Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00199

 

Н.Е-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2018/00361 дугаар шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 212/МА2018/00091 дугаар магадлалтай,

Н.Е-ийн нэхэмжлэлтэй

Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуульд холбогдох, 

Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.783.482 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.Е-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 140 дугаар шийдвэрээр Ц сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд биеийн тамирын цагийн багшийн ажилд эгүүлэн тогтоосон. Шүүхийн шийдвэр гарснаас хойш ажил олгогч сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул миний хүсэлтээр шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэх ажиллагаа явагдан ажил олгогч намайг ажилд эгүүлэн томилолгүй 1 жил болсны эцэст тус сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тушаалаар урьд эрхэлж байсан цагийн багшийн ажилд эгүүлэн томилсон. Ажил олгогчийн буруугаас болж би 2016 оны 11 дүгээр сарын 16-аас 2017 оны 12-р сарын 22-ны өдөр хүртэл буюу 13 сар ажилгүй байсан бөгөөд энэхүү ажилгүй байсан. Миний өмнө авч байсан сарын цалин 214.114 төгрөг бөгөөд ажилгүй байсан 13 сараар тооцвол 2.783.482 төгрөг болно. Иймд Ц сумын Бүрэн дунд сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин болох 2.783.482 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Н.Е- 2016 оны 8 дугаар сард анх ажилд орохдоо яамнаас ирсэн төлөвлөгөөнд ямар ч илүү цаг байхгүй үед өмнөх захирал хоосон орон тоонд тушаал гарган ажилд томилсон байсан. Хоосон орон тооны тушаалыг авч илүү цаг байхгүй атлаа шүүхэд хандсан тул 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 140 дүгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэн 2017-2018 оны хичээлийн жилийн төлөвлөгөөнд байгаа биеийн тамирын хичээлийн илүү гарсан 4 цагийг шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд өгсөн. Яамнаас баталсан төлөвлөгөөнөөс илүү цаг олгох ямар ч боломжгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2018/00361 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Е-ийн ажилгүй байсан хугацаанд ногдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.783.482 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн санхүүгээс гаргуулан Н.Е-т олгож, Н.Е-ийн ажилгүй байсан хугацаанд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын санд шилжүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 212/МА2018/00091 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2018/00361 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Алима хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүйг давж заалдах шатны шүүх анхаараагүйд гомдолтой байна. Н.Е- анх тус сургуульд цагийн багшаар ажилд орохдоо хэдэн цагийн хичээл зааж байсныг болон түүнд ногдох хөлсийг тооцсон сургуулийн нягтлан бодогчийн тодорхойлолтыг хариуцагч байгууллагаас нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүх нотлох баримтаар үнэлээгүй төдийгүй хариуцагчийн энэхүү нотлох баримт нэхэмжлэгч талын ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа талаар, яагаад энэхүү нотлох баримтыг үнэлэхгүй байгаа талаар дүгнэлт хийгээгүй нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “ажилтны цалин хөлсийг хийснээр нь тохируулан олгоно" хэмээн тодорхой заасан байхад шүүх үүнийг анхаараагүй ба нэхэмжлэгч 2016 онд 7 хоногт 4 цагийн хичээл, сард 16 цаг хичээл зааж 86.619 төгрөгийн цалин авдаг байтал 7 хоногт 8 цаг хичээл заадаг мэтээр дүгнэж, цалинг олгохоор шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Н.Е-ийн 7 хоногт 4 цаг, сард 16 цаг, 13 сар х 86.619 төгрөг нийт 1.126.046 төгрөг олгогдох ёстой байсан. Иймд магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Н.Е- нь Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуульд холбогдуулан ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.783.482 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч “...яамнаас батлагдсан төлөвлөгөөний дагуу илүү гарч байгаа 4 цагийг өгсөн, үүнээс илүү цаг өгөх боломжгүй” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Н.Е- Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуульд биеийн тамирын цагийн багшаар ажиллаж байгаад ажлаас халагдсан ба түүнийг ажилд эгүүлэн тогтоосон Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 140 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг тухайн ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэйг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан байна. Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 63 тоот тушаалаар Н.Е-ийг ажилд нь эгүүлэн томилжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор.... олгоно” гэжээ.

Нэхэмжлэгч Н.Е- ажлаас чөлөөлөгдсөн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш ажилд эгүүлэн томилсон 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцсэн байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг түүний нийгмийн даатгалын дэвтэр дээрх сүүлийн 3 сарын дундаж цалингаар тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т ажилтны цалин хөлсийг хийснээр нь тохируулан олгоно гэж заасныг анхаараагүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2018/00361 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 212/МА2018/00091 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ