Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/1128

 

Г.М-д холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхболд,

хохирогч Э.Мөнхсувд, түүний өмгөөлөгч К.Отгонцэцэг,

шүүгдэгч Г.М-, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/675 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.М-, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.М-д холбогдох эрүүгийн 2005002220190  дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Г.М-, 1984 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; хамтран амьдрагч, хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй,

            Г.М- нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр *** гэртээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.Мөнхсувдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн чихний ар хөхлөгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чих, баруун бугуй, сарвуу, зүүн бугалга, шуу, сарвуу, цээж, баруун гуя, зүүн гуя, өвдөгт цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

            - мөн хамтран амьдрагч Э.Мөнхсувдыг гэртээ 2018 оны 3 дугаар сарын 12, 9 дүгээр сарын 25, 2019 оны 4 дүгээр сарын 14, 6 дугаар сард, 10 дугаар сард, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах майхан толгойн зуслан дээр 2018 оны 5 дугаар сард буюу 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.М-ийг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 10 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа эдлүүлж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.М-ийн өмгөөлөгч Б.Гантөмөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шударга ёсны болон гэм буруугийн зарчимд харшилсан гэж үзэхээр байна. Шүүгдэгч урьд өмнө хохирогчийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг нь эргэлзээгүйгээр хангалттай нотлогдсон гэж үзэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал тогтоогдоогүй. Уг хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 934 дугаартай шүүгчийн захирамжаар прокурорт буцааж байсан. Прокурорт буцсан шалтгааныг хохирогч овжиноор ашиглаж түүнээс хойш тодорхой цаг хугацаа дурдаж мэдүүлэг өгсөн нь хохирогчийг мэдүүлэгт эргэлзээ төрүүлэхэд хүргэж байгаа юм. Мөн хохирогчийн мэдүүлэг хоорондоо ноцтой зөрүүтэй, тэрээр зодуулж байсан гэх тухайгаа бусдад хэлэхдээ бодит байдлыг гуйвуулах байдлаар хэлсэн байсан нь гэрчүүдийн мэдүүлгээс тодорхой харагддаг. Иймд шийтгэх тогтоолын зарим хэсгийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Г.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие эхнэр Мөнхсувдыг өөрийнх нь мэдүүлснээр байнга зодсон зүйл байхгүй. Тэрээр миний эзэмшлийн 2 өрөө байрыг надаас шаардахад би татгалзсан хариу өгсөн. Үүний дараагаас ор үндэсгүй мэдүүлэг зохиож, намайг гүтгэсэн. Анхан шатны шүүхээс хэт нэг талыг барьж намайг буруутгасан. Энэ нь бодит байдалтай огт нийцээгүй. Харин ч би гэртээ орох, үр хүүхэдтэйгээ уулзах эрхээ эдэлж чадахгүй удаж байна. Хамт амьдрах хугацаанд хэрүүл маргаан хэн хэнээсээ шалтгаалж гардаг байсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ялласныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Г.М-ийн өмгөөлөгч А.Нацагдоржоос тус шүүхэд ирүүлсэн болон өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...аюулын зэргийн үнэлгээ тогтоосон жагсаалтад хохирогч хүчирхийлэл үйлдэгчийн эсрэг гаргасан гомдлоосоо татгалзаж байсан эсэх асуултанд “тийм зүйл болоогүй” гэх бөгөөд эдийн засгийн хараат байдал гэсэн асуултанд “санхүүгийн хараат байдалд намайг байнга байлгадаг” гэжээ. Мөнхсувдын Хаан банк дахь дансны 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх гүйлгээнээс үзэхэд тэрээр санхүүгийн хараат байдалд байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. М-ийн зүгээс эхнэр Мөнхсувдыг ажил мэргэжилтэй болгох үүднээс сургалтанд явуулж байсан, хувьд нь автомашин авч өгч байсан, охиноо 2 нас хүртэл нь байнга харж, асрамжилж гэртээ өнгөрөөсөн талаар мэдүүлдэг. Хохирогч үүнийг үгүйсгэсэн мэдүүлэг өгч байгаагүй. Түүнчлэн Мөнхсувд үл ялих хэрүүл маргаан болонгуут архи дарс уух, агсам тавих, хувийн картнаас зөвшөөрөлгүй мөнгө шилжүүлэн авах, авч өгсөн автомашиныг ломбарданд тавьж үрэх үйлдэл гаргаж байсны зэрэгцээ хэрүүл өдөж уурандаа хутга барьж дайрсан, хутгыг нь булааж унагаахад аяга барьж, түүнийг нь булаацалдаж байгаад зүүн гарын алга болон дунд хурууны дунд үе хүртэл зүсэгдэж оёдол тавиулж байсан, мөн эрүүний доод хэсэг болон шилэн хүзүүндээ шарх авч байсан, миний эхнэр, хүүхдийн маань эх учир цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй талаараа мэдүүлсэн байдаг. Энэ нь М-ийн биед учирсан шарх, гэмтлийн гадна байдлыг харуулсан гэрэл зургуудаар нотлогдоно. Хэрэгт авагдсан Мөнхсувдтай холбоотой зөрчлийн тэмдэгдэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, жолоодох эрхээ хасуулсан тодорхойлолт байдаг бөгөөд энэ нь түүнийг согтууруулах ундаа зүйл хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ биеэ хянах чадваргүй болдог, орчноо мэдэрдэггүй, эрсдэлтэй шийдвэр гаргадаг болохын илэрхийлэл юм. М-ийн өгсөн “...2019 оны 7 дугаар сард гэр бүлээрээ аялаж яваад Булган аймаг дахь Баатарван амралтын газар хүүхдэд хоол өгөх асуудлаас болж Мөнхсувд бид хоёр маргалдсан. Гэтэл Мөнхсувд уурлаад ресторанд очиж 300 гр виски уусан. Үүнээс болж эгч Мөнхтуяа, Мөнхсувдад “Чи нялх хүүхэдтэй байж архи уусан байна” гэж хэлснээс болж хоорондоо маргалдаж байсан...” гэх мэдүүлгээс үзэхэд хохирогч Мөнхсувдын хувийн байдал тогтворгүйг харуулж байна. “Сэтгэшгүй ухаан” ХХК-иас Мөнхсувдын эмнэлзүйг тогтоосон тодорхойлолтод “Мөнхсувдаас би нууцаар фэйсбүүкээр өөртэйгээ харьцдаг, өөрөө өөртэйгээ бичилцдэг, толь руу харж өөртэйгээ ярьдаг, их уйлдаг” гэх ба өвчний зовиурууд эмнэлзүйн явцаас үзэхэд дасан зохицох эмгэгтэй зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай гэж тодорхойлсон нь М-ийн үйлдэл, үйл ажиллагаанаас болсон уу, хохирогчийн өөрийн сэтгэл зүйн тогтворгүй байдлаас үүссэн үү гэдэгт шүүх дүгнэлт хийх нь зүйтэй байх. Мөн хохирогч толгой маш их өвддөг, өвчин намдаах эм маш ихээр хэрэглэдэг гэх боловч нэг ч удаа нарийн мэргэжлийн эмчид үзүүлээгүй, энэ талаар зөвлөсөн эмчийн зөвлөгөөг ч авч байгаагүйг анхаарч үзэх учиртай. Хохирогчийн гэр бүлийн хүндээ гаргаж байгаа зан авир нь өөрт таалагдаагүй, хүсэл зоригийн биелүүлээгүй байдалд уурлах, архи уух, хүч хэрэглэх, дур мэдэн мөнгийг өөртөө шилжүүлэн авах зэрэг үйлдэл гаргадаг нь хавтаст хэрэгт тогтоогдсон. Хүчирхийлэл үйлдэгч зөвхөн эрэгтэй хүн биш, өөрийн зан авирын доголдлоос болж гэр бүлийн хүнээ оюун санааны хүчирхийлэлд оруулдаг эмэгтэйчүүд ч байгааг анхаарах нь зүйтэй юм. Үүний нэг тод жишээ хохирогч Мөнхсувдын үйлдэл, үг ярианаас тодорхой байна. Энэ хугацаанд М- болон түүний өмгөөлөгч нар Мөнхсувдаас үр хүүхдээ бодож уучлалт гуйж уулзахад М-ийн нэр дээр бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэх шаардлага тавьж байсан нь хохирогчоор тогтоогдсоноо ашиглаж, өмч хөрөнгийн асуудлаа шийдүүлэх гэсэн санаа гэж үзэхээр байна. Мөн эцэг хүний хувиар охин дээрээ очиж уулзах үеийг ашиглаж Мөнхсувд цагдаагийн байгууллагад удаа дараа дуудлага өгч байгаа нь М-ийн хувийн байдлыг ямар нэгэн байдлаар дордуулж харагдуулах гэсэн үйлдэл болохыг анхаарна уу. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хэргийн зүйлчлэл эргэлзээтэй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

            Хохирогч Э.Мөнхсувд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие ямар нэгэн өвчин, эмгэггүй. Эд хөрөнгийн хувьд маргаангүй, гэр оронд нь оруулахгүй, үр хүүхэдтэй нь уулзахгүй байсан асуудал байхгүй. Намайг урьд 6 удаа болон түүнээс дээш удаа зодож байсан. Эд хөрөнгө бус хүний эрүүл мэнд, сэтгэл санаа, үр хүүхдийн ирээдүйн талаар хэлэлцэх нь чухал байх гэж бодож байна.” гэв.  

            Хохирогч Э.Мөнхсувдын өмгөөлөгч К.Отгонцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байгаа. Хэрэгт хохирогчийн найз, төрөл садан, хадам эх, хөрш айлын зэрэг олон хүмүүсээс хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан байх ба эдгээрийг нотлох баримтаар үнэлсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон. Эдгээр хүмүүс хүчирхийллийн талаар хохирогчийн ярианаас, чатаар, хананы цаанаас сонссон байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь ахуйн хүрээнд, гэр бүлийн гишүүдийн хооронд, нууц далд аргаар үйлдэгддэг онцлогтой. Гэтэл уг гэмт хэргийг нүдээр харсан гэрч байхгүй байхад дамжмал нотлох баримтуудыг үндэслэн шүүхийн шийдвэр гарсан хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Байнга гэдэг нь хуулийн тайлбарт гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийг хэлдэг. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон флаш дискэнд агуулагдсан баримтаар 2018 оны 5 дугаар сар, мөн оны 9 дүгээр сарын 25, 2019 оны 4 дүгээр сарын 14, мөн оны 6, 7, 10 дугаар саруудад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн болох нь тодорхойлогддог тул байнга гэсэн шинжийг хангаж байна. Түүнчлэн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь дээрх гэмт хэргээс тусдаа яригдах асуудал. Иймээс эдгээрийг хооронд нь ялгаж ойлгох нь зүйтэй. Шүүгдэгчийн шинээр нэмж авсан өмгөөлөгчөөс гаргасан тайлбарын тухайд; хохирогчийн сэтгэл зүйд учирсан эмгэг нь шүүгдэгчийн үйлдэл, үйл ажиллагаанаас шалтгаалсан эсэх, цаашид ямар хор уршгийг дагуулж болохыг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна. Түүнчлэн шүүгдэгчийн нэр дээр бүртгэгдсэн орон сууцыг хохирогч өөрийн нэр дээр шилжүүлэх шаардлага тавьсан гэх бодит байдалд нийцээгүй, худал тайлбарыг гаргаж байгаад харамсаж байна. ...” гэв.

            Прокурор Н.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хохирогч шүүхийн хэлэлцүүлгийн явцад өөрөө тусдаа орон сууцтай ба шүүгдэгчийн орон сууцанд амьдрахгүй гээд түлхүүрийг нь өгч байсан асуудал байгаа. Үүнээс үзэхэд шүүгдэгчийн эд хөрөнгийг авахаар шантаачилсан гэх үндэслэл алга. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тогтоо гэсэн үндэслэлээр өмнө нь хэргийг прокурорт буцаасан. Хохирогчийн мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдсон. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчилгүй байх бөгөөд урьд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 934 дугаартай захирамжийн заалтуудад ач холбогдол өгч, хэрэгжүүлжээ.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, дахин шалгах зүйлгүй гэж үзэв.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

- хохирогч Э.Мөнхсувдын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн “...нөхөр М- 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өглөө 10 цагийн үед ... согтуу орж ирээд охиноо тэвэрч байсан намайг үгийн зөрүүгүй “Мөнгө өг” гээд шууд зодсон. Гараа зангидаж байгаад миний толгой руу манартал маш олон удаа цохисон. ... Тэгээд “Чи миний амьдралд гай болоод байна” гээд хүүхдээ ор луу шидээд, хутга аваад “Би чамайг алчихъя” гэж орилж эхэлсэн. ... удалгүй хадам ээж Хажидсүрэн гаднаас орж ирээд “Чи хүүхдийн мөнгө яг одоо өг” гэхээр нь би “Наад хүн чинь миний нүдэн дээр хүүхэн дайлаад, хүүхэнтэй тэврэлдээд байсан. Тэгэхээр нь би мөнгийг нь авчихсан, эрүүл болохоор нь өгье гэж бодож байсан юм...” гээд тэр дор нь мөнгийг нь буцаагаад шилжүүлсэн чинь “Эргээд ирэхэд зайлчихсан байгаарай” гээд ээжтэйгээ хамт гараад явсан. ... Би хадам ээждээ зодуулсан талаар 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр фэйсбүүкээр чатлаад хэлж байсан. Энэ үеэс эхлээд гар хүрч эхэлсэн. 2018 онд сар, өдрийг нь сайн санахгүй байна. Миний хоолойг боогоод ухаан алдуулаад унагаачихдаг, өмсөж байсан хувцас урдаг, орон дээрээс авч шиддэг үйлдлүүдийг олон удаа гаргаж байсан. Мөн байнга хэл амаар доромжилдог. Намайг эцэг, эхгүй, ядуу зүдүү, миний гарал үүсэл, шашин шүтлэг, миний байгаа байдал, санхүүгийн хувьд дарамталдаг. Манай хамаатнуудаас манайд хүн ирээд гарахаар “Гуйлгачингууд гэрт шавууллаа” гэх зэргээр над руу дайрдаг. Мөн зурагтаар гарч байгаа эрэгтэй хүнтэй намайг хардаж зоддог байсан. Ингэж намайг зодох үйл явдал гэрт болдог. Хүмүүсийн дэргэд намайг зоддоггүй, надтай муухай ч харьцдаггүй. 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр намайг хардаад маргалдсаны улмаас намайг гэрээс хөөсөн. Тэгээд би гэртээ ороод хувцсаа аваад гарах гэтэл хойноос татаад багалзуурдаж унагаасан, ... орон дээр сууж байтал хөлнөөс татаад газар шидээд чирсэн. Тэгээд М- өөрөө ухаан алдуулж унагаачихаад “Тайвшир” гээд цай хийж өгсөн. Цайг нь уух гээд зогсож байхад хойноо дахиад багалзуурдаад газар унагаахад аяга хагарсан. Тэгэхээр нь би “Надад ойртоод үзээрэй” гээд аяганы хагархай аваад өөрийгөө хамгаалсан. Тэгсэн М- аяганы хэлтэрхийг өөрөө атгаад ... гараа зүссэн. Намайг энэ үед ална гээд байхаар нь би зугтаах гээд хаалга онгойлгоод “Амь авраарай” гэж чарласан чинь хөрш айлын хүн гарч ирээд “Болиоч, цагдаа дуудлаа шүү” гээд М-ийг болиулж байсан. М- намайг байнга дарамталж хэл үгээр доромжилж, зоддог байснаас болоод би сэтгэл гутралд ороод 13 давхраас үсэрч амиа хорлох гэж оролдож байсан. ... 2018 онд М-ийг “Хүүхдээ хуурайлчих” гэж хэлсэн чинь орон дээр шээлгэчихлээ гээд гэнэт уурлаад ... хана руу шахаж хоолой боогоод, хүүхдээ хөхүүлж байхад зүүн гарыг хойш нь мушгиад гар хугалах шахсан. ... Энэ явдлыг маргааш нь хадам ээж рүү бичсэн мессежээрээ он, сарыг нь тогтоосон.  ... намайг 3 дугаар сарын 12-ны өдөр зодсон. Дараа нь бас хадам ээжид би 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “охины нүдэн дээр намайг зодчихлоо гэхэд охиноосоо зөндөө их уучлалт гуйсан. Тэгээд намайг шилийг нь хагалсан гээд таны өгсөн мөнгийг аваад явсан” гэж чатаар захидал илгээсэн байсан. ... 2019 оны 10 дугаар сард амралтын өдөр “Чи ер нь өөрөө хүүхдээ харадах яадаг юм, хүнээр харуулахаа боль, гэрт өөр хүн байхад төвөгтэй байна” гээд ванны өрөөнд нүүрээ угаагаад зогсож байхад хоёр гараараа миний толгойноос бариад плита 2-3 удаа мөргүүлсэн, бас хоолой боосон. ... тэгээд миний толгой өвдөөд байхаар нь Бэст массажид 1 удаа толгойгоо бариулсан. ... хэд хоногийн дараа толгой зүгээр болохгүй байхаар нь өрхийн эмнэлэгт “Нөхөртөө зодуулчихлаа, толгой өвдөөд байна” гээд үзүүлж байсан. ... би Нарны хорооллын ээжүүдийн группын Лхамаа, хөрш Болороо, дэлгүүрийн худалдагч эрэгтэй Баярболд нартай уулзаж ярилцсанаар өмнө нь бас зодуулж байсан тохиолдлуудаа санасан. ... 2018 оны 5 дугаар сарын сүүлээр Майхан толгойн лагер дээр байхад ... би М-ийг “Одоо наад архи дарсаа боль л доо, зөндөө уучихлаа” гэсэн чинь “Чи хэн юм бэ” гээд шатны хажуу талын хананд гараараа түлхээд хоолой боогоод шахсан. Би ухаан балартаад доошоо суусан чинь намайг өвдгөөрөө түлхээд доошоо шатны уруу унагаасан. ... Тэр чимээг эгч Мөнхтуяа нь сонссон байх. ... Дараа нь 2019 оны 6 дугаар сард “Channel 11” сувгийн Учрал гэх эрэгтэйтэй зүгээр зурагт үзэж сууж байгаад хардсан. ... тэр үед намайг 2 удаа баруун талын хацар луу алгадаад, ор луу түлхэж унагаагаад, хоёр гараараа хоолой боогоод, орон дээрээс авч шидсэн. Хөвсгөл явж ирсний дараа 2019 оны 7 дугаар сарын 9 билүү 10-ний өдөр эгчид нь зодуулснаасаа болоод миний нуруу татаад угаалгын өрөөнд шалан дээр унасан. Тэгсэн М- орж ирэнгүүтээ элэг рүү 3 удаа өшиглөөд “Юундаа баашлаад байгаа юм, чи хүртэх ёстойгоо хүртсэн, босооч” гэсэн. ... Тэгээд би Нарны хорооллын группын найз Лхамаа руу яриад “Найздаа такси дуудаад өгөөч, би эмнэлэг явж үзүүлмээр байна” гэж хэлсэн. ... Нараа надад туслах гэж манай гэр лүү орж ирсэн. Тэгсэн М- хаалга онгойлгосон. Нараа “Сувдаа байна уу, бие нь зүгээр үү” гэж асуусан чинь “Зүгээр” гээд хаалгаа хаагаад явуулсан. Тэгээд Лхамаа над руу залгаад “Зүгээр үү” гэхээр нь би “Дуудлагаа цуцалчих” гэж хэлээд 16 дугаар байрны “Соёл” салоны бариачийг гэртээ дуудаад нуруу, толгойгоо бариулсан. ... 2018 оны 5 дугаар сар, 2018 оны 9 дүгээр арын 25-ны өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр, 2019 оны 6, 7, 10 дугаар сар, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд М- намайг хэл амаар доромжилж, зодсон нь үнэн. ...” /1хх-ийн 28-29, 88-89, 211-212, 2хх-ийн 22/,

            - гэрч Э.Намуунзаяагийн “...гэрт нь очих гэхээр Мөнхсувд эгчийн нөхөр М- гадны хүнд дургүй. Бид нарт хэлэхгүй ч бид нарыг гарахаар Мөнхсувд эгч рүү “Гадны хүн орууллаа, хүүхэд ханиад хүргэлээ, гаднаас вирустэй хүн орууллаа” гэх мэтээр дургүйцдэг гэсэн. ... Мөнхсувд эгч 7 хоногийн аль нэг өдөр ганцаараа байх үед видео дуудлага хийдэг. Хааяа дуудлага хийхэд эгчийн гар нь хөхөрсөн, хоолойгоо боолгуулчихсан улайчихсан, намайг зодчихлоо гээд уйлдаг байсан. ... Сүүлд сар орчмын өмнө над руу видео дуудлага хийхэд М- намайг зодчихсон, толгой өвдөөд байна, толгой бариулах сайн хүн байна уу гэж асууж байсан. ... Мөнхсувд эгч зодох болгонд нь бид нарт хэлдэггүй байх. Хааяа нэг очихоор бие нь хөхөрсөн, тэр нь бүдгэрсэн байдаг. ...” /1хх-ийн 95/,

            - гэрч Э.Мөнхсолонгын “...уулзах болгондоо гар хөл нь хөх няц болчихсон, толгой өвдөөд байна гээд байдаг байсан. Би өөрөө 3 удаа бариачид дүүгээ дагуулаад очиж толгойг нь бариулж байсан. ... М-тэй гэр бүл болсноосоо хойш байнга л Мөнхсувд зодуулчихлаа гээд ярьдаг байсан. ... сүүлд манай дүү амиа хорлох гэж оролдож байсан талаараа ярьсан. М- Мөнхсувдыг зодохоос гадна гэр бүлийн гишүүдийг маань байнга хэл үгээр доромжилдог. Манай хамаатнууд тэдний гэрээр нь орохоосоо ч айдаг болсон. ... Манай дүүг бас Хөвсгөлд ах дүү нартайгаа нийлж зодсон байсан. 2019 онд манай хүү Чинхүслэнг Мөнхсувдын гэрт түр үлдээхэд Мөнхсувд охиноо салхилуулах гээд гарсны дараа М- “Чамайг тэлээгээр зодно” гэж айлгасан байсан. Тэгээд Мөнхсувд, М-тэй муудалцсан. ... 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, мөн 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүүхэд хараад өг гэхээр нь би гэрт нь очоод хүүхдийг нь харж байхад М- ирээд хаалга чангаар нүдэж өшиглөөд хаалганы бариул эвдсэн. Би айсан учраас хаалга онгойлгож өгөөгүй. ... 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр Мөнхсувд миний утас руу залгаад “Толгойгоо бариулах гэсэн юмаа, хүүхэд хараад өгөөч” гэсэн. Тэгээд би гэрт нь очиход Мөнхсувд ... толгойгоо бариулах гээд Бэст массажинд орж бариулаад гарч ирсэн. Дараа нь 2019 оны 7 дугаар сард наадмын өмнө миний утас руу залгаад “М-, эгчтэйгээ нийлээд намайг зодчихлоо” гэж хэлсэн. Толгойгоо бариулах гэсэн юм, толгой өвдөөд байна, та хүрээд ирээч гээд би бас очоод охиныг нь харж өгч байсан. ...” /1хх-ийн 91-92, 219/,

            - гэрч Ш.Мөнхзулын “...би нялх хүүхдээ хараад гэртээ байдаг. Ерөнхийдөө шөнийн 12, 03, 04 гэх мэт цагуудад маш их хаалга цохидог. Нөхөр маань байхгүй, хөдөө ажилладаг болохоор би эмээгээд шаардлага тавьж чаддаггүй. Сүүлд шинэ жилийн өмнөх өдөр хаалганы бариул байхгүй байсныг харсан. 2019 оны эхээр эмэгтэй хүн орилоод эд зүйл буулгаад байх шиг чимээ сонсогдсон. Манай гэрийн хана энэ айлын ханатай залгаа байдаг...” /1хх-ийн 93-94/,

- гэрч Г.Болор-Эрдэнийн “...би хүүхдээ салхилуулахдаа, бас гарч орохдоо *** тоотын эмэгтэйтэй таардаг. 2019 оны хавар “хаалга тайлаач хөөе” гээд эрэгтэй хүн орилоод байхаар нь хартал *** тоотын эмэгтэйн нөхөр байсан. 2019 оны 10 сард шөнө унтаж байтал бас “хаалгаа нээгээч” гээд орилоод байсан. Бас *** тоотын нөхөр хаалгаа нүдээд орилж байсан. Тэгэхээр нь би нөхөр Хүрэлээг гаргаж хэдэн үг хэлүүлсэн. 1-2 удаа гарын шуун дээрээ хөхөрсөн байсныг харж байсан...” /хх 215-216/,

- гэрч Б.Навчаагийн “...ер нь дээд айл давтамжтай эрэгтэй хүний хашхирч орилж байгаа чимээ, мөн согтуу байдалтай хаалга нүдэж орилж байгаа чимээ сонсогддог. Хэдий хугацаанд давтагддагийг хэлж мэдэхгүй. Согтуу эрэгтэй хүн агсам тавьж байгаа чимээг сонсдог. Үг нь сонсогдохгүй хэрнээ эмэгтэй хүний орилох чимээ сонсогддог. Хааяа 102 руу залгачихдаг юм уу гэсэн бодол төрдөг байсан...” /1хх-ийн 217-218/

- гэрч Э.Баярболдын “...өнгөрсөн жил 2-3 удаа бараа оруулж өгөхөд *** тоотын эмэгтэй гэртээ маск зүүчихсэн, гар нь хөхөрсөн байдалтай харагддаг байсан. Мөн гэрийн хаалга гаднаас нь юмаар цохиод хөшчихсон юм шиг харагддаг...” /1хх-ийн 213-214/,

- гэрч П.Нямсүрэнгийн “...манай төв 2019 оны 10 сард тус байранд нүүж ирснээс хойш 5-6 удаа толгойгоо бариулсан санагдаж байна. Нөхөртөө зодуулчихлаа гээд бариулдаг...” /1хх-ийн 220-221/,

- гэрч С.Лхасүрэнгийн “...2019 оны зун 7 дугаар сарын үеэр миний утас руу залгаад “Найзынх нь нуруу гэмтчихлээ, такси дуудаад өгөөч” гэсэн. ... Би тэр үед байрны Нараа руу залгаад “Чи Мөнхсувдын гэрт ороодхооч, цаадах чинь нуруу нь татчихсан байна, туслаад таксинд суулгаад өгөөч” гэж хэлсэн. Би Нараа руу ярихаасаа өмнө дуудлагын такси дуудсан байсан. Хаанаас дуудсанаа санахгүй байна. Тэгсэн Нараа удалгүй над руу залгаад “Нөхөр нь гэртээ байна шүү дээ, нөхөр нь зүгээр, зүгээр гээд намайг гэртээ оруулсангүй” гэж залгасан. ... Тэгээд тэр таксийг буцаасан. ... нэлээн сүүлд юу болсон талаар асуухад нөхөр, нөхрийнхөө эгчид зодуулчихсан гэж хэлж байсан. ...” /1хх-ийн 222/,

             - гэрч Я.Учралын “...2019 оны зун 8 сард байх фэйсбүүкээр махлагдуу зурагтай эрэгтэй миний дугаарыг асуусан. Утсаа өгтөл тэр дор нь над руу залгаад “Пизда минь чи эхнэртэй явалдлаа” гэх мэтээр яриад эхэлсэн. ...түүнтэй уулзахад миний үеийн боловуу гэмээр эмэгтэйн зургийг үзүүлсэн. Тэгэхээр нь би наад эмэгтэйг чинь огт танихгүй гэж хэлсэн. ...” /1хх-ийн 223/ гэсэн мэдүүлгүүд,

            - гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн түвшин “өндөр” байгаа болохыг тодорхойлсон аюулын зэргийн үнэлгээ /1хх-ийн 12-13/,

            - хохирогчийн гаргаж өгсөн өөрийн биед учирсан шарх, гэмтлийн гадна байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 16-17, 19/, Г.М-ийн гаргаж буй үйлдэл, үг яриаг бэхжүүлсэн дүрс бичлэг бүхий флаш диск, өмнө нь зодуулж байсан талаараа бусадтай харилцсан чат, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, өрхийн эмчийн магадлагаа /1хх-ийн 72-83, 84-87, 171-186/,

            - хохирогчийн эзэмшлийн Хаан банк дахь 50760144** дугаартай дансны гүйлгээний хуулга /1хх-ийн 156-166/

            - хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 948 дугаартай дүгнэлт /1хх-ийн 41-42/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад, Г.М- нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.Мөнхсувдыг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн чихний ар хөхлөгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чих, баруун бугуй, сарвуу, зүүн бугалга, шуу, сарвуу, цээж, баруун гуя, зүүн гуя, өвдөгт цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- мөн хамтран амьдрагч Э.Мөнхсувдыг гэртээ 2018 оны 3 дугаар сарын 12, 9 дүгээр сарын 25, 2019 оны 4 дүгээр сарын 14, 6 дугаар сард, 10 дугаар сард, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах майхан толгойн зуслан дээр 2018 оны 5 дугаар сард буюу 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн байнга зодсон гэмт хэргийн үйл баримтууд тус тус тогтоогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Г.М-ийн гэм буруутай үйлдлийг бодитой тогтоож, үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбарт үндэслэл бүхий няцаалт хийжээ.

Өөрөөр хэлбэл, хохирогч Э.Мөнхсувд нь Г.М-тэй гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдрах хугацаанд буюу 2018-2019 онуудад бие махбодь, сэтгэл санааны хүчирхийлэлд байнга өртсөн үйл явдал болон Г.М-ийн зан авир, харилцаа, хандлагын талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд энэ нь түүний найз нөхөд, төрөл садангийн хүмүүсийн гэрчээр өгсөн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар тодорхойлогддог.

Хэдийгээр нэгдмэл сонирхол бүхий этгээдүүдээс авсан мэдүүлгийн үнэн зөвийг бүрэн үгүйсгэхгүй боловч нотлох чадварын хувьд харьцангүй сул байдаг тул хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох боломж хязгаарлагдмал хэдий ч энэ хэрэгт хувийн ашиг сонирхолгүй, хөндлөнгийн гэрчүүд болох хөрш айлын хүн Ш.Мөнхзул, Г.Болор-Эрдэнэ, Б.Навчаа, бараа захиалга, хүргэлтийн ажилтан Э.Баярболд, бариач П.Нямсүрэн, телевизийн хөтлөгч Я.Учрал нарын өгсөн мэдүүлгүүд нь хохирогчийн мэдүүлэгтэй цаг хугацааны хувьд тохирч байгааг дурдах нь зүйтэй.

Харин хохирогч Э.Мөнхсувдаас зүй бус авирлаж, өс хонзон, шунахайн сэдэлт, хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн хамтран амьдрагч Г.М-ийг гэмт хэрэгт гүтгэсэн гэх шалтгаан үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймээс шүүгдэгч Г.М-, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр нарын “...хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй нотолж чадаагүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тусгасан агуулгаар ойлгох бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд, өөрөөр хэлбэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд дээрх гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрддэг.

Эрүүгийн эрх зүйн онол болон практикт тодорхой үйлдэл, эс үйлдэхүйн давтамжийн шинжийг тодорхойлоход “давтан”, “байнга” гэсэн ойлголтыг хэрэглэдэг. “Байнга” гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байх хууль хэрэглээний ойлголт билээ.

Түүнчлэн давтамжаас гадна, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг эрхшээлдээ байлгах зорилгоор хяналт тогтоон өөрийн хамааралд оруулж тэгш бус харилцааг бий болгон хүчээр давамгайлж байсан эсэхийг харгалзан үзэх учиртай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлагатай байдаг.

Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч Г.М-ийн үйлдлүүд нь дээрх гэмт хэргүүдийн шинжийг бүрэн агуулсан байх ба анхан шатны шүүхээс түүнийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийг, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.М-ийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг тус бүрийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялуудын төрөл, хэмжээний дотор тус тус хүнд биш ял оногдуулж, эдгээр ялуудыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М-, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/675 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М-, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

                                      ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                                      ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН