Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00160

 

 

 

 

 

                         “ХХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/03761 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ХХБ ХХК-ийн хариуцагч Б.Цд холбогдуулан гаргасан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинзориг, хариуцагч Б.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заасны дагуу Б.Цын хууль бус эзэмшлээс .... 122 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлнэ.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: ....ХХК 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-тай зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулж, 48,725,000,000 төгрөг сарын 1,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлийн барьцаанд ....тоот орон сууцны барилгуудыг барьцаалсан. ....ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй тул барьцааны зүйлийн өмчлөх эрхийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр банкны өмчлөлд шилжүүлсэн. Уг орон сууцанд хариуцагчийн оршин сууж байгаа 73 дугаар байрны 5 тоог орон сууц багтсан. Банк барьцааны орон сууцнуудын өмчлөх эрхийг иргэн О.Өрнөхбаяраас шилжүүлэн авч, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хууль ёсны, шударга өмчлөгч болсон. Б.Цд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл тус орон сууцанд үнэ төлбөргүй гэр бүлийн хамт амьдарч байна гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад:  Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ....ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, урьдчилгаа төлбөрийг хуваарийн дагуу төлсөн. Банкны зээлд хамрагдах гэрээг эгч Ш.Мнэр дээр байгуулсан. Гэрээний дагуу төлбөрийг төлж байгаад 2020 оны 10 дугаар сарын сүүлчээр “ХХБ ХХК-д зээлээ шилжүүлэх болсон тул банк зээл гарах боломжтой гэсэн. Гэтэл зээл судлуулахад зээл гарах боломжгүй гэж хэлсэн. Иймд орон сууцыг өөрсдийн нэр дээр авч, банкны төлбөрийг төлөх хүсэлтэй байна. Байрын урьдчилгаанд 16,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ....ХХК-ийн төлөөлөгч О.Өнь хариуцагчийн эгч Ш.Мөнгөнчимэгтэй 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан. Тус компани “ХХБ ХХК-аас авсан зээлээ төлж чадаагүйн улмаас байрыг зээлийн төлбөрт авах гэж байна. ....ХХК нь “ХХБ ХХК-нд өмчлөх эрхийг шилжүүлснээр оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж байна. Б.Ц уг байрны өмчлөгч биш боловч цаашид байрыг өмчлөх хүсэл зориг байгаа. 2,160,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг Ш.Мөнгөнчимэгээс “ХХБ ХХК-д шилжүүлсэн. 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр урьдчилгаа 13,000,000 төгрөг төлж үлдэх хэсэгт нь банкны барьцаанд үлдээх хэлцэл хийсэн. Гэрээг О.Өрнөхбаяртай байгуулсан хэдий ч н.Отгонбаяртай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Цыг Нийслэлийн ...122 тоот хаягт байршилтай, орон сууцнаас албадан гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Б.Цаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХХБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Б.Цын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийн бодит байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргаагүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

4.1 Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол Хаппи таун хотхон 73 дугаар байрны 122 тоот 60,81 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг ....ХХК түүний төлөөлөгч О.Ө 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Ш.Мнэр дээр орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрийг төлж үлдэх төлбөрийг банкны зээлд хамрагдахаар тохиролцсон. Уг гэрээг цуцалсан талаар өнөөдрийг хүртэл мэдэгдээгүй бөгөөд гэрээний дагуу байрны төлбөрт 16,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Худалдаа хөгжлийн ...тоот дансанд ээж А.Ц ...... тоот данснаас шилжүүлсэн. 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр О.Ө Улаанбаатар банкны ..... тоот дансанд 2,160,000 төгрөгийг эгч Ш.Мөнгөнчимэг шилжүүлж байсан бөгөөд нийт 18,160,000 төгрөгийг байрны урьдчилгаанд төлсөн байхад шүүх үүнийг тогтоохгүйгээр байрнаас албадан гаргах шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

4.2 Хариуцагч нь тус байранд хууль бусаар амьдраагүй, гэрээ байгуулах үед .... 60,81 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч О.Өбайсан. О.Өрнөхбаяртай байгуулсан гэрээний дагуу байрны үнийг төлсөн. Төлбөрөө төлөөд орон сууцыг авах саналтай байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... О.Өнь орон сууц худалдах-худалдан авах гэрээг Ш.Мөнгөнчимэгтэй байгуулсан бөгөөд О.Ө ..... тоот дансанд орон сууцны урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн. Уг мөнгө “ХХБ ХХК-д шилжиж ороогүй. Иймд хариуцагчийг “ХХБ ХХК-д орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзсэн болно.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

1. Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийг орон сууцанд оршин суухдаа аливаа гэрээ, хэлцлийг үндэслэл болгоогүй, бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, оршин суусан гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна.

....ХХК 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч “ХХБ ХХК-аас дуусаагүй барилга санхүүжүүлэх зориулалтаар 48,725,000,000 төгрөг зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд барьцааны гэрээнд нэрлэн заасан орон сууцны зориулалттай барилгуудыг барьцаалсан ба үүнд маргаан бүхий орон сууц багтсан байна. Улмаар 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр маргаан бүхий орон сууц нэхэмжлэгчийн өмчлөлд шилжиж, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бүртгэлд бүртгэгджээ. /хх8-17/

Нэхэмжлэгч нь “орон сууцны өмчлөгчийн хувьд бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ” гэж тайлбарласан боловч хариуцагч нь гэрээний үндсэн дээр уг орон сууцыг эзэмшилдээ авсан тохиолдолд түүний эзэмших эрх дуусгавар болоогүй байхад мөн  шударга эзэмшигчийн өөрийн шаардлага хангагдах хүртэл хөрөнгийг буцаахгүй байх эрхийг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Хэрэгт Ш.Мөнгөнчимэг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр О.Өрнөхбаяртай маргаан бүхий орон сууцыг 103,248,000 төгрөгөөр худалдах, худалдан авах тухай гэрээ авагдсан байх ба уг гэрээ хүчинтэй эсвэл дуусгавар болсон эсэх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай. Учир нь хариуцагч хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа, урьдчилгаа төлбөр төлсөн гэж тайлбарласан тул уг гэрээ дуусгавар болсон эсэх нөхцөл байдлыг талуудаас тодруулах шаардлагатай.

2. Түүнчлэн маргааны үйл баримт хангалттай тогтоогдоогүй байна.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээс хойш буюу 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагчийн ээж А.Ц-с Худалдаа хөгжлийн банкны ..... тоот дансанд 16,000,000 төгрөг шилжүүлсэн байх ба хариуцагч уг мөнгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн гэж тайлбарлаж байна. Мөн Ш.М 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр О.Ө“ ... би 73-122 тоотыг графикийн дагуу авахаар гэрээ хийсэн боловч нөхөр хорт хавдартай гэсэн оноштой болж эмчилгээнд орсноос хойш төлөлтөө хийж чадаагүй нь зээлд орох боломжгүй боллоо. Төлөлт болох 2,160,000 төгрөгийг миний Төрийн банкны дансанд шилжүүлж тус болно” гэх хүсэлт гаргасан байна. Дээрхээс үзэхэд уг баримтууд хэрэгт ямар ач холбогдолтой болох, хэний ямар үүрэгтэй холбоотой, хариуцагч нь ямар үндэслэлээр Ш.Мхудалдаж авсан орон сууцыг эзэмшиж байгаа, Ш.Мг үүнд хамааралтай эсэх, А.Ц мөнгө шилжүүлснээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх зэрэг үйл баримтыг тодруулах шаардлагатай. /хх45, 47/

   Хэрэв А.Ц ямар нэгэн үндэслэлгүйгээр 16,000,000 төгрөг шилжүүлсэн бол уг мөнгийг буцааж өгсөн эсэх нь хариуцагчийн эзэмшил шударга, хууль ёсны эсэхийг тогтооход хамааралтай.

3. Мөн Ш.М, А.Ц, О.Өнарт хамааралтай эрх зүйн үр дагавар бүхий харилцааг шийдвэрлэхэд тэдгээрийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дээрх хүмүүсийг оролцуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/03761 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гарзгах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

           ШҮҮГЧИД                          Д.ЦОГТСАЙХАН

                                               А.МӨНХЗУЛ