Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2018/00090

 

“З” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,  тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2018/00370 дугаар шийдвэртэй, “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  “Ш” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.      

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мурат, хариуцагч “Ш” ХХК-ийн захирал Х.А, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2082000.00 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Ш” ХХК нь 2015 оны 01 дүгээр сараас эхлэн манай компанитай хамтран ажиллаж бараа бүтээгдэхүүн зээлээр худалдан авч борлуулж байсан. 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 12600000.00 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр худалдан авч, 2015 оны 9 дүгээр сарын 11-нд 5700000.00 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 13-нд 2000000.00 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 10-нд 1000000.00 төгрөг тус тус төлөөд одоогийн байдлаар 2082000.00 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Манай компанийн зүгээс зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүнд 2 удаагийн хөнгөлөлт урамшуулал үзүүлэн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл төлөлгүй хохироож байна. Иймд “Ш” ХХК-ийн манай байгууллагад төлөх ёстой 2082000.00 төгрөгийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Миний бие "Ш" ХХК-ийн захирал Х.А нь тухайн нэхэмжлэл гаргасан "З" ХХК-аас гэрээ байгуулж ямар нэгэн бараа бүтээгдэхүүн аваагүй бөгөөд шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн үндсэн баримтад манай компанийн зүгээс миний гарын үсэг, тамга дардас дараагүй баримтыг үндэслэж мөнгө нэхэмжилж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. "Ш" ХХК-ийн захирал Х.А миний бие тус компанитай өөрийн биеэр очиж ямар ч гэрээ контракт хийж бараа бүтээгдэхүүн хүлээж аваагүй, "Ш" ХХКомпанид ямар ч өр төлбөргүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Иймд дээрх "З" ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2018/00370 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар хариуцагч “Ш” ХХК-иас 2082000 /хоёр сая наян хоёр мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “З” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд: “1.Нэхэмжлэгч “З” ХХК-тай Баян-Өлгий аймгийн “Ш” ХХК-ны захирал X.А миний бие бичгээр болон амаар тохиролцож, ямар нэгэн байдлаар зээлээр худалдаа наймаа хийж байгаагүй бөгөөд энэ талаар шүүхэд гаргасан тайлбарт бүрэн тусгасан.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Муратын анхан шатны шүүх хуралдаанд “2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 12600000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг жолооч Е-гаар зээлээр ачуулсан, уг барааг хариуцагч хүлээж авсан” гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь жолооч Е-гаар бид нэхэмжлэгч байгууллагаас бараа хүлээн авч ачуулсан тухай ямар ч нотлох баримт байхгүй болно. Хэрэв “Ш” ХХК нь нэхэмжлэгчээс 12600000 төгрөгийн бараа “зээлээр худалдаж авсан бол зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, “зарлагын ордер” (падаан), “Ш” ХХК -ны бараа хүлээн авсан тухай баримт (факт)-ыг нотлох баримтаар гаргах ёстой.

3. Нэхэмжлэгч байгууллагад шилжүүлсэн гэх 5,700,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 13-нд шилжүүлсэн 2 сая төгрөг, 2016 оны 7  дугаар сарын 10-нд шилжүүлсэн гэх 1 сая төгрөгийг “Ш” ХХК-аас шилжүүлсэн асуудал байхгүй. Нэхэмжлэгч тал тухайн мөнгийг хэдийд, хэн гэдэг хүн, ямар дансаар шилжүүлснийг хөтөлбөргүй тогтоож, тэр хүнээс нэхэмжлэх нь зүйд нийцнэ. “Ш” ХХК -аас нэхэмжлэгч байгууллагад “мөнгө төгрөг” шилжүүлж байгаагүй. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчид “хэний, ямар дансаар мөнгө шилжсэн” эсэх, уг данс “Ш” ХХК-ны данс болохыг тогтоохгүйгээр төлбөр ногдуулсан нь хууль бус юм.

4. Нэхэмжлэгч барааны эрсдэл гэж 1218000 төгрөгийн эрсдэлийг үзүүлсэн гэх боловч, хэдийд ямар журмаар, ямар эрхийн актаар хэнд “эрсдэлийн хөнгөлөлт” үзүүлсэн нь тодорхой бус байна. Үүнийг анхан шатны шүүхээс шалган тогтоогоогүй байна.

5. Жолооч Е-д бараа бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч тал ачуулсан бол тэр жолоочоос эд хөрөнгөө нэхэмжлэх ёстой байсан.

6. Анхан шатны шүүхээс “Ш” ХХК нь нотлох баримт гаргаж өгөөгүй тул төлүүлэхээр шийдвэрлэв" гэсэн нь хэргийг нэг талыг баримталж шийдвэрлэсэн хэрэг гэж үзэж байна. Учир нь “Ш” ХХК нь нэхэмжлэгч байгууллагаас “бараа бүтээгдэхүүн зээлээр аваагүй”, нэхэмжлэгчид мөнгө шилжүүлж байгаагүй тул ямар ч нотлох баримт манайд байхгүй бөгөөд байх учиргүй. “Ш” ХХК нь төлбөрийг хэсэгчлэн төлж байсан нь нотлогдсон” гэж анхан шатны шүүх нотлох баримтад буруу дүгнэлт өгсөн байна. Нэхэмжлэгч байгууллагад “Ш” ХХК-аас мөнгө шилжүүлсэн санхүүгийн баримт нэг ч байхгүй. Иймд хариуцагч “Ш” ХХК-ны захирал X.А миний давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “З” ХХК нь хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулж худалдан борлуулсан барааны үнээс үлдсэн 2082000.00 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “12600000.00 төгрөгийн үнэтэй барааг худалдсанаас 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 5700000.00 төгрөг, 11 дүгээр сарын 13-ны өдөр 2000000.00 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1000000.00 төгрөгийг тус тус худалдан авагч төлсөн, үлдэгдэл төлбөрөөс хөнгөлөлт, урамшууллыг хасаад 2082000.00 төгрөг гаргуулна” гэж тайлбарлажээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн дээрх үндэслэлийг буюу талуудын хооронд үүссэн гэх бараа худалдан борлуулсан, худалдан авагч 3 удаагийн бэлэн бус мөнгөн шилжүүлгээр барааны үнийг төлж байсан гэх үйл баримтыг тогтоолгохоор хариуцагчийн (банкны) дансны хуулгыг гаргуулахаар 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШЗ2018/01399 дүгээр шүүгчийн захирамжаар хүсэлтийн агуулга, зорилго, үндэслэлийг тодруулалгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасныг зөрчсөн байна.

 

            Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зарлагын баримт дахь гарын үсэг худалдан авагчийн, эсхүл тээвэрлэгчийн гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй, “З” ХХК-ийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, авлагын гүйлгээний түүх зэрэг нь хэрэгт хамааралтай эсэх, түүнд агуулагдсан мэдээллүүд санхүүгийн бусад баримтаар нотлогдоогүй буюу маргааны үйл баримт хангалттай тогтоогдоогүй байхад тэдгээр баримтуудыг үнэлэн хэргийг хянан шийдвэрлэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан журмаар үнэлээгүйгээс гадна шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

 

            Иймээс анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх эрхийг хангаагүй, нотлох баримт үнэлэх талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2018/00370 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48300.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                              

С.ӨМИРБЕК