Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2017/0420

 

2017 оны 06 сарын 14 өдөр         Дугаар 221/МА2017/0420 Улаанбаатар хот

 

“Э Ж Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Х.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж, хариуцагч татварын улсын байцаагч П.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 128/ШШ2017/0236 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч татварын улсын байцаагч П.Д-ийн гаргасан давж заалдах гомдлоор “Э Ж Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч П.Д, И.З нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Э Ж Б” ХХК-ийн захирал М.Т 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:

“Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч П.Д, И.З нарын тогтоосон 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 210289 дүгээр актын тогтоох хэсгийн 1.1-д заагдсан 2011 онд 2,981,835,4 мянган төгрөг, 2012 онд 5,290,799,4 мянган төгрөг, нийт 8,272,634,8 мянган төгрөгийн жонш борлуулсны орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тооцсон зөрчилд 767,322,1 мянган төгрөгийн нөхөн татвар, 230,196,7 мянган төгрөгийн торгууль, 112,876,3 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг, тогтоох хэсгийн 1.2-т заагдсан 1,586,971,8 мянган төгрөгийн жонш борлуулсны орлогыг дутуу тооцож, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд 158,697,2 мянган төгрөгийн нөхөн татвар, 47,609,2 мянган төгрөгийн торгууль, 15,365,1 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг, тогтоох хэсгийн 2-т заагдсан 2011 оны 46,689,9 мянган төгрөгийн, 2012 онд 53,381,9 мянган төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд нь төлөөгүй зөрчилд 22,105,0 мянган төгрөгийн торгууль, 9,958,7 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 128/ШШ2017/0236 дугаар шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 57 дугаар зүйлийн 57.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч П.Д, И.З нарын тогтоосон 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 210289 дугаар актын тогтоох хэсгийн 1.1-д заагдсан 2011 онд 2,981,835,4 мянган төгрөг, 2012 онд 5,290,799,4 мянган төгрөг, нийт 8,272,634,8 мянган төгрөгийн жонш борлуулсны орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тооцсон зөрчилд 767,322,1 мянган төгрөгийн нөхөн татвар, 230,196,7 мянган төгрөгийн торгууль, 112,876,3 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг, мөн тогтоох хэсгийн 2-т заагдсан 2011 оны 46,689,9 мянган төгрөгийн, 2012 онд 53,381,9 мянган төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд нь төлөөгүй зөрчилд 22,105,0 мянган төгрөгийн торгууль, 9,958,7 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч “Э Ж Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох актын тогтоох хэсгийн 1.2-т заагдсан 1,586,971,8 мянган төгрөгийн жонш борлуулсны орлогыг дутуу тооцож, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд 158,697,2 мянган төгрөгийн нөхөн татвар, 47,609,2 мянган төгрөгийн торгууль, 15,365,1 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч нарын 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 210289 дугаар актын тогтоох хэсгийн 1.2-т заагдсан 47,609,2 мянган төгрөгийн торгууль, 15,365,1 мянган төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж, актаар оногдуулсан төлбөрийн хэмжээг 158,697,200 төгрөг болгож багасгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч П.Д дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч П.Д, И.З нар нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч “Э Ж Б” ХХК-ийн 2011-2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 210289 дугаар актаар 10,879,673.1 мянган төгрөгийн зөрчилд 994,075.5 мянган төгрөгийн нөхөн татвар, 320,327.8 мянган төгрөгийн торгууль, 146585,1 мянган төгрөгийн алданги нийт 1,460,988.4 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээс Татварын улсын байцаагчийн 210289 дүгээр актын тогтоох хэсгийн 1.1-д заагдсан 2011 онд 2,981,835.4 мянган төгрөг, 2012 онд 5,290,799.4 мянган төгрөг, нийт 8,272,634.8 мянган төгрөгийн жонш борлуулсны орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тооцсон зөрчилд 767,322.1 мянган төгрөгийн нөхөн татвар, 230,196.7 мянган төгрөгийн торгууль, 9,958.7 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг хүчингүй болгосонд дараахи гомдолтой

Тус компаний 2011-2012 онд ОХУ-д жонш экспортолсны борлуулалтын орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тооцсон зөрчил нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд 47.1-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл ...бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө”, мөн хуулийн 47.2.2-т “Дотоодод борлуулсан буюу ашигласан бол тухайн бүтээгдэхүүний эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч ...47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна”, Засгийн газрын 2011 оны 48 дугаар тогтоолын 2.1-д “...алт, мөнгөнөөс бусад ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцохдоо Эрдэс баялаг, эрчим хүчний яамны цахим хуудсанд зарласан ашигт малтмалын бүтээгдэхүүний сарын жишиг үнийг баримтлан...”, Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 322 дугаар тушаалаар батлагдсан “Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэлгээ тооцох аргачлал”-ын 12.6-д “Экспортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийг төгрөгт шилжүүлэхдээ Монголбанкны ам долларын төгрөгтэй харьцах тухайн сарын дундаж ханшид үндэслэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн.

Тус компани нь Дундговь аймгийн Татварын хэлтэст ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчөөр 2009 оноос эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргаж, ногдуулсан төлбөрийг төлж байсан байна. Дундговь аймгийн Татварын хэлтсээс 2012 оны 11 сарын 30-ны өдрийн 080752 дугаар актаар тогтоосон зөрчилд мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох үнэлгээгээ дутуу тооцож тайлагнасан зөрчил илэрч шалгалтаар 35,402.3 мянган төгрөгийн төлбөр тогтоож, түүнийгээ төсөвт төлсөн байсан.

Бидний шалгалтаар ч гэсэн мөн энэ зөрчил давтагдсан байсан. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох суурь дүнг хууль, тогтоомж, аргачлалд заасны дагуу Эрдэс баялаг, эрчим хүчний яамны цахим хуудсанд зарласан ашигт малтмалын бүтээгдэхүүний сарын жишиг үнийг баримтлан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулаагүй, зөвхөн гэрээний үнийн дүнгээсээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан байсан.

“Э Ж Б” ХХК-ийн Дундговь аймгийн Татварын хэлтэст ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар ногдуулсан 2011 онд 50,666.2 мянган төгрөг, 2012 онд 20,395.0 мянган төгрөг, нийт 71,061.2 мянган төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хасч тооцон, 767,322.1 мянган төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нэмж төлөхөөр гарсаныг татварын улсын байцаагчийн актаар ногдуулж, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцсон юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 128/ШШ2017/0236 дугаар шийдвэрийн 8,272,634.8 мянган төгрөгийн зөрчилд холбогдох 1,110,395.1 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгосныг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

             Анхан шатны шүүхийн шийдвэрээр Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 210289 дүгээр актын тогтоох хэсгийн 1.1-д “Э Ж Б” ХХК-ийг 2011 онд 2,981,835,4 мянган төгрөгийн, 2012 онд 5,290,799,4 мянган төгрөгийн, нийт 8,272,634,8 мянган төгрөгийн жонш борлуулсны орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тооцсон зөрчилд 767,322,1 мянган төгрөгийн нөхөн татвар, 230,196,7 мянган төгрөгийн торгууль, 112,876,3 мянган төгрөгийн алданги ногдуулсныг хууль бус гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэсэн, хариуцагчаас шийдвэрийн зөвхөн энэ хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            2011, 2012 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу ногдуулсан гэх дээрх зөрчлийн тухайд шүүх маргааныг шийдвэрлэхээ төлбөрийг дутуу ногдуулсан эсэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцохдоо давж заалдах гомдолд дурдсанчилан Засгийн газрын 2011 оны 48 дугаар тогтоолын 2.1-д заасан Эрдэс баялаг, эрчим хүчний яамны цахим хуудсанд зарласан ашигт малтмалын бүтээгдэхүүний сарын жишиг үнийг баримталсан эсэх, мөн Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 322 дугаар тушаалаар батлагдсан “Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэлгээ тооцох аргачлал”-д заасныг үндэслэсэн эсэхэд бус харин нэхэмжлэгчийг тухайн тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй эсэхэд дүгнэлт өгсөн нь үндэслэлтэй болжээ.

            Дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн зохицуулалтын агуулга нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн эзэмшлийн уурхайн эдэлбэрээс өөрөө болон бусдаар олборлуулж худалдсан, эсхүл уг эдэлбэрээс худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөд орших бөгөөд нэхэмжлэгчийн тухайд Дундговь аймгийн Баянжаргалан сумын Наймдай нэртэй газарт орших 25 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МҮ-000000 дугаар тусгай зөвшөөрөл эзэмшдэг боловч уурхайн талбайд 2011, 2012 онд олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй болох нь, мөн тухайн онуудад экспортолсон жоншийг Дундговь аймгийн Хулд сумын Түймэрт цагаан нэртэй газарт орших талбайгаас орон нутгийн бичил уурхай эрхлэгч нөхөрлөл болон хувь хүнээс худалдан авсан болох нь холбогдох нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэггүй.

            Үүнтэй адил үйл баримтыг дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр өмнө нь багагүй гарсан, тухайлбал Улсын Дээд шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 200 дугаар тогтоолд “...Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаас үзвэл ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбай, уурхайн эдэлбэрээс ашигт малтмал олборлосон, уг олборлосон ашигт малтмалаа худалдсан, худалдахаар ачуулсан, эсхүл бусдад худалдахгүйгээр өөрөөр ашигласан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр байна. Харин уг хуулийн заалтаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн өөрөө олборлолт явуулахыг шаардаагүй байх тул өөрийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас бусад этгээдээр ашигт малтмал олборлуулсан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч төлөх үүрэгтэй гэж үзнэ..” хэмээн дүгнэжээ.

 

Хариуцагч татварын улсын байцаагчаас давж заалдах гомдлын үндэслэлээ нэхэмжлэлийн шаардлагын болон шүүхийн шийдвэрийн үндэслэлээс өөрөөр буюу “...тус компаний 2011-2012 онд ОХУ-д жонш экспортолсны борлуулалтын орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тооцсон зөрчил нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд 47.1-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл ...бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө”, мөн хуулийн 47.2.2-т “Дотоодод борлуулсан буюу ашигласан бол тухайн бүтээгдэхүүний эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч ...47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна” гэж тайлбарладаг.

Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Тухайн төрлийн татварын хуулиар уг татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийг нарийвчлан тогтооно” гэсний дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийг нарийвчлан тогтоосон, уг заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл Дундговь аймгийн Баянжаргал сумын нутагт Наймдай газарт ашигт малтмал ашиглалтын 000000 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг талбайгаасаа ашигт малтмал олборлоогүй, харин Дундговь аймгийн Хулд сумын нутагт орших “Т Ц” хайлуур жоншны бичил уурхайгаас нөхөрлөлүүдийн олборлосон жоншийг худалдан авч, цааш борлуулалт хийх зорилгоор аймгийн Засаг дарга, Хулд сумын Засаг дарга болон “Арвижих”, “Арвин”, “Баянхайрхан”, “Баянхангай”, “Баянбулаг”, “Газрын өгөөж”, “Цагаан хайрхан”, “Лусын булаг”, “Хайрхан цагаан”, “Нутгийн хишиг”, “Төгрөг”, “Оргил”, “Өгөөж хайрхан” зэрэг нөхөрлөлүүдтэй Хамтран ажиллах болон Бичил уурхайгаар ашигт малтмал худалдан авах тухай гурвалсан гэрээ байгуулсан, мөн төлбөр төлсөн талаарх баримтууд хэрэгт авагдсан  байна.

Өөрөөр хэлбэл бусдаас ашигт малтмал (жонш) худалдан авч, экспортод гаргасан нэхэмжлэгчийн тухайд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэг тухайн тохиолдолд үүсээгүй болох нь тогтоогдох тул  нэхэмжлэгчийг төлбөрийг дутуу тооцсон гэх үндэслэлээр буруутгах боломжгүй.

Харин давж заалдах гомдолд дурдсан Дундговь аймгийн татварын хэлтсээс 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 080752 дугаар актаар тогтоогдсон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох үнэлгээгээ дутуу тооцож тайлагнасан зөрчилд ногдуулсан 35402,3 мянган төгрөгийн төлбөр нь 2010 онд өөрийн эзэмшлийн уурхайгаас олборлосон жоншны үлдэгдлийг 2011 онд ОХУ-д экспортод гаргах үеийн зөрчил байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч нотлох баримтаар няцааж чадаагүй болно. 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 128/ШШ2017/0236 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч П.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН