Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01303

 

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01303

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2023/01244 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б-, В- нарт холбогдох,

Нотариатчийн гэрчилсэн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн В-ад олгосон итгэмжлэлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Бадрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж, хариуцагч Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А- нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 09 сарын 18-ны өдрийн А/299 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут АОС **** тоот гэр бүлийн хэрэгцээний газар эзэмшиж байсан. 2013 онд Энэтхэг улсын Дели хотод элэг солиулах хагалгаанд, 2015 онд Солонгос улсад элэгний судас битүүрсэн тул дахин хагалгаанд орсон. Нийт 15 удаа мэдээ алдуулдаг хүнд мэс засалд орсон тул биеийн байдал байнга тогтворгүй, зарим тохиолдолд ямар үйлдэл хийснээ хянаж чаддаггүй. Гэтэл А-ын энэхүү хэлцэл хийх чадваргүй байдлыг ашиглан В- нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, чулуут АОС **** тоот газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх эрх бүхий итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлэн авсан.

А- нь итгэмжлэлийг хэрхэн, ямар үндэслэлээр өгснөө санадаггүй. Улмаар А-ын биеийн байдал сайжирч дээрх газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх гэсэн боловч түүнийг иргэний эрх зүйн чадамжгүй үед итгэмжлэл хийлгэн авсан бөгөөд уг итгэмжлэлээр дээрх газрын эзэмших эрхийг иргэн Г-д шилжүүлснийг мэдсэн.

Хариуцагч Б- нь Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар тухайн итгэмжлэлийг үйлдсэн гэдэг боловч дээрх хуульд зааснаар эрх зүйн чадамжтай эсэх талаар эргэлзээ төрвөл эрх бүхий байгууллагаас тодорхойлолт авах байсан боловч тодорхойлолт гаргуулаагүй. Тухайн итгэмжлэл нь нэг талын хэлцэл ба андуураад өгсөн гэдгээ илэрхийлдэг.

Иймд Чингэлтэй дүүргийн нотариатч Б-гийн гэрчилсэн 2017 оны 09 сарын 07-ны өдрийн итгэмжлэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул уг итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

 

2. Хариуцагч Б-гийн татгалзал, тайлбарын агуулга: Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Нотариатын үйлдэл хийх зааврын 4 дүгээр зүйлд заасны дагуу үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоож итгэмжлэлийг гэрчилсэн бөгөөд Иргэний хуулийн 62, 63 дугаар зүйлд заасны дагуу төлөөлүүлэгчид түүний эрх, үүргийг тайлбарлан өгсөн.

Мөн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 493 дугаартай итгэмжлэлийг нотариатч талуудын эрх, үүргийг тайлбарлаж өгсөн болно гэсэн хэсгийн ард А- нь 2 удаа гарын үсгээ зурсан. 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр А- нь Баянзүрх дүүргийн газрын албанд гаргасан хүсэлтээ өөрийн гараар бичиж, гарын үсгээ зурсан байх бөгөөд бүртгэлийн дугаар 204-т гарын үсгийн баталгаагаа гэрчлүүлсэн нь үйлдлээ бүрэн хариуцах чадвартай байсан болох нь тогтоогддог.

Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлтийн 151 дүгээр комиссын дүгнэлтээр А- нь иргэний эрх зүйн чадамжтай байна. 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө хийлгэсэн элэг солиулах хагалгаанаас болон хагалгааны үед хэрэглэсэн мэдээ алдуулах тариа нь хийсэн үйлдлээ хянах чадваргүй болоход нөлөөлсөн эсэх дүгнэлт тогтоогдохгүй байна гэсэн.

Нийт 13 удаа мэдээ алдуулалтад орсон гэсэн боловч 2017 оноос өмнө 2 удаа, 2017 онд буюу итгэмжлэл авснаас хойш 2020 он хүртэл нийт мэс ажилбарын тоо нь 15 хүрч байгаа учраас тухайн үед 15 удаа мэдээ алдуулалтад орсон гэдэг шалтгаан нь эрх зүйн чадамжаа алдах үндэслэл болохгүй. Түүнчлэн, А- нь эрх зүйн чадамжгүй, групп тогтоолгосон гэсэн боловч 60 нас хүрэхээсээ өмнөх гурван жилдээ сахарын өвчнөөр групп тогтоолгосон. Иймд хагалгаанд орсон, мэдээ алдуулалтын тарианаас болоод эрх зүйн чадамжаа алдсан гэдэг үндэслэл нь тогтоогдохгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч В-ын татгалзал, тайлбарын агуулга: 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр найз Э-ын ээж залган Барилгачдын талбайн урд байрлах нотариатын газар дуудсан тул би найзын хамт очсон. Би А- гэдэг хүнтэй тухайн өдөр анх уулзаж танилцсан.

Найз Э- болон түүний ээж, ах нь өнөөдөр хэрэг болсон тул нотариат хамт ороод иргэний үнэмлэхээ хувилуулж, ганц хоёр бичиг баримт дээр гарын үсэг зурахад л болно гэсэн. А-ын хүсэлтийн дагуу хамт нотариат орж гарын үсэг зурсан. А- нь эрүүл мэндийн шалтгаантай талаар надад мэдээлэл байгаагүй. Нотариатч эрх, үүргийг тайлбарлан гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д зааснаар Б-, В- нарт холбогдох нотариатч Б-гийн гэрчилсэн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн В-ад олгосон итгэмжлэлийг хүчингүйд тооцуулах тухай А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нь Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн гаргасан А- нь 2017 оиы 09 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө хийлгэсэн элэг солиулах хагалгаанаас болон хагалгааны үед хэрэглэсэн мэдээ алдуулах тариа нь хийсэн үйлдлээ хянах чадваргүй болоход нөлөөсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэх дүгнэлтийг үндэслэл болгосон. Гэтэл Шүүх сэтгэц эмгэг судлалаас дүгнэлт гаргахдаа 2023 онд А- гэдэг хүнтэй уулзаж, түүний өнөөдрийн биеэ авч яваа байдал болон түүний сэтгэцэд дүгнэлт хийсэн гэдгийг шүүх анхаарч үзээгүй. 2017 онд А- нь өөрийн үйлдлийг хянах чадваргүй байсан эсэхийг тогтоохдоо 2023 онд хийсэн дүгнэлтийг үндэслэл болгосон нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч А- нь В-ад өгсөн итгэмжлэлийг хэрхэн, ямар үндэслэлээр олгосныг санадаггүй, хэлцэл хийх чадваргүй үед В- нь А-оос итгэмжлэл авсан. Хариуцагч Б- нь Нотариатын тухай болон Нотариатын үйлдэл хийх зааварт заасны дагуу үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт хэрэгт байхгүй.

Нотариатын итгэмжлэлийг гэрчилсэн үйлдэл нь итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлыг хангаж, эрх зүйн үр дагавар үүсгэдэг баримт бичиг учир төлөөлүүлэгчийн эрх ашигтай шууд холбогдож байгаа бөгөөд тухайн итгэмжлэлийг олгосон этгээд нь өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл биш байсан талаар өөрийн биеэр мэдүүлж байгаа нь итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлд шууд хамаарна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нотариатч нь хуульд зааснаар итгэмжлэл олгосон. Итгэмжлэл олгох үед А- нь өөрийн үйлдлийг ойлгох чадваргүй байсан гэх үндэслэлгүй. Олон удаа хагалгаанд орсон гэж байгаа боловч ихэнх нь итгэмжлэл олгосны дараа хийгдсэн байдаг. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

7. Хариуцагч В- шүүх хуралдаанд оролцоогүй, хариу тайлбар ирүүлээгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-, В- нарт холбогдуулан 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн В-ад олгосон итгэмжлэлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

 

3. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. А- нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын АОС **** тоотод байрлах, 340 м.кв талбайтай газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/299 дугаар захирамжийн дагуу эзэмшиж байсан /1хх 90-93, 96-99/,

3.2. Нэхэмжлэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн итгэмжлэлээр өөрийн эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх, түүнтэй холбоотой гэрээ хэлцэлд гарын үсэг зурах эрхийг В-ад олгосон, уг итгэмжлэл нь 1 жилийн хугацаанд хүчинтэй, итгэмжлэлд А-, В- нар хэн аль нь гарын үсэг зурсан /1хх 124/.

 

4. Нотариатч Б- нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр А-оос В-ад олгосон итгэмжлэлийг гэрчилэхдээ эрх, үүрэг тайлбарлаж өгөөгүй, хувийн байдлыг нь тогтоогоогүй, В- нь А-ын хэлцэл хийх чадваргүй байдлыг ашиглан итгэмжлэл авсан нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

4.1. Хариуцагч Б- нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т зааснаар үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан өгөөгүй, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоогоогүй гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй.

Хэрэгт авагдсан итгэмжлэлээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 62, 63 дугаар зүйлд заасан зохицуулалтын үр дагавартай танилцсан, нотариатч үйлчлүүлэгчид эрх, үүрэг тайлбарлаж өгсөн болох нь тогтоогдсон байна.

 

4.2. Нэхэмжлэгч А- нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр В-ад итгэмжлэл олгохдоо өөрийн үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадвартай, сэтгэцийн түр зуурын сааталд ороогүй байжээ.

Түүний хийлгэсэн мэс заслын хагалгаа, хөдөлмөрийн чадвараа алдалт тогтоолгох үндэслэл болсон өвчин нь дээрх нөхцөл байдлыг үүсгээгүй болох нь Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэр, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 151 дүгээр дүгнэлт, эрүүл мэндийн дэвтэр, мэс засал хийлгэсэн тодорхойлолт зэргээр тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Б-г эрх, үүрэг тайлбарласан, хувийн байдлыг нь тогтоосон болохоо нотлоогүй гэж маргаж буй боловч мэтгэлцээний байр суурийн хувьд үүнийг нэхэмжлэгч тал өөрөө эхлэж нотлох үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь итгэмжлэл олгохдоо өөрийн үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй, сэтгэцийн түр зуурын сааталд орсон байсан, мөн нотариатч нь эрх, үүрэг тайлбарлаж өгөөгүй, хувийн байдлыг нь тогтоогоогүй гэх нэхэмжлэл гаргах болсон үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

4.3. Харин нэхэмжлэгч нь итгэмжлэл гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах агуулгаар нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх маргааны харилцааг буруу тодорхойлж, хэрэглэвэл зохих Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүйг зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2023/01244 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д гэснийг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Т.БАДРАХ