Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00273

 

“Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2018/00456 дугаар шийдвэр,

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 212/МА2018/00094 дүгээр магадлалтай,

   “Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            “К ” ХХК-д холбогдох

         2016 оны 09 сарын 15-ны өдөр “К ” ХХК-тай байгуулсан ДТХ-0,7 маркийн усан халаалтын зуух худалдах, худалдан авах гэрээний дагуу авах ёстой үлдэгдэл төлбөр 27,000,000.00 төгрөг, 2016 оны 12 сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 сарын 08-ны өдрийг дуусталх хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувь буюу 31,104,000.00 төгрөг, нийт 58,104,000.00 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

2016 оны 09 сарын 15-ны өдөр “К ” ХХК-тай байгуулсан ДТХ-0,7 маркийн усан халаалтын зуух худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Наранбаатар, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: 2016 оны 09 сарын 15-ны өдрийн “К ” ХХК-тай байгуулсан ДТХ-0,7 маркийн усан халаалтын зуух худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгчид төлөх ёстой 45,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 27,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгөхийг хүсэж байна. Хариуцагчид хандсан гэрээний үүргээ биелүүлэх талаарх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч үүргээ биелүүлж төлбөрөө төлөөгүй тул 2016 оны 12 сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 сарын 08-ны өдрийг дуусталх хугацаа болох 384 хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувь буюу хоног тутамд 81,000 төгрөгийн алданги тооцож 31,104,000 төгрөг гаргуулах ба нийт 58,104,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч “К ” ХХК-ийн захирал Х.Тилегений шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус компани 2013 онд нэг гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд өөрийн хөрөнгөөр Сагсай сумын төвд нэгдсэн халаалт түгээх станц барьж байгуулсан юм.

Дулааны станцыг ашиглалтад оруулахын тулд халаалтын зуух дутуу байсан учраас хөрөнгө оруулалт хийх этгээдийг эрж хайсан. Тэр үед надад М.Семби, С.Махсура гэдэг хүмүүс тааралдаж тэд дулааны зуухыг нийлүүлж өгөхөөр болж уг төлбөрт компанийн 40 хувийн хувьцааг авахаар болж харилцан тохиролцож уг хувьцааг М.Семби, С.Махсура нарын нэр дээр шилжүүлж өгсөн юм. Ингээд тохиролцсон ёсоор М.Семби, С.Махсура нар манай компаниас авсан 40 хувийн хувьцааны оронд Улаанбаатар хотоос 2016 оны 9 сард зуух авчирч байрлуулсан. Үүгээр тооцоо дууссан. Гэтэл М.Семби, С.Махсура нар өөрсдийнхөө зардлаар биш манай компанийн нэрийг барьж буюу хуурамч гэрээ байгуулах замаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Э ” гэдэг компаниас зээлээр халаалтын зуух авсан байж болохыг 2018 оны 1 сард шүүх дэх хавтаст хэргээс мэдлээ. 2016 оны 09 сарын 15-ны өдрийн байдлаар тус компанийн захирал Хабасын Тилеген би байсан бөгөөд М.Семби, С.Махсура нар тус компанийг хуульд зааснаар бүрэн төлөөлөх этгээдүүд биш байсан. Энэ нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдоно. Би “Э ” ХХК-ийн захирал Л.Наранбаатар гэдэг хүнийг хараагүй, танихгүй. М.Сембе гэдэг хүн өөрийн хөрөнгөөр 45,000,000 төгрөгөөр зуух нийлүүлэхээр тохиролцсон. М.Сембе гэдэг хүн зуух хийж өгчхөөд Хятад руу явсан. Наурызын баяраар Л.Наранбаатар гэх хүн тэр хүнийг хайж ирсэн. М.Сембе гэдэг хүн өөрөө төлж өгөхөөр тохиролцсон байсан. Би тухайн зуухтай ямар ч холбоогүй. 2017 оны 12 сард компани 40 хувийн хувьцааг 140,000,000 төгрөгөөр худалдсан. Хувьцааны үнээр зуухны үнийг төлөхөөр тохиролцсон. Л.Наранбаатар гэдэг хүн М.Сембээс зуухны үнийг авч чадахгүй гэдгээ мэдсээр байж, М.Сембе Завхан аймгийн 2 суманд зуух нийлүүлсэн байна. Тэд өөрсдөө холбоотой тул намайг хариуцагчаар татаж байгаа гэж бодож байна. Тухайн үед ямар ч гэрээ байгуулаагүй. 2016 оны 9 дүгээр сард би компанийн захирал байсан. Компани 40 хувьд нь оролцох голлох асуудлыг итгэмжлэлээр Улсын бүртгэлд очиж бүртгүүлсэн, тэрний дараа нь биеэрээ очиж цуцалсан. Манай компанид ямар ч дэд захирал, менежер гэсэн албан тушаал байхгүй. “Э ” ХХК нь аливаа этгээдтэй гэрээ байгуулахдаа тухайн этгээдийн итгэмжлэлийг шалгах ёстой байсан. Энэ тохиолдолд итгэмжлэлийг шалгаагүй байна. Тийм учраас дээрх гэрээ эргэлзээтэй байна. Нэг үгээр хэлбэл “К ” ХХК нь нэхэмжлэгч “Э ” ХХК-тай аливаа төрлийн гэрээ байгуулах тухай санал тавьж байгаагүй, түүнчлэн “Э ” ХХК-аас аливаа зуух худалдаж авах тухай гэрээ байгуулж байгаагүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “К ” ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Тус компани 2013 онд нэг гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд өөрийн хөрөнгөөр Сагсай сумын төвд нэгдсэн халаалт түгээх станц барьж байгуулсан юм. Дулааны станцыг ашиглалтад оруулахын тулд халаалтын зуух дутуу байсан учраас буюу компани мөнгөгүй байсан учраас хөрөнгө оруулалт хийх этгээдийг эрж хайж яваад М.Семби, С.Махсура гэдэг хүмүүс тааралдсан. Тэд дулааны зуухыг нийлүүлж өгөхөөр болж уг төлбөрт компанийн 40 хувийн хувьцааг авахаар болж харилцан тохиролцож уг хувьцааг М.Семби, С.Махсура нарын нэр дээр шилжүүлж өгсөн юм. Ингээд тохиролцсон ёсоор М.Семби, С.Махсура нар манай компаниас авсан 40 хувийн хувьцааны оронд Улаанбаатар хотоос 2016 оны 9 дүгээр сард зуух авчирч байрлуулсан. Үүгээр тооцоо дууссан. Гэтэл М.Семби, С.Махсура нар хэлэлцэн тохиролцсон ёсоор зуухыг манай компанид нийлүүлэхдээ өөрсдийн зардлаар биш манай компанийн нэрийг барьж “Э ” гэдэг компанитай хуурамч гэрээ байгуулах замаар халаалтын зуухыг зээлээр авсан байжээ. М.Семби, С.Махсура нар компанийг бүрэн төлөөлөх эрхгүй учраас хэрэгт авагдсан нотариатаар хуулбар үнэн гэж гэрчлүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус хуурамч гэрээ байна. “К ” ХХК нь нэхэмжлэгч “Э ” ХХК-тай аливаа төрлийн гэрээ байгуулах тухай санал тавьж байгаагүй, түүнчлэн “Э ” ХХК-аас аливаа зуух худалдаж авах тухай гэрээ байгуулж байгаагүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг баримтлан “Э ” ХХК болон “К ” ХХК хооронд 2016 оны 09 сарын 15-ны өдөр байгуулагдсан ДТХ-0,7 маркийн усан халаалтын зуух худалдан авах тухай 16/32 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Э ” ХХК нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч Х.Тилеген нь “Э ” ХХК-тай 2016 оны 09 сарын 16-ны өдөр байгуулсан Зуух худалдах, худалдан авах гэрээний талаар мэдээгүй байсан мэтээр сөрөг нэхэмжлэлд дурдсан нь хариуцлагаас зайлсхийх гэсэн бусармаг оролдлого гэж үзэж байна. Учир нь гэрээг дүгнэх уулзалтад өөрийн биеэр байлцаж байсан, гэрээг түүний гэрт байгуулсан мөн гэрээний үүргээ биелүүлэх талаар нэхэмжлэгч Л.Наранбаатар болон өмгөөлөгч Б.Хосбаяр миний бие Баян-Өлгий аймагт 2017 оны 12 сарын 05-ны өдөр Сагсай сумын Засаг даргын өрөөнд Засаг дарга болон бусад албаны хүмүүсийн хамт очиж биечлэн уулзахад гэрээний үүргийг биелүүлэх талаар хүлээн зөвшөөрч байсан. Мөн 2016 оны 09 сарын 02-ны өдөр Х.Тилеген нь Худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан С.Махсура гэх иргэнд итгэмжлэлээр олгосон эрхийн хугацаанд хийгдсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзэж байна. Иймд “К ” ХХК-аас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2018/00456 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар нэхэмжлэгч “Э ” ХХК болон “К ” ХХК-ийн хооронд 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан ДТХ-0,7 маркийн усан халаалтын зуух худалдан авах тухай 16/32 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “К ” ХХК-аас ДТХ-0,7 маркийн усан халаалтын зуухны үнээс үлдсэн 27,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31,104,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 448,470 төгрөг, хариуцагч “К ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “К ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 292,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э ” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Э ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч “К ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.                                               

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 212/МА2018/00094 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2018/00456 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул “Э ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаярын хариуцагч “К ” ХХК-д холбогдуулан гаргасан ДТХ-0,7 маркийн усан халаалтын зуухын үнээс үлдсэн 27,000,000 төгрөг, алданги 31,104,000 төгрөг, нийт 58,104,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дугаар заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 448,500 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч “Э ” ХХК-аас 70,200 төгрөг гаргуулж хариуцагч “К ” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие нь Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 212/МА2018/00094 дүгээр магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд дараах гомдлыг гаргаж байна. “К ” компанийн захирал Х.Телеген, Сагсай сумын Засаг дарга Хоноев нар нь 2016 оны 09 сарын 15-ны өдөр манай компанитай байгуулсан гэрээний талаар мэдэж байсан бөгөөд тэрхүү гэрээний үүрэг болох усан халаалтын ДТХ-0,7 зуухны үнийг төлж барагдуулах талаар “Э ” ХХК-ийн захирал Л.Наранбаатар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаяр нар Баян-Өлгий аймагт биечлэн очиж уулзахад зуухны үнийг төлж барагдуулахаа зөвшөөрч байсан атлаа тус хэрэгт төлбөр тооцооны үлдэгдлийн талаар огт мэдэхгүй байсан бөгөөд 2018 оны 1 дүгээр сард нэхэмжлэлээс олж мэдсэн гэж худлаа мэдүүлсэн нь бусдыг хариуцлагад үлдээж, өөрөө хариуцлагаас зайлсхийж, хууль бусаар хөрөнгөжих гэсэн санаатай үйлдэл гэж үзэж байна. “К ” компани нь манай компанийн эзэмшлийн ДТХ-0,7 загварын усан халаалтын зуухыг өөрийн компанийн эзэмшилд үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авч 2016 оны 9 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд эзэмшиж, ашиглаж түүнээс ашиг орлого олж байгаа атлаа тус зуухны үнийг төлөхгүй манай компанид хохирол, чирэгдэл учруулж байгаад гомдолтой байна. Иймд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 212/МА2018/00094 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Э ” ХХК нь хариуцагч “К ” ХХК-д холбогдуулан  2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан ДТХ-0,7 маркийн усан халаалтын зуух худалдах-худалдан авах гэрээний дагуу авах ёстой үлдэгдэл төлбөр 27,000,000.00 төгрөг, алданги 31,104,000.00 төгрөг, нийт 58,104,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “К ” ХХК-тай байгуулсан ДТХ-0,7 маркийн усан халаалтын зуух худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх “Э ” ХХК болон “К ” ХХК-ийн хооронд 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан ДТХ-0,7 маркийн усан халаалтын зуух худалдах-худалдан  авах тухай 16/32 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож,    хариуцагч “К ” ХХК-аас усан халаалтын зуухны үнээс үлдсэн 27,000,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э ” ХХК-д олгож, алданги 31,104,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан  шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ДТХ-0,7 маркийн усан халаалтын зуух худалдах-худалдан авах гэрээг захиалагч “К ” ХХК-ийг төлөөлж менежер М.Сэмби, гүйцэтгэгч “Э ” ХХК-ийг төлөөлж менежер Ш.Батчимэг нар байгуулж, “Э ” ХХК-ийн захирал Л.Наранбаатар болон “К ” ХХК-ийн дэд захирал С.Махсура нар баталжээ.

Дээрх гэрээг байгуулах үед С.Махсура нь “К ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш байсан нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон, түүнчлэн нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн С.Махсурад олгосон 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1997 дугаартай итгэмжлэлд С.Махсурад “К ” ХХК-ийг төлөөлж худалдах-худалдан авах болон бусад гэрээ байгуулах талаарх эрхийг олгоогүй, зуух худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед хариуцагчийн төлөөлөгч Х.Тилеген байлцаагүй тухай М.Сембе, Ш.Батчимэг нар шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх баримтыг зохигчдын гаргасан тайлбартай харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “...усан халаалтын зуух худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед С.Махсура, М.Семби нар хариуцагч “К ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш гэж дүгнэн, хариуцагчийн   сөрөг нэхэмжлэлийн  шаардлагыг хангасан нь  Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.11., Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д нийцжээ.

Нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй ДТХ-0,7 маркийн усан халаалтын зуухыг худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул энэ гэрээгээр алданги шаардах эрхгүй гэж дүгнэн, 31,104,000.00 төгрөгийн  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч “Э ” ХХК нь   ДТХ-0,7 маркийн усан халаалтын зуухыг “К ” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг Баян-Өлгий аймгийн Сагсай суманд тавьж өгсөн, хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сараас эхэлж ашигласнаас хойш хэвийн ажиллаж байгаа талаар талууд маргаагүй.

Хариуцагч нь зуух худалдаж авсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй юм. 

Зохигчдын хооронд гэрээний үүрэг үүсээгүй тул хөрөнгө шилжүүлсэн этгээд болох нэхэмжлэгч “Э ” ХХК нь уг зуухыг өмчилж, ашиглаж байгаа хариуцагч “К ” ХХК-аас шилжүүлсэн хөрөнгийн үнийг шаардах эрхтэй гэсэн үндэслэлээр хариуцагч “К ” ХХК-аас 27,000,000.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д нийцсэн гэж үзнэ.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Тилеген “...С.Махсура, М.Семби нар нь уг зуухаар “К  ХХК-ийн 40 хувийн хувьцааг авч худалдаж авсан тул зуухны үлдэгдэл мөнгийг би төлөхгүй С.Махсура, М.Семби нар төлөх ёстой” гэсэн тайлбар гаргасан ба тэрээр нотлох баримтаа бүрдүүлж С.Махсура, М.Семби нараас зуухны үлдсэн мөнгийг жич нэхэмжлэх эрхтэй болохыг анхан шатны шүүхээс дурдсан нь зөв юм. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж буруутгасан нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

Нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоогүй, “Э ” ХХК болон “К ” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар ДТХ-0,7 маркийн усан халаалтын зуух худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн зохигчид 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан ДТХ-0,7 маркийн усан халаалтын зуух худалдах-худалдан авах тухай 16/32 тоот гэрээний талаар зохигчид маргасан, энэ гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлцэл гэж анхан шатны шүүхээс тогтоосныг давж заалдах шатны шүүх зөв гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг хэрхэх талаар зохицуулсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцээгүй дүгнэлт хийсэн нь буруу, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. 

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 212/МА2018/00094 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2018/00456 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “Э ” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 448,470.00  /дөрвөн зуун дөчин найман мянга дөрвөн зуун дал/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

           ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН