Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2021/02528

 

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2021/02528

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .... тоот хаягт бүртгэлтэй О... ХХК /регистрийн дугаар: .../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... хаягт байрлах С... дүүргийн ЗДТГт холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 240.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С..., Г.С..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б..., гэрч Л.П..., шинжээч Х.Ч..., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Намуундарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О... ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С... дүүргийн Засаг даргын тамгын газраас 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр СХДАА/... дугаартай Хот тохижилтын тусгай зориулалтын техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх тухай тендерийг зарласан. Нэхэмжлэгч О... ХХК-ийн зүгээс тухайн тендер шалгаруулалтад заасан шаардлагуудыг бүрэн хангаж, оролцон бусад байгууллагаас хамгийн сайн тендерийн материал ирүүлсэн хэмээн шалгарсан. С... дүүргийн Засаг даргын тамгын газраас 2020 оны 7 сарын 23-ны өдөр ... тоот Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг бидэнд ирүүлсэн тул 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хот тохижилтын тусгай зориулалтын техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх тухай гэрээг талууд байгуулсан болно. Гэрээгээр О... ХХК нь гэрээний тусгай болон ерөнхий нөхцөл, техникийн тодорхойлолтод нийцсэн стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж буюу автогрейдерийг 2020 оны 10 дугаар сарын 1-ний дотор нийлүүлэх, ЗДТГ харилцан тохиролцсон 240.500.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Бид үүргээ гүйцэтгэж стандартын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй, гэрчилгээ, сертификат бүхий тоног төхөөрөмжийг БНХАУ-аас захиалан оруулж ирсэн. Гаалийн бүрдүүлэлтийг бүрэн хийж, татвар хураамжийг бүрэн төлж, техник оношилгоонд оруулж баталгаажуулсан. Ингээд комисс ажиллуулж хүлээлгэж өгөх хүсэлт гаргасан боловч автогрейдерийг өнөөдрийг хүртэл хүлээж авахгүй, гэрээний үнийг төлөхгүй байна. 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ... тоот албан бичгээр гэрээт ажлыг хүлээж авах боломжгүй талаараа бидэнд мэдэгдсэн боловч уг албан бичигт тодорхой үндэслэл дурдаагүй. Уг автогрейдер нь ТЗҮК-ийн авто баазын хашаанд хадгалагдаж байгаа ба С... дүүргийн Засаг даргын тамгын газрын эзэмшилд шилжсэн байгаа. Нэхэмжлэгч цар тахлын үеийн эдийн засгийн хүнд нөхцөлд их хэмжээний мөнгө гаргаж үүргээ биелүүлсэн. Гэрээний зүйл болох автогрейдерийн хөдөлгүүрийн чадал бага, хутганы эргэлтийн өнцөг 360 градус эргэх боломжгүй боловч энэ нь тухайн механизмыг зориулалтын дагуу ашиглахад саад болохгүй, ялимгүй зөрчил юм. Иймд гэрээний дагуу төлөх ёстой 240.500.000 төгрөгийг хариуцагч С... дүүргийн Засаг даргын тамгын газраас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С... дүүргийн ЗДТГ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ өрсөлдөөнийг аль болох өрнүүлэх зарчмыг баримтлах ёстой бөгөөд үүний зэрэгцээ худалдан авах барааны үзүүлэлтийн талаар тодорхой тусгахаас гадна техникийн тодорхойлолтын шалгуур үзүүлэлтүүд нь хязгаарласан шинжтэй байж болохгүй гэсэн байдаг. Техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа дүүргийн Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ ОНӨААТҮГ болон холбогдох байгууллагаас техникийн үзүүлэлт, шаардлагыг авч хуулийн дагуу боловсруулан, батлуулж 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд хүргүүлсэн. Зарласан тендерт О... ХХК-ийн тендер шалгарч гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлж, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулсан. Гүйцэтгэгчээс 2020 оны 9 сарын 6-ны өдөр хүлээн авах комисс ажиллуулж өгнө үү гэсэн мэдэгдэл ирүүлсний дагуу 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр комисс ажилласан. Ажлыг хүлээн авах комиссын шийдвэр нь ашиглагч байгууллага болох ТЦҮ ОНӨААТҮГ-ын саналаар, манай техникийн тодорхойлолтод нийцэхгүй байна гэж үзэж, хүлээн авахаас татгалзсан. Уг техник тодорхойлолтод нийцсэн эсэх талаар гүйцэтгэгч болон захиалагчийн хамтын шийдвэрийн дагуу зөвлөх инженерийн дүгнэлт гаргуулсан бөгөөд дүгнэлтэд хутганы эргэх өнцөг 360 градус эргэхгүй, хутганы газарт орох гүний хэмжээг хэмжих боломжгүй, мөн хөдөлгүүрийн хүч 169 квт байхаас 162 квт байна гэсэн. Иймд О... ХХК-ийн нийлүүлсэн автогрейдерийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О... ХХК Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендер шалгаруулалтын үндсэн дээр байгуулсан худалдах-худалдан авах гэрээний төлбөр болох 240.500.000 төгрөгийг хариуцагч С... дүүргийн Засаг даргын тамгын газраас шаарджээ.

Хариуцагч С... дүүргийн ЗДТГ худалдах-худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн эд хөрөнгийг доголдолтой гэж үзэж, уг хөрөнгийг хүлээн авч төлбөр төлөхөөс татгалзсанаар талууд маргасан байна.

Хариуцагч С... дүүргийн ЗДТГ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар Хот тохижилтын тусгай зориулалтын техник хэрэгсэл, машин механизм худалдах этгээдтэй гэрээ байгуулахаар нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ. Энэ нь Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.1-д заасан үнэ хаялцуулах /уралдаан/ замаар гэрээ байгуулах тухай мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д заасан гэрээ байгуулах тодорхой санал юм.

Сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч О... ХХК оролцож, Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.8-д зааснаар ялагч болсон ба 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Сонгинохайрхан дүүргийн ЗДТГтай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээг Хот тохижилтын тусгай зориулалтын техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх ажил нэртэйгээр байгуулсан байна. /хх 143-159 дүгээр тал/

Дээрх гэрээгээр, худалдагч О... ХХК Техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгт-д заасан үзүүлэлт бүхий 1 ширхэг автогрэйдер /хөрс, шороо тэгшлэгч машин механизм/-ийг нийлүүлэх, худалдан авагч С... дүүргийн ЗДТГ 240.500.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээжээ. Гэрээний зүйл /автогрейдер/-ийн шинж байдлыг мөн гэрээ байгуулах саналд тодорхой заасан байна. /хх173-174 дүгээр тал/

Тухайлбал, машин механизмын хөдөлгүүрийн чадлыг 169 квт, хутга /хусуур/-ны эргэх өнцгийг 360 градус байна гэж гэрээ байгуулах санал болон О... ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээнд тус тус заасан байна. Гэтэл худалдагч О... ХХК 162 квт хөдөлгүүрийн чадалтай, 45 градус эргэх өнцөг бүхий хутга /хусуур/-тай машин механизм нийлүүлсэн байна. Энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар тогтоогдсон гэж үзнэ.

Худалдах-худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д: Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. гэж заасан тул дээрх тохиолдолд худалдагч О... ХХК биет байдлын доголдолтой хөрөнгө шилжүүлсэн гэж үзнэ.

Шинжээч Х.Ч... автогрейдерийн хөдөлгүүрийг бүрэн хүчин чадлаар ажиллуулбал 169 квт чадлыг гаргах боломжтой, мөн хутга /хусуур/ 360 градус эргэхгүй байсан ч уг техник хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах боломжтой хэмээн тайлбарласан боловч шүүх эдгээр үзүүлэлтийг эд хөрөнгийн доголдолд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, худалдан авагч өөрийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан үзсэний үндсэн дээр худалдан авах бараа бүтээгдэхүүний шинж байдлыг тодорхойлдог. Тухайлбал, техник хэрэгслийн түлшний зарцуулалт, хаана, ямар зориулалтаар ашиглах, ямар ажил хийх зэргийг худалдан авагч өөрөө тооцож үзсэний үндсэн дээр эд зүйлийг сонгосон байна. Энэ талаар шүүхэд гэрчээр дуудагдаж мэдүүлэг өгсөн Л.П...: ... С... дүүргийн нутаг дэвсгэр хүн ам ихтэй, хашааны зай талбай давчуу байдаг тул автогрэйдерийн хутга 360 градус эргэдэг байх нь нарийн гудамж талбайн замыг тэгшлэхэд урт техник хэрэгсэл эргэх үйлдэл хийхгүйгээр шороог хусах, зайлуулах боломжтой ... хэмээн мэдүүлсэн. Мөн шинжээч Х.Чулуунбаатар: ... автогрэйдер зориулалтуудаасаа хамаараад хутга /хусуур/ нь 360 градус эргэдэг, эргэдэггүй гэх мэт олон төрөл байдаг ... хэмээн мэдүүлжээ.

Түүнчлэн, шинжээч Х.Ч...: ...хөдөлгүүрийг өндөр хүчин чадлаар ажиллуулбал 169 квт чадал гаргах боломжтой ба энэ нь тахир голыг эргүүлэх хурднаас хамаатай буюу агаар, түлшний холимгийг хэр хэмжээгээр хөдөлгүүрийн цилиндрт шахах / газ буюу хаазлах/-аас хамаарна ... хэмээн мэдүүлсэн. Энэ нь түлш зарцуулалтад зайлшгүй нөлөөлөх нэг хүчин зүйл мөн тул захиалагчийн хувьд эдийн засгийн үр ашиггүй хэрэглээг бий болгоно.

Шинжээч Х.Ч...: ... 360 градус эргэдэг хутга /хусуур/-ыг автогрэйдерт суурилуулахын тулд тусгай шингэнт шахуурга / гидронасос / хэрэгтэй ба энэ төрлийн автогрэйдер үлэмж үнэтэй ... хэмээн тайлбарласан, мөн хөдөлгүүрийн хүчин чадлыг үйлдвэрлэгчээс тогтоосон хязгаараас нэмэгдүүлэх боломжгүй тул дээрх доголдлыг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3-т зааснаар зарим хэсгээрээ доголдолтой, эсхүл мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Мөн шинжээч Х.Ч... нь авторгейдерийн хутга 360 градус эргэх боломжгүй, тийм шаардлага байхгүй гэх атлаа өөр өөр зориулалт бүхий эргэдэг, эргэдэггүй хутгатай автогрэйдер гэж байдаг хэмээн тайлбарлаж байгаа нь логик уялдаагүй байна. Энэ нь автогрейдерийн хутгатай холбоотой түүний дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл болж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг.

Хэрэгт Автогрейдерт хийсэн дүгнэлт гэсэн бичмэл баримт нотлох баримтаар авагдсан боловч тухайн баримтыг үйлдсэн этгээд болох Ц.Б...г гэрчээр асуулгах хүсэлт гаргаагүй, Ц.Б... нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр оролцоогүйгээс гадна захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтийн зөрүүтэй байдлыг үндэслэл бүхий тайлбарлаж чадаагүй байх тул энэ баримтыг эргэлзээтэй гэж үзсэн болно.

Иймд худалдан авагч С... дүүргийн ЗДТГ Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3-т зааснаар худалдах-худалдан авах гэрээний зүйл болох автогрейдерийг хүлээн авахаас татгалзах, улмаар мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар гэрээг цуцлах /татгалзах/ эрхтэй юм.

Дээрх тохиолдолд худалдагч буюу О... ХХК Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар автогрэйдерийн үнийг худалдан авагчаас шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлгүй тул С... дүүргийн Засаг даргын тамгын газраас 240.500.000 төгрөг гаргуулах тухай О... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.360.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР