| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 185/2019/0944/Э |
| Дугаар | 1066 |
| Огноо | 2020-08-25 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 1066
2020 8 25 2020/ДШМ/1066
Т.Т-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Баярхүү,
шүүгдэгч Т.Т-ийн өмгөөлөгч Н.Нарантуяа,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/1276 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Баярхүүгийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Т.Т-т холбогдох эрүүгийн 1902000680039 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Сартуул овгийн Т.Т-, 19.. оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, “..............” ХХК-д катерингийн үйлчилгээ хариуцсан ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................/;
Т.Т- нь 2019 оны 1 дүгээр сард интернет сайт ашиглан Америкийн Нэгдсэн Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай мөс гэх нэршилтэй гялгар уутны хамт нийт 475.3 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг захиалж, улмаар Олон Улсын шуудан илгээмж ашиглан 2019 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах “Шуурхай карго” шуудан илгээмжээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай мөс гэх нэршилтэй гялгар уутны хамт нийт 475.3 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Ж.Сод-Оюун, Б.Дөлгөөн нараар авахуулж, улмаар 12-28 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлүүлсэн,
2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 51-9 тоотод оршин суух иргэн Т.Төмөрсүхийн гэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканабинол”-ын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,
2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Шинэ Өргөө” хотхон, 611-17 тоот өөрийн гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканабинол”-ын агууламжтай өвс гэх нэршилтэй цаасанд боосон, цаасны хамт 3.7852 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Т.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүх талуудаас гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, уг хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад заасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүхээр уг хүсэлтийг шийдвэрлэхээр тогтсон. Шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад шаардлагатай зарим нөхцөл байдлууд эргэлзээ бүхий хэвээр, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэхээр байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан гомдол, хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна. Тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/ШЗ/2144 дугаартай шүүгчийн захирамжаар Т.Т-т холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн боловч уг шүүгчийн захирамжид заасан ажиллагаануудыг бүрэн гүйцэд хийгээгүй байна. Тухайлбал, шүүгчийн захирамжид шүүгдэгчийн сэтгэцийн дүгнэлтийг дахин хийлгэх, мөн зөөврийн компьютерт дахин үзлэг хийх, уг ажиллагаанд шүүгдэгчийг байлцуулж, тэмдэглэл үйлдэх нь зүйтэй гэж дурьдсан байна. Шүүхийн шийдвэрийг аж ахуй нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлэх ёстой. Мөн шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан Т.Т-т их хэмжээний хар тамхи худалдан авах мөнгө, хадгаламж, хөрөнгө байсан эсэх, Т.Т-ийн амьжиргааны эх үүсвэр, түүнд хэр их хэмжээний беткойн байсан, захиалга хийх тухайн цаг үед беткойн нэг бүрийн үнэ хэд байсан, Т.Т-т байсан беткойн нь мансууруулах төрлийн бодисыг авч хүрч байсан эсэх зэргийг шалгаж тогтоох шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой аливаа гэмт хэргийн нотолбол зохих зүйлд мансууруулах бодисын хэмжээ, үнэ, мөн хүний амь насанд аюултайгаар нөлөөлж болох хэмжээг тодорхойлохоос гадна тухайн хүний амьжиргааны эх үүсвэр хамаарах бөгөөд зан үйлийн байдал, хэргийг бусад нөхцөл байдлуудын талаарх нотлох баримт зэргийг нэгтгэн дүгнэж, цогц байдлаар үнэлэх нь зүйтэй. Эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв” гэжээ.
Прокурор Б.Баярхүү бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 1. Шүүгчийн захирамжид заасан мөрдөн шалгах ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд хийж гүйцэтгэсэн, энэ талаар холбогдох баримтууд хавтас хэрэгт цугларсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Т.Т-ийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой буюу хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 12-28 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, уг ажиллагааг дуу, дүрсний аргаар бэхжүүлсэн дуу, дүрсний бичлэг бүхий диск /1хх 16-21, Зхх 172/, 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, уг ажиллагааг дуу, дүрсний аргаар бэхжүүлсэн дуу, дүрсний бичлэг бүхий диск /1хх 22-26, Зхх 172/, 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр “Моко” загварын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 66-68/, 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр яллагдагч Ж.Сод-Оюуны гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 56-65/, Б.Дөлгөөний гэрчээр өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Батбилэг, Б.Лхагва нарын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1138 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 168-173 /, Ж.Сод-Оюуны яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх 233-235/, Т.Т-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх 225-226, Зхх 173-174/, нууц ажиллагааны магадлагаа /2хх 221-224/ зэрэг нотлох баримтуудаар Т.Т- нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетаманы агууламжтай “Мөс” гэх нэршилтэй 475.3 грамм буюу их хэмжээний хориглосон мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор шуудан илгээмж ашиглан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, шуудан илгээмжээр ирсэн тухайн хориглосон мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисоо гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй Ж.Сод-Оюун, Б.Дөлгөөн нараар авхуулж, худалдаалах зорилгоор тэдгээрээр хууль бусаар тээвэрлүүлсэн, мөн худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ болон орон гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан үйлдэл, үйл баримт батлагдсан. Анхан шатны шүүхээс “Т.Т-т хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг их хэмжээгээр худалдан авах мөнгө, хадгаламж, хөрөнгө байсан эсэх, түүний амьжиргааны эх үүсвэр, түүнд хэр их хэмжээний беткойн байсан, захиалга хийх тухайн цаг үед беткойн нэг бүрийн үнэ хэдэн төгрөг байсан, Т.Т-т байсан беткойн нь мансууруулах төрлийн бодисыг авч хүрч байсан эсэх зэргийг шалгаж тогтоох шаардлагатай” гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Т-ийн өөрийнх нь ашигладаг зөөврийн компьютерыг хураан авч, үзлэг хийсэн, түүний интернет хөтөчийн түүхийг шалгахад түүний интернет сүлжээгээр нууцлалтай нэвтэрдэг хаягууд болон захиалга өгөхдөө ашигладаг нэр, хаяг, гар утасны дугаар зэрэг зүйлүүд илэрсэн. 14 сайт хаяг руу нэвтэрч захиалга хийдэг байсан нь тогтоогдсон. Мөн Т.Т-ээс хураан авсан гар утсан дахь мэдээллийг шалгаж тодруулах зорилгоор шинжилгээ хийлгэхэд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Батбилэг, Б.Лхагва нарын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1138 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн гар утсаар холбогдож байсан гэх wifi сүлжээний нэрс, уг гар утсанд үлдээгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн зөөврийн компьютероор холбогдож байсан сүлжээний мэдээллийг тогтоох боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн гар утаснаас интернетэд хандсан 181 удаагийн хандалт байна. Зөөврийн компьютерын интернет хөтөчийн хандалтыг түүхээс хэрэгт ач холбогдол бүхий 599 удаагийн интернет хандалт байна. Шинжилгээнд ирүүлсэн зөөврийн компьютерт байгаа 13 цахим хуудасны холбоосууд нь онлайн худалдаа хийх зориулалттай бөгөөд беткойн ашиглаж худалдаа хийх боломжтой байна” гэсэн дүгнэлт гарсан зэргээр тухайн асуудлыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар боломжтой хэлбэрээр бүрэн тогтоосон байна.
2. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч О.Баатаржав, Б.Соёлмаа, Я.Ганхүү нарын 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 476 дугаартай дүгнэлтээр “...Т.Т- нь каннабинойд бодисын хэтрүүлэн хэрэглээтэй байсан байна. Т.Т- нь каннабинойд бодисын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Т.Т- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Т.Т- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Т.Т- нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм, бодисын хамааралтай гэх шинж үгүй байна...’’ гэсэн дүгнэлт гарсан бөгөөд тухайн шинжилгээг хийхэд яллагдагчийг биечлэн оролцуулж, улмаар түүнээс асуулт асууж, харилцан ярилцах замаар 3 хүний бүрэлдэхүүнтэй гаргадгаараа онцлогтой ба дахин шинжилгээ хийлгэх үндэслэл буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдол нэмэлт болон дахин шинжээч томилно...” гэж заасан үндэслэл тодорхойлогдоогүй байхад дахин шинжилгээ хийлгэх үндэслэлгүй байна.
Иймд шүүгчийн захирамжид заасан хэргийг прокурорт буцаах болсон шалтгаан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлд хамаарахгүй байх тул “шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/1276 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв
Шүүгдэгч Т.Т-ийн өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хэрэгтэй холбоотой хийгдсэн ажиллагааны талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалттай холбоотой Улсын Дээд шүүхийн 225 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолд “захиалж байгаа эх үүсвэр болон амьжиргааны эх үүсвэрийг заавал шалгах шаардлагатай” гэсэн. Т.Т-т 0.4 беткойн байсан. Өмгөөлөгчийн зүгээс беткойн нь 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 2 дугаар сар хүртэл хэдэн төгрөг, эсхүл доллар байсан бэ гэдгийг шалгах шаардлагатай гэж үзэж байна. Мөн сэтгэцийн дүгнэлт болон үзлэг, тэмдэглэлүүдийг хийхдээ Т.Т-ийг цагдан хорьж байсан учраас өөрийг нь болон өмгөөлөгчийг нь оролцуулаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад процесс алдаа гаргаж хөндлөнгийн гэрчээр дадлагын оюутнуудыг оролцуулсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс удаа дараа хүсэлт гаргасны дагуу анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Гэтэл шүүгчийн захирамж биелэгдээгүй. Учир нь, нэмэлт ажиллагааг хийхдээ зөвхөн 4-5 хүнээс “хөндлөнгийн гэрчээр оролцсон” гэх мэдүүлэг аваад үүнийгээ СD-гээр баталгаажуулсан гэх боловч СD-г үзэхэд тодорхой зүйл байдаггүй. Т.Т- нь “тухайн үед сэтгэцийн шинжилгээ хийж байсан 3 эмчтэй муудалцаад гарсны улмаас намайг байнгын хэрэглэгч гэж тодорхойлсон байна. Би анх удаа хэрэглэж үзэж байгаад баригдсан. Би захиалсан нь үнэн” гэдэг. 554 грамм мансууруулах бодис гэдэг нь маш их хэмжээ. Монгол улсад 1 грамм мансууруулах бодис хэдэн төгрөгийн үнэлгээтэй байдаг, дэлхийн зах зээл дээр хэдий хэмжээний үнэлгээтэй байдаг зэргийг харгалзан 544 граммд нь үржүүлж бодоход Т.Т-т 500.000.000 төгрөг байсан болох гээд байна. Гэтэл тухайн 500.000.000 төгрөг Т.Т-т байсан юм уу, өөр хэн нэгэнд ял завших боломж олгоод байна уу гэдэг үүднээс удаа дараа хүсэлт гаргаж байгаа. Иймээс беткойны хэмжээг заавал тогтоох шаардлагатай. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Т.Т-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг бүхэлд нь хянахад, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/1276 дугаартай шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан байна.
Уг захирамжинд “тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/ШЗ/2144 дугаартай шүүгчийн захирамжинд заасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан ажиллагаануудыг бүрэн гүйцэт хийгээгүй байна” гэжээ.
Хэрэгт авагдсан 2019 оны 2019/ШЗ/2144 дугаартай шүүгчийн захирамж /3 хх 160-164/-аар мөрдөн шалгах зарим ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулах талаарх зохицуулалтыг зөрчиж, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжилгээнд зориулж дээж авсан тэмдэглэл, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, зөөврийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэгт хөндлөнгийн гэрчээр оролцсон хүмүүс нь он сар өдөр, байршил, цаг хугацааны хувьд давхардсан байдлаар оролцсон, зарим нь гэрчээр оролцсон хүний биеийн байцаалт, гарын үсгийн тайлал байхгүй байгаа зэрэг ноцтой зөрчил байгаа зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байна гэснийг зөрчиж, ажиллагаанд оролцсон гэж үзэх үндэслэлтэй байна гэж дурьджээ.
Гэтэл дээрх заалтын дагуу нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад “Хан-Уул дүүргийн II хэлтэст эрүүгийн мөрдөгч” гэх Г.Хишигдоржийг гэрчээр мэдүүлэг авч, “би тухайн хэрэгт хөндлөнгийн гэрчээр оролцсон нь үнэн” тухайгаа мэдүүлжээ.
Энэ байдлаар шүүгчийн захирамжийн заалтыг биелүүлсэн гэж үзэж байгаа бол тухайн шүүгчийн захирамжийн “яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт, дүгнэлтийн хавсралт зэрэгт бичигдсэн бодисын жин, граммын асуудлыг нэг мөр ойлгомжтой болгон ирүүлэх шаардлагатай. Шүүгдэгчийн сэтгэцийн дүгнэлтийг дахин хийлгэх, мөн зөөврийн компьютерт дахин үзлэг хийх, уг ажиллагаанд шүүгдэгчийг байлцуулж, тэмдэглэл үйлдэх нь зүйтэй байна” гэсэн заалтыг хэрхэн яаж биелүүлж, энэ талаар мөрдөн шалгах ямар ажиллагаа явуулсан болох нь ойлгомжгүй үлдсэн байна.
Өөрөөр хэлбэл, 2019 оны 2019/ШЗ/2144 дугаартай шүүгчийн захирамжинд эрх бүхий этгээд гомдол, эсэргүүцэл бичиж дээд шатны шүүхээр хянагдаагүй хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул түүний биелэлтийг анхан шатны шүүх шаардах нь хууль ёсны асуудал юм.
Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/1276 дугаартай шүүгчийн захирамжийн “беткойн ашиглаж худалдаа хийсэн гэж үзэж байгаа бол тухайн цаг үеийн нэг бүрийн үнэ хэд байсныг тогтоож, амьжиргааны эх үүсвэр болон бусад байдлаар тухайн төрлийн мансууруулах бодисыг авч хүрч байсан эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай” тухай заалт үндэслэлтэй, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/1276 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Баярхүүгийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/1276 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Баярхүүгийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ