Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 212/МА2018/00094

 

“Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,  тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2018/00456 дугаар шийдвэртэй, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “К” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.        

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, хариуцагчийн өмгөөлөгчид С.Нургайып, А.Серикжан нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “К” ХХК-тай байгуулсан ДТХ-0,7 маркийн усан халаалтын зуух худалдах-худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 27000000.00 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг дуусталх хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувь буюу 31104000.00 төгрөгийн алданги, нийт 58104000.00 төгрөг гаргуулах тухай.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “К” ХХК-тай байгуулсан ДТХ-0,7 маркийн усан халаалтын зуух худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Хариуцагчид хандан гэрээний үүргээ биелүүлэх талаарх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч үүргээ биелүүлж төлбөрөө төлөөгүй тул 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг дуусталх хугацаа болох 384 хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувь буюу хоног тутамд 81000.00 төгрөгийн алданги тооцож 31104000.00 төгрөг, нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “К” ХХК-тай байгуулсан ДТХ-0,7 маркийн усан халаалтын зуух худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгчид төлөх ёстой 45000000.00 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 27000000.00 төгрөг, нийт 58104000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Тус компани 2013 онд 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд өөрийн хөрөнгөөр Сагсай сумын төвд нэгдсэн халаалт түгээх станц барьж байгуулсан. Дулааны станцыг ашиглалтад оруулахын тулд халаалтын зуух дутуу байсан учраас хөрөнгө оруулалт хийх этгээдийг эрж хайсан. Тэр үед надтай М.С, С.М гэдэг хүмүүс тааралдаж тэд дулааны зуухыг нийлүүлж өгөхөөр болж төлбөрт нь компанийн 40 хувийн хувьцааг авахаар болж, харилцан тохиролцож, уг хувьцааг М.С, С.М нарын нэр дээр шилжүүлж өгсөн. Бид тохиролцсон ёсоор М.С, С.М нар манай компаниас авсан 40 хувийн хувьцааны оронд төлбөр болгож Улаанбаатар хотоос 2016 оны 9 дүгээр сард зуух авч ирж байрлуулсан. Үүгээр тооцоо дууссан болно.

Гэтэл М.С, С.М нар өөрсдийнхөө зардлаар биш манай компанийн нэрийг барьж хуурамч гэрээ байгуулах замаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Э” гэх компаниас зээлээр халаалтын зуух авсан болохыг 2018 оны 01 дүгээр сард шүүх дэх хавтаст хэргээс олж мэдлээ. 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар тус компанийн захирал Х.Т байсан бөгөөд М.С, С.М нар тус компанийг хуульд зааснаар бүрэн төлөөлөх этгээдүүд биш байсан. Энэ нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон “хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа” зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдоно. “Э” ХХК нь аливаа этгээдтэй гэрээ байгуулахдаа тухайн этгээдийн итгэмжлэлийг шалгах ёстой байсан. “К” ХХК нь нэхэмжлэгч “Э” ХХК-тай аливаа төрлийн гэрээ байгуулах тухай санал тавьж,  гэрээ байгуулж байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв нэхэмжлэгч “Э” ХХК нь ямар нэгэн байдлаар хохирсон гэж үзэж байгаа бол хохирлоо С.М нараас шаардах нь зүйтэй.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2018/00456 дугаар шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК болон “К” ХХК-ийн хооронд 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан ДТХ-0,7 маркийн усан халаалтын зуух худалдан авах тухай 16/32 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсугай.

2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч “К” ХХК-аас ДТХ-0,7 маркийн усан халаалтын зуухны үнээс үлдсэн 27.000.000 /хорин долоон сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31.104.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2018/00456 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүд:

Иргэний хуулийн 492-496 дугаар зүйлд зохицуулсан үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой хуулийн зүйл заалтууд нь холбогдох эзний зөвшөөрөлгүй, хууль бусаар олж авсан хөрөнгийг буцааж эзэнд нь олгох зорилготой. Энэ зарчмын дагуу аливаа хөрөнгийг эзэмших эрх зөвхөн түүний эзний зөвшөөрлийн үндсэн дээр л бусдад шилжих боломжтой бөгөөд ингээгүй тохиолдолд шилжүүлгийг эрх зүйн үндэслэлгүй гэж үзэх тул тус хөрөнгийг эзэнд нь буцаан олгох ёстой. Үндсэндээ гэм хорын эрх зүйн зохицуулалтууд нь хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд чиглэдэг бол үндэслэлгүй хөрөнгөжих бүлгийн зохицуулалт нь хөрөнгө шилжүүлэн авсан этгээдээс уг хөрөнгийг бүр мөсөн авч эзэнд нь олгодог. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т буй “үүрэг үүсээгүй”, “хөрөнгө олж авсан” гэсэн хэсгийг утга зүйн үүднээс нь тайлбарлавал хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлснээс гадна бусад байдлаар шилжсэн тохиолдлыг хамрах нь харагддаг. Хуулийн уг заалтад тусгагдсан үндэслэлүүдийг 1-т, үг хэллэг болон утга зүйн хувьд хөрөнгийн эзний ухамсартай үйлдлээр хөрөнгөө шилжүүлсэн тохиолдол /шилжүүлгийн улмаас хөрөнгөжсөн/, 2-т, өөр этгээд хөрөнгийг бусад байдлаар олж авсан тохиолдол хэмээн хоёр ангилж болохоор байна. Эхний тохиолдолд суурь хэлцэл хүчингүй байх нөхцөлд /ИХ-ийн 56-60 дугаар зүйл/ хөрөнгийг буцаан олгох үндэслэл байх бол хоёр дахь нь ерөөсөө суурь хэлцэл байхгүй тохиолдол хамардаг.

Хариуцагч “К” ХХК-ийн төлөөлөгч захирал Х.Т шүүхэд хандаж: “...хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс гаргаж өгсөн гэрээ, акт, тэмдэглэл зэрэг баримтуудын аль алинд миний бие гарын үсэг зурж байгаагүй, урьд өмнө эдгээр баримтуудыг харж байгаагүй юм байна. Үүнийг М.С, С.М нар хариуцах ёстой. “К’’ХХК нь “Э” ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулж байгаагүй. ДТХ-0,7 маркийн усан халаалтын зуухыг М.С нийлүүлсэн, төлбөрт нь компанийн 40%-ийн хувьцааг өгсөн. Ингээд манай компани М.С хоорондын тооцоо дууссан юм..." гэж нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байгаа. Хариуцагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч “К” ХХК болон гэрч М.С нарын хооронд ДТХ-0,7 маркийн усан халаалтын зуух худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд К ХХК хэлэлцэн тохиролцсон ёсоор компанийн 40%-ийн хувьцааг С.М /М.С-ийн эхнэр/-д шилжүүлсэн, С.М, М.С нар хувьцааны оронд зуухыг “К” ХХК-нд нийлүүлсэн байдаг. Энэ тохиолдолд хариуцагч “К” ХХК нь ДТХ-0,7 маркийн усан халаалтын зуухны хувьд шударга эзэмшигч нь болж байгаа. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т "Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ", мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т "Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй" гэж заасан байхад шүүх зуухны хууль ёсны эзэмшигч “К” ХХК-аас зуухны үлдэгдэл төлбөрийг гаргуулж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Харин иргэн /гэрч/ М.С болон С.М нар “К” ХХК-ийн нэрийг барьж “Э” ХХК-тай гэрээ байгуулсан нь хуульд нийцээгүй үйлдэл бөгөөд эрх зүйн харилцаа тэдгээрийн хооронд үүссэн. Тэгэхээр хариуцагч “К” ХХК нотлох баримтаа бүрдүүлж С.М, М.С нараас зуухны үлдсэн мөнгийг жич нэхэмжлэх биш, харин эсрэгээрээ нэхэмжлэгч  “Э” ХХК нотлох баримтаа бүрдүүлж С.М, М.С нараас зуухны үлдсэн мөнгийг жич нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн боловч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн боловч үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нь хариуцагч “К” ХХК-д холбогдуулан халаалтын зуухны үнийн үлдэгдэл 27000000.00 төгрөг, худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон алданги 31104000.00 төгрөг, нийт 58104000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, “Э” ХХК болон “К” ХХК-ийн хооронд 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан гэх 16/32 дугаартай “ДТХ-0,7 маркийн усан халаалтын зуух худалдан авах гэрээ”, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 45 дугаар “Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ДТХ-0,7 маркийн зуухыг шинээр угсрах 16/32 тоот ажлын гэрээг дүгнэх акт”, 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2017/24 дугаартай “Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ДТХ-0,7 маркийн зуухыг ашигласан болон төлбөр тооцооны тухай хурлын тэмдэглэл” зэрэг бичмэл нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.

 

            1. Үндсэн нэхэмжлэлийн үндэслэл болсон дээрх худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “16/32 дугаартай “ДТХ-0,7 маркийн усан халаалтын зуух худалдан авах гэрээ” байгуулагдсан гэх 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар тус гэрээнд “К” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан С.М, М.С нар нь тус компанийг төлөөлөх эрхгүй байсан” гэж тайлбарлажээ.

 

Сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон ба хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-28/, 000126511 дугаартай хуулийн этгээдийг улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-34/, “К” ХХК-ийн захирал Х.Т-ээс иргэн С.М-д олгосон итгэмжлэл /хх-173/ зэргээс дүгнэвэл, С.М, М.С нар нь хариуцагч “К” ХХК-ийн зөвшөөрөлгүй, төлөөлөх эрхгүй байхдаа 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тус компанийн нэрийн өмнөөс “Э” ХХК-тай тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь хууль бус байна.

 

Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар “Э” ХХК болон “К” ХХК-ийн хооронд 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан гэх 16/32 дугаартай “ДТХ-0,7 маркийн усан халаалтын зуух худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэж “К” ХХК-ийн захирал Х.Т-ээс иргэн С.М-д олгосон итгэмжлэл /хх-173/-ийг шүүхэд гаргаж өгсөн боловч энэхүү итгэмжлэлээр компанийн гүйцэтгэх удирдлагаас иргэн С.М-д тус компанийн нэрийн өмнөөс компанид эд хөрөнгө худалдан авах гэрээнд гарын үсэг зурах эрх олгоогүйн дээр уг итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн гэрч Б.С-ийн “2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Э” ХХК-ийн захирал Н, менежер Б нартай Улаанбаатар хотод байрлах Хан-Уул дүүргийн барилгын корпорацийн 207 тоотод гэрээг байгуулсан. Гэрээг байгуулах үед “Э” ХХК-ийн захирал Н, менежер Б бид гурваас өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг, гэрч Ш.Б-ийн “...“Э” ХХК, “К” ХХК-ийн хооронд худалдах-худалдан авах гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод байгуулсан. Уг гэрээг байгуулахад “К” ХХК-ийн дэд захирал С.М, менежер М.С, “Э” ХХК-ийн захирал Л.Н, мөн би хамт байсан. Энэ гэрээг байгуулахад Т болон түүний эхнэр хамт байгаагүй.” гэх мэдүүлгээр 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн халаалтын зуух худалдах-худалдан авах гэрээг үзэглэх үед хариуцагч “К” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд байлцаагүй нь нотлогдон тогтоогджээ.

 

2. “Э” ХХК-ийн “К” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 45 дугаар “Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ДТХ-0,7 маркийн зуухыг шинээр угсрах 16/32 тоот ажлын гэрээг дүгнэх акт”, 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2017/24 дугаартай “Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ДТХ-0,7 маркийн зуухыг ашигласан болон төлбөр тооцооны тухай хурлын тэмдэглэл” зэрэг баримтуудад зурагдсан “техникч Х.Т”, “К” ХХК-ийн захирал Х.Т” гэх гарын үсгүүд хариуцагч “К” ХХК-ийн захирал Х.Т-ий гарын үсэг биш болох нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 40 дугаар, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 44 дүгээр шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон тул эдгээр эргэлзээтэй бичмэл баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар үнэн зөв талаас нь үнэлэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоогүй, “Э” ХХК болон “К” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар ДТХ-0,7 маркийн усан халаалтын зуух худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

3. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж үндэслэлтэй дүгнэсэн боловч үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдагдаагүй асуудлаар хариуцагч “К” ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн  492 дугаар зүйлийн 492.1.-т зааснаар бусдын өмнө /2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан С.М, М.С нарын/ хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд /нэхэмжлэгч “Э” ХХК/ уг зүйлийг олж авсан этгээдээс /“К” ХХК/ дээрх хөрөнгийг мөн зүйлийн 492.1.1.-т зааснаар “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй” тохиолдолд шаардах эрхтэй ба хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хариуцагчийн тайлбараас дүгнэвэл, нэхэмжлэгч “Э” ХХК-д хариуцагч “К” ХХК-д холбогдуулан энэхүү шаардах эрхээ хэрэгжүүлэх үндэслэл үүсээгүй байна.

Учир нь, хэрэгт авагдсан 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ДТХ-0,7 маркийн усан халаалтын зуух худалдах-худалдан авах гэрээнд иргэн С.М, М.С нар гарын үсэг зурсан бөгөөд хариуцагчийн тайлбар, гэрч С.Х-ийн “Т надад хэлэхдээ би өөрийнхөө мөнгө хүрэлцэхгүйн улмаас энэ зуухыг С гэдэг хүн авч ирж тавьсан. Би түүнд компаниас хувь өгөхөөр болсон гэж хэлж байсан. С гэдэг хүн бас би энэ компанийн захирлаар ажиллахаар болсон, би энэ компаниас хувь эзэмшихээр болсон гэж надад ойлгуулсан” гэсэн мэдүүлэг, “К” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “К” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл зэргээс үзвэл, хариуцагч “К” ХХК болон иргэн С.М, М.С нарын хооронд ДТХ-0,7 маркийн усан халаалтын зуух, компанийн хувьцаа эзэмших эрхийн талаар үүрэг үүссэн нь нотлогджээ.

 

4. “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “К” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор давж заалдах журмаар хэлэлцэх 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 10:30 цагт эхлэх тухайн өдрийн 4 дэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Б.Х-т 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр, “Э” ХХК-ийн захирал Л.Н-т 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тус тус мэдэгдсэн боловч нэхэмжлэгч талаас давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй байна.

 

Харин тус иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор давж заалдах журмаар хянан шийдвэрлэсний дараа, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 17:49 цагт тус шүүхийн Тамгын газрын ([email protected]) цахим шуудангаар нэхэмжлэгч “Э” ХХК-аас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг хэлэлцэх боломжгүйг тэмдэглэх нь зүйтэй. Нэхэмжлэгч талыг давж заалдах шатны  иргэний хэргийн шүүх хуралдаанд цахим сүлжээгээр, зайнаас оролцох боломжтой талаар шүүхээс тайлбарласан боловч энэ талаар хүсэлтээ ирүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2018/00456 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-ын хариуцагч “К” ХХК-д холбогдуулан гаргасан ДТХ-0,7 маркийн усан халаалтын зуухын үнээс үлдсэн 27000000.00 төгрөг, алданги 31104000.00 төгрөг, нийт 58104000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

3 дугаар заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 448500.00 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200.00 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч “Э” ХХК-аас 70200.00 төгрөг гаргуулж хариуцагч “К” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292950.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, хариуцагчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                              

С.ӨМИРБЕК