Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2017/0236

 

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2017/0236

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч дүүрэг, 0 дүгээр хороо, С гудамж, Д-00 байрны 0-00 тоотод байрлах Э ХХК,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын улсын байцаагч П.Д, И.З,

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч П.Д, И.З нарын тогтоосон 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 210289 дүгээр актын тогтоох хэсгийн 1.1-д заагдсан 2011 онд 2,981,835,4 мянган төгрөг, 2012 онд 5,290,799,4 мянган төгрөг, нийт 8,272,634,8 мянган төгрөгийн жонш борлуулсны орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тооцсон зөрчилд 767,322,1 мянган төгрөгийн нөхөн татвар, 230,196,7 мянган төгрөгийн торгууль, 112,876,3 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг, тогтоох хэсгийн 1.2-т заагдсан 1,586,971,8 мянган төгрөгийн жонш борлуулсны орлогыг дутуу тооцож, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд 158,697,2 мянган төгрөгийн нөхөн татвар, 47,609,2 мянган төгрөгийн торгууль, 15,365,1 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг, тогтоох хэсгийн 2-т заагдсан 2011 оны 46,689,9 мянган төгрөгийн, 2012 онд 53,381,9 мянган төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд нь төлөөгүй зөрчилд 22,105,0 мянган төгрөгийн торгууль, 9,958,7 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Х.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж, хариуцагч П.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Удаанжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал Н.Т, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Х.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч П.Д, И.З нар нь тус компанид хяналт шалгалтыг хийж, 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 210289 тоот акт ногдуулсан бөгөөд бидний зүгээс актын холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй байна.

  1. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу ногдуулсан гэх зөрчлийн тухайд: Татварын улсын байцаагчийн актын тогтоох хэсгийн 1.1 дэх заалтад компани 2011, 2012 онд жонш борлуулсны орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, торгууль, алданги, нийт 1.110.395.1 төгрөг төлүүлэхээр заасан байх ба төлбөр ногдуулах үндэслэл нь Э ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүлийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна гэж үзсэн байна.

Манай компани нь Д аймгийн Б сумын нутаг Н нэртэй газар ашигт малтмал ашиглалтын 10598А тоот тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд энэ газартаа 2011 оноос хойш огт үйл ажиллагаа явуулаагүй, олборлолт хийгээгүй, мөн дээрхээс өөр ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй. Энэ нь Ашигт малтмалын газрын 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 6-5165 тоот албан бичиг, Д аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 4/251 тоот албан бичиг, Д аймгийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1/893 тоот албан бичгүүдээр хангалттай нотлогдоно.

Харин манай компани нь Д аймгийн Х сумын нутагт орших Т ц нэртэй хайлуур жоншны бичил уурхайгаас нөхөрлөлүүдийн олборлосон жоншийг худалдан авч, цааш борлуулалт хийх зорилгоор 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Д аймгийн Засаг даргатай 01/2011 тоот Хамтран ажиллах гэрээ, 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Х сумын Засаг дарга, Т ц дахь бичил уурхайн бүртгэгдээгүй нөхөрлөлүүд болох А, Б, Ө зэрэг нийт 21 нөхөрлөлтэй Бичил уурхайгаар ашигт малтмал худалдан авах тухай 3 талт гэрээг байгуулсан.

Хамтран ажиллах гэрээгээр Э ХХК нь нөхөрлөлүүдийн олборлосон жоншийг тухайн орон нутгийн зах зээлийн үнэ ханшаар худалдан авах, борлуулах, Засаг дарга нь жонш худалдан борлуулах зорилгоор гурвалсан гэрээг давхар хийлгэж, үүрэг даалгавар, чиглэл өгөх, Х сумын Засаг дарга нь нөхөрлөлийн олборлосон ашигт малтмалын эрх бүхий этгээдэд борлуулж байгаа эсэхэд хяналт тавих, гэрээний хэрэгжилтийг хянах, нөхөрлөл нь гэрээт талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах, олборлосон ашигт малтмалыг худалдах, худалдан авах эрх бүхий этгээдэд борлуулах үүргийг хүлээсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан агуулгаас үзэхэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч гэж өөрийн компанийн эзэмшиж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа олборлолтын үйл ажиллагаа явуулсны үр дүнд ашигт малтмал олборлосон, улмаар түүнийгээ худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан этгээд байна гэж тодорхой хуульчилсан.

Иймд Ашигт малтмалын тухай хууль, хамтран ажиллах гэрээ, бичил уурхайгаар ашигт малтмал худалдан авах тухай гурвалсэн гэрээ, эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны тодорхойлолт, лавлагаа зэрэг баримтаар манай компани нь Д аймгийн Х сумын нутагт орших Т ц нэртэй хайлуур жоншны бичил уурхайг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, зөвхөн олборлосон жоншийг худалдан авах замаар хамтран ажилладаг тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болох хууль зүйн үндэслэл байхгүй.

  1. Хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй гэх зөрчлийн тухайд: Татварын улсын байцаагчийн актаар өмнөх актаар ногдуулсан татварын өрийг заасан хугацаанд нь барагдуулаагүй үндэслэлээр торгууль, алданги тооцсон Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн актаар манай компанид 52.137.2 мянган төгрөгийн хувь хүний орлогын албан татварын өр төлбөр ногдуулсан бөгөөд бид уг өрийг нэг дор бүгдийг төлөх нь компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах хэмжээнд хүртэл нөлөөлөх, улмаар тухайн үед санхүүгийн боломжгүй байсан тул Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасан эрхийн дагуу 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10/03 тоот албан тоотоор өрийг 2012 онд багтаан графикийн дагуу хэсэгчлэн төлөх саналаа, графикийн хамт Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст хүргүүлсэн боловч тус хэлтсээс хугацааг сунгахгүй гэсэн ямар нэгэн хариу өгөөгүй учраас бид хугацааг сунгасан гэж ойлгож, графикийн дагуу 2012 оны 12 дугаар сард бүрэн төлж барагдуулсан.

Хэрэв Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс манай компанийн гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй гэж үзэж байгаа бол энэ нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-д заасныг ноцтой зөрчсөн эс үйлдэл болж байна.

  1. Жонш борлуулалтын орлогыг дутуу тооцож, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчлийн тухайд: Татварын улсын байцаагч нь жонш борлуулалтын орлогыг дутуу тооцож, татвар ногдох орлогыг бууруулсан гэж акт тавихдаа Б ХХК-иас иргэн М.Т-д жоншны үнэд төлсөн гэх 1.586.971.750 төгрөгийн жагсаалтад үндэслэсэн байна.

Б ХХК-иас жоншны үнэд төлсөн дээрх орлого нь манай компанид бус, иргэн М.Т-тай байгуулсан гэрээний дагуу, түүний банкны хувийн дансанд шилжиж орсон байдаг. Иргэн М.Т-д шилжсэн дээрх төлбөрүүд нь Э ХХК-ийн аж ахуйн үйл ажиллагаа явуулсан, эсхүл бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулснаас олсон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан татвар ногдох орлогод хамаарахгүй.

Татварын улсын байцаагч нарын дээрх үндэслэлүүдээр тавьсан акт нь Э ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа бөгөөд дээд шатанд гомдол гаргасан боловч баримтыг бүрэн гүйцэд үзээгүй, орхигдуулан шалгаж, акт үндэслэлтэй мэтээр дүгнэлт хийж, актыг хэвээр үлдээсэн.

Иймд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч П.Д, И.З нарын тогтоосон 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 210289 дүгээр актын тогтоох хэсгийн 1.1-д заагдсан 2011 онд 2,981,835,4 мянган төгрөг, 2012 онд 5,290,799,4 мянган төгрөг, нийт 8,272,634,8 мянган төгрөгийн жонш борлуулсны орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тооцсон зөрчилд 767,322,1 мянган төгрөгийн нөхөн татвар, 230,196,7 мянган төгрөгийн торгууль, 112,876,3 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг, тогтоох хэсгийн 1.2-т заагдсан 1,586,971,8 мянган төгрөгийн жонш борлуулсны орлогыг дутуу тооцож, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд 158,697,2 мянган төгрөгийн нөхөн татвар, 47,609,2 мянган төгрөгийн торгууль, 15,365,1 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг, тогтоох хэсгийн 2-т заагдсан 2011 оны 46,689,9 мянган төгрөгийн, 2012 онд 53,381,9 мянган төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд нь төлөөгүй зөрчилд 22,105,0 мянган төгрөгийн торгууль, 9,958,7 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Д, И.З нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Татварын улсын байцаагч нар нь Э  ХХК-ийн 2011-2013 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийсэн.

а) Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу ногдуулсан зөрчлийн тухайд: Э ХХК нь 2011 онд 2.981.835.4 мянгөн төгрөг, 2012 онд 5.290.799.4 мянган төгрөгийн жоншийг Оросын Холбооны улс руу экспортолсны нийт 8.272.634.8 мянган төгрөгийн борлуулалтын орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дутуу ногдуулсан зөрчил нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.2.2, 47.3.2, 47.4, Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 322 дугаар тушаалаар батлагдсан Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал-ын 2.6-д заасныг зөрчсөн.

Э ХХК нь хуульд заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд жоншийг худалдахаар ачуулсан хуулийн этгээд юм.

б)Хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчлийн тухайд:

Татварын ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 57.3-т заасныг үндэслэн хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд тогууль, алданги тооцсон. Энэ нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийг зөрчсөн.

в) Жонш борлуулалтын орлогыг дутуу тооцсон зөрчлийн тухайд:

Б ХХК-д борлуулсан 1.586.97.7 мянган төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тооцсон зөрчил илэрсэн.

Э ХХК нь Д аймгийн Х сумын Т ц хэмээх талбайгаас жонш худалдан авахаар Засаг дарга, Бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдтэй 3 талт гэрээ байгуулан ажилладаг бөгөөд уг газраас Засаг даргатай гэрээ байгуулаагүй аливаа хувь хүн жонш худалдан авах боломжгүй. Гэтэл тус компани уг орлогыг хувь иргэдтэй холбоотой гэж байгаа нь үндэслэлгүй.

Б ХХК болон Э ХХК-ийн хооронд байгуулсан жонш худалдах, худалдан авах гэрээний дагуу дээрх жоншны орлогыг Б ХХК-иас Э ХХК-ийн захирал М.Т-ийн ХААН банкин дахь 5946062035 дугаарын хувийн харилцах дансанд 100.000.000 төгрөг, Э ХХК-ийн Д аймаг дахь менежер, түүний ах М.Т-ын ХААН банкин дахь 5990282514, 5991047499 данс болон бэлнээр 1.416.671.700 төгрөгийг тус тус төлөгдсөн боловч энэ талаар санхүүгийн тайланд тусгаагүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК нь анх тус шүүхэд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч П.Д, И.З нарын тогтоосон 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 210289 дүгээр актын тогтоох хэсгийн 1.1, 1.2, 2 дахь заалтыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэлээ тодруулах замаар нэхэмжлэлийнхээ шаардлагын хэмжээг багасгаж, нэхэмжлэлийн шаардлагаа Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч П.Д, И.З нарын тогтоосон 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 210289 дугаар актын тогтоох хэсгийн 1.1-д заагдсан 2011 онд 2,981,835,4 мянган төгрөг, 2012 онд 5,290,799,4 мянган төгрөг, нийт 8,272,634,8 мянган төгрөгийн жонш борлуулсны орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тооцсон зөрчилд 767,322,1 мянган төгрөгийн нөхөн татвар, 230,196,7 мянган төгрөгийн торгууль, 112,876,3 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг, тогтоох хэсгийн 1.2-т заагдсан 1,586,971,8 мянган төгрөгийн жонш борлуулсны орлогыг дутуу тооцож, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд 158,697,2 мянган төгрөгийн нөхөн татвар, 47,609,2 мянган төгрөгийн торгууль, 15,365,1 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг, тогтоох хэсгийн 2-т заагдсан 2011 оны 46,689,9 мянган төгрөгийн, 2012 онд 53,381,9 мянган төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд нь төлөөгүй зөрчилд 22,105,0 мянган төгрөгийн торгууль, 9,958,7 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч П.Д, И.З нар нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг Э ХХК-ийн 2011-2012 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 210289 дугаар актаар шалгалтаар илэрсэн 10,879,673,1 мянган төгрөгийн зөрчилд 994,075,5 мянган төгрөгийн нөхөн татвар, 320,327,8 мянган төгрөгийн торгууль, 146,585,1 мянган төгрөгийн алданги нийт 1,460,988,4 мянган төгрөгийн төлбөр ногдуулж, төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э ХХК нь дээрх актаар тавигдсан төлбөрийн дүнгээс зөвхөн актын тогтоох хэсгийн 1.1-д заагдсан буюу 2011 онд 2,981,835,4 мянган төгрөг, 2012 онд 5,290,799,4 мянган төгрөг, нийт 8,272,634,8 мянган төгрөгийн жонш борлуулсны орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тооцсон зөрчилд 767,322,1 мянган төгрөгийн нөхөн татвар, 230,196,7 мянган төгрөгийн торгууль, 112,876,3 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг, актын тогтоох хэсгийн 1.2-т заагдсан 1,586,971,8 мянган төгрөгийн жонш борлуулсны орлогыг дутуу тооцож, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд 158,697,2 мянган төгрөгийн нөхөн татвар, 47,609,2 мянган төгрөгийн торгууль, 15,365,1 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг, тогтоох хэсгийн 2-т заагдсан 2011 оны 46,689,9 мянган төгрөгийн, 2012 онд 53,381,9 мянган төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд нь төлөөгүй зөрчилд 22,105,0 мянган төгрөгийн торгууль, 9,958,7 мянган төгрөгийн алданги нийт 1,364,130,300 мянган төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Э ХХК нь татварын улсын байцаагчийн актын дээрх хэсгийг эс зөвшөөрч, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 210289 дугаар актыг хэвээр баталжээ.

Нэхэмжлэгч Э ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлдээ Манай компани нь Д аймгийн Х сумын нутагт орших Т ц нэртэй хайлуур жоншны бичил уурхайг ашиглах зөвшөөрөл эзэмшдэггүй, зөвхөн олборлосон жоншийг худалдан авч цааш экспортод гаргасан тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч биш. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч гэж өөрийн компаний эзэмшиж байгаа ашиглалтын тусгай зөвшгөөрөл бүхий талбайдаа олборлолтын үйл ажиллагаа явуулсны үр дүнд ашигт малтмал олборлосон, улмаар түүнийгээ худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан этгээд байна. Б ХХК-иас иргэн М.Т-д шилжүүлсэн гэх жоншны төлбөрүүд нь тус компаний бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулснаас олсон орлого биш тул татвар ногдох орлогод хамаарахгүй гэж, хариуцагч нь Татварын улсын байцаагчийн акт хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

  1. ...жонш борлуулсны орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу ногдуулсан гэх зөрчлийн талаар:

Нэхэмжлэгч Э ХХК нь Д аймгийн Б сумын Н нэртэй газарт орших 25 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал (жонш) олборлох МҮ-010598 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг боловч уг уурхайн талбайд 2011,2012 онд олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй болох нь Д аймгийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1/893 дугаар албан бичиг[1], Д аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 4/ 251 дүгээр албан бичиг[2] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч Э ХХК нь Д аймгийн Х сумын Т ц нэртэй газарт орших жоншны илэрч бүхий талбайгаас орон нутгийн бичил уурхай эрхлэгч нэр бүхий нөхөрлөл, хувь хүнээс жонш худалдан авч, экспортод гаргасан болох нь 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/2011 дугаартай Хамтран ажиллах гэрээ[3], Бичил уурхайгаас ашигт малтмал худалдан авах тухай гурвалсан гэрээ[4], Д аймгийн Х  сумын Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2/1160 дугаар албан бичиг[5] зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ... төлнө гэж тодорхойлон заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбай, уурхайн эдэлбэрээс ашигт малтмал олборлосон, уг олборлосон ашигт малтмалаа худалдсан, худалдахаар ачуулсан эсхүл бусдад худалдахгүйгээр өөрөө ашигласан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр байна. Тодруулбал ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь ашигт малтмалын нөөц баялгийг олборлосны нөхөн төлбөр юм.

Харин уг хуулийн заалтаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн өөрөө олборлолт явуулахыг шаардаагүй байх тул өөрийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас бусад этгээдээр ашигт малтмал олборлуулсан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч төлөх үүрэгтэй болно.

Дээрх хуулийн заалтыг маргааны үйл баримттай холбогдуулан авч үзвэл нэхэмжлэгч Э ХХК нь Д аймгийн Б сумын Н нэртэй газарт орших өөрийн эзэмшлийн уурхайн эдэлбэрээс ашигт малтмал олборлоогүй, бусдаас ашигт малтмал (жонш) худалдан авч , экспортод гаргасан Э ХХК нь тухайн тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч биш гэж үзнэ.

Иймд хариуцагчийн ... тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ... хаанаас ч ашигт малтмал олборлосон байсан ч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөгч байна гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл хариуцагч нь маргаан бүхий актаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч биш нэхэмжлэгчийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу төлсөн гэх зөрчил гаргасан гэж үзэж, 767,322,1 мянган төгрөгийн нөхөн татвар, 230,196,7 мянган төгрөгийн торгууль, 112,876,3 мянган төгрөгийн алданги , нийт 1,110,395,1 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус байх бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч Э ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул маргаан бүхий актын энэ хэсгийг хүчингүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

  1. ... жонш борлуулсны орлогыг дутуу тооцож, албан татвар төлөөгүй гэх зөрчлийн тухайд:

Нэхэмжлэгч Э ХХК нь 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Б  ХХК-тай Жонш худалдах, худалдан авах гэрээ -г [6] 1 жилийн хугацаатайгаар байгуулж, уг гэрээгээр Э ХХК нь Д аймгийн Х сумын Т хэмээх газарт орших бичил уурхайгаас (хүдрийн уурхайгаас) сар бүр 1000 тонн жоншийг Б ХХК-д худалдахаар (бэлтгэн нийлүүлэхээр), худалдан авагч нь худалдан авч байгаа жоншны төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцжээ. Дээрх гэрээний дагуу Б ХХК нь худалдан авсан жоншны үнэнд Э ХХК-ийн захирал М.Т болон түүний ах М.Т-ын хувийн харилцах дансаар 470,366,750 төгрөг, бэлнээр 1,116, 605,000 төгрөгийг, нийт 1,586,971,750 төгрөгийг тус тус төлсөн байх бөгөөд уг жоншны орлогыг санхүүгийн болон татварын тайландаа тусгаагүй болох нь хариуцагчийн тайлбар, худалдан авсан жоншны төлбөрийг төлсөн жагсаалт[7], банкны орлогын мэдүүлэгийн хуулбарууд[8], мөнгө хүлээн авсан баримт[9], тус компаний 2011, 2012 оны санхүүгийн тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон ... аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна, 7 дугаар зүйлийн 7.1-д Энэ хуулийн 5.3-д зкаасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон ... орлогод албан татвар ногдоно, 7.1.3-т үйл ажиллагааны орлого гэж, 8 дугаар зүйлийн 8.1-д албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно, 8.1.1-д үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлого гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл Д аймгийн Х сумын Т хэмээх газарт орших бичил уурхайгаас олборлосон жоншийг Б ХХК-д худалдан борлуулж, 1,586,971,750 төгрөгийн орлого олсон Э нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч бөгөөд жонш борлуулснаас олсон орлого нь татвар ногдох орлогод хамаарч байна.

Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар татвар төлөгч нь төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлөх-өөр, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар албан татвар төлөгч нь улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлөх үүрэгтэй байна. Иймд нэхэмжлэгчийн жоншны төлбөрүүд нь тус компаний бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулснаас олсон орлого биш тул татвар ногдох орлогод хамаарахгүй гэсэн тайбар үндэслэлгүй..

Нэхэмжлэгч нь тус компаний дансанд жонш борлуулснаас ямар ч мөнгө ороогүй, ... иргэдийн дансанд орсон мөнгийг тус компаний дансанд орсон гэж хамаатуулж, борлуулалтын татвараа дутуу ногдуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байх боловч Б ХХК-аас тус компанид жоншны төлбөр төлсөн баримтуудыг няцааж, үгүйсгэсэн нотлох баримтуудыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж ирүүлээгүй байх бөгөөд жоншны төлбөрийг Э ХХК-ийн захирал М.Т, түүний ах М.Т болон М.Г нарын хувийн харилцах дансаар болон тэдгээрт бэлнээр төлсөн нь татвар ногдох орлогоос чөлөөлөгдөх буюу ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд хасагдах зардалд тавигдах хязгаарлалтыг тогтоосон бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй тул нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ... хасагдах зардлыг хасахгүйгээр аж ахуйн нэгжийн албан татвар ногдуулсан гэж тайлбар үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлээр маргаан бүхий татварын улсын байцаагч нарын 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 210289 дугаартай актаар нэхэмжлэгч Э ХХК-ийн жонш борлуулсны орлого дутуу тооцсон зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан хариуцлага ногдуулсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн актын тогтоох хэсгийн 1.2-т заагдсан 158,697,2 мянган төгрөгийн нөхөн татвар, 47,609,2 мянган төгрөгийн торгууль, 15,365,1 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

  1. ... хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй гэх зөрчлийн тухайд:

Нэхэмжлэгч Э ХХК нь 2012 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар 51,489,9 мянган төгрөгийн татварын өртэй байсан бөгөөд тайлант хугацаанд 3,498,6 мянган төгрөгийн ногдол үүсгэн, 56,314,2 мянган төгрөгийн хувь хүний оролгын албан татварыг төлж барагдуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2014 оны 01/2331 дугаартай албан бичиг[10] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Татварын ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хуулийн 54.1.6, 54.2, 57.1-д заасан хугацаанд татварын өрийг төлж чадахааргүй бол татвар төлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн тухайн татварын албаны даргын тушаалаар хугацааг нь 60 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болох-оор заажээ. Мөн Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т зааснаар татвар төлөгч нь хууль тогтоомжийн дагуу татвар төлөх хугацааг сунгуулах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь татварын тайлант хугацаанд буюу 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст 52,137,2 мянган төгрөгийн хувь хүний орлогын албан татварын өрийг графикийн дагуу төлөх хүсэлтээ хүргүүлсэн байх бөгөөд хариуцагч нь дээрх хүсэлтийг хүлээн авсан атлаа татвар төлөгчийн дээрх хүсэлтийг хэрхсэн нь тодорхойгүй, дээрх графикийн дагуу Э ХХК нь 2012 оны 10, 11, 12 дугаар саруудад хувь хүний орлогын албан татварын өрийг төлж дуусгасан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг татварыг хуулийн хугацаанд төлөөгүй гэж үзэж, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримталж хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлж ажиллах ёстой бөгөөд хариуцагч нь Э ХХК-ийн татварын өрийг төлөх хугацааг сунгах, төлбөрийг графикийн дагуу төлөх хүсэлтийг шийдвэрлээгүй, нэхэмжлэгч нь графикийн дагуу татварын өрийг төлж барагдуулсан байхад энэхүү нөхцөл байдлыг судалж үзэхгүйгээр татвар төлөгчид шууд хариуцлага ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчимтай нийцэхгүй байна.

Иймд маргаан бүхий татварын улсын байцаагчийн актаар нэхэмжлэгч Э ХХК-ийг хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй гэж үзэж, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримталж хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй байх ба нэхэмжлэгч Э ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий актын энэ хэсгийг хүчингүй болгож, актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан ... этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж тус тус тодорхойлон заажээ.

Дээрх хуулийн агуулгаас үзэхэд хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр заасан байх бөгөөд татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага нь захиргааны хариуцлагын нэг төрөл, захиргааны шийтгэл мөн юм.

Иймд татварын хууль тогтоомж зөрчсөн этгээдийн хувьд захиргааны хариуцлага болох торгууль, алдангиас зөрчил гаргагчийг чөлөөлөхөөр байх тул дээрх өршөөлийн хуулийн дагуу нэхэмжлэгч Э ХХК-д маргаан бүхий актын тогтоох хэсгийн 1.2-оор ногдуулсан 47,609,2 мянган төгрөгийн торгууль, 15,365,1 мянган төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.6, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 57 дугаар зүйлийн 57.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч П.Д, И.З нарын тогтоосон 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 210289 дугаар актын тогтоох хэсгийн 1.1-д заагдсан 2011 онд 2,981,835,4 мянган төгрөг, 2012 онд 5,290,799,4 мянган төгрөг, нийт 8,272,634,8 мянган төгрөгийн жонш борлуулсны орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тооцсон зөрчилд 767,322,1 мянган төгрөгийн нөхөн татвар, 230,196,7 мянган төгрөгийн торгууль, 112,876,3 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг, мөн тогтоох хэсгийн 2-т заагдсан 2011 оны 46,689,9 мянган төгрөгийн, 2012 онд 53,381,9 мянган төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд нь төлөөгүй зөрчилд 22,105,0 мянган төгрөгийн торгууль, 9,958,7 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох актын тогтоох хэсгийн 1.2-т заагдсан 1,586,971,8 мянган төгрөгийн жонш борлуулсны орлогыг дутуу тооцож, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд 158,697,2 мянган төгрөгийн нөхөн татвар, 47,609,2 мянган төгрөгийн торгууль, 15,365,1 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч нарын 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 210289 дугаар актын тогтоох хэсгийн 1.2-т заагдсан 47,609,2 мянган төгрөгийн торгууль, 15,365,1 мянган төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж, актаар оногдуулсан төлбөрийн хэмжээг 158,697,200 төгрөг болгож, багасгасугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Э  ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Татварын ерөнхий газраас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН