Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2021/02576

 

                                                                                                                                         

 

 

 

 

 

 

                                      2021         11           23

            182/ШШ2021/02576

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: А.Т

 

Хариуцагч: Б.Г

 

нотариатч Б.Ггийн гэрчилсэн 2017 оны 09 сарын 07-ны өдрийн итгэмжлэлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дагиймаа, хариуцагч нотариатч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Т нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг даргын 2012 оны 09 сарын 18-ны өдрийн А/299 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 12-р хороо, Чулуут АОС 3-5 тоот гэр бүлийн хэрэгцээний газар эзэмших эрхээ Балгаажуулсан. Үүний дараа Баянзүрх дүүргийн засаг даргын 2018 оны 03 сарын 28-ны өдрийн А/84 дугаартай захирамжаар дээрх газрыг гэр бүлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж 000733736 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. А.Т нь хамгийн анх 2013 оны 02 сарын 12-нд Бүгд найрамдах Энэтхэг улсын Дели хотод элэг солиулах хагалгаанд орсон. Үүний дараа 2015 онд Солонгос улсад элэгний судас битүүрсэн тул дахин хагалгаанд орсон. А.Т нь нийт 15 удаа мэдээ алдуулдаг хүнд мэс засалд орсон тул биеийн байдал байнга тогтворгүй, зарим тохиолдолд хэрхэн, ямар үйлдэл хийсэн зэргээ бүрэн хянаж чаддаггүй байсан. Гэтэл А.Тын энэхүү хэлцэл хийх чадваргүй байдлыг ашиглан А.Б нь 2017 оны 09 сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 12-р хороо, чулуут АОС 3-5 тоот газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх эрх бүхий итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлэн авсан байна. А.Т нь энэхүү итгэмжлэлийг хэрхэн, ямар үндэслэлээр өгснөө огт санадаггүй. Сүүлийн нэг жилийн хугацаанд А.Тын биеийн байдал сайжирч дээрх газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх гэсэн боловч түүнийг иргэний эрх зүйн чадамжгүй үед итгэмжлэл хийлгэн авсан бөгөөд уг итгэмжлэлээр дээрх газрын эзэмших эрхийг иргэн Б.Мөнхзаяад шилжүүлснийг мэдсэн. Иймд Чингэлтэй дүүргийн нотариатч Б.Ггийн гэрчилсэн 2017 оны 09 сарын 07-ны өдрийн итгэмжлэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул уг итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Б.Г би 2017 оны 09 сарын 07-ны өдөр А.Тын А.Бад олгосон итгэмжлэлийг гэрчилсэн. Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Нотариатын үйлдэл хийх зааврын 4 дүгээр зүйлд заасны дагуу үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоож итгэмжлэлийг гэрчилсэн бөгөөд Иргэний хуулийн 62, 63 дугаар зүйлд заасны дагуу төлөөлүүлэгчид түүний эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Мөн 2017 оны 09 сарын 07-ны өдрийн 493 дугаартай итгэмжлэлийн “Нотариатч талуудын эрх, үүргийг тайлбарлаж өгсөн болно” гэсэн хэсгийн ард байх 1 болон 2 дугаар дээр А.Т нь тус тус 2 удаа гарын үсгээ зурсан байдаг. 2017 оны 09 сарын 07-ны өдөр А.Т нь Баянзүрх дүүргийн газрын албанд гаргасан хүсэлтээ өөрийн гараар бичиж, гарын үсгээ зурсан байх бөгөөд бүртгэлийн дугаар 204-т гарын үсгийн Балгаагаа гэрчлүүлсэн байна. Энэ хүн үйлдлээ бүрэн хариуцах чадвартай байсан болох нь эндээс харагдана. Иймд А.Тын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх нэхэмжлэл, итгэмжлэл, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Чулуут АОС 3-5 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрын түүхчилсэн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Иргэн А.Т нотариатч Б.Гд холбогдуулан түүний гэрчилсэн итгэмжлэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нотариатч Б.Г Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Нотариатын үйлдэл хийх зааврын 4 дүгээр зүйлд заасны дагуу үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоож итгэмжлэлийг гэрчилсэн, 2017 оны 09 сарын 07-ны өдрийн 493 дугаартай итгэмжлэлийн “Нотариатч талуудын эрх, үүргийг тайлбарлаж өгсөн болно” гэсэн хэсгийн ард байх 1 болон 2 гэж дугаарласан дээр А.Т нь тус тус 2 удаа гарын үсгээ зурсан, мөн 2017 оны 09 сарын 07-ны өдөр А.Т нь Баянзүрх дүүргийн газрын албанд гаргасан хүсэлтээ өөрийн гараар бичиж, гарын үсгийн үнэн зөвийг гэрчлүүлсэн гэж тайлбарлан марган мэтгэлцэж байна. Хэрэгт итгэмжлэл болон нэхэмжлэгчийн газрын албанд гаргасан хүсэлт гэх баримтууд авагдсан.

 

2017 оны 09 сарын 07-ны өдөр иргэн А.Тоос иргэн А.Бад Баянзүрх дүүргийн 12-р хороо, чулуут АОС 3-5 тоот хаяг бүхий газрын талаар газрын албанд хүсэлтийг хүлээлгэх өгөх, гэрчилгээ хүлээн авах, кадастрын зурагт өөрчлөлт оруулан газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, түүнтэй холбоотой гэрээ хэлцэлд гарын үсэг зурах, нотариатаар гэрчлүүлэх, шилжүүлэхтэй холбоотой хүсэлтийг гаргах зэрэг эрхтэй итгэмжлэлийг олгосон байх ба итгэмжлэлийг 2017 оны 09 сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Б.Г гэрчилжээ.

 

Нэхэмжлэгч А.Т нь иргэн А.Бад тодорхой эрхийг олгож талууд итгэмжлэл үйлдсэн ба Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.4, Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу нотариатч итгэмжлэлийг гэрчилсэн байна. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.4-т бичгээр хийгдсэн итгэмжлэл нотариатаар гэрчлэгдэх шаардлага, Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлд нотариатч итгэмжлэлийг гэрчлэх журам тус тус заагджээ. Нотариатч итгэмжлэлийг гэрчилсэн нь итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлыг хангаж буй болохоос биш, талуудад нотариатчийн зүгээс олгож буй баримт бичиг биш юм. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу иргэн А.Т иргэн А.Баар төлөөлүүлж бусадтай эрх зүйн харилцаанд орохоор хүсэл зоригоо илэрхийлж, А.Б түүнийг хүлээн авсан хэлцэл тэдний хооронд хийгдсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч А.Т иргэн А.Бад эрх олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа нотариатчид холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон   

 

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-г баримтлан 2017 оны 09 сарын 07-ны өдөр иргэн А.Тын иргэн А.Бад эрх олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн А.Тын нотариатч Б.Гд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

              

 

 

ДАРГАЛАГЧ                                      С.БУД