Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 215/МА2021/00008

 

 

 

 

 

 

 

 

 

П.Н, П.Б нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Т.Ж, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 133/ШШ2021/00139 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг, Хөхморьт сум, Цоохор багт оршин суух, Ж овогт П.Н,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг, Хөхморьт сум, Цоохор багт оршин суух, М овогт П.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, 1-р баг 2- ... тоотод оршин суух, Р.Ж,

Хариуцагч: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, 1-р баг 2- ... тоотод оршин суух, Б.А холбогдох,

Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 40.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Н, түүний өмгөөлөгч Ж.Д, нэхэмжлэгч П.Б-ын өмгөөлөгч М.Э, хариуцагч болон хариуцагч Б.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, түүний өмгөөлөгч Д.А, Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 онд граштай 2 өрөө байр авсан. Түлхүүрийг нь аваад надад 2 өрөө шинэ байр үзүүлсэн. Дутуу баригдсан байсан. Тэгээд түүнийг нь үзээд үүнийг чинь авъя. Хэзээ ашиглалтад орох юм бэ? гэсэн чинь энэ жил сэрүү ороод барилгын ажил зогссон байна. Дараа жилийн өдийд ашиглалтад орно гэж хэлсэн. За тэгвэл үүнийг чинь хүлээе гэсэн. Бичиг баримт, түлхүүрийг нь аваагүй. Ханын обой, шал нь дутуу байсан. Энэ түлхүүрийг аваад яах вэ? Энэ хүн юмнуудаа хийж байг гээд үлдээсэн. Тэгээд дараа жил нь яриад байр юу болж байна вэ? Дээд давхар нь ашиглалтад орж байна уу? гэсэн чинь хэвээрээ байж л байна гэсэн. Тэгээд ойр ойрхон яриад байдаг бүтэж байгаа ажил байдаггүй. Дараа жил нь паркетан шалаа хийж байна уу? гэсэн чинь одоо тэрүүгээр яах юм бэ? цаас дэвсээд хулдаасалчих гэсэн. Ноднин жил манай хүргэн ахын охин багшийн дээд сургууль төгсөж ирээд энд ажилд орсон. Тэгээд надад ах би ажилтай болчихлоо, таны байр гэж юу байна. Надад орох орон хэрэгтэй байна. Би найз залуутайгаа хамт амьдрах гэсэн юм гэдэг юм байна. Тэгэхээр нь чи очоод Б.А гэдэг хүнээс түлхүүрийг нь аваад очоод халаалтыг нь тавиулаад, паркетан шал хийнэ гэж байсан түүнийг хийсэн байна уу? очоод үз. Түлхүүр нь тэр хүнд байгаа гэж хэлсэн. Тэгээд уулзахад нэг түлхүүрийг нь өгөөд явуулсан байгаа юм. Тэгээд манай хүргэн болох гэж байгаа залуу чинь халаалтыг нь тавиулаад, ус, тогыг нь оруулах гээд Мандалын тог хариуцсан авгайтай нь уулзсан чинь юу ярьж байгаа юм бэ? Манайд энэ барилга чинь 25.000 тоосгоны өртэй, хэдэн жил ус тогны мөнгөө төлөөгүй. Түүнийг төлсний дараа чиний орох гэж байгаа байранд чинь ус, тог бүх юмыг чинь оруулж өгнө гээд нөгөө залууг чинь хөөгөөд явуулсан байсан. Тэгээд энэ хүн рүү яриад нөгөө манай хүргэн болох гэж байгаа залууг Мандалын дулаан хариуцсан эмэгтэй загнаад хөөгөөд явуулсан байна. Одоо яах вэ? гэсэн чинь энэ хүн тэгээд одоо яах вэ? Тэр чинь хүмүүсийн өмнүүр хойгуур гүйгээд хэсэг явсан байна лээ. Тэрийг бол нэг хонины мах өгөөд тогоо тавиулчихна шүү дээ гэсэн. Би одоо тэгээд явж байх юм уу? Тэгж болохгүй шүү дээ. Энэ хүн анх хэлэхдээ чи хэзээ л орно гэнэ тэр цагт чинь би дулааныг нь оруулж өгнө, паркетан шалыг чинь хийгээд бүгдийг нь жин тан хийнэ. Орох хугацаанаасаа өмнөхөн надад хэлээрэй гэсэн. Тэгээд одоо дутуу баригдсан. 2 давхар нь дөнгөж эхлээд хаясан. Одоо 5 жил болж байгаа. Түүнээс өмнө хэдэн жил болсон гэдгийг би мэдэхгүй байгаа. Хүмүүс мэдэж байгаа. 2016 онд эхэлсэн барилга биш. Түүнээс өмнө 2013 онд эхэлсэн эсхүл 2014 онд эхэлсэн юм байна лээ. Түүнийг би мэдээгүй. Анх гэрээ байгуулахдаа энэ жил сэрүүн орчихлоо дараа жил 9 сар буюу дараа жилийн өдийд бүрэн ашиглалтад орно гэсэн. Би гарч ирээд гаднаас нь хараад хэзээ ашиглалтад орох юм бэ? гэсэн чинь дараа жилийн өдийд 8 дугаар сарын 20-д гаргаад ашиглалтад орно гэхээр нь за гээд хөдөөний хүн яваад өгсөн. Надад ямар ч зав байхгүй. Малынхаа дунд явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Тэгээд ганц нэг утсаар ярихаар найз тэгнэ, болох байх гээд л яваад байдаг гэжээ.

 

Нэхэмжлэгч П.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 7 сард малаа бүгдийг нь тоолж өгөөд байрны наймаа хийсэн. Хэзээ ч та нарын хүссэн хугацаанд байр чинь бэлэн. Очихоороо яриарай гэсэн. Тэгээд энэ хүмүүст итгэж явсаар өдийг хүрч байна. Авсан байр ч байхгүй. Малаа тоолж өгсөн. Одоо 40000000 төгрөгөө авна. Эсхүл анх наймаа хийсэн Оргилын байраа граштай нь хамт авна гэжээ.

 

Хариуцагч Р.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манайх анх Хөхморьт сумын П.Н, П.Б гэх энэ хүмүүсийг таньдаггүй байсан. Эдний очиж байдаг айлын Ц гэдэг хүнийг би таньдаг. Тэр хүн надад санал тавьсан. Хөхморьт сумд 2016 оны зун юу ч гарсангүй. Тэнд ган болсон. 400 малаар байр авах гэж байгаа хүн байна. Чамд байр байна уу? гэсэн. Надад 2 байр байсан. Одоо өөрийн амьдарч байгаа өт хорхойтой гээд байгаа 2 өрөө байр, Жинст багийн 5 айлын өмчлөл бүхий байрны гуравт нь одоо болтол хүн амьдарч байгаа. Тэнд бас надад байр байсан. Энэ хүмүүст би үзүүлээд саналыг нь сонссон. Тэгээд манай хуучин байрыг авна гэхээр нь султгаад өгсөн. Түлхүүрийг нь аваад сар гаруй хугацаанд хүнд түрээсэлнэ гэж байгаад түрээслээгүй. Тэгээд ерөөсөө бид нар шинэ байраа авъя. Хуучин байр чинь дэмий юм байна гэсэн. Манайх ажлынхаа газар нүүгээд очсон байсан. Тэгээд буцаад байрандаа орсон. Тэгээд түлхүүрийг нь аваад шинэ байрандаа орно гээд явсан хүмүүсийг байрандаа орчих байх гээд итгээд яваад байсан чинь 4-5 жилийн дараа ийм яриа гаргаад ирж байгаа юм. Тухайн үед тэр хүнээр дамжуулж энэ хүмүүсийг таньдаг болсон нь үнэн. Хурдан ирээд мал ав гээд байдаг байсан. Тухайн үед бид нарт зав гараагүй. Энэ хүмүүс 7 сараас эхлээд ярьсан. Тэгээд 8 сард хоёр талаасаа ярьж байгаад бид 2 гурван хүүхэдтэйгээ очсон. Тэндээс малыг явган туусан. Бид нарыг очиход 400 малаа ялгаад бэлдсэн байсан. Очоод харахад жижиг мал харагдаж байсан. Манай хүүхдүүд ирж хараад ээж энэ ямар сонин жижиг мал вэ? гэхэд манай хүн том хүний ярианд битгий ор гээд ийм наймаа хийгдсэн. Нэгэнт хэлцэл хийгээд тэр хол газар очсон юм чинь гээд авсан. Байрны тухайд би 2 байраа үзүүлсэн. Үзээд авсан. Халаалт нь ирсэн байсан. Тог нь ирсэн байсан. Ялангуяа П.Н бол өөрөө олон дахин үзэж авсан. Тэгээд би нэгэнт өгсөн болохоор энэ хүмүүсийг авсан гэж бодсон. Болих байсан бол тухайн үедээ больсон бол би амьдарлаа үргэлжлүүлээд зохиогоод явна шүү дээ. Хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 56 дугаар зүйлийн 56.5, 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үнэ 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг хариуцагч Р.Ж, Б.А гаргуулж, нэхэмжлэгч П.Н, П.Б нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 40.000.000 /дөчин сая/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 357.950 төгрөгийг хариуцагч Р.Ж, Б.А, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Н, П.Б нарт олгож ....шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Р.Ж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Р.Ж би 2016 онд иргэн П.Н, П.Б нартай 2 өрөө байр худалдах худалдан авах хэлцэл хийж 400 толгой малыг авсан. Тухай жил Хөхморьт сумд ган болоод ногоо ургаагүйгээс авсан мал туранхай бие давжаа бага насны голцуу мал байсан ч өвс сайтай газар таргалах байх гэсэн бодолтой тоолгүй уг малыг авсан. Байрны гэрчилгээг шилжүүлээгүйн учир нь тухайн хүмүүс 3 ширхэг 2 өрөө байрыг үзүүлж сонгуулсан. Эхлээд бидний амьдарч байгаа байрыг авахаар тохиролцоод суллаад өгсөн боловч 2 сар болоод шинэ байр авъя гээд баригдаж дуусаагүй шүү гэхэд болно, бид нар одоо амьдрах гэж байгаа биш гээд бид буцаад байрандаа нүүж ороод шинэ байраа суллаж өгсөн. Гэтэл 4 жил өнгөрөхөд юу ч яриагүй байж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргаж 40 сая төгрөг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд бидний хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож хүчин төгөлдөр бус хэлцлийн үнэ 40 сая төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйл нь хуулийн хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд анхан шатны шүүхээс хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож байгаа нь үндэслэлгүй юм. Мөн хүчин төгөлдөр хэлцлийн үнэ гэж 40 сая төгрөгийг иргэн надаар төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Бидний хийсэн хэлцэл нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлээгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Ийм тохиолдолд шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн тухайд талууд хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаж өгөх үүрэгтэй байхад шууд үнийг нь гаргуулж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч хүчин төгөлдөр бус хэлцлийн үнэ гэж 40 сая төгрөгийг шууд нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болно. Учир нь эдгээр хүмүүс анх биднээс манай хуучин байрыг авахаар яриад бид эхэлж 400 толгой малыг авсан. Манай хуучин байр тухайн үедээ үнэ 40 сая хүрэхээргүй байсан. Нэхэмжлэгч надад 40 саяын мал өгсөн гэдгээ баримтаар нотлоогүй байхад шүүх шууд 40 сая төгрөгийг гаргуулж байгаа нь үндэслэлгүй байна. Бид үнэ тохироогүй шууд л 400 толгой мал гэдгээр хэлцэл хийсэн. Гэтэл хаанаас 40 сая гэдэг үнэ гараад ирснийг одоо ч би ойлгохгүй байна. Нэхэмжлэгч надаас өгсөн зүйлээ авах гэж байгаа бол нотлох үүрэгтэй гэж би үзэж байна. Гэтэл нотлогдоогүй байхад шууд надаас 40 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч 400 толгой мал нь нас хүйсээр нь нотлоод надаас авна гэвэл би өгөхөд бэлэн байна. Энэ нь ч хуульд нийцсэн буюу шилжүүлсэн зүйлээ харилцан буцаана гэсэн ойлголт гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч П.Н, П.Б нар нь Р.Ж, Б.А нарт холбогдуулан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 40.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Р.Ж нь ...Манайх анх Хөхморьт сумын П.Н, П.Б гэх энэ хүмүүсийг таньдаггүй байсан. Эдний очиж байдаг айлын Ц гэдэг хүнийг би таньдаг. Тэр хүн надад санал тавьсан. Энэ хүмүүс 7 сараас эхлээд ярьсан. Тэгээд 8 сард хоёр талаасаа ярьж байгаад бид 2 гурван хүүхэдтэйгээ очсон. Тэндээс малыг явган туусан. Бид нарыг очиход 400 малаа ялгаад бэлдсэн байсан. Очоод харахад жижиг мал харагдаж байсан. Манай хүүхдүүд ирж хараад ээж энэ ямар сонин жижиг мал вэ? гэхэд манай хүн том хүний ярианд битгий ор гээд ийм наймаа хийгдсэн. Нэгэнт хэлцэл хийгээд тэр хол газар очсон юм чинь гээд авсан. Байрны тухайд би 2 байраа үзүүлсэн. Үзээд авсан. Халаалт, тог нь ирчихсэн байсан. Ялангуяа П.Н бол өөрөө олон дахин үзэж авсан. Тэгээд би нэгэнт өгсөн болохоор энэ хүмүүсийг авсан гэж бодсон. Болих байсан бол тухайн үедээ больсон бол би амьдарлаа үргэлжлүүлээд зохиогоод явна шүү дээ. Хүлээн зөвшөөрөхгүй байна... гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч П.Н, П.Б нар 2016 оны 7 дугаар сард Р.Ж, Б.А нараас үл хөдлөх эд хөрөнгө буюу 2 өрөө байрыг худалдан авахаар 400 мал шилжүүлсэн  хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл байна.

 

Эд хөрөнгө өмчлөх эрх,түүнтэй холбоотой эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх шилжүүлж байгаа бол улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохоор байна.

Мөн Иргэний хуулийн 109 дугаар зүйлийн 109.2 дахь хэсэгт ... Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ.

 

 Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт  “...Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт “энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө” гэжээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үнэ болох 40.000.000 төгрөгийг хариуцагч Р.Ж, Б.А нараас гаргуулж нэхэмжлэгч П.Н, П.Б нарт олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. 

Талууд 2016 онд өгсөн 400 малыг буцааж өгөх тал дээр эсрэг байр суурьтай байгаа ба хариуцагч Р.Ж хэлцлийн үнийн дүнг 40 сая төгрөг гэж тооцож байсан талаар анхан шатны шүүх хурал дээр тодорхой мэдүүлжээ. /хх 96-р тал/

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2–д зааснаар “Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” гэж, мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар “үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно” гэж иргэний хуулийн холбогдох заалтыг зөв хэрэглэсэн байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Р.Ж-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 133/ШШ2021/00139 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Р.Ж-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Р.Ж-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.Э

 

                                 ШҮҮГЧИД                     Т.Ж

                                                                     Ш.Б