Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 133/ШШ2021/00152

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 133/ШШ2021/00152

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан баг оршин суух, И з овогт Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргад холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д, гэрч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат Б.Б би 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/167 дугаартай Дэлгэр сумын Засаг даргын захирамжаар сумын төвлөрсөн халаалтын ашиглалтын өмнөх захиргааны менежерээр томилогдож ажилласан юм. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Дэлгэр сумын Засаг даргын Б/01 тоот захирамжаар ажлын алдаа дутагдал зөрчил гаргаагүй байхад хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Б.Б намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговортой тэнцэх хэмжээний цалинг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Намайг ажил хүлээж авахад Дэлгэр сумын төвлөрсөн халаалтын уурын зуух ашиглалтад орсон байсан. Энэ үйл ажиллагаа бол Засгийн газрын 2014 оны шийдвэрээр Дэлгэр сумын төвийн шинэчлэл гэдэг төсөл хэрэгжсэн. 6 жил баригдаад зөвхөн уурын зуухыг хэсэгчлэн ажилд оруулсан гэдэг байдлаар 10 дугаар сарын 01-ний өдрөөс туршилтын журмаар ажиллаж байсан. Жилийн эцэс болоод байгууллагын үйл ажиллагаатай танилцахад ямар ч байгууллага байгуулах хууль, эрх зүйн акт байхгүй, улсын комисс хүлээж аваагүй байсан. Зөвхөн өмнөх Засаг дарга гүйцэтгэгч Мандал Голомт ХХК-тай аман гэрээ байдлаар туршилтаар ажиллуулах захирамж гарсан байгаа. Нэхэмжлэгч өөр А/167 гэж өөр дугаартай захирамж яриад байгаа. Би судалж үзэхэд сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/98 дугаартай захирамж байсан. Энэ захирамж дээр дулааны шугам сүлжээ, төвлөрсөн халаалтын ашиглалтын өмнөх захиргаа байгуулах тухай гэсэн захирамж байгаа. Энэ захирамжийг би судалж үзэхэд тухайн захирамж маань хүчин төгөлдөр бус захирамж байсан. Орон нутагт төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах хуулийн зохицуулалт байгаа. Орон нутагт шинээр үйлдвэрийн газар байгуулахад сумын иргэдийн хурлын тэргүүлэгчид байгуулах болохоос биш сумын Засаг даргад ийм эрх хэмжээ олгогдоогүй байгаа. Орон нутгийн төрийн өмчит үйлдвэрийн газрын барилга байгууламж улсын комисс хүлээж авсны дараа байгуулдаг хуулийн зохицуулалт байгаа. Миний өнөөдрийн олж үзсэн байгаагаар ашиглалтын өмнөх захиргаа байгуулах зүйл байхгүй байсан. Тэгэхээр энэ хүн өмнөх засаг даргатай ямар ч хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байсан. Захирамж ч гэсэн өөрөө хүчин төгөлдөр бус. Тухайн хүнийг ажилд авах байсан бол ямар нэгэн хуулийн үндэслэл бариад захирамж гаргах ёстой. Тэр захирамжид ямар нэгэн тийм үндэслэл байхгүй. Захирамж дээр ашиглалтын өмнөх захиргааны менежер, нягтлан бодогч гэсэн 2 хүн дээр цалин тавьсан хууль бус, хүчин төгөлдөр бус захирамжаар томилогдсон байсан. Энэ өвөл манай аймагт цаг агаар харьцангуй хүйтэн өвөл болсон. Мөн засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс эрчим хүч, дулааны төлбөрийн хөнгөлөлт эдлүүлсэнтэй холбоотойгоор эрчим хүчний дутагдалд орж өдөр бүр уурын зуух хөлдөх боломжтой нөхцөл байдалд байсан. Мөн улс оронд ковид-19 гараад бүх нийтийн бэлэн байдалд ажиллаж байсан. Сумын халаалтын захиргаа бол онцгой объект. Сумын албан газруудыг бүгдийн нь халаалтаар хангаж байдаг. Энэ байгууллагыг удирдаж байсан хүн маань өөрийн хариуцлагагүй байдлаас болоод 2021 оны 01 дүгээр сарын 07-нд архи ууж, өөрийн эрхтнээ хөлдөөж эмнэлэгт хэвтсэн. Тэгээд би эмчээс тодруулж асуухад удаан хугацаагаар хэвтэж эмчлүүлэх шаардлагатай болсон гэсэн. Энэ уурын зуух хөлдөх юм бол дор хаяж 5 тэрбум төгрөг улсын төсвөөс, Мандал Голомт ХХК өөрөөсөө 10 тэрбум төгрөг гаргасан том бүтээн байгуулалт байсан. Үүнийг хөлдөөх юм бол асар их хохирол учрах аюултай байсан учраас би эзэнгүй байлгахгүй гэсэн үүднээс түр нэг хүнийг ажиллуулж байгаа. Би энэ хугацаанд энэ байгууллагыг байгуулахын тулд удаа дараа аймгийн Засаг дарга, орон нутгийн өмчийн газарт хүсэлтээ гаргаад явж байгаа. Гэтэл 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр манай тавьсан санал аймгийн Засаг даргын зөвлөлөөр орж хэлэлцэгдээд улсын комисс хүлээж аваагүй барилга байгууламжийг хүлээж авсан сумын шийдвэр буруу байна гэдэг чиглэл өгсөн. Би өөрөө тэр хуралд нь ирж оролцсон. Танайд ямар хэмжээний байгууламж баригдсан тэр талаараа холбогдох материалаа олж ир гэсний дагуу Мандал Голомт ХХК-иас материалын жагсаалтыг нь авсан. Гэтэл танай энэ чинь буруу байгаа учир энэ байгуулагдах үндэслэлгүй байна. Ажиллаж байсан хүмүүсийг нь бүгдийн нь буцаагаад байгууллагад нь харьяалуулаад тэндээс нь цалин хөлсийг нь ав гэсэн. Байгууллага байгуулагдаагүй, эрх зүй үүсээгүй учир түүний төсөв гэж батлагдаагүй. Галч нарыг сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, Тамгын газар гэсэн 5 байгууллагаас авч ажиллуулж байсан. Менежер, нягтлан бодогч нар бол ямар ч байгууллагад харьяалал байхгүй байсан. Би Мандал Голомт ХХК-ний хүмүүс гэж бодоод бичгээр хандаж байсан. Аймгийн Засаг даргын зөвлөлийн шийдвэр гарлаа. Энэ байгууллага байгуулагдах боломжгүй учир энэ хүмүүсээ ажилд нь аваад цалинг нь тооцож өгнө үү? гэж хүсэлт тавьсан. Мандал Голомт ХХК-ний гүйцэтгэх захирал манайд энэ хүмүүс хамааралгүй. Манайх цалин өгдөггүй юм гэсэн. Тэгээд би Б.Б-с та нар яаж цалингаа авдаг байсан бэ? Цалин авч байсан баримт чинь хаана байдаг юм бэ? гэж асуумаар байна. Би сумынхаа санхүүгийн бичиг баримтыг үзээд одоогоор тийм бичиг баримт олж үзээгүй байна. Би олж үзээгүй байж болно. Эргээд галчуудыг нь байгууллагуудад нь харьяалуулаад цалинг нь нөхөж олгоод нийгмийн даатгалыг нь нөхөн төлүүлэхээр нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт тавиад явж байгаа. Менежер, нягтлан бологч нар бол харьяалах байгууллага байхгүй. Он гарснаас хойш цалингаа авч чадахгүй явж байгаа хүмүүс байгаа юм. Одоо хэрвээ Б.Б-ийн нэхэмжлэлийг хангах юм бол ямар байгууллагад ороод хаанаас цалин авахыг би мэдэхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Б.Б-ийн шүүхэд гаргасан бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Б нь ...сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/98 дугаартай захирамж байсан. Энэ захирамж дээр дулааны шугам сүлжээ, төвлөрсөн халаалтын ашиглалтын өмнөх захиргаа байгуулах тухай гэсэн захирамж байгаа. Орон нутгийн төрийн өмчит үйлдвэрийн газрын барилга байгууламж улсын комисс хүлээж авсны дараа байгуулдаг хуулийн зохицуулалт байгаа. Миний өнөөдрийн олж үзсэн байгаагаар ашиглалтын өмнөх захиргаа байгуулах зүйл байхгүй байсан. Тэгэхээр энэ хүн өмнөх засаг даргатай ямар ч хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байсан. Захирамж ч гэсэн өөрөө хүчин төгөлдөр бус. Сумын халаалтын захиргаа бол онцгой объект. Сумын албан газруудыг бүгдийн нь халаалтаар хангаж байдаг. Энэ байгууллагыг удирдаж байсан хүн маань өөрийн хариуцлагагүй байдлаас болоод 2021 оны 01 дүгээр сарын 07-нд архи ууж, өөрийн эрхтнээ хөлдөөж эмнэлэгт хэвтсэн. Тэгээд би эмчээс тодруулж асуухад удаан хугацаагаар хэвтэж эмчлүүлэх шаардлагатай болсон гэсэн. Энэ уурын зуух хөлдөх юм бол дор хаяж 5 тэр бум төгрөг улсын төсвөөс, Мандал Голомт ХХК өөрөөсөө 10 тэр бум төгрөг гаргасан том бүтээн байгуулалт байсан. Үүнийг хөлдөөх юм бол асар их хохирол учрах аюултай байсан учраас би эзэнгүй байлгахгүй гэсэн үүднээс түр нэг хүнийг ажиллуулж байгаа. Менежер, нягтлан бодогч нар бол ямар ч байгууллагад харьяалал байхгүй. гэж мэтгэлцэж байна.

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын захирамжаар Дулааны эх, үүсвэр, дулааны шугам сүлжээний ашиглалтын өмнөх захиргаа-г Ашиглалтын өмнөх захиргааны менежер, нягтлан бодогч гэсэн хоёр орон тоотойгоор байгуулж, цалинг Дэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс авдаг байсан болох нь хэрэгт авагдсан тус аймгийн Дэлгэр сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/167 дугаартай захирамж болон нэхэмжлэгчийн ...Намайг ашиглалтын өмнөх менежерээр ажиллуулаад цалинг чинь одоогоор орон тоо байхгүй учир төвлөрсөн халаалтын системийн нүүрс, тогны мөнгөнөөс бэлнээр гаргаж өгнө гэсэн. Тэгээд надад бэлнээр гаргаж өгдөг байсан гэх тайлбар, гэрч Б.Т-ийн Санхүүгийн албанаас бид 2 бэлнээр цалингаа авдаг байсан. Мөнгө хүссэн өргөдөл өгөөд авдаг байсан гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргадаггүй болно.

Нэхэмжлэгч Б.Б нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын Тамгын газарт сумын төвлөрсөн халаалтын ашиглалтын өмнөх захиргааны менежерээр 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/167 дугаартай Дулааны эх үүсвэр, дулааны шугам сүлжээний ашиглалтын өмнөх захиргаа байгуулах тухай захирамж, мөн сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/01 дугаартай Б.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай захирамж болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж зааснаар нэхэмжлэгч Б.Б нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/167 дугаартай Дулааны эх үүсвэр, дулааны шугам сүлжээний ашиглалтын өмнөх захиргаа байгуулах тухай захирамжийн 2 дугаар хавсралтад Б.Б-ийг 750.000 төгрөгөөр цалинжуулан Ашиглалтын өмнөх захиргааны менежерээр ажиллуулснаар зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 43 дугаар зүйлийн 43.1, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Б.Б-ийг ажлаас чөлөөлжээ.

Хариуцагч тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа ...Төсвийн ерөнхийлөн захирагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, байгууллагын 2020 оны 4-р улирлын тайлан ирүүлээгүй, 2021 оны бүтэц орон тоо, жилийн ажлын төлөвлөгөөгөө хуулийн хугацаанд батлуулаагүй, удаа дараа архидан согтуурч ажлын хариуцлага алдсан гэж тайлбарлаж байна.

 

Ажилтныг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн захирамж /тушаал/ нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг ажилтны эсвэл ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай.

Өөрөөр хэлбэл ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан ...Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох үндэслэлүүдээс зайлшгүй баримталсан байхыг шаарддаг.

Гэтэл хариуцагч нь Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг баримтлаагүй байгаа нь хуульд заасан журмыг зөрчсөн байна.

Түүнчлэн хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Б нь шүүх хуралдаанд Захиргааны менежер гэдэг орон тоо байх шаардлагагүй... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан атал тухайн албан тушаал буюу төвлөрсөн халаалтын зуухны Ашиглалтын өмнөх захиргааны менежерээр Д.Д гэх хүнийг хөдөлмөрийн энгийн нөхцөлөөр 750.000 төгрөгөөр цалинжуулж, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр томилсон байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/02 дугаар захирамж болон гэрч Б.Т-ийн ...Ашиглалтын өмнөх захиргааны менежерээр Д.Д гэдэг хүн ажиллаж байгаа гэх тайлбар зэргээр төвлөрсөн халаалтын зуухны Ашиглалтын өмнөх захиргааны менежерийн орон тоо нь тухайн орон нутагт зайлшгүй шаардлагатай буюу ажил үүргийн хуваарь хэвээр үргэлжилж, 750.000 төгрөгийн цалин авч байгаа болох нь нотлогдон тогтоогдож байна.

Мөн маргааны зүйл болох тус аймгийн Дэлгэр сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/01 дугаартай Б.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай захирамжийн үндэслэл болсон Төсвийн ерөнхийлөн захирагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, байгууллагын 2020 оны 4-р улирлын тайлан ирүүлээгүй, 2021 оны бүтэц орон тоо, жилийн ажлын төлөвлөгөөгөө хуулийн хугацаанд батлуулаагүй, удаа дараа архидан согтуурч ажлын хариуцлага алдсан... гэх үйл баримтууд тус бүр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Тодруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан.

 

Хуулийн энэ заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжийн 1.4-т ...ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй байна. Ийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтныг ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол тухайн ажилтны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил гэж үзнэ гэж тайлбарласан байх тул хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж ажилтныг ажлаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Мөн байгууллагын 2020 оны 4-р улирлын тайлан ирүүлээгүй, 2021 оны бүтэц орон тоо, жилийн ажлын төлөвлөгөөгөө хуулийн хугацаанд батлуулаагүй, удаа дараа архидан согтуурч ажлын хариуцлага алдсан гэх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Б нь шүүх хуралдаанд ...Энэ байгууллагыг удирдаж байсан хүн маань өөрийн хариуцлагагүй байдлаас болоод 2021 оны 01 дүгээр сарын 07-нд архи ууж, өөрийн эрхтнээ хөлдөөж эмнэлэгт хэвтсэн гэж тайлбарлаж, нэхэмжлэгч Б.Б-ийн Өвчний түүх-ийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

Гэвч гэрч Б.Т-ийн ...Өглөөний 09 цагаас оройны 18 цаг хүртэл ажлын 8 цагаар ажилладаг байсан... гэх мэдүүлэг нэхэмжлэгч Б.Б-ийн Шөнө 01 цаг 15 минутад аймгаас яриад хэмжилт хийгээд өг гэсэн. Түүний дагуу төвлөрсөн халаалтын систем дээр очиж хэмжилтээ авч өгөөд буцах гэсэн чинь тог унтарсан. Угаасаа ковид-19 гээд цахилгааны үнэ хөнгөлсөнтэй холбоотойгоор цахилгаан эрчим хүчний ачаалал нэмэгдсэн. Цахилгааны доголдол ерөнхийдөө үүссэн байсан. Тог тасрахаар нь би шөнө 2 өнгөрөөгөөд мончортой тогоо өгөөд гэр лүү явж байхад машин цасанд суусан. Цас ухаж байхад жаахан хайрагдсан гэж тайлбарлаж байх бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Б нь ажлын цагаар архидан согтуурсан гэх үндэслэл тогтоодохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т ...Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар өгнө... гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т ... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх..., 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгч буюу төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заажээ. Өөрөөр хэлбэл хариуцагч Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг дарга нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б-ийн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдээгүй гэж тайлбарлаж байна.

Хөдөлмөрийн тухай 46 дугаар зүйлийн 46.3-д улирлын шинжтэй ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын үндсэн ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг цалин хөлсний доод хэмжээгээр тооцож ажил олгогч төлөх үүрэгтэй гэж заажээ.

Өөрөөр хэлбэл ажилтны нийгмийн даатгалын дэвтэр бичилт хийлгэх нь ажил олгогчийн үүрэг тул ажилтныг буруутгах үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч Б.Б-ийг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын төвлөрсөн халаалтын зуухны Ашиглалтын өмнөх захиргааны менежерийн ажилд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу тооцож үзэхэд Б.Б-ийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 02 сар 15 хоногийн олговор 2.023.000 /хоёр сая хорин гурван мянга/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Б.Б-д олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 6 дугаар зүйлд ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж заажээ.

Талууд нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийдэггүй байсан гэж тайлбарлаж байх тул шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/167 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралтад заасан Ашиглалтын өмнөх захиргааны менежерийн тогтмол цалин болох 750.000 төгрөгийн цалингаас тооцож, уг цалингаас нэг өдрийн цалинг тооцохдоо сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын шаардлага ба татгалзлын үндэслэлүүд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаа байдал буюу талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5-д заасан зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй болон мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлж байгаа байдалд хууль зүйн үнэлэлт өгөх замаар хэргийг хянан шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 2.023.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 47,318 /дөчин долоон мянга гурван зуун арван найм/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид нийт 117.518 /нэг зуун арван долоон мянга таван зуун арван найм/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б-ийг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын төвлөрсөн халаалтын зуухны Ашиглалтын өмнөх захиргааны менежерийн ажилд ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 2 сар, 15 хоногийн олговорт 2.023.000 /хоёр сая хорин гурван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 2.023.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 47,318 /дөчин долоон мянга гурван зуун арван найм/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид нийт 117.518 /нэг зуун арван долоон мянга таван зуун арван найм/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ