Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2021/00164

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 24 өдөр

      Дугаар 153/ШШ2021/00164

Жаргалант сум

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Ц.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХИС-д холбогдох,

 “ХИС-иас 40,842,792 төгрөг гаргуулж, Ц.О-д олгох тухай” нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 153/2021/00071/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.О  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн өндөр насны тэтгэвэр толтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна” гэжээ. Хуулийн дээрх заалтын дагуу төрийн үйлчилгээний албан хаагч Ц.О би өндөр насны тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй. Учир нь ХИС-ийн захирлын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн *** дүгээр тушаалаар Ц.О намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний 7 дугаар тогтоолоор “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг баталсан. Уг журмын 5.1-т “Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана” гэжээ.

Гэтэл ХИС-ийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дүгээр тогтоолоор батлагдсан тус сургуулийн 2020 оны төсөвт Ц.О надад олгогдох 40,842,792 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн зардал тусгагдаагүй.

Үүний улмаас Ц.О миний нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх зөрчигдсөн тул эрхээ сэргээлгэхээр танай шүүхэд нэхэмжлэл гаргалаа. Иймд Ц.О миний ХИС-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоодог. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоолоор Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг баталсан. Уг журмын 5.1-т Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгадаг. Гэтэл ХИС-ийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дүгээр тогтоолоор батлагдсан тус сургуулийн 2020 оны төсөвт Ц.О-д олгогдох 40,842,792 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн зардал тусгагдаагүй. ХИС-иас Ц.О-ыг өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр багшийн ажпаас чөлөөлөхдөө нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоогүй. Үүний улмаас Ц.О нь нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх зөрчигдсөн тул уг зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр танай шүүхэд нэхэмжлэл гаргалаа. Иймд Ц.О-ын ХИС-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.О нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлийг хариуцагчаас эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн өндөр насны тэтгэвэр толтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагий буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна”гэж заасан боловч энэ заалт нь нэхэмжлэгч Ц.О-д хамааралгүй заалт юм.

Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “Төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгоно” гэж заасан байна.

ХИС нь төрөөс санхүүжилт авдаггүй, тус сургуулийн багш, ажилтнууд ньтөрөөс цалин авдаггүй, төрийн албан хаагч гэдэг хуулийн нэр томьёоны тодорхойлолтод хамаарахгүй байгаа учир төрийн албан хаагч биш юм. Нэгэнт төрийн албан хаагч биш тул өндөр насны тэтгэвэрт гарахдаа төрийн албан хаагчийн авах ёстой буцалтүй тусламжийг авах үндэслэлгүй байна. Иймд Ц.О-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоолоор Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг баталсан боловч Ховд их сургуулийн багш, ажилчид төрийн үйлчилгээний албан хаагчид биш учраас маргаж байна. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлд төрийн албан хаагчийн нэршлийн талаар зааж өгсөн. Үүнд төрийн албан хаагч гэж төрийн үйлчилгээг хэрэгжүүлсэнийхээ төлөө төрөөс цалин хөлс авч ажилладаг албан хаагчийг төрийн албан хаагч гэнэ гэж тодорхой заасан. Харин ХИС-ийн багш ажилчдын хувьд төрөөс цалин хөлс авч ажилладаггүй. Төрийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг боловч төрөөс санхүүжүүлэлт авдаггүй, өөрийгөө санхүүжүүлж ажилладаг.  Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын зэрэглэлийг баталж өгсөн. Үүнд төрийн үйлчилгээний багш ажилчид гэдэгт их, дээд сургуулийн багш, ажилчдыг оруулаагүй, ганцхан Батлан хамгаалах сургуулийн багш нарыг оруулж баталсан Засгийн газрын тогтоол байгаа. Иймд ХИС-ийн багш, ажилтнууд төрийн үйлчилгээний албан тушаалтанд багтахгүй. Ховд их сургуулийн хувьд удирдах зөвлөлөөс баталсан дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Мөн удирдах зөвлөлөөсөө Боловсролын тухай хуулиас тухайн жилийн төсвийг батлах гээд Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг байгууллага юм. Иймд аж ахуй үйлдвэрийн газар гэсэн тодорхойлолтод хамаардаг сургууль юм. Манай сургуулийн багш нарын хувьд Ховд их сургуулийн удирдах зөвлөлийн баталсан цалингийн сүлжээгээр цалинжиж ажилладаг. Иймд дээрх баримтуудыг үндэслээд шүүх дүгнэлт хийж өгнө үү. Нэгэнт төрийн албан хаагч биш учраас өндөр насны тэтгэвэрт гарахдаа авах нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах эрхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт хуульд заасан журмаар цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.О нь ХИС-д холбогдуулан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 40,842,792 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-аас нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, “ХИС-иас 37,846,1900 төгрөг гаргуулах”-аар өөрчилсөн тул шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн багасгасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн болно. 

“ХИС нь төрийн албан хаагчид олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжийн зардлыг 2020 оны төсөвт тусгаагүй тул өндөр насны тэтгэвэрт гарахад  нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх зөрчигдөж байна, зөрчигдсөн эрхээ сэргээж өгнө үү” гэж нэхэмжлэгч Ц.О нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол хариуцагч ХИС-иас “ХИС нь төрөөс санхүүжилт авдаггүй тул тус сургуулийн багш, ажилчид нь  төрийн албан хаагч биш, нэг удаагийн буцалтгүй тусламжийг төрийн албан хаагчид олгодог журамтай” гэж нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэв.

Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. ХИС-ийн хариуцлагын хэлбэрийн тухайд:

ХИС-ийг бүртгэсэн 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн  *** дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээгээр ХИС-ийн хариуцлагын хэлбэрийг “Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар”, үүсгэн байгуулах баримт бичиг нь “Дотоод журам” гэж бүртгэж хуулийн этгээдийн гэрчилгээ олгожээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлд Төрийн өөрийн өмчлөлд Төрийн байгууллага, албан газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө, Төрийн өмчид үйлдвэрийн газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө хамаарахыг тодорхойлж, мөн хуулийн 13 дугаар зүйлд Төрийн өмчид хуулийн этгээдийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь Төрийн байгууллага, албан газар, Төрийн өмчид үйлдвэрийн газар гэж ангилсан байна.

Төрийн өмчид хуулийн этгээдийн хариуцлагын хэлбэрийг тодорхойлохдоо эд хөрөнгийн эрхийн байдал, улсын төсвөөс санхүүждэг байдлыг шалгуур болгон ангилдаг юм. Төрийн өмчид үндэслэсэн болон өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээд нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт хамаардаг болохыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлд тодорхойлжээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч ХИС нь  төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмшиж, үйл ажиллагаагаа төрийн байгууллагад явуулдаг хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээг олгохдоо “Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар” гэж бүртгэжээ. Мөн жил бүр төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах тайлангаа төрийн эрх бүхий байгууллагад тайлагнадаг, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл оролцдог, төрийн өмчид хуулийн этгээд болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

ХИС-ийг үүсгэн байгуулсан баримт бичиг нь Дотоод журам бөгөөд тус сургууль үйл ажиллагаагаа дүрмээр зохицуулдаг байна. ХИС-ийн Удирдах зөвлөлийн хурлын 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “ХИС-ийн дүрмийг шинэчлэн батлах тухай” *** дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтын 1.4-т зааснаар үйл ажиллагаагаа явуулдаг эрх зүйн зохицуулалт нь холбогдох хууль тогтоомж, Удирдах зөвлөлийн шийдвэр, дүрэм  болохыг тодорхойлжээ. 

Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12.2.-т сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн нийт хэмжээг тогтоох эрхийг Удирдах зөвлөлд олгож, энэхүү заалтын орон тоо, цалингийн нийт хэмжээг тогтоохтой холбогдох хэсэг нь төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад хамаарахгүй болохыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчилжээ. Энэ нь нэгэнт төрөөс их, дээд сургуулийн багш, ажилтны цалинг олгохгүй тул  их, дээд сургууль орон тоо, цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн сургуулийн санхүүгийн чадварт үндэслэн өөрсдөө тогтоох эрхийг олгосон зохицуулалт гэж ойлгоно.

ХИС-ийн Удирдах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “ХИС-ийн 2020 оны төсвийг батлах тухай” *** дүгээр тогтоолын  1 дүгээр хавсралтаар ХИС-ийн 2020 оны төсвийн орлого, 2 дугаар хавсралтаар баталсан ХИС-ийн 2020 оны төсвийн зарлагаар тус сургууль нь төрөөс санхүүжилт авдаггүй, өөрийн үйл ажиллагаагаар өөрийгөө санхүүжилдэг болох нь тогтоогдов. Өөрөөр хэлбэл тус сургуулийн санхүүгийн эх үүсвэр нь өөрийн үйл ажиллагаанаас олох орлого бөгөөд уг олсон орлогоороо багш, ажилтны цалинг олгодог байна. Харин Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас татаас санхүүжилт /тогтмол зардал/ 80,751,528 төгрөг авахаар 2020 оны төсвийн орлогод тусгасан бөгөөд уг орлогыг Баян-Өлгий аймгийн салбар сургуулийн зардалд зарцуулахаар тооцсоныг үндэслэн төсвөөс бүрэн санхүүжилт авдаг, үйл ажиллагааны зардлыг төр бүрэн хариуцдаг гэж үзэх боломжгүй байна.

Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.5.-т цэрэг, цагдаагийн дээд боловсрол эзэмшүүлэхтэй холбоотой зардлыг төр хариуцахаар, 40.4.4.-т “их сургууль, дээд сургууль, коллеж, политехник коллежид улсын төсөв, сургалтын төлбөр, эрдэм шинжилгээний төсөлт ажлын болон өөрийн үйл ажиллагааны орлого”-оор санхүүжүүлтээ бүрдүүлэхээр хуульчилжээ. Төрийн өмчид их, дээд боловсрол эзэмшүүлдэг байгууллагаас зөвхөн цэрэг, цагдаагийн дээд боловсролыг эзэмшүүлэх зардлыг төр хариуцах бөгөөд бусад төрийн өмчид их, дээд сургуульд зарим тохиолдолд төрөөс санхүүжилт олгох боловч /байгууллагын тогтмол зардал/ санхүүжилтийг бүрэн хариуцахгүй, тухайн сургууль өөрийн үйл ажиллагааны орлогоор санхүүжилтээ бүрдүүлж иржээ.   

Үүнээс дүгнэхэд ХИС нь хариуцлагын хэлбэрийн хувьд  төрийн өмчид үйлдвэрийн газарт, ангиллын хувьд аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт хамаарч байна.

           

  1. Төрийн албан хаагч мөн эсэх маргааны тухайд,

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.-т “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгохоор тодорхойлж, мөн хуулийн 10 дугаар зүйлд төрийн албан тушаалыг төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаалаар нь ангилжээ.

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах албан тушаал хамаарна”, 14.1.2.-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал”-ыг төрийн үйлчилгээний албан тушаалд хамруулахаар зохицуулсан.

Нэхэмжлэгч Ц.О нь боловсролын салбарын үйлчилгээг иргэдэд  хүргэдэг, хөдөлмөрийн гэрээ байгуулан ХИС-д багш ажилладаг боловч уг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авдаггүй, өөрийн үйл  ажиллагаагаар өөрийгөө санхүүжүүлдэг ХИС-иас цалин авч байсан тул төрийн  албан хаагчийн тодорхойлолтод хамаарахгүй юм.

******* үйл ажиллагаагаа дүрмээр зохицуулдаг, үүсгэн байгуулсан баримт бичиг нь Дотоод журамд үндэслэгдсэн тул Удирдах зөвлөлөөс багш, ажилтны  цалинг тогтоох бүрэн эрхтэй байна.

Тодруулбал, 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн тус сургуулийн дүрмийг шинэчлэн баталсан ХИС-ийн Удирдах зөвлөлийн хурлын *** дүгээр тогтоолоор “ХИС-ийн шинэчлэн баталсан дүрэм”-ийн 5 дугаар хавсралтын 3.14.3-т “Багш, ажилтны цалин, урамшууллын бодлого, журмыг боловсруулж баталж мөрдүүлэх” эрхийг захиралд, 3.17.8-д “Бүтэц зохион байгуулалт, орон тоо, цалинг өөрчлөх талаар санал, дүгнэлт гаргах ...” эрхийг Захиргааны зөвлөлд, 3.20.4-т “суруулийн төсвийг орон тоо, цалин, хангамжийг ... харгалзан боловсруулж, батлуулах, ажиллагсдын цалин хөлсийг шинэчлэн тогтоох санал боловсруулах...” чиг үүргийг Эдийн засаг, хөгжил, хангамж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал хэрэгжүүлэхээр тус тус дүрмээр тодорхойлжээ.

Дүрмийн дээрх заалтад заасан эрх хэмжээ болон Дээд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Ашгийн төлөө бус төрийн болон төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлагыг тухайн сургуулийн удирдах зөвлөл хэрэгжүүлнэ”, Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд мөн хуулийн 36.12.2-т зааснаар “сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн нийт хэмжээг тогтоох” гэсэн эрх зүйн зохицуулалтыг тус тус үндэслэн ХИС-ийн  Удирдах зөвлөлөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “ХИС-ийн  2020 оны төсвийг батлах тухай” *** дүгээр тогтоолоор ХИС-ийн багш, ажилчдын цалинг тогтоосон байна.

Уг тогтоолын 3.2 дугаар хавсралтын 32 дугаарт Ц.О-ын албан тушаалыг “Ахлах багш”, цалинг ТҮМБ-4 шатлалаар цалинжуулахаар баталжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь шүүх хуралдаанд “Ц.О-ын цалинг “ТҮМБ-4” зэрэглэлээр цалинжуулсан нь төрийн албан хаагчийн цалинтай дүйцүүлсэн болохоос Засгийн газраас тогтоосон цалингийн сүлжээний шатлал биш” гэж  мэтгэлцсэн болно.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай”  276 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын зэрэглэл”-ийг батлахдаа, биеийн тамир, спорт, соёл, урлаг, амралт, хүүхэд, залуучуудын зэрэг төсвийн  байгууллагын багш болон их, дээд  сургуулиас зөвхөн Батлан хамгаалах их сургуулийн багш нарыг хамруулахаар нэрлэн заажээ. Тус тогтоолоор төрийн үйлчилгээний албан тушаалд хамрагдах албан тушаалтныг төсвийн байгууллага болон албан тушаалаар нь нэрлэн заасан тул их, дээд сургуулиудаас төрөөс санхүүждэг Батлан хамгаалах их сургуулийн багш, ажилчид л хамрагдахаар байна.  

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 472 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар “Мэргэжлийн боловсрол олгох сургуулийн төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээ”-г баталж, “ТҮМБ-4” цалингийн сүлжээний шатлалаас хамаарч 784647-895945 төгрөгийн хооронд байхаар тогтоожээ. Харин Ц.О-ын шинэ үндсэн цалинг тогтоосон ХИС-ийн Удирдах зөвлөлийн 2019 оны *** дүгээр тогтоолоор түүний үндсэн цалинг 1,134,522 төгрөг буюу Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын хамгийн өндөр шатлалаар тооцоход /238,577 төгрөгөөр илүү/ өөр байдлаар тогтоосон нь ХИС-ийн Удирдах зөвлөл нь бүрэн эрхийн хүрээнд багш, ажилчдын цалинг өөрсдөө тогтоодог болох нь нотлогдож байна. Энэ тухай хариуцагчийн төлөөлөгчийн ажилчдын цалинг Засгийн газрын цалингийн шатлалаас бууруулахгүйгээр дүйцүүлэн тогтоосон, иймээс багш Ц.О-ын цалинг тогтоохдоо ТҮМБ-4 шатлалыг жишиг болгосон, төрөөс санхүүждэг (цалин олгодог) дээд сургуулийн хувьд зөвхөн Батлан хамгаалах их сургуулийн багш нар Засгийн газраас тогтоосон цалингийн сүлжээгээр цалинждаг гэж шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

Үүнээс дүгнэхэд ХИС-ийн багш нар хөдөлмөрийн гэрээ байгуулан, боловсролын үйлчилгээг иргэдэд хүргэдэг боловч энэхүү чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин авдаггүй, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг ХИС-ээс цалин авдаг тул төрийн албан хаагч биш байна.

  1. Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг Ц.О-д олгох тухайд

Өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр нэхэмжлэгч Ц.О-ыг ХИС-ийн захирлын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар тушаалаар Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Гадаад хэл, соёл судлалын тэнхимийн багшийн ажлаас чөлөөлөхдөө “ХИС-ийн хөдөлмөрийн дотоод журам”-ыг үндэслэн 4 сарын үндсэн цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмж олгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.О-ыг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн тул эрх нь зөрчигдсөн гэж үзвэл зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэж, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс төсвийн жил дуусаагүй тул эрх нь зөрчигдсөн гэж үзэж болохгүй, төсвийн жил дууссаны дараа нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүйн тодорхой болсон тул он гараад шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тус тус маргасан болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д Хөдөлмөрийн гэрээний талууд ажлаас буруу халсан, буруу шилжүүлсэн тухай гомдлоо нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан ба бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байхаар заасан. Нэхэмжлэгч Ц.О-ыг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн, тэрээр тэтгэвэр тогтоолгох тухай өргөдлийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтэст гаргаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүхээс нэхэмжлэгч Ц.О нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн хуулийн 129.1-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж дараах үндэслэлээр дүгнэв.

Ажилтныг өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зардлыг тухайн байгууллага төсөвтөө тусгаж батлуулдаг ба төсвийн жил тухайн оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болдог тул төсвийн жилдээ багтаан нэхэмжлэгчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох бүрэн боломжтой юм. Иймээс, нэхэмжлэгчийн гомдол гаргах хугцааг ажлаас чөлөөлсөн тушаалыг гардан авсан өдрөөр биш нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх нь зөрчигдсөн өдрөөр буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойшхи 3 сарын хугацаагаар тоологдоно. Маргааны агуулга нь нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэрт гарахад нь  нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зардлыг тухайн оны төсөвтөө тусгаагүй ХИС-ийн Удирдах зөвлөлийн эс үйлдэхүйгээр илэрсэн шийдвэр болохоос ажлаас чөлөөлсөн тушаалтай холбоогүй юм.

Нэхэмжлэгч Ц.О-ын төрийн албанд ажилласан хугацаа нь:

1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 27-ны хүртэл 3 жил 7 өдөр цэргийн алба хаасан,

1983 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 01-ний хооронд Ховд барилгын материалын үйлдвэрийн шатаах цехэд шатаагчаар,

1996 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлэгт туслах ажилтнаар томилогдож, 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүсийн оношлогооны төвийн шүүх эмнэлгийн туслах ажилтнаар чөлөөгдсөн,

*******д гадаад хэлний багшаар 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр багшаар томилогдсон нь №*** дугаартай Нийгмийн даатгалын болон №*** дугаартай Хөдөлмөрийн дэвтэрээр, Тэтгэвэр тогтоолтын хуудасаар тус тус нотлогдож байна.

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Ц.О-ын тэтгэвэр тогтоолтын хуудаст шимтгэл төлсөн нийт хугацааг 37 жил, 6 сар, 2 өдрөөр,  Тэтгэврийн дэвтэрт ажилласан жилийг 38 жилээр тооцжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоолд өөрчлөлт оруулсан Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолоор төрийн албанд ажилласан хугацааг тооцохдоо журмын 3.1.4-т улсын төсөвт үйлдвэрийн газрын захиргааны болон бусад ажилтнаар 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажилласан хугацаа, 3.1.11-т хугацаат цэргийн алба хаасан хугацааг тус тус оруулан тооцохоор заасан. Шүүхээс нэхэмжлэгч Ц.О-ын цэргийн алба хаасан 3 жил 7 өдөр, Ховд аймгийн барилгын үйлдвэрт ажилласан 12 жил 6 сар 2 өдөр, Нэгдсэн эмнэлэгт ажилласан 6 жил 5 сар, ХИС-д 2006-2008 оны хооронд ажилласан 2 жил, нийт төрийн албанд ажилласан хугацааг 23 жилээр тооцов.

“Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2-т төрийн албан хаагч нийтдээ  5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүсэхээр заасан байна.  

Дээрх хуулийн зохицуулалт, журмын дагуу нэхэмжлэгч Ц.О-ын Ховд аймгийн  төрийн байгууллагад ажилласан 21 жил, ХИС-д 2006-2008 он хүртэл багшаар ажилласан хугацаа нь төрийн албанд ажилласан хугацаагаар тооцогдож, нийт төрийн албанд 23 жил төрийн үйлчилгээний албан тушаалыг эрхэлсэн байна гэж дүгнэв. ХИС-д 2006-2008 он хүртэл ажилласан  2 жилийн хугацааг төрийн албанд ажилласан хугацаагаар тооцсон нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан “Анх сургууль байгуулахдаа төрөөс санхүүжилт авдаг байсан ба 2008 он хүртэл багш, ажилтны цалинг төрөөс олгож байсан,  2006 онд  их, дээд сургуулийн удирдлагыг хэрэгжүүлэх, санхүүжилттэй холбоотой  Боловсролын тухай хуульд орсон өөрчлөлтөөр 2008 оноос эхлэн багш, ажилтны цалинг сургууль өөрөө олгодог болсон” гэх хариуцагчийн өөрийнх нь зөвшөөрсөн тайлбарыг үндэслэл болгосныг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ц.О нь 2006 онд ХИС-д багшаар томилогдох үед төсвийг улсаас бүрэн хариуцаж, боловсролын үйлчилгээг иргэдэд хүргэсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдаж байсан нь  нэг удаагийн буцалтгүй тусламж олгох үндэслэл болно гэж үзлээ.  

Төрийн албан хаагч нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх нь  зарим төрийн албан хаагчид төрийн албанд нийтдээ 5 жил ажилласан тохиолдолд үүсч байхад төрийн албанд 23 жил ажилласан, хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага болох ХИС-д багшаар томилогдох үед тухайн сургуулийн төсөв төрөөс бүрэн санхүүжилт авч, багш, ажилтны цалинг төрөөс олгодог байсан зэрэг нөхцөлийг харгалзан төрийн албанд баримтлах тэгш байдлыг хангах зарчимд үндэслэн Ц.О-д нь өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй гэж дүгнэлээ.

 “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2.1-д нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн 3 жилийн дунджаар тооцохоор, 2.2-т үндсэн цалингийн дунджийг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тус тус заасан болно.  

Нэхэмжлэгч Ц.О нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөгдсөн ба 2020 оныг хуанлийн жилд оруулан тооцохгүй тул Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэвэр тогтооход үндэслэл болгосон цалингийн тодорхойлолтод тусгагдсан 2019, 2018, 2017 оны цалингийн дунджаар буцалтгүй тусламжийн хэмжээг тооцов. Нэхэмжлэгч нь Ц.О-ын сүүлийн 3 жилийн цалингийн тооцоолол:

2017 онд -11,996,994 төгрөг

2018 онд -12,621,541 төгрөг

2019 онд-13,227,655 нийт 37,846,190:36=1,051,283 төгрөг

Нэг сарын дундаж цалин 1,051,283х23 жил= 24,179,509 төгрөг

Нэхэмжлэгч Ц.О-н нэг сарын сарын дундаж цалин 1,051,283 төгрөг бөгөөд түүнийг төрийн албанд  ажилласан 23 жилээр үржүүлэн тооцоход 24,179,509 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тооцоо гарч байна.

Харин нэхэмжлэгч Ц.О нь 2008 оноос 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ХИС-д багшаар ажилласан боловч ХИС-ийн багш,  ажилтнууд 2008 оноос хойш төрийн албан хаагчид хамаарахгүй болсон тул энэ хугацаанд түүний ажилласан жил төрийн албанд ажилласан хугацаанд тооцогдохгүй юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар албан бичгээр С.Э нарын хүсэлтэд Зөвлөмж хүргүүлэхдээ нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг ХИС сургуулийн Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг зөвлөсөн болохоос шууд үүрэг болгоогүй. Энэ нь төрөөс их, дээд сургуулийн /батлан хамгаалах, цэрэг, цагдаагаас бусад/ төсвийг батлах, зарцуулах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй болохыг нотолж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-аас ХИС-ийн захирал Б.Н-ийн хүсэлтийн дагуу “Хариу хүргүүлсэн” Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Ц-ын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай албан бичгийг эс зөвшөөрч, Төрийн албаны зөвлөлийн гишүүн нь Төрийн албаны зөвлөлийг төлөөлөхгүй гэж маргасан.

Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай *******д хариу хүргүүлсэн албан бичиг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй тул уг албан бичгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

ХИС-ийн захиргаа нь үйлчилгээг нь нийтээс хэрэглэдэг  нийтийн эрх зүйн этгээдэд хамаарах боловч нэхэмжлэгч Ц.О-ын нэхэмжлэлийн шаардлага нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгохтой холбоотой бөгөөд нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг тухайн оны төсөвт тусгаагүй ХИС-ийн Удирдах зөвлөлийн  шийдвэр нь /эс үйлдэхүй/  гадагш чиглэсэн буюу нийтэд чиглэгдсэн захиргааны акт биш, тухайн сургуулийн багш, ажилтнуудад үйлчилдэг  шийдвэр тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа  хэргийн харьяалал зөрчөөгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг 37,846,190 төгрөг гаргуулахаар багасгасан тул багасгасан нэхэмжлэлийн үнийн дүнд улсын тэмдэгтийн хураамжид  347,181 төгрөг төлөх ёстой юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Ц.О-д ХИС-иас нэг удаагийн буцалтгүй тусламжид 24,179,509 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн тул хангагдсан үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид 278,848 төгрөг төлөх бөгөөд үүнийг хариуцагч ХИС-иас гаргуулан шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн анх нэхэмжлэл гаргахдаа 40,842,792 төгрөгийг гаргуулахаар улсын тэмдэгтийн хураамжид 362,164 төгрөг төлсөн ба нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан тул илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 14,983 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан үнийн дүнд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 278,848 төгрөгийг хариуцагч ХИС-иас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 10 дугаар зүйлийн 10.4, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.О-ын нэхэмжлэлтэй, ХИС-д холбогдох “ХИС-иас 37,846,190 төгрөг гаргуулах”-аар багасгасан болохыг дурдаж, өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламж 24,179,509 төгрөгийг ХИС-ийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч Ц.О-д олгож, 13,666,681 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.О нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан тул илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 14983 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцааж олгож, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан үнийн дүнгийн хэмжээнд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 278,848 төгрөгийг хариуцагч ХИС-ийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч Ц.О-д олгож, Ц.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  347181 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.РАУШАН