Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 675

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,  

Улсын яллагч: Б.Батнасан /томилолтоор/,

Хохирогч: Э.М-, түүний өмгөөлөгч К.Отгонцэцэг,

Гэрч: Ч.Х-, Э.М-,

Шүүгдэгч: Г.М-, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.М-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005002220190 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.М-, 1984 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Маркетингийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, 1 хүүхдийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч Г.М-нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны 1306 тоотод гэртээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.М-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед тархи доргилт, зүүн чихний ар хөхлөгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чих, баруун бугуй, сарвуу, зүүн бугалга, шуу, сарвуу, цээж, баруун гуя, зүүн гуя, өвдөгт цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

- мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.М-ыг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны 1306 тоотод гэртээ 2018 оны 3 дугаар сарын 12, 9 дүгээр сарын 25, 2019 оны 4 дүгээр сарын 14, 6 дугаар сард, 10 дугаар сард байнга зодсон, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах майхан толгойн лагер дээр 2018 оны 5 сард гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.М-ыг зодсон буюу 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хороонд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.М-ыг байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.М-шүүх хуралдаанд: “...М- намайг өөрийг нь зодож, цохиж байсан талаар байнга мэдүүлдэг. Гэвч би М-ын хэлж байгаа шиг түүнийг байнга зодож байсан гэж мэдүүлж байгаа нь ор үндэслэлгүй худал гэдгийг өмнө шүүх хуралдаанд хэлж байсан. Прокурорын зүгээс нэмэлт мөрдөн байцаалтын шатанд нэмж надаас нэг ч удаа мэдүүлэг аваагүй. 2018 оны 5 дугаар сард Майхан толгой дээрх зуслангийн газарт М-ыг зодсон талаарх мэдүүлгийг нэмж өгсөн байсан. 2018 оны 5 дугаар сард Майхан толгой дээрх зуслангийн газарт М-ыг зодсон асуудал болоогүй. 2018 оны 8 дугаар сард хүргэн Баяртөгсийн төрсөн өдрийг Майхан толгой дээрх зуслангийн газарт тэмдэглэсэн. Тухайн үед М-, охин бид 3 байсан. Гэхдээ тухайн үед ямар нэгэн зодоон цохион болоогүй. М-ыг “хүүхдээ хөхүүлж байхад намайг хоолойг нь боож ухаан алдуулж унагасан” гэж мэдүүлдэг. М- намайг үндэслэлгүй гүтгэж байна. Ер нь ямар ч хүн хүүхдээ хөхүүлж байгаа эмэгтэй хүнийг хоолойг нь боож ухаан алдуулна гэж байхгүй. М- “манай хамаатнуудыг доромжилдог, дээрэлхдэг, дарамталдаг” гэж ярьдаг. Би хэзээ ч тийм үйлдэл гаргаж байгаагүй. Мөхсувдын ах, дүү нар хөдөөнөөс ирээд манай гэрт хоноод явдаг. М-ын ах дүү нарыг ирэхэд миний зүгээс хэрүүл хийсэн зүйл байхгүй. Харин ч аль болох эвтэй байхыг хичээдэг. М- “2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр намайг хардаад маргалдсаны улмаас зодсон” гэж мэдүүлдэг боловч тухайн өдөр тийм зүйл огт болоогүй. М- бид хоёр охинтойгоо хамт салхинд гарах гэж явж байгаад М- бид 2 маргалдаад М- өвөр дээрээ бага насны хүүхэд суулгачихсан хэрнээ хурдтай явж байсан машиныг хаалга онгойлгосон. Тэгээд би бухимдаад “чи яаж байгаа юм бэ, хүүхдээ унагаачихвал яах юм бэ” гэж хэлснээс болж бид маргалдсан. М- уурлаад гэр рүүгээ орсон. Би охиноо эцэг, эхийнхээ гэрт үлдээгээд охиныхоо гутлыг мартсан байсан тул гэртээ очтол М- байсан. Тухайн өдөр “М- намайг ална гэж заналхийлээд, зодож, ухаан алдуулж унагаасан” талаар мэдүүлж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Тухайн үед би ч бас гэмтэл авсан. М- над руу хутга барьж дайрахаар нь би хутгыг булаацалдаж байгаад унагасан. Дараа нь ширээн дээр байсан аяга авч хагалаад миний хоолойг зүссэн. М-аас аягыг нь авах гэж байгаад би гараа маш ноцтой зүссэн. М- “2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр намайг зодож ухаан алдуулж унагаасан, гэмтээсэн” гэж хэлж байгаа боловч би өөрөө хүнд гэмтэл авсан. Миний зүүн гарын алга 2 хуваагдаж зүссэгдсэн тул тухайн үедээ Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд очиж гараа оёулсан. Миний гар эдгэхгүй байсан тул 1 сар гаран эмчилгээ хийлгэсэн. М- миний эхнэр тул би тухайн үед цагдаагийн байгууллагад гомдол гаргах талаар бодоогүй. М- 2019 оны 7 дугаар сард гэр бүлээрээ аялж яваад Баатарванд эгч Мөнхтуяад зодуулсан гэж мэдүүлдэг. Тухайн өдөр би гэр захиалах гээд завгүй явж байхад М- асуудлаа гялс цохицуул, хүүхдэдээ хоол өгмөөр байна гэж хэлэхээр нь би “чи өөрөө цохицуулаад хүүхдийнхээ хоолыг өгчих л дөө” гээд бид 2 маргалдсан. Гэтэл М- уурлаад ресторанд очиж 300 грамм виски уусан байсан. Би М-ын хойноос ресторан орж вискиний мөнгийг төлсөн. М- буцаж ирээд хүүхдээ унтуулсан. Манай эгч Мөнхтуяа М-ад “чи нялх хүүхэдтэй байж архи уусан байна” гэж хэлснээс болж хоорондоо маргалдсан. Мөнхтуяа, М- нар бие, биенээ зодоогүй. Хэргийн нэмэлт мөрдөн байцаалтанд М- миний талаар зохиож олон худал мэдүүлэг өгсөн байна. Хэрэгт М-ын хамаатнууд болон таньдаг хүмүүс гэрчээр мэдүүлэг өгсөн байна. Гэрч нар болсон явдлын талаар хараагүй байж М-ын хэлснээр “М- тэгж хэлсэн” гэж мэдүүлсэн байдаг” гэв.

Хохирогч Э.М- шүүх хуралдаанд: “...2018 оны 5 дугаар сар, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр, 2019 оны 6 дугаар сар, 2019 оны 10 дугаар сар, 2019 оны 7 дугаар сар, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд М- намайг хэл амаар доромжилж, зодсон нь үнэн. Энэ явдлыг гэрчүүд нотолж байгаа гэж үзэж байна. Хүүхдээ хөхүүлж байхад зодоогүй гэж хэлж байгаа боловч 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би хүүхдээ тэврээд байж байсан. Намайг хүүхдээ тэврээд байж байхад М- намайг зодсон. М- хүүхдээ ор руу шидсэн. М- яагаад худал мэдүүлэг өгөөд байна вэ. Хүүхдээ хөхүүлж байхад миний хоолойг боож чи зодсон. Би эх хүн учир хурдтай явж байгаа машины хаалгыг онгойлгодог тэнэг хүн биш. Хүүхэд цүнхтэйгээ явж байсан. Би хүүхдийнхээ хувцас, хоол хүнс, хэрэглээний зүйлийг бүгдийг нь цүнхэндээ авч явдаг учир хүүхдийн гутал мартсан гэдгээр М- гэр рүү ирээгүй. Тухайн үед М- намайг зодох гэж гэртээ ирсэн. М- 2019 оны 7 дугаар сард болсон явдлыг зохиож ярьж байна гэж хэлж байна. Гэвч тухайн үед М- манай 2 найз гэрийн хаалга тогшиж надтай уулзах гэхэд гэртээ оруулахгүй буцаасан. М- үнэхээр намайг зодоогүй юм бол тухайн үед яагаад найз нарыг маань гэртээ оруулаагүй вэ. М- намайг зодсон болохоор гэр рүүгээ найз нарыг оруулаагүй. М- зохисгүй зан гаргадаг, ёс бүс үйлдэл хийдэг. Мөн намайг согтуудаа, архи уугаагүй байх үедээ ч байнга зоддог нь үнэн. Зуслангийн газар М-д ирсэн мессежнээс болж надтай маргалдаад намайг зодсон. Би ааш зангийн хувь доголдолтой хүн биш. Намайг хүмүүжилтэй хүн гэдгийг миний эцэг, эх, найз нөхөд нар гэрчилнэ. Шүүгдэгч нь байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, эцэг, эхийгээ зодож, элдэв үгээр хэлдэг. М- зан ааш, сэтгэл зүйн, хүмүүжлийн маш их доголдолтой. Би М-ийн архи уусан зургийг авчихаад маргааш нь “чи архи уухаараа ийм нөхцөл байдал гаргаад байна” гэж өөрт нь харуулахаар М- өөрийгөө таньдаггүй. “Яагаад ийм зураг авсан юм бэ устга” гэж хэлдэг. М- согтуу байх үеэ санадаггүй, мэддэггүй болохоор чи согтуудаа ийм нөхцөл байдалтай байгаад байна. Энэ үйлдлээ зогсоогооч ээ гэж өөрт нь үзүүлдэг. Түүнээс би М-ийн мууг үзэх гэж түүний согтуу байх үеийн зургийг аваагүй. Хүүхдийнхээ хүмүүжил, амьдралын цаашдын сайн сайхны төлөө би тэр бүхнийг хийдэг байсан. Тухайн үед авсан зураг хэрэгт нотлох баримт болно гэж би бодоогүй. М- хамгийн сүүлд намайг зодсон үеэс хойш яагаад намайг дарамтлаад байгаа юм бэ, хүүхдийг минь яагаад зовоогоод байна вэ. М- өдөр болгон ирдэг. Би цагдаагийн байгууллагад энэ талаар олон удаа дуудлага өгсөн. Дээрэлхэх хүн олдохгүй байна уу, дээрэлхэх хүн олдохгүй болохоор охин бид хоёрыг дээрэлхээд зүрх чичрүүлдэг юм уу. М- охин бид хоёрын амьдарлыг хэцүү болгочихоод яагаад гэмшихгүй байна вэ. Надад М-ийг зодох чадал байхгүй. Би М-ийн гарнаас ч чанга атгаж чадахгүй. М- яагаад хийсэн хэрэгтээ гэмшихгүй байна вэ. Би хүссэндээ ганц бие ээж болоогүй. Би М-ийн муу, муухай үйлдлээс шигшиж, хүүхдээ сайн, сайхан хүмүүжүүлж, эрүүл байхын тулд түүнд гомдол гаргасан. Би өөрийн хуульд заасан эрхээ эдлэх хүсэлттэй байна. Тиймээс би өөрөө хүүхдээ аваад амьдарч байна” гэв.

Гэрч Ч.Х- шүүх хуралдаанд: “...М- над руу М- намайг зодчихлоо гэхэд нь би М-д буруу байгаа бол би өгсөж хүмүүжүүлсэн тул миний ч бас буруу байгаа. М-, М- нарт аль алинд нь буруу байгаа байх. Гэхдээ би М-ийг өөрийг тань зодсон бол уучлаарай гэсэн утгаар бичсэн байх. Би тухайн үед яг юу гэж бичсэн гэдгээ санахгүй байна” гэв.

Гэрч Э.М- шүүх хурладаанд: “...Би М-ыг М- зодож байхыг хараагүй. М- би М-д зодуулчихлаа гэж хэлж байсан. ...М- 2017 онд анх М-ыг жирэмсэн байхад нь манай гэрийн гадаа ирчихээд гэрийн хаалга, цонх цохиод би цагдаа дуудаж байсан. Тэгээд М- 2018 онд би М-д зодуулчихлаа. Миний толгой өвдөөд байна. Би толгойгоо бариулмаар байна гэж хэлсэн.  ...Би М-ыг 3 удаа дагуулж явж толгойг нь бариулсан.  ...Би М-ад цагдаагийн байгууллагад ханд гэж хэлэхээр би хүүхдээ бодож байна гэж хэлдэг байсан.  Би М-тэй ярих гэхээр М- юу ч ярьдаггүй. Манай эгч М-тэй уулзаж ярилцах гэж үзсэн. Гэвч эгч хэлэхдээ “М-тэй ярилцахаар юу ч ойлгохгүй байсан” гэж хэлж байсан.  ...М-тай уулзах болгонд байнга гар, хөл нь хөхөрсөн, охиноо тэвэрчихсэн ирдэг байсан. гэв.

Хохирогч Э.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би найз охин С-, нөхөр М-ийн хамт Зайсан Хилийн "Ион" гээд бааранд орсон. Бааранд орсны дараа М- архи дарс захиалж уугаад энд байгаа бүх хүүхнүүдийг би дайлна гээд байхаар нь би чи яасан их мөнгөтэй юм бэ гээд түрүүвч, утас хоёрыг нь аваад явсан. Тэгээд би М-ийн дансанд байсан 8 сая төгрөгийг нь өөрийн данс руу шилжүүлээд эрүүл болохоор нь өгнө гэж бодож байсан. Би 02 цагийн үед гэртээ харьсан. Шөнө нөхөр М- 03 цаг өнгөрч байхад гэрт ирээд хаалга нүдээд хаалганы бариул эвдээд хүүхэд орилоод байхаар нь би орж ирээд хэрүүл зодоон хийх байх гэж бодоод бас хүүхэд айлгачихна гэж бодоод чи өглөө эрүүл болохоороо ир гэж хэлээд гэрт оруулаагүй. Нөхөр М- 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өглөө 10 цагийн үед гэрт ирэхэд манай дүү охин Буянзаяа хаалга тайлж өгсөн. Тэгээд нөхөр М- согтуу орж ирээд охиноо тэвэрч байсан намайг үгийн зөрүүгүй мөнгө өг гээд шууд зодсон. Гараа зангидаж байгаад миний толгой руу манартал маш олон удаа цохисон. Би тоог нь санахгүй байна. Хүүхэд уйлаад би маН-д юу болж байгааг мэдээгүй, хэсэг манралтын байдалтай болчихсон байсан. Тэгээд би дүү охиноо цагдаа дууд гэсэн чинь дүү охины утсыг М- булаагаад авчихсан. Тэгээд чи миний амьдралд гай болоод байна гээд хүүхдээ ор руу шидээд, хутга аваад ир би чамайг алчихъя гэж орилж эхэлсэн. Мөнгө яг одоо өг, намайг ирэхэд зайлчихсан байгаарай гэж орилсон. Тэгээд М- ээж рүүгээ залгаад ороод ир гэхэд удалгүй хадам ээж Хажидсүрэн гаднаас орж ирээд чи хүүхдийн мөнгө яг одоо өг гэхээр нь би наад хүн чинь миний нүдэн дээр хүүхэн дайлаад, миний нүдэн дээр хүүхэнтэй тэврэлдээд байсан. Тэгэхээр нь би мөнгийг нь авчихсан юм, би юу гэж мөнгийг нь авах вэ дээ эрүүл болохоор нь өгье гэж бодож байсан юм гээд тэр дор нь мөнгийг нь буцаагаад шилжүүлсэн чинь эргээд ирэхэд зайлчихсан байгаарай гээд ээжтэйгээ хамт гараад явсан. М- тэр үед намайг орон дээрээс 2 удаа авч шидсэн, миний хувцсыг бас урсан. Манай охин аавдаа ор руу шидүүлснээсээ хойш уйлагнаад хоол идэхгүй байхаар нь толгойг нь Бэст массажид 1 удаа бариулаад зүгээр болсон, бас халуурсан. ...Би нөхөр М-д нилээн олон удаа зодуулж байна. Би хадам ээждээ зодуулсан талаар 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр фейсбүүкээр чатлаад хэлж байсан. Энэ үеэс эхлээд гар хүрч эхэлсэн. Энэ үед гэрт манай нөхөр М- 3 сартай охин бид гурав байсан. 2018 онд сар, өдрийг нь сайн санахгүй байна нилээн хэдэн удаа миний хоолойг боогоод ухаан алдуулаад унагачихдаг, өмсөж байсан хувцас урдаг, орон дээрээс авч шиддэг үйлдлүүдийг олон удаа гаргаж байсан. Мөн байнга хэл амаар доромжилдог, намайг эцэг, эхгүй, ядуу зүдүү, миний гарал үүсэл, шашин шүтлэг, миний байгаа байдал, санхүүгийн хувьд дарамталдаг. Манай гэрийнхэн манайд ирчихээд айгаад сүүлийн үед ирэхээ ч больсон. Манай хамаатнуудаас манайд хүн ирээд гарахаар гуйлгачингууд гэрт шавууллаа гэх зэргээр над руу дайрдаг байсан. Мөн зурагтаар гарч байгаа эрэгтэй хүнтэй намайг хардаж зоддог байсан.  Ингэж намайг зодох үйл явдал гэрт болдог байсан. Манай бага насны охин л хажууд байдаг байсан. Хүмүүсийн дэргэд намайг зоддоггүй, надтай муухай ч харьцдаггүй. 2019 он гараад 4 дүгээр сарын 14-ний өдөр намайг хардаад маргалдсаны улмаас намайг гэрээс хөөсөн. Тэгээд би гэртээ ороод хувцасаа аваад гарах гэтэл хойноос татаад багалзуурдаж унагаагаад 2-3 удаа хоолой боогоод багалзуурдаж унагасан. Миний тамир тэнхээ барагдаад орон дээр сууж байтал хөлнөөс татаад газар шидээд газар чирсэн. Тэгээд М- өөрөө ухаан алдуулж унагачихаад тайвшир гээд цай хийж өгсөн. Цайг нь уух гээд зогсож байхад хойноос дахиад багалзуурдаад газар унахад аяга хагарсан. Тэгэхээр нь би надад ойртоод үзээрэй гээд би аяганы хагархай аваад өөрийгөө хамгаалсан. Тэгсэн М- аяганы хэлтэрхийг өөрөө атгаад надаас булааж авах гэж байгаад гараа зүссэн. Тэр үед бид хоёр бас гэртээ хоёулаа л байсан. Намайг энэ үед ална гээд байхаар нь би зугтах гээд хаалга онгойлгоод амь авраарай гэж чарласан чинь хөрш айлын хүн гарч ирээд болиоч цагдаа дуудлаа шүү гээд М-ийг болиулж байсан. М- намайг байнга дарамталж хэл үгээр доромжилж, зоддог байснаас нь болоод би сэтгэл гутралд ороод 13 давхраас үсэрч амиа хорлох гэж оролдож байсан. Үсрэх гэж байхад М- миний өмссөн хувцаснаас татаж болиулаад хол очиж үхээрэй чи, хүнд битгий гай болоорой гэж хэлж байсан. Энэ үед охин бид гурав л гэртээ байсан. ...Маргааш нь гэртээ ирээд байж байтал нуруу татаад нөхөртөө хэлэхэд битгий баашлаад бай гэсэн. Тэгээд би түргэн дуудсан чинь дуудлага хүлээн авах боломжгүй булчинг нь сулруулж бариа хий гэж хэлсэн. ...2018 онд би мөөмөө сааж байх зуур би М-ийг хүүхдээ хуурайлчих гэж хэлсэн чинь орон дээр шээлгэчихлээ гээд гэнэт уурлаад орон дээр хэвтэж байснаа босч ирээд хана руу шахаж хоолой боогоод хүүхдээ хөхүүлж байхад зүүн гарыг хойш нь мушгиад гар хугалах шахсан. Тэгээд миний ухаан балартаад ухаан алдах гэж байхад миний хоолойг боохоо больсон. Эн явдлыг дэлгэрэнгүй сайн санахгүй он, сарыг нь яг мэдэхгүй байсан ч маргааш нь хадам ээж Хажидсүрэн рүү бичсэн мессежээрээ он, сарыг нь тогтоосон. Би 3 дугаар сарын 13-нд мессэж бичсэн гэхээр намайг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зодсон. Дараа нь бас хадам ээж Хажидсүрэнд би 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр охины нүдэнд дээр намайг зодчихлоо, гэхэд охиноосоо зөндөө их уучлалт гуйсан. Тэгээд намайг шилийг нь хагалсан гээд таны өгсөн мөнгийг аваад явсан гэж чатаар захидал илгээсэн байсан. ...2019 оны 10 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна, амралтын өдөр байсан. Манай хүүхдийг хардаг дүү Буянзаяа байхгүй байхад чи ер нь өөрөө хүүхдээ харахад яадаг юм хүнээр хүүхэд харуулахаа боль, гэрт өөр хүн байхад төвөгтэй байна гээд ванны өрөөнд нүүрээ угаагаад зогсож байхад М- хоёр гараараа миний толгойноос бариад пилта 2-3 удаа мөргүүлсэн. Бас хоолой боосон. Тэгээд би ухаан алдах гээд байхаар нь болиулах гээд М-ийг 2 гараараа түлхсэн. Тэгсэн М- миний 2 гарыг нурууны ард барьж байгаад дахиад хоолой боогоод толгойг дахин хананд мөргүүлсэн. Би тэр үед ухаан алдсан байх сэргэхэд доошоо шалан дээр суучихсан сэрсэн. Тэгээд миний толгой өвдөөд байхаар нь Бэст массажид 1 удаа толгойгоо бариулсан. Энэ талаар тодорхойлолт хэрэгт хавсаргасан. Тэгээд зүгээр болохгүй болхоор нь эгч Мөнхсолонготой хамт явж толгой сайн барьдаг гэх хүн дээр очиж толгойгоо 1 удаа бариулсан. Хаана очсоноо санахгүй байна. Тэгээд хэд хоногийн дараа толгой зүгээр болохгүй байхаар нь өрхийн эмнэлэгт нөхөртөө зодуулчихлаа толгой өвдөөд байна гээд үзүүлж байсан. ...Би Нарны хорооллын ээжүүдийн группын Лхамаа, хөрш Болороо, дэлгүүрийн худалдагч эрэгтэй Баярболд нартай уулзаж ярилцсанаар өмнө нь бас зодуулж байсан тохиолдлуудаа санасан учраас дахин мэдүүлэг өгч байна. 2018 оны 5 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна. Майхан толгойн лагер дээр байхад М- хүргэн Төгсөө, М-ийн өмгөөлөгч болох Гантөмөр нар 2-3 хоног архи уусан. Охин бид гурав байшингийн 2 давхарт байрлаж байсан. Тэгээд 16 цагийн үед гадаа бороо ороод байсан болохоор нь би М-ийг чи гадуур хувцсаа өмсөхгүй юм уу гэхэд М- орж ирээд гадуур хувцсаа өмсөөд гарахдаа утсаа мартаад ширээн дээр тавиад гарсных нь дараа утсанд нь хадам ээжээс мессэж ирсэн байсан. Би утсыг нь үзмээр санагдаад твиттерийг нь үзсэн чинь нэг эмэгтэй рүү чи ямар хөөрхөн юм бэ танилцаж болох уу, нэг хүнтэй их адилхан юмаа гэсэн байсан. Тэгээд М- удалгүй орж ирээд надаас утсаа нэхсэн. Тэгээд би тэр мессэжний талаар хэлэхэд М- энэ чинь зүгээр л мессэж шүү дээ, чи ч гэсэн ингэж бичиж болно шүү дээ гэж хэлсэн. Тэгээд утсаа аваад доошоо буух гэхээр нь би одоо наад архи дарсаа боль л доо зөндөө уучихлаа гэсэн чинь М- чи хэн юм бэ гээд шатны хажуу талын хананд гараараа түлхээд хоолой боогоод шахсан. Би ухаан балартаад доошоо суусан чинь намайг өвдгөөрөө түлхээд доошоо шатны уруу унагасан. Тэгээд шатаар бууж ирээд намайг хөлөөрөө түлхчихээд буцаад гараад явсан. Тэр чимээг эгч Мөнхтуяа нь сонссон байх. М- бид хоёр байсан. Дараа нь бас 2019 оны 6 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна channel 11 сувгийн Учрал гэх эрэгтэйтэй зүгээр зурагт үзэж сууж байгаад хардсан. М- архи уучихсан байсан. Тэр үед намайг 2 удаа баруун талын хацар руу алгадаад намайг ор руу түлхэж унагаагаад орон дээр хоёр гараараа хоолой боогоод дараа нь баруун тохойгоороо хоолойн дээр дараад амьсгал боогоод орон дээрээс авч шидэж байсан. Хөвсгөл явж ирсний дараа 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр билүү 10-ны өдөр билүү эгчид нь зодуулснаасаа болоод миний нуруу татаад угаалгын өрөөнд шалан дээр унасан. Тэгсэн М- орж ирэнгүүтээ элэг рүү 3 удаа өшиглөөд юундаа баашлаад байгаа юм чи, хүртэх ёстойгоо хүртсэн чи гээд угаалгын өрөөнд би элгээ дараад амьсгалж чадахгүй хэвтэж байхад толгой руу хөлөөрөө 1 удаа өшиглөөд юундаа баашлаад байгаа юм босооч гэсэн. Би үнэхээр босч чадахгүй байсан, надад түргэн дуудаад өгөөч тусламж хэрэгтэй байна гэхэд М- миний цамцнаас чирээд угаалгын өрөөнөөс гаргасан. Хүүхэд уйлаад байхаар нь би ор руугаа мөлхөөд хэвтсэн. Утас орон дээр байхаар нь би 103 түргэн тусламж дуудаад нуруу татчихлаа босож чадахгүй байна гэхэд бүлээн жин тавиад булчинг нь сулла гээд ирээгүй. Тэгээд би Нарны хорооллын группын найз Лхамаа руу /99020807/ яриад найздаа такси дуудаад өгөөч би эмнэлэг явж үзүүлмээр байна гэж хэлсэн. Тэгээд надад такси дуудаж өгсөн. Би таксины жолоочийг орж ирээд туслаад машин руу гаргаад өгөөч гээд хэлээд өгөөч гэж гуйсан. Тэгсэн манай Нарны хорооллын группын найз Н-д Лхамаа хэлсэн байсан. Н- надад туслах гэж манай гэр рүү орж ирсэн. Тэгсэн М- хаалга онгойлгосон. Н- Сувдаа байна уу, бие нь зүгээр үү гэж асуусан чинь М- зүгээр гээд хаалгаа хаагаад явуулсан. Тэгээд Лхамаа над руу залгаад зүгээр үү гэхээр нь би дуудлагаа цуцалчих гэж хэлээд 16 дугаар байрны Соёл салоны бариачийг гэртээ дуудаад нуруу, толгойгоо бариулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29, 88-89, 211-212/,

Гэрч Э.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хааяа нэг баяр ёслол ч юм уу эсвэл М- эгч хань болоод өгөөч гэхээр нь гэрт нь 4-5 удаа л очиж байсан. Ихэвчлэн бид хоёр чатаар видео дуудлага хийдэг байсан. Гэрт нь очих гэхээр М- эгчийн нөхөр М- гадны хүнд дургүй. Бид нарт хэлэхгүй ч гэсэн бид нарыг гарахаар М- эгч рүү гадны хүн орууллаа хүүхэд ханиад хүргэлээ, гаднаас вирустэй хүн орууллаа гэх мэтээр дургүйцдэг гэсэн. Тийм учраас гэрт нь очих дургүй. М- ахтай таарахаараа нэг их юм яридаггүй, мэндлээд л өнгөрдөг. Бид нартай ч М- ах юм яридаггүй. М- эгч 7 хоногийн аль нэг өдөр ганцаараа байх үед видео дуудлага хийдэг. Хааяа дуудлага хийхэд эгчийн гар нь хөхөрсөн, хоолойгоо боолгуулчихсан улайчихсан, намайг зодчихлоо гээд уйлдаг байсан. Хүүхдээ бодох юм даа эгч нь гээд ярьдаг байсан. Сүүлд сар орчмын өмнө над руу видео дуудлага хийгээд М- намайг зодчихсон, толгой өвдөөд байна толгой бариулах сайн хүн байна уу гэж асууж байсан. Эгч М-ын хэлснээр М- ах архи дарс хэрэглэх дуртай, гадуур хонодог, эсвэл үүрээр гэртээ орж ирдэг. Тэгээд орж ирээд эгчид гар хүрдэг. М- эгч зодох болгонд нь бид нарт хэлдэггүй байх. Хааяа нэг очихоор бие нь хөхөрсөн, тэр нь бүдгэрсэн байдаг. Шөнөжингөө юм ярьж хонодог. Гэрээсээ гаргадаггүй учраас ганцаарддаг байх. М- эгч хүүхдээ хараад гэртээ байж байдаг сайн ээж” гэсэн мэдүүлэг /хх-н 95/,

Гэрч Э.М- мөрдөн байцаалтад өгсөн: “...Зөндөө харж байсан. Уулзах болгондоо гар хөл нь хөх няц болчихсон, толгой өвдөөд байна гээд байдаг байсан. Би өөрөө 3 удаа бариачид дүүгээ дагуулаад очиж толгойг нь бариулж байсан. М- манай дүүг яг зодож байхыг нь хараагүй ч гэсэн М-тэй гэр бүл болсноосоо хойш байнга л М- зодуулчихлаа гээд ярьдаг байсан. Сууснаасаа хойш эхний үеүүдэд зодуулсанаа нуудаг байсан байгаа юм шиг байсан. Муудалцлаа л гэдэг байсан. Уржинангаас хойш над руу утсаар яриад зодуулчихлаа гэдэг болсон. Хааяа хүүхэд хараад өгөөч гээд дуудахаар нь очиход энэ тэндээ хөх няц болчихсон байдаг. Сүүлд манай дүү амиа хорлох гэж оролдож байсан талаараа ярьсан. М- М-ыг зодохоос гадна гэр бүлийн гишүүдийг маань байнга хэл үгээр доромжилдог. Манай  хамаатнууд тэдний гэрээр нь орохоосоо ч айдаг болсон. Ганц нэг ороход дүүд маань намайг айхтар хэлж доромжилсон байсан учраас гэрээр нь орохоо больсон. Манай дүүг бас Хөвсгөлд ах дүү нартайгаа нийлж зодсон байсан. 2019 онд манай хүү Чинхүслэнг М-ын гэрт түр үлдээхэд М- охиноо салхилуулах гээд гарсны дараа М- чамайг тэлээгээр зодно гэж айлгасан байсан. Тэгээд манай 5 настай хүү М-ыг гаднаас орж ирэхэд нь ах намайг тэлээгээр зодно гэж хэлсэн гэхэд М- М-тэй муудалцсан байсан. Тэрнээс хойш манай хүү М- ахаас айдаг, намайг аймаар зоддог гэж ярьдаг болсон. Манай дүү М- 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мөн 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүүхэд хараад өг гэхээр нь би гэрт нь очоод хүүхдийг нь харж байхад М- ирээд хаалга чангаар нүдэж өшиглөөд хаалганы бариул эвдсэн. Би айсан учраас хаалга онгойлгож өгөөгүй. ...Төрсөн дүү М-аас хэрэг нь шүүхээс буцсан он, сар, өдрийг тодруулах шаардлагатай байна гэсэн тул дахин мэдүүлэг өгч байна. 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр М- миний утас руу залгаад толгойгоо бариулах гэсэн юмаа, хүүхэд хараад өгөөч гэсэн. Тэгээд би гэрт нь 14 цаг өнгөрч байхад очиход М- охиноо тоглоомын талбай дээр надтай хамт үлдээгээд өөрөө толгойгоо бариулах гээд 6 дугаар байрны Бэст массажид орж бариулаад гарч ирсэн. Тэр үед яагаад толгой нь өвдсөн талаар надад хэлээгүй. Дараа нь 2019 оны 7 дугаар сард наадмын өмнө М- миний утас руу залгаад М-ийн эгч нь М-тэй нийлээд намайг зодчихлоо гэж хэлсэн. Толгойгоо бариулах гэсэн юм толгой өвдөөд байна та хүрээд ирээч гээд би бас очоод охиныг нь харж өгөөд М- толгойгоо бариулж байсан. 2019 оны 10 дугаар сард санагдаж байна бас М- миний утас руу залгаад М- намайг зодчихлоо толгойгоо бариулах гэсэн юм гээд би очиж хүүхдийг нь харж өгөөд М- Бэст массажид орж толгойгоо бариулсан. М-ын толгойны өвдөлт намдахгүй байхаар нь Төмөр замд байрладаг Дамдинсүрэн гуайд толгойгоо бариулах гэсэн боловч байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 91-92, 219/,

Гэрч Ш.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Мэндийн зөрүүтэй л өнгөрдөг зүс таньдаг болохоос тийм сайн танихгүй. Би нялх хүүхдээ хараад гэртэй байдаг ерөнхийдөө шөнийн 12, 03, 04 гэх мэт цагуудад маш их хаалга цохидог гараад шаардлага тавиад болиоч гэж хэлэх гэхээр нөхөр байдаггүй хөдөө ажилладаг учраас жаахан эмээгээд гарч чаддаггүй. Сүүлд шинэ жилийн өмнөх өдөр байх хаалга нь төмрөөр балбаад байсан. Үүр цайтал балбасан маргааш өглөө нь харахад хаалганы бариул байхгүй байсныг харсан. 2019 оны эхээр байх эмэгтэй хүн хашгираад эд зүйл буулгаад байх шиг чимээ сонсогдож байсан. Манай гэрийн хана энэ айлын ханатай залгаа байдаг учраас тэр чимээг сонссон. Тэрний дараа бас эмэгтэй хүн орилох сонсогдсон" гэсэн мэдүүлэг /хх-н 93-94/,

Гэрч Э.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 5 дугаар сараас хойш хийж байна. Манай дэлгүүрт оршин суугчид хэрэгцээтэй зүйлээ хэлээд бид нар хаягаар нь хүргэж өгдөг. Гэхдээ айл болгонд биш нялх хүүхэдтэй өндөр настай ч юм уу цөөн хэдэн айлд хүргэж өгдөг. Би оруулаад барааг нь үүдэнд нь тавьж өгчхөөд явдаг. Өнгөрсөн жил 2-3 удаа бараа оруулж өгөхөд 1306 тоотын эмэгтэй гэртээ маск зүүчихсэн, гар нь хөхөрсөн байдалтай харагддаг байсан. Тэр 1306 тоотын гэрийн хаалга гаднаас нь юмаар цохиод хөшчихсөн юм шиг харагддаг” гэсэн мэдүүлэг /хх-н 213-214/,

Гэрч Г.Б-мөрдөн байцаалтад өгсөн: "...Би хүүхдээ салихлуулахдаа уг 1306 тоотын эмэгтэйтэй таардаг, бас гарч орохдоо таардаг, нэрийг нь мэдэхгүй боловч зүсийг нь сайн танина. 2019 оны хавар байх хаалга тайлаач хөөе наад үүдээ нээгээч гээд эрэгтэй хүн хашгираад байхаар нь хаалгаа онгойлоод хартал 1306 тоотын оршин сууч эмэгтэйгийн нөхөр нь орилоод байсан. Дараа нь 2019 оны 10 дугаар сард байх, сэрүүн орчихсон үеэр шөнө унтаж байтал бас хаалгаа нээгээч гээд орилоод байсан. Тэгээд би гартал бас 1306 тоотын нөхөр хаалгаа нүдээд орилж байсан. Тэгээд би нөхөр Хүрэлээд хэлээд чи гараад хэдэн үг хэлээч гээд нөхрөө гаргаж байсан. Бид нар хүүхдээ гадаа салхилуулахдаа тааралдаад бие биенээсээ санаа зовоод яасан гэж асуудаггүй. 1-2 удаа гар нь шуун дээрээ хөхөрсөн байсныг харж байсан" гэсэн мэдүүлэг /хх-н 215-216/,

Гэрч Б.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ер нь дээд айл давтамжтай эрэгтэй хүний хашгирч орилж байгаа чимээ, мөн согтуу байдалтай хаалга нүдэж орилж байгаа чимээ, сонсогддог, хэдий хэр хугацаанд давтагддагийг хэлж мэдэхгүй байна. Согтуу эрэгтэй хүн агсан тавьж байгаа чимээг сонсдог. Үг нь сонсогдохгүй хэрнээ эмэгтэй хүний орилох чимээ сонсогддог, өөр бусдаар дээд айлын талаар сайн мэдэхгүй байна. Хааяа орилж хашгираад байхаар нь 102 руу залгачихдаг юмуу гэсэн бодол төрдөг байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 217-218/,

Гэрч П.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Танина манайхаар үйлчлүүлдэг. Манай төв 14 дүгээр байранд 2019 оны 10 дугаар сард нүүж ирсэн нүүж ирснээс хойш 5-6 удаа толгойгоо бариулсан санагдаж байна. Нөхөртөө зодуулчихлаа гээд бариулдаг байсан. Бага насны охиноо бас толгойг нь 2 удаа бариулж байсан. 2019 оны 10 дугаар сарын үеэр ойрхон 2 удаа толгойгоо бариулж байсныг санаж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 220-221/,

Гэрч С.Л-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны зун 7 дугаар сарын үеэр миний утас руу залгаад найзынх нь нуруу гэмтчихлээ такси дуудаад өгөөч гэсэн. Би М-ыг иог хийдэг болохоор нь иог хийж байгаад гэмтээчихсэн байх гэж бодсон. Би тэр үед ууланд алхаж байсан болохоороо байрны Н- руу залгаад чи М-ын гэрт ороодхооч цаадах чинь нуруу нь татчихсан гэж байна хүүхэдтэйгээ хоёуланхаа байгаа байх, чи туслаад таксинд суулгаад өгөөч гэсэн. Би Н- руу ярихаасаа өмнө дуудлагын такси дуудсан байсан. Хаанаас такси дуудсанаа санахгүй байна. Тэгсэн Н- удалгүй над руу залгаад нөхөр нь гэртээ байна шүү дээ, нөхөр нь зүгээр зүгээр гээд намайг гэртээ оруулсангүй гэж залгасан. Н- залгаад удалгүй байж байтал такси ирчихлээ гээд над руу нэг ах залгасан. Тэгээд би тэр ахыг гэрт нь яваад орчих гээд хаягыг нь зааж өгөөд явуулсан. Тэгээд таксины ах удалгүй над руу залгаад тэр хаяган дээр чинь дуудлага өгөөгүй гээд байна гэж хэлсэн. Тэгээд тэр таксийг буцаасан. Тэрнээс хойш М-тай тааралдахгүй удаад энэ талаар асуухаа мартчихсан байсан. Тэгээд нэлээн сүүлд юу болсон талаар асуухад нөхөр, нөхрийнхөө эгчид зодуулчихсан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 222/,

Гэрч Я.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны зун гадаа дулаахан байсан 8 сард байх гэж бодож байна, фейсбүүкээр махлагдуу зурагтай эрэгтэй миний дугаарыг асуугаад ажлын санал байна гэж хэлсэн. Тэгээд би утасны дугаараа өгтөл тэр дор нь над руу залгаад пизда минь чи эхнэртэй явалдлаа гэх мэтээр яриад эхэлсэн. Ямар дугаараас залгасныг нь одоо санахгүй байна. Тэгэхээр нь би зурагтын тоглоомын нэвтрүүлэг байх гэж бодоод би олон зүйл ярилгүй чи тэнэг юм байна гээд таслаад дахиж залгахаар нь би утасны дугаарыг нь авахгүй байсан. Тэгсэн тэр эрэгтэй өөр утасны дугаараас залгаад салахгүй болохоор нь би чи юу яриад байгаа юм би ойлгохгүй байна гэсэн чинь битгий мэдэн будлиад бай гээд цаашаагаа эхнэрээ хардаад байх шиг сонсогдсон. Тэр үед би машинтай найз охин Э-гийн хамт явж байсан. Э- тэр яриад сонсоод чи хүний эхнэртэй яваад байгаа юм биш үү гээд уурласан. Би найз охинтойгоо муудалцаад байж байхад тэр эрэгтэй дахиад залгахаар нь би уурлаад би найз охинтойгоо муудалчихлаа тоглоом чинь дэндэж байгаа юм биш үү гэхэд үгүй хөгшөөн та хоёрыг барьчхаад байна гэсэн. Тэгээд би чи ямар учиртай хүн бэ хоёулаа уулзъя гэхэд тэр эрэгтэй чи манай гэрийн гадна Нарны хороололд гэсэн. Тэгээд би тэндээсээ шууд Нарны хороолол орсон. Өдөр байсан. Хэдэн цаг гэдгийг мэдэхгүй байна. Би очоод тэр эрэгтэйгийн залгасан дугаар руу залгаад ирчихлээ гэхэд махлаг, намхан эрэгтэй гарч ирсэн. Бид хоёр байрны урд талын сааданд суусан. Тэгээд би тоглоод байгаа юм уу гэхэд тэр эрэгтэй тайвнаар би та хоёрыг барьсан гэхээр нь би чи эхнэрээ гаргаад ир гэхэд тэр эрэгтэй эхнэр гарч ирж болохгүй гэж хэлсэн. Тэгээд би ямар учиртай юм бэ гэхэд чи хүний эхнэртэй явалдахаа боль гэсэн. Тэгэхээр нь би хүний эхнэртэй явдаггүй, чи эхнэрээ гаргаж ирэхгүй бол ядаж зургийг нь харуул гэхэд фейсбүүкээс нэг эмэгтэй хүний зураг харуулсан. Миний үе боловуу гэмээр эмэгтэй байсан. Тэгээд би наад эмэгтэйг чинь би огт танихгүй гээд хэлсэн. Тэгсэн хэсэг чимээгүй сууж байснаа тэр эрэгтэй гуйя миний эхнэртэй явалдахаа боль гэхээр нь би чи чинь мэдрэл муутай юм уу эсвэл эхнэр чинь худлаа яриад байдаг юм уу, би наад эмэгтэйг чинь таних ч үгүй юм байна чамтай өөр ярих зүйл байхгүй гээд яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 223/,

Шинжээчийн 948 дугаартай дүгнэлтэд: “...Э.М-ын биед тархи доргилт, зүүн чихний ар хөхлөгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чих, баруун бугуй, сарвуу, зүүн бугалга, шуу, сарвуу, цээж, баруун гуя, зүүн гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 41-42/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 6/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 12-13/, хохирогчийн гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 16-17, 19/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 52-64/, комфакт дискинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 84/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 85-87/, өрхийн эмчийн магадлагаа, мессенжэрээр харилцсан тухай гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “байнга” гэх шинж тогтоогдохгүй байгаа тул энэ зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хууль сануулж авсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Г.М-нь эхнэр Э.М- буюу гэр бүлийн хамаарал харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг нь хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэргийн онцлог нь ахуйн хүрээнд буюу гэр бүлийн гишүүдийн хүрээнд, нууц далд аргаар үйлддэг бөгөөд хохирогч нь шүүдэгчид байнга зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаарх түүнийг мэдүүлэг болон энэ талаар хэлсэнийг гэрчилсэн гэрч нарын мэдүүлгүүдийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Байнга зодсон гэх гэмт хэргийн шинж нь тооны хувьд 3 буюу түүнээс дээш үйлдэгдсэн байх, дахин давтан буюу байнгын шинжтэй байхыг олгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрнэ хангасан гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болно.

Шүүгдэгч Г.М-нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны 1306 тоотод гэртээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.М-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед тархи доргилт, зүүн чихний ар хөхлөгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чих, баруун бугуй, сарвуу, зүүн бугалга, шуу, сарвуу, цээж, баруун гуя, зүүн гуя, өвдөгт цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

- мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.М-ыг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны 1306 тоотод гэртээ 2018 оны 3 дугаар сарын 12, 9 дүгээр сарын 25, 2019 оны 4 дүгээр сарын 14, 6 дугаар сард, 10 дугаар сард байнга зодсон, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах майхан толгойн лагер дээр 2018 оны 5 сард гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.М-ыг зодсон буюу 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хороонд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.М-ыг байнга зодсон гэм буруутай болох нь:

Хохирогч Э.М-ын: “...2018 оны 5 дугаар сар, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр, 2019 оны 6 дугаар сар, 2019 оны 10 дугаар сар, 2019 оны 7 дугаар сар, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд М- намайг хэл амаар доромжилж, зодсон нь үнэн. Энэ явдлыг гэрчүүд нотолж байгаа гэж үзэж байна” гэх мэдүүлгүүд, гэрч Э.Н-гийн: “...М- эгч 7 хонгийн аль нэг өдөр ганцаараа байх үед видео дуудлага хийдэг. Хааяа дуудлага хийхэд эгчийн гар нь хөхөрсөн, хоолойгоо боолгуулчихсан улайчихсан, намайг зодчихлоо гээд уйлдаг байсан. ...Сүүлд сар орчмын өмнө над руу видео дуудлага хийгээд М- намайг зодчихсон, толгой өвдөөд байна толгой бариулах сайн хүн байна уу гэж асууж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 95/, гэрч Э.М-: “...Зөндөө харж байсан. Уулзах болгондоо гар хөл нь хөх няц болчихсон, толгой өвдөөд байна гээд байдаг байсан. Би өөрөө 3 удаа бариачид дүүгээ дагуулаад очиж толгойг нь бариулж байсан. М- манай дүүг яг зодож байхыг нь хараагүй ч гэсэн М-тэй гэр бүл болсноосоо хойш байнга л М- зодуулчихлаа гээд ярьдаг байсан. ...М- М-ыг зодохоос гадна гэр бүлийн гишүүдийг маань байнга хэл үгээр доромжилдог. ...2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мөн 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүүхэд хараад өг гэхээр нь би гэрт очоод хүүхдийг нь харж байхад М- ирээд хаалга чангаар нүдэж өшиглөөд хаалганы бариул эвдсэн. Би айсан учраас хаалга онгойлгож өгөөгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 91-92, 219/, гэрч Ш.М-ын: “...шөнийн 12, 03, 04, гэх мэт цагуудад маш их хаалга цохидог гараад шаардлага тавиад болиоч гэж хэлэх гэхээр нөхөр байдаггүй хөдөө ажилладаг учраас жаахан эмээгээд гарч чаддаггүй сүүлд шинэ жилийн өмнөх өдөр байх хаалга нь төмрөөр балбаад байсан. Үүр цайтал балбасан маргааш өглөө нь харахад хаалганы бариул байхгүй байсныг харсан. 2019 оны эхээр байх эмэгтэй хүн хашгираад эд зүйл буулгаад байх шиг чимээ сонсогдож байсан. Манай гэрийн хана энэ айлын ханатай залгаа байдаг учраас тэр чимээг сонссон. Тэрний дараа бас эмэгтэй хүн орилох сонсогдсон" гэсэн мэдүүлэг /хх-н 93-94/, гэрч Э.Б-ын: “...2-3 удаа бараа оруулж өгөхөд 1306 тоотын эмэгтэй гэртээ маск зүүчихсэн, гар хөхөрсөн байдалтай харагддаг байсан. Тэр 1306 тоотын гэрийн хаалга гаднаас нь юмаар цохиод хөшчихсөн юм шиг харагддаг” гэсэн мэдүүлэг /хх-н 213-214/, гэрч Г.Болор-Эрдэний: "... 2019 оны хавар байх хаалга тайлаач хөөе наад үүдээ нээгээч гээд эрэгтэй хүн хашгираад байхаар нь хаалгаа онгойлоод хартал 1306 тоотын оршин сууч эмэгтэйгийн нөхөр нь орилоод байсан. Дараа нь 2019 оны 10 дугаар сард байх, сэрүүн орчихсон үеэр шөнө унтаж байтал бас хаалгаа нээгээч гээд орилоод байсан. Тэгээд би гартал бас 1306 тоотын нөхөр хаалгаа нүдээд орилж байсан. Тэгээд би нөхөр Хүрэлээд хэлээд чи гараад хэдэн үг хэлээч гээд нөхрөө гаргаж байсан. Бид нар хүүхдээ гадаа салхилуулахдаа тааралдаад бие биенээсээ санаа зовоод яасан гэж асуудаггүй 1-2 удаа гар нь шуун дээрээ хөхөрсөн байсныг харж байсан" гэсэн мэдүүлэг /хх-н 215-216/, гэрч Б.Н-гийн: “...Ер нь дээд айл давтамжтай эрэгтэй хүний хашгирч орилж байгаа чимээ, мөн согтуу байдалтай хаалга нүдэж орилж байгаа чимээ, сонсогддог, хэдий хэр хугацаанд давтагддагийг хэлж мэдэхгүй байна. Согтуу эрэгтэй хүн агсан тавьж байгаа чимээг сонсдог. Уг нь сонсогдохгүй хэрнээ эмэгтэй хүний орилох чимээ сонсогддог, өөр бусдаар дээд айлын талаар сайн мэдэхгүй байна. Хааяа орилж хашгираад байхаар нь 102 руу залгачихдаг юмуу гэсэн бодол төрдөг байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 217-218/, гэрч П.Н-гийн: “...Танина манайхаар үйлчлүүлдэг манай төв 14 дүгээр байранд 2019 оны 10 дугаар сард нүүж ирсэн нүүж ирснээс хойш 5-6 удаа толгойгоо бариулсан санагдаж байна. Нөхөртөө зодуулчихлаа гээд бариулдаг байсан. Бага насны охиноо бас толгойг нь 2 удаа бариулж байсан. 2019 оны 10 дугаар сарын үеэр ойрхон 2 удаа толгойгоо бариулж байсныг санаж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 220-221/, гэрч С.Л-гийн: “...М-тай тааралдахгүй удаад энэ талаар асуухаа мартчихсан байсан. Тэгээд нэлээн сүүлд юу болсон талаар асуухад нөхөр, нөхрийнхөө эгчид зодуулчихсан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 222/, шинжээчийн 948 дугаартай дүгнэлт, аюулгүйн зэргийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу шүүгдэгч нь хохирогч Э.М-ыг удаа дараа буюу 2018 оны 3 дугаар сарын 12, 9 дүгээр сарын 25, 2019 оны 4 дүгээр сарын 14, 6 дугаар сард, 10 дугаар сард байнга зодсон, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах майхан толгойн лагер дээр 2018 оны 5 сард гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.М-ыг зодсон буюу 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хороонд тус тус зодсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, аюулгүйн зэргийн үнэлгээ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Г.М-“гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Г.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.М-нь эхнэр Э.М-ыг удаа, дараа зодсон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.М-ын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.М-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 10 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт 11 сар 20 хоног хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү гэсэн ялын санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Г.М-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч гомдол саналтай, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэжээ.

Шүүгдэгч Г.М-нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр санаатай гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэх зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг плаш дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М-нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.М-ийг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

              - “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.М-ийг 10 сар хорих ялаар,

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад зааснаар оногдуулсан 10 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д шүүхээс оногдуулсан 10 сар хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Шүүгдэгч Г.М-д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 10 сар хорих ялыг эдэлж дууссаны  дараа эдлүүлсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг плаш дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР