Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Оюунболдын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2021/00164 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 1-р 80 айлын орон сууцны 42 тоотод оршин суух, РД:ПЮ59090911, Сартуул овгийн Цэрэнпилийн Оюунболдын нэхэмжлэлтэй, Ховд их сургуульд холбогдох, иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Оюунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албан хаагчийн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж 40,842,792 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна гэжээ. Хуулийн дээрх заалтын дагуу төрийн үйлчилгээний албан хаагч Ц.Оюунболд би өндөр насны тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй. Учир нь Ховд Их сургуулийн захирлын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/81 дүгээр тушаалаар Ц.Оюунболд намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр багшийн ажлаас чөлөөлсөн.

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний 7 дугаар тогтоолоор Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ыг баталсан. Уг журмын 5.1-т Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана гэжээ. Гэтэл Ховд их сургуулийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор батлагдсан тус сургуулийн 2020 оны төсөвт Ц.Оюунболд надад олгогдох 40,842,792 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн зардал тусгагдаагүй. Үүний улмаас Ц.Оюунболд миний нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх зөрчигдсөн тул эрхээ сэргээлгэхээр танай шүүхэд нэхэмжлэл гаргалаа. Иймд Ц.Оюунболд миний Ховд Их сургуульд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхийг хүсье гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоолоор Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг баталсан боловч Ховд их сургуулийн багш, ажилчид төрийн үйлчилгээний албан хаагчид биш учраас маргаж байна. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлд төрийн албан хаагчийн нэршлийн талаар зааж өгсөн. Үүнд төрийн албан хаагч гэж төрийн үйлчилгээг хэрэгжүүлсэнийхээ төлөө төрөөс цалин хөлс авч ажилладаг албан хаагчийг төрийн албан хаагч гэнэ гэж тодорхой заасан. Харин Ховд их сургуулийн багш ажилчдын хувьд төрөөс цалин хөлс авч ажилладаггүй. Төрийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг боловч төрөөс санхүүжилт авдаггүй, өөрийгөө санхүүжүүлж ажилладаг. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын зэрэглэлийг баталж өгсөн. Үүнд төрийн үйлчилгээний багш ажилчид гэдэгт их, дээд сургуулийн багш, ажилчдыг оруулаагүй, ганцхан Батлан хамгаалах сургуулийн багш нарыг оруулж баталсан Засгийн газрын тогтоол байгаа. Иймд Ховд их сургуулийн багш, ажилтнууд төрийн үйлчилгээний албан тушаалтанд багтахгүй. Ховд их сургуулийн хувьд удирдах зөвлөлөөс баталсан дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Мөн удирдах зөвлөлөөсөө Боловсролын тухай хуулиас тухайн жилийн төсвийг батлах гээд Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг байгууллага юм. Иймд аж ахуй үйлдвэрийн газар гэсэн тодорхойлолтод хамаардаг сургууль юм. Манай сургуулийн багш нарын хувьд Ховд их сургуулийн удирдах зөвлөлийн баталсан цалингийн сүлжээгээр цалинжиж ажилладаг. Иймд дээрх баримтуудыг үндэслээд шүүх дүгнэлт хийж өгнө үү. Нэгэнт төрийн албан хаагч биш учраас өндөр насны тэтгэвэрт гарахдаа авах нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах эрхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2021/00164 дугаар шийдвэрээр:” 1.Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 10 дугаар зүйлийн 10.4, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Оюунболдын нэхэмжлэлтэй, Ховд их сургуульд холбогдох Ховд их сургуулиас 37,846,190 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламж 24,179,509 (Хорин дөрвөн сая нэг зуун далан есөн мянга таван зуун ес) төгрөгийг Ховд их сургуулийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч Ц.Оюунболдод олгож, үлдсэн 13,666,681 (Арван гурван сая зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуун наян нэг) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Оюунболд нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан тул илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 14,983 /арван дөрвөн мянга есэн зуун наян гурав/ төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцааж олгож, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан үнийн дүнгийн хэмжээнд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 278,848 төгрөгийг хариуцагч Ховд их сургуулийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч Ц.Оюунболдод олгож, Ц.Оюунболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,181 /гурван дөчин долоо мянга нэг зуун наян нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгоно гэж заасан байна. Ц.Оюунболд нь төрийн албан тушаал эрхэлж, төрөөс цалин авдаг төрийн албан хаагч биш бөгөөд төрийн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гараагүй байхад төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 1.2-т төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүсэхээр заасан байна гэж үззх дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Ховд их сургуулийн захирлын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/81 дүгээр тушаалаар Ц.Оюунболдыг өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр багшийн ажлаас чөлөөлж 4 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Уг тушаалыг Ц.Оюунболд гардаж аваад  тэтгэвэр тогтоолгох өргөдлийг Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан байдаг.

Ховд их сургууль нь Удирдах зөвлөлийн тогтоолоор баталсан дүрмээр харилцаа нь зохицуулагддаг, төрөөс олгосон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилладаг, төрийн өмчит үйлдвэрийн газар учир Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын үйлчлэлд хамаарахгүй байгууллага юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Оюунболд нь “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 40,842,792 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг Ховд их сургуульд холбогдуулан гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний төлөөлөгч  нь 37,846,1900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн өндөр насны тэтгэвэр толтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу төрийн үйлчилгээний албан хаагч Ц.Оюунболд би өндөр насны тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй гэж тайлбарласан байна.

 Хариуцагч тал Ховд Их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Ховд их сургууль нь төрөөс санхүүжилт авдаггүй, өөрийгөө санхүүжүүлж ажилладаг тул тус сургуулийн багш, ажилтнууд нь төрөөс цалин авдаггүй, төрийн албан хаагч гэдэг хуулийн нэр томьёоны тодорхойлолтод хамаарахгүй байгаа учир төрийн албан хаагч биш юм. Нэгэнт төрийн албан хаагч биш тул өндөр насны тэтгэвэрт гарахдаа төрийн албан хаагчийн авах ёстой буцалтүй тусламжийг авах үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч Ховд Их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар Ховд их сургуулийн захиралын 2020 оны 08 дугаар сарын 31-ний Б/81 дүгээр “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Хдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Ховд Их сургуулийн дүрэм”-ийн 3.15, Хамтын гэрээний 3.9 дэх заалт, Ховд Их сургуулийн хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.3.8 дахь заалтыг тус тус үндэслэн өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Гадаад хэл, соёл судлалын тэнхимийн багш Ц.Оюунболдтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, түүнд 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэж олгож шийдвэрлэсэн байна.

Хэргийн оролцогчдоос гаргаж өгсөн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Ховд Их сургуулийг улсын бүртгэлд бүртгэсэн 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1670001089 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээгээр Ховд их сургуулийн хариуцлагын хэлбэрийг “Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар”, үүсгэн байгуулах баримт бичиг нь “Дотоод журам”, үйл ажиллагааны үндсэн чиглэл нь  сургалт, эрдэм шинжилгээний зориулалт гэж бүртгэж хуулийн этгээдийн гэрчилгээ олгосон байна.

 Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд Төрийн өмчид хуулийн этгээдийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь төрийн байгууллага, албан газар, төрийн өмчид үйлдвэрийн газар гэж ангилсан байх ба  мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1-д  Төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэгт дан ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар орох бөгөөд тэдгээрийн эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж ангилсан байна. Харин мөн хуулийн 15 дугаар зүйлийн 2-т “Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэж тус тус ангилан хуульчилжээ.  

Ховд их сургууль нь хэлбэрийн хувьд төрийн өмчид үйлдвэрийн газар, харин үйл ажиллагааны хувьд төрөөс санхүүжилт авдаггүй, өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар бие даан үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар  болох нь  Ховд их сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн  хурлаар баталсан  “Ховд Их сургуулийн 2020 оны төсвийг батлах тухай” 09 дүгээр тогтоолын  1, 2, 3 дугаар  хавсралт, 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн тус сургуулийн дүрмийг шинэчлэн баталсан Ховд их сургуулийн Удирдах зөвлөлийн хурлын 04 дүгээр тогтоол, уг тогтоолын 5 дугаар хавсралт зэрэг хэрэгт  авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

Өөрөөр хэлбэл Ховд их сургуулийн удирдах дээд байгууллага нь удирдах зөвлөл бөгөөд үйл ажиллагаагаа дүрмээр зохицуулдаг, санхүүгийн эх үүсвэр нь өөрийн үйл ажиллагааны үр дүнд  олох орлого бөгөөд уг  орлогодоо тулгуурлан багш ажилтан нарынхаа цалингийн шатлалыг удирдах зөвлөлийн хурлаараа баталж  багш, ажилтан нарт цалин хөлс олгодог байна. Түүнчлэн Ховд их сургуулийн удирдах зөвлөлийн 2019 оны 09 дүгээр тогтоолоор Ц.Оюунболдын үндсэн цалинг 1,134,522 төгрөг байхаар тогтоосон нь тус сургуулийн удирдах зөвлөлийн бүрэн эрх бөгөөд  багш, ажилтаны цалинг өөрсдийн эрх хэмжээний хүрээнд тогтоодог болох нь нотлогдож байна. 

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.-т “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгоно” гэж хуульчилсан байх ба  мөн хуулийн 10 дугаар зүйлд төрийн албан тушаалыг төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаалтан гэж ангилсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах албан тушаал хамаарна”, мөн зүйлийн 14.1.2.-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал”-ыг төрийн үйлчилгээний албан тушаалд хамруулахаар  хуульчилсан байна.

Нэхэмжлэгч Ц.Оюунболд нь Ховд их сургуультай хөдөлмөрийн гэрээ байгуулан багшаар  ажилладаг бөгөөд гэрээнд заасан  үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авдаггүй, өөрийн үйл  ажиллагаагаар өөрийгөө санхүүжүүлдэг Ховд их сургуулиас цалин авч  ажилдаг тул дээрх хуульд заасан төрийн  үйлчилгээний албан хаагчийн ангилалд хамаарахгүй байна.

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан хэлэлцэгдсэн нотлох баримтаар  Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Гадаад хэл, соёл судлалын тэнхимийн багш Ц.Оюунболд нь тус сургуультай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан  боловч цалин хөлсөө төрөөс авдаггүй, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээд Ховд их сургуулиас цалин авч ажилладаг байсан тул түүнийг төрийн үйлчилгээний  албан хаагч  гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч  Ц.Оюунболд нь 2006 оын 09 дүгээр сарын 01-нээс 2020 оны 08 дугаар сарын 31-ны өдөр хүртэл тасралтгүй Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Гадаад хэл, соёл судлалын тэнхимийн багшаар ажиллаж байсан бөгөөд түүнийг өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр  ажлаас нь чөлөөлж,   “Ховд их сургуулийн хөдөлмөрийн дотоод журам”-ыг үндэслэн түүнд 4 сарын үндсэн цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмж олгож шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоолын  “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2-т Эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч болон төрийн тусгай албан хаагчаас бусад энэ журмын үйлчлэлд хамаарах  төрийн албан хаагч нийтдээ  5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ гэж тогтоожээ.  Нэхэмжлэгч  Ц.Оюунболд нь 2006 оын 09 дүгээр сарын 01-нээс 2020 оны 08 дугаар сарын 31-ны өдөр хүртэл тасралтгүй Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Гадаад хэл, соёл судлалын тэнхимийн багшаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан  тул  дээрх журамд заасан шаардлагад түүний ажиллаж байсан байдал нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудаар тус сургуулийн багш Ц.Оюунболдыг төрийн үйлчилгээний албан хаагч нийтдээ  5 жил ажилласан үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Харин Ц.Оюунболд төрөөс санхүүжилт авдаггүй, өөрийгөө санхүүжүүлж үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн тооцоот Ховд их сургуульд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн байна.

Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Ц.Оюунболдыг 2006 онд Ховд их сургуульд багшаар томилогдох үед уг байгууллагын төсвийг улсаас бүрэн хариуцаж, төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдаж байсан нь  нэг удаагийн буцалтгүй тусламж олгох үндэслэл болно.Төрийн албан хаагч нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх нь  зарим төрийн албан хаагчид төрийн албанд нийтдээ 5 жил ажилласан тохиолдолд үүсч байхад төрийн албанд 23 жил ажилласан, хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага болох Ховд их сургуульд багшаар томилогдох үед тухайн сургуулийн төсөв төрөөс бүрэн санхүүжилт авч, багш, ажилтны цалинг төрөөс олгодог байсан зэрэг нөхцөлийг харгалзан төрийн албанд баримтлах тэгш байдлыг хангах зарчимд үндэслэн Ц.Оюунболд нь өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй гэж дүгнэсэн нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам” болон Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцээгүй байна.Өөрөөр хэобэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авсан тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278.848 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгож шийдвэрлэв.

Ховд Их  сургуулийн захирлын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/81 дүгээр тушаалаар нэхэмжлэгч    Ц.Оюунболд нь багшийн ажлаас чөлөөлгдсөн байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр номын санчийн ажлаас чөлөөлсөн гэж зөрүүтэй бичсэн байгааг цаашид анхаарвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

            1. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 153/ШШ2021/00164 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  Ц.Оюунболдын нэхэмжлэлтэй Ховд их сургуульд холбогдох 40.842.792 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг  хүлээн авсугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д    зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278.848 төгрөгийг  шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгосугай

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.НЯМБАЯР

 

                   ШҮҮГЧИД                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

                                                                     

                                                                                     Н.ТУЯА