Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 212/МА2018/00091

 

Н.Е-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,  тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2018/00361 дүгээр шийдвэртэй, Н.Е-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ержан нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 2,783,482 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын санд шилжүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгох тухай.  

 

Нэхэмжлэлд: “Н.Е намайг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 140 дугаар бүхий шийдвэрээр Ц сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд биеийн тамирын цагийн багшийн ажилд эгүүлэн тогтоосон. Шүүхийн шийдвэр гарснаас хойш ажил олгогч сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул миний хүсэлтээр шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэх ажиллагаа явагдан ажил олгогч намайг ажилд эгүүлэн томилолгүй 1 жил болсны эцэст тус сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тушаалаар урьд эрхэлж байсан цагийн багшийн ажилд эгүүлэн томилсон. Ажил олгогчийн буруугаас болж би 2016 оны 11 дүгээр сарын 16-аас 2017 оны 12-р сарын 22-ны өдөр хүртэл буюу 13 сар ажилгүй байсан бөгөөд энэхүү ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэх эрхтэй гэж үзнэ. Миний өмнө авч байсан сарын цалин 214,114 төгрөг бөгөөд ажилгүй байсан 13 сараар тооцвол 13 сар х 214114 төгрөг = 2783482 төгрөг болно. Иймд Ц сумын Бүрэн дунд сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин болох 2783482 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн бичилт хийхийг даалгаж өгөхийг хүсье.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэгч Н.Е-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1. Н.Е 2016 оны 8 дугаар сард анх ажилд орохдоо яамнаас ирсэн төлөвлөгөөнд ямар ч илүү цаг байхгүй үед өмнөх захирал хоосон орон тоонд тушаал гарган ажилд томилсон байсан. Хоосон орон тооны тушаалыг авч илүү цаг байхгүй атлаа шүүхэд хандсан тул 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 140 дүгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэн 2017-2018 оны хичээлийн жилийн төлөвлөгөөнд байгаа биеийн тамирын хичээлийн илүү гарсан 4 цагийг шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд өгсөн. Тийм учраас сургуулийн хэмжээнд яамнаас батлагдсан төлөвлөгөөний дагуу илүү гарч байгаа 4 цагийг л өгч байгаа.

2. Яамнаас баталсан төлөвлөгөөнөөс илүү цаг олгох ямар ч боломжгүй тул нягтлан бодогч хэдэн төгрөг олгох нарийн тооцоог гаргасан.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2018/00361 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Е-ийн ажилгүй байсан хугацаанд ногдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2783482 /хоёр сая долоон зуун наян гурван мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн санхүүгээс гаргуулан Н.Е-д олгож, Н.Е-ийн ажилгүй байсан хугацаанд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын санд шилжүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Н.Е-ийн нэхэмжлэлтэй Ц сумын бүрэн дунд сургуульд холбогдох “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2018/00361 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Ц сумын бүрэн дунд сургуулийн захирал Ж.А би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-т зааснаар дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн. Тухайлбал хариуцагч байгууллагаас анх тус сургуульд цагийн багшаар ажиллаж байхдаа заасан хичээлийн цагт ногдох хөлсийг тооцсон сургуулийн нягтлан бодогчийн тодорхойлолтыг гаргаж өгсөн боловч үүнийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй. Мөн нэхэмжлэгч 7 хоногт 8 цагийн хичээл заадаг гэдгээ нотолж чадаагүй. Нэхэмжлэгч Н.Е 2016 онд долоо хоногт 4 цаг хичээл заадаг байсан ба уг сард 16 цаг хичээл зааж 86619 төгрөгийн цалин авдаг байтал шүүх үүнийг 7 хоногт 8 цаг хичээл заадаг мэтээр дүгнэж ажилгүй байсан хугацааны цалинг олгосныг зөвшөөрөхгүй. Зүй нь Н.Е-ийн 7 хоногт 4 цаг, сард 16 цаг, 13 сар х 866619 төгрөг нийт 1126046 төгрөг олгогдох ёстой байсан. Ажилтны заасан хичээлд ногдох цалинг авахаас биш заагаагүй хичээлийн цагийн хөлсийг авах эрхгүйг шүүх анхаараагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т заасан “ажилтны цалин хөлсийг хийснээр нь тохируулан олгох” хуулийн заалтыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

 

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Н.Е нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуульд холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 2783482 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын санд шилжүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгох тухай шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн захирлын хууль бус шийдвэрээр тус сургуульд биеийн тамирын цагийн багшаар ажиллаж байсан Н.Е-ийг ажлаас үндэслэлгүй халсан тул тэрээр шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоогдож, ажлаас халсан өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд томилсон өдөр болох 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан нь зохигчийн тайлбар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 140 дүгээр шийдвэр зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

 

            Хариуцагчийн “Н.Е нь 7 хоногт 4 цаг, сард 16 цаг, 13 сар х 86619 төгрөг нийт 1126046 төгрөг олгогдох ёстой, 7 хоногт 8 цагаар бодож ажилгүй байсан хугацааны цалинг бодсон нь буруу” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, нэхэмжлэгч нь ажлаас халагдах хүртэл цагийн багшаар ажиллаж байх хугацаанд 7 хоногт 8 цагийн, заримдаа түүнээс илүү цагийн хичээл зааж түүнд ногдох цалин авч байсан болох нь 1097531 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр бичигдсэн 9, 10,11 дүгээр сарын бичилтээр нотлогдож байгаа ба нэхэмжлэгч дундаж цалин хөлсөө тооцохдоо 8 цагийн хөлс буюу 214114 төгрөгөөр тооцсоныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагч 7 хоногт 4 цагийн хичээл зааж байсан гэх боловч хэрэгт авагдсан хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримтаар шүүхийн шийдвэрээр цагийн багшийн ажилд эгүүлэн тогтоосноос хойш 7 хоногт 4 цагийн хичээл зааж байгаа нотолсон болохоос ажлаас халагдах үед 4 цагийн хичээл зааж байсныг нотлох баримт биш байна.

Анхан шатны шүүх Н.Е-ийн ажилгүй байсан нийт хугацаа, ажлаас халагдахаас өмнөх авч байсан цалин хөлсийг үндэслэж нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээ, түүнд олгогдох нийт ажилгүй байсан хугацааны олговор зэргийг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 2783482 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2018/00361 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                Д.КӨБЕШ