Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 133/ШШ2021/00139

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 133/ШШ2021/00139

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг, Хөхморьт сум, Цоохор багт оршин суух, Ж овогт П-ийн Н,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг, Хөхморьт сум, Цоохор багт оршин суух, М овогт П-ийн Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймаг, Есөзнбулаг сум, 1-р баг 2-10 тоотод оршин суух, Р.Ж,

Хариуцагч: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, 1-р баг 2-10 тоотод оршин суух, Б.А нарт холбогдох,

Хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 40.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Н, түүний өмгөөлөгч М.Энхзаяа, нэхэмжлэгч П.Б, түүний өмгөөлөгч Ж.Д, хариуцагч болон хариуцагч Б.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, түүний өмгөөлөгч Х.Э, гэрч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 онд граштай 2 өрөө байр авсан. Түлхүүрийг нь аваад надад 2 өрөө шинэ байр үзүүлсэн. Дутуу баригдсан байсан. Тэгээд түүнийг нь үзээд үүнийг чинь авъя. Хэзээ ашиглалтад орох юм бэ? гэсэн чинь энэ жил сэрүү ороод барилгын ажил зогссон байна. Дараа жилийн өдийд ашиглалтад орно гэж хэлсэн. За тэгвэл үүнийг чинь хүлээе гэсэн. Бичиг баримт, түлхүүрийг нь аваагүй. Ханын обой, шал нь дутуу байсан. Энэ түлхүүрийг аваад яах вэ? Энэ хүн юмнуудаа хийж байг гээд үлдээсэн. Тэгээд дараа жил нь яриад байр юу болж байна вэ? Дээд давхар нь ашиглалтад орж байна уу? гэсэн чинь хэвээрээ байж л байна гэсэн. Тэгээд ойр ойрхон яриад байдаг бүтэж байгаа ажил байдаггүй. Дараа жил нь паркетан шалаа хийж байна уу? гэсэн чинь одоо тэрүүгээр яах юм бэ? цаас дэвсээд хулдаасалчих гэсэн. Ноднин жил манай хүргэн ахын охин багшийн дээд сургууль төгсөж ирээд энд ажилд орсон. Тэгээд надад ах би ажилтай болчихлоо, таны байр гэж юу байна. Надад орох орон хэрэгтэй байна. Би найз залуутайгаа хамт амьдрах гэсэн юм гэдэг юм байна. Тэгэхээр нь чи очоод Я.А гэдэг хүнээс түлхүүрийг нь аваад очоод халаалтыг нь тавиулаад, паркетан шал хийнэ гэж байсан түүнийг хийсэн байна уу? очоод үз. Түлхүүр нь тэр хүнд байгаа гэж хэлсэн. Тэгээд уулзахад нэг түлхүүрийг нь өгөөд явуулсан байгаа юм. Тэгээд манай хүргэн болох гэж байгаа залуу чинь халаалтыг нь тавиулаад, ус, тогыг нь оруулах гээд Мандалын тог хариуцсан авгайтай нь уулзсан чинь юу ярьж байгаа юм бэ? Манайд энэ барилга чинь 25.000 тоосгоны өртэй, хэдэн жил ус тогны мөнгөө төлөөгүй. Түүнийг төлсний дараа чиний орох гэж байгаа байранд чинь ус, тог бүх юмыг чинь оруулж өгнө гээд нөгөө залууг чинь хөөгөөд явуулсан байсан. Тэгээд энэ хүн рүү яриад нөгөө манай хүргэн болох гэж байгаа залууг Мандалын дулаан хариуцсан эмэгтэй загнаад хөөгөөд явуулсан байна. Одоо яах вэ? гэсэн чинь энэ хүн тэгээд одоо яах вэ? Тэр чинь хүмүүсийн өмнүүр хойгуур гүйгээд хэсэг явсан байна лээ. Тэрийг бол нэг хонины мах өгөөд тогоо тавиулчихна шүү дээ гэсэн. Би одоо тэгээд явж байх юм уу? Тэгж болохгүй шүү дээ. Энэ хүн анх хэлэхдээ чи хэзээ л орно гэнэ тэр цагт чинь би дулааныг нь оруулж өгнө, паркетан шалыг чинь хийгээд бүгдийг нь жин тан хийнэ. Орох хугацаанаасаа өмнөхөн надад хэлээрэй гэсэн. Тэгээд одоо дутуу баригдсан. 2 давхар нь дөнгөж эхлээд хаясан. Одоо 5 жил болж байгаа. Түүнээс өмнө хэдэн жил болсон гэдгийг би мэдэхгүй байгаа. Хүмүүс мэдэж байгаа. 2016 онд эхэлсэн барилга биш. Түүнээс өмнө 2013 онд эхэлсэн эсхүл 2014 онд эхэлсэн юм байна лээ. Түүнийг би мэдээгүй. Анх гэрээ байгуулахдаа энэ жил сэрүүн орчихлоо дараа жил 9 сар буюу дараа жилийн өдийд бүрэн ашиглалтад орно гэсэн. Би гарч ирээд гаднаас нь хараад хэзээ ашиглалтад орох юм бэ? гэсэн чинь дараа жилийн өдийд 8 дугаар сарын 20-д гаргаад ашиглалтад орно гэхээр нь за гээд хөдөөний хүн яваад өгсөн. Надад ямар ч зав байхгүй. Малынхаа дунд явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Тэгээд ганц нэг утсаар ярихаар найз тэгнэ, болох байх гээд л яваад байдаг гэв.

Нэхэмжлэгч П.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 7 сард малаа бүгдийг нь тоолж өгөөд байрны наймаа хийсэн. Хэзээ ч та нарын хүссэн хугацаанд байр чинь бэлэн. Очихоороо яриарай гэсэн. Тэгээд энэ хүмүүст этгэж явсаар өдийг хүрч байна. Авсан байр ч байхгүй. Малаа тоолж өгсөн. Одоо 40000000 төгрөгөө авна. Эсхүл анх наймаа хийсэн Оргилын байраа граштай нь хамт авна гэв.

Хариуцагч Р.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манайх анх Хөхморьт сумын П.Н, П.Б гэх энэ хүмүүсийг таньдаггүй байсан. Эдний очиж байдаг айлын Цэдэнбал гэдэг хүнийг би таньдаг. Тэр хүн надад санал тавьсан. Хөхморьт сумд 2016 оны зун юу ч гарсангүй. Тэнд ган болсон. 400 малаар байр авах гэж байгаа хүн байна. Чамд байр байна уу? гэсэн. Надад 2 байр байсан. Одоо өөрийн амьдарч байгаа өт хорхойтой гээд байгаа 2 өрөө байр, жинс багийн 5 айлын өмчлөл бүхий байрны гуравт нь одоо болтол хүн амьдарч байгаа. Тэнд бас надад байр байсан. Энэ хүмүүст би үзүүлээд саналыг нь сонссон. Тэгээд манай хуучин байрыг авна гэхээр нь султгаад өгсөн. Түлхүүрийг нь аваад сар гаруй хугацаанд хүнд түрээсэлнэ гэж байгаад түрээслээгүй. Тэгээд ерөөсөө бид нар шинэ байраа авъя. Хуучин байр чинь дэмий юм байна гэсэн. Манайх ажлынхаа газар нүүгээд очсон байсан. Тэгээд буцаад байрандаа орсон. Тэгээд түлхүүрийг нь аваад шинэ байрандаа орно гээд явсан хүмүүсийг байрандаа орчих байх гээд итгээд яваад байсан чинь 4-5 жилийн дараа ийм яриа гаргаад ирж байгаа юм. Тухайн үед тэр хүнээр дамжуулж энэ хүмүүсийг таньдаг болсон нь үнэн. Хурдан ирээд мал ав гээд байдаг байсан. Тухайн үед бид нарт зав гараагүй. Энэ хүмүүс 7 сараас эхлээд ярьсан. Тэгээд 8 сард хоёр талаасаа ярьж байгаад бид 2 гурван хүүхэдтэйгээ очсон. Тэндээс малыг явган туусан. Бид нарыг очиход 400 малаа ялгаад бэлдсэн байсан. Очоод харахад жижиг мал харагдаж байсан. Манай хүүхдүүд ирж хараад ээж энэ ямар сонин жижиг мал вэ? гэхэд манай хүн том хүний ярианд битгий ор гээд ийм наймаа хийгдсэн. Нэгэнт хэлцэл хийгээд тэр хол газар очсон юм чинь гээд авсан. Байрны тухайд би 2 байраа үзүүлсэн. Үзээд авсан. Халаалт нь ирсэн байсан. Тог нь ирсэн байсан. Ялангуяа П.Н бол өөрөө олон дахин үзэж авсан. Тэгээд би нэгэнт өгсөн болохоор энэ хүмүүсийг авсан гэж бодсон. Болих байсан бол тухайн үедээ больсон бол би амьдарлаа үргэлжлүүлээд зохиогоод явна шүү дээ. Хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч П.Н, П.Б нар нь Р.Ж, Б.А нарт холбогдуулан хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 40.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Р.Ж нь ...Манайх анх Хөхморьт сумын П.Н, П.Б гэх энэ хүмүүсийг таньдаггүй байсан. Эдний очиж байдаг айлын Цэдэнбал гэдэг хүнийг би таньдаг. Тэр хүн надад санал тавьсан. Энэ хүмүүс 7 сараас эхлээд ярьсан. Тэгээд 8 сард хоёр талаасаа ярьж байгаад бид 2 гурван хүүхэдтэйгээ очсон. Тэндээс малыг явган туусан. Бид нарыг очиход 400 малаа ялгаад бэлдсэн байсан. Очоод харахад жижиг мал харагдаж байсан. Манай хүүхдүүд ирж хараад ээж энэ ямар сонин жижиг мал вэ? гэхэд манай хүн том хүний ярианд битгий ор гээд ийм наймаа хийгдсэн. Нэгэнт хэлцэл хийгээд тэр хол газар очсон юм чинь гээд авсан. Байрны тухайд би 2 байраа үзүүлсэн. Үзээд авсан. Халаалт, тог нь ирчихсэн байсан. Ялангуяа П.Н бол өөрөө олон дахин үзэж авсан. Тэгээд би нэгэнт өгсөн болохоор энэ хүмүүсийг авсан гэж бодсон. Болих байсан бол тухайн үедээ больсон бол би амьдарлаа үргэлжлүүлээд зохиогоод явна шүү дээ. Хүлээн зөвшөөрөхгүй байна... гэж маргажээ.

Зохигчдын хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 1-р байрны 2 дугаар орцны 10 тоотод байрлах 2 өрөө байрыг гражын хамт 40.000.0000 /дөчин сая/ төгрөгөөр тооцож, 100 эр хонь, 100 эм хонь, 100 төлөг, 100 эр ямаа нэг бүрийн үнийг 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр үнэлж нийт 400 толгой 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр тооцож орон сууц худалдах, худалдан авахаар аман хэлцэл хийжээ.

Нэхэмжлэгч П.Н, П.Б нар нь шүүх хуралдаанд ...анх авахаар тохирсон байр нь шавьж хорхойтой, мөөгөнцөр үүссэн байсан тул байрыг худалдаж авахгүй гэхэд хариуцагч Р.Ж нь удахгүй ашиглалтанд орох шинэ орон сууцнаас 2 өрөө байр өгье гэснээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багт байрлах 2 давхар байрны 1 давхарын 2 өрөө /12 жилийн 1 дүгээр сургуулийн уурын зуухны урд байрлах/ байрыг оронд нь өгөхөөр тохиролцсон боловч одоог хүртэл байраа өгөөгүй, ашиглалтанд ороогүй байсан... гэж, хариуцагч Р.Ж ...Тухайн үед сонголтоо зөв хийсэн бол ийм асуудал гарахгүй байлаа. Би энэ хүмүүсийг ийм хэл ам гаргана гэж бодоогүй. Өдий хүртэл явсан. Гэхдээ би энэ хүмүүсээс ямар ч 40.000.000 төгрөг аваагүй. Байр өгөхөөр тохирч 400 тооны мал авсан нь үнэн... гэж тус тус тайлбарлаж байна.

Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багт байрлах 2 давхар байрны 1 давхарын 2 өрөө /12 жилийн 1 дүгээр сургуулийн уурын зуухны урд байрлах/ орон сууцыг 400 тооны малыг 40.000.000 төгрөгөөр тооцож худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргадаггүй болно.

Харин хариуцагч Р.Ж нь ...Би байраа өгөхийг ч зөвшөөрөхгүй байна. 40.000.000 төгрөг өгөхийг ч зөвшөөрөхгүй байна. Надад ерөөсөө тохирохгүй нэхэмжлэл байна... гэж мэтгэлцэж байх бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж шүүх үзлээ.

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт Гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж заасан бөгөөд хуулийн энэхүү заалтыг Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 6.2-т Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байдаг бол гэрээгээр тохирсон хэлцлийн хэлбэрийг зөрчсөн хэлцлийг энэ зүйлийн 57.3-т зааснаар сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бусд тооцож болно гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5.5-д Мөн зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэдэг нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т заасан шаардлагад хамааралтай ба энэхүү хэлбэрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамааруулан үзнэ гэж тайлбарласан.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт ...Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ..., 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт ...Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно... гэж тус тус заасан байх тул үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах нь гэрээ нь заавал бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлагыг хангаагүй байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж зааснаар нэхэмжлэгч П.Н, П.Б нар нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө гэж заажээ.

Хариуцагч Р.Ж нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...надад буцааж өгөх мал байхгүй гэж маргасан бөгөөд хэлцлээр шилжүүлсэн 100 эр хонь, 100 эм хонь, 100 төлөг, 100 эр ямаа нийт 400 толгой бог малыг нэг бүрийн үнийг 100.000 төгрөгөөр үнэлж нийт 40.000.000 төгрөгөөр тооцож орон сууцны төлбөрт авсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон гэрч А.Б-гийн ...тухайн үед энэ хүмүүс бүгд байсан бөгөөд малын хашаанаас авах малаа өөрсдөө ялгаж тоолж аваад тэр өдрөө хоночихоод өглөө нь явсан... гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн хариуцагч Р.Ж нь шүүх хуралдаанд Төлөг гээд байгаа чинь ногооны шүдлэн гэсэн үг. Харин хурга гэдэг нь төлөг гэсэн үг. Ямаа нь 70 байсан. Борлон байсан. А данстай нь тулгаад гаргасан юм. Тухайн үед энэ чинь 100 эр хонь, энэ 100 эр ямаа гэж хэлээгүй. 400 малыг ялгаад дуусаж байхад нь бид нар очсон. Бид нар нэгийг ч голж гаргаагүй. Авсан 400 малынхаа үнэлгээг тогтоолгосон гэж маргаж байна.

Харин нэхэмжлэгч П.Н шүүх хуралдаанд ...Энэ хүн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. 100 эр хонь, 100 эм хонь, 100 эм ямаа, 100 төлөг өгсөн. Ханасан мал өгсөн. Дунд нь зуучилсан Цэдэнбал гэдэг хүнд очоод танай дүү дээр чинь очоод наймаа хийгээд ирлээ. Надад ёстой мундаг мал өглөө. Би олон газар наймаа хийж байсан 100 хонь дотор 10 хурга гардаг юм. Үнэндээ гоё мал өглөө. Танай дүү мундаг залуу байна гэж хэлсэн гэж байсан... гэж тайлбарласан бөгөөд гэрч А.Б-гийн 400 тооны бүдүүн малыг өөрсдөө тууж явсан. Тэр мал дотор жижиг мал ороогүй. Дандаа бүдүүн мал байсан гэж мэдүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заажээ.

Хариуцагч Р.Ж нь шүүх хуралдаанд ...тухайн 400 тооны мал нь 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн үнэтэй гэж тайлбарлаж Ашид билгүүн ХХК-аар 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-820/61 дугаартай Үнэлгээний дүгнэлт-ийг нотлох баримтаар гаргасан байгаа нь хуульд заасан журмыг зөрчсөн байх тул нотлох баримтаас хасах үндэслэлтэй байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж, 40.3-т Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Р.Ж-гийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-820/61 дугаартай Үнэлгээний дүгнэлт нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг шүүхийн журмаар буюу шүүгчийн захирамжаар шинжээч томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар шинжээчид эрх, үүрэг танилцуулсны үндсэн дээр дүгнэлт гаргуулах хуулийн зохицуулалттай тул дээрх үнэлгээний дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хуульд заасан аргаар бэхжүүлээгүй гэж үзэж нотлох баримтаас хасаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн хариуцагч Р.Ж нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж маргаж байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж, мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно гэж тус тус заажээ.

Маргааны зүйл болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багт байрлах 2 давхар байрны 1 давхарын 2 өрөө /12 жилийн 1 дүгээр сургуулийн уурын зуухны урд байрлах/ орон сууц нь ашиглалтанд бүрэн ороогүй болох нь тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 133/ШЗ2021/00213 дугаартай Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгүүлэх тухай захирамжийн дагуу гүйцэтгэсэн Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/80 дугаартай албан бичгээр ирүүлсэн Шинжээчийн дүгнэлт-ээр Тус барилгын дээрх нөхцөл байдал нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 /механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх/ дэх хэсгийг зөрчиж байна. Иймд тус 2 өрөө байранд одоогийн нөхцөлд байдалд хүн амьдрах боломжгүй гэж дүгнэсэн, хариуцагч Р.Ж-гийн шүүх хуралдаанд сүүлийн хоёр жил корона вирусээс болоод барилгын ажил огт явагдах боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа зэргээр ашиглалтанд бүрэн ороогүй болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл тухайн байр нь ашиглалтанд орох явц нэхэмжлэгч нараас хамааралгүй байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа зогсох үндэслэл бий болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч Р.Ж-гийн ...гэрээний үүргийг гүйцэтгэх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн... гэх тайлбар няцаагдаж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үнэ болох 40.000.000 төгрөгийг хариуцагч Р.Ж, Б.А нараас гаргуулж нэхэмжлэгч П.Н, П.Б нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын шаардлага ба татгалзлын үндэслэлүүд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаа байдал буюу талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5-д заасан зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй болон мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлж байгаа байдалд хууль зүйн үнэлэлт өгөх замаар хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 40.000.000 /дөчин сая/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 357.950 төгрөгийг хариуцагч Р.Ж, Б.А нараас, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Н, П.Б нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 56 дугаар зүйлийн 56.5, 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үнэ 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг хариуцагч Р.Ж, Б.А нараас гаргуулж, нэхэмжлэгч П.Н, П.Б нарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 40.000.000 /дөчин сая/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 357.950 төгрөгийг хариуцагч Р.Ж, Б.А нараас, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Н, П.Б нарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

.

 

 

 

ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ