөгдөөгүй юм уу, цаашид энэ хүмүүс зээлээ хэрхэн төлөхийг бодолцож үзээгүй байгаа нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөж байна гэж үзэж байна. 2018 оноос хойш энэ байранд хүмүүс амьдарч байгаа. Юу би эйч проперти ХХК нь******* ХХК руу өмчлөх эрхийг шилжүүлснээр оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж байгаа.******* ХХК-иас Б.*******ыг зээлээ судлуул гэж хэлдэг боловч зээлээ судлуулахаар 6 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн учраас зээл гарахгүй, чамайг шүүхэд өгчихсөн болохоор шүүх дээр асуудлаа шийд гэж хэлдэг. Байгууллага хоорондын маргаанаас болж иргэд хохирох ёсгүй. Б.******* энэ байрны өмчлөгч биш ч гэсэн цаашид энэ байрыг өмчлөх хүсэл зориг байгаа. Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх гэж байгаа бол орон сууцны урьдчилгаанд төлсөн 16,000,000 төгрөгийг авахгүй, буцааж өгөх ёстой байсан. Гэтэл хүний мөнгийг олон сар авчхаад манай банкны дансанд энэ мөнгө ороогүй байна гээд хүмүүсийг хохироож байгаа нь харамсалтай байна. 2,160,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг н.Мөнгөнчимэгээс******* руу хийсэн. Нийт 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр урьдчилгаа 13,000,000 төгрөгийг төлөөд үлдэх хэсэгт нь банкны барьцаанд үлдээхээр хэлцэл хийсэн. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулсан зүйл байхгүй. Орон сууцны гэрээг О.Өрнөхбаяртай хийсэн ч гэсэн н.Отгонбаяртай хийсэн гэрээ хүчин төгөлдөр байна гэж үзэж байна. Иймд орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан, орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2018 оны 10 дугаао сарын 31-ний өдрийн 000681539 дугаартай гэрчилгээнээс үзэхэд, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204078453 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/ хд 73 байр 122, 132, 134 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч******* мөн болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлд Өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулсан бөгөөд хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус зааснаар, нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй.

Хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр О.Өрнөхбаяр, Ш.Мөнгөнчимэг нарын хооронд байгуулагдсан НРТ18А000 дугаартай Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-ний үндсэн дээр тухайн орон сууцанд амьдарч байгаа, уг орон сууцыг эгч Ш.Мөнгөнчимэг маань надад худалдан авч өгсөн хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн НРТ18А000 дугаартай Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-ний худалдагч тал болох О.Өрнөхбаяр нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн tdbm1362/2018 дугаартай Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг******* ХХК-д шилжүүлсний дотор маргаж буй орон сууц багтсан байна.

Дээрх орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан******* ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр О.Өрнөхбаяр, Ш.Мөнгөнчимэг нарын хооронд байгуулагдсан НРТ18А000 дугаартай Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-ний үүргээ гүйцэтгэх орон сууц худалдан авагчийн эрх ашгийг харгалзан үзсэн, одоо уг орон сууцанд амьдарч буй хариуцагч Б.*******ыг орон сууцаа худалдан авах нөхцөл бололцоог судалсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдов.

Гэвч хариуцагч Б.******* нь дээрх орон сууцанд оршин суухдаа аливаа гэрээ, хэлцлийг үндэслэл болгоогүй буюу бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, оршин сууж байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. 106.3.-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна. гэж заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.*******ыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/ хд 73 байр 122 тоот хаягт байршилтай, орон сууцнаас албадан гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА