Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0148

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Наранбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Галмандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Адъяашүрэн нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 907 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Отгон зам” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Энхтуяа, Д.Нямдорж нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 907 дугаар шийдвэрээр: ”Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, Нягтлан болох бүртгэлийн тухай хууль /2001/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.14, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.4-т заасныг тус баримтлан нэхэмжлэгч “Отгон зам” ХХК-ийн “Татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 230013788 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6, 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.3, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны хариуцлагын тухай хууль /1992/-ийн 3 дугаар зүйлийн 1, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 230013788 тоот актаар “Отгон зам” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон 16,410,181.8 төгрөгийн нөхөн татвар, 4,923,054.5 төгрөгийн торгууль, 3,900,043.8 төгрөгийн алданги нь нийт 25,233,280.1 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Адъяашүрэн давж заалдах гомдолдоо: “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1.1 “... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” 4.3 “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” мөн уг хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд “Өршөөлийн хуульд заасан захиргааны зөрчилд Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 210 орчим хуульд заасан захиргааны зөрчлийн хамааруулж хэрэгжүүлэх нь зүйтэй....зөрчилд зөвхөн алданги, хүү, торгууль зэрэг хамаарна. Татвар, төлбөр, хураамж болох үндсэн үүрэг чөлөөлөгдөхгүй гэж ойлгоно...” гэж тэмдэглэсэн, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан, татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлдэг. Нөхөн төлөгдөж байгаа нөхөн татвар нь захиргааны зөрчил бус харин холбогдох аж ахуй нэгжийн татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн дагуу төлж буй төлөлт юм. Өөрөөр хэлбэл нөхөн татвар нь тухайн татвар төлөгчийн татвар төлөх үндсэн үүрэг болохоос захиргааны шийтгэл биш тул “Отгон зам” ХХК-д холбогдуулан гаргасан Татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 230013788 дугаар актаар нөхөн ногдуулсан татвар болох 16,410,181.8 төгрөгийг өршөөн хэлтрүүлсэн нь үндэслэлгүй.

Шүүгч шийдвэрийг танилцуулахдаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд актын торгууль, алдангийг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан өршөөж, нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэмээн хэргийн оролцогчдод танилцуулсан атлаа бичгээр гарсан шийдвэр нь шүүгчийн уншиж танилцуулсан шийдвэрээс зөрүүтэй буюу акт нөхөн ногдуулсан татварыг өршөөн хэлтрүүлсэн шийдвэр гарсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108.2-т “Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно” гэж заасныг зөрчсөн.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 230013788 дугаар актаар нөхөн ногдуулсан татвар болох 16,410,181.8 төгрөгийг өршөөсөн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Наранбаяр давж заалдах гомдолдоо: “1. Татварын улсын байцаагч нар татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчин актдаа ямар үндэслэлээр “Содон шаглаа” ХХК-аас манай компанид ирүүлсэн 164,101.8 мянган төгрөгийн үнэтэй бараа материал худалдан авч, 16,410.2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 180,512.0 мянган төгрөгийн төлбөрийн дүнтэй, 0015135737 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бичиж нэхэмжилснийг хуурамч гэж үзэж байгаагаа бичиж, тэмдэглэж өгөөгүй, нотлох баримтын үндэслэлээ дурдаагүй, актад хавсаргаагүй байгаа нь хууль бус болсон байдаг бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр 2 тал хоёулаа гарын үсгээ зурж баталгаажуулсан, мөн манай компани нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын дэвтэртээ буюу нягтлан бодох бүртгэлдээ тусган, Татварын албаны цахим бүртгэл буюу нэмэгдсэн өртгийн албан татварын системд бүртгэсэн байхад нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдүүлэлт хийгээгүй гэж Шүүх дүгнэсэн нь хууль бус болжээ.

2. ”Содон шаглаа” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр Татварын албанд бүртгэгдсэн, тус албанаас нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ, тусгай дугаар бүхий албан ёсны нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд (Үнэт цаас)-ыг “Содон шаглаа” ХХК-д олгосон байсан.

Манай компани эдгээр бүх баримт материалыг нягталж үзсний үндсэн дээр “Содон шаглаа” ХХК-тай 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн бараа материал худалдах, худалдан авах гэрээг байгуулан худалдан авсан бараа материалын төлбөрт 164,101.8 нэмэгдсэн өртгийн албан татварт 16,410,2 нийт 180,512.0 мянган төгрөгийг төлсөн.

Тухайн үед мөрдөгдөж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд 10,000.0 (Арван сая төгрөг) мянган төгрөг буюу түүнээс дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж, хувь хүн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлөхөөр хуульчлагдсан байсан.

Манай компани зах зээл дээрээс өөрийн үйл ажиллагаандаа зориулан бодитоор 164,101.8 мянган төгрөгийн бараа, материал худалдан авч, 16,410.2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг бусдад нэмж төлсөн, энэ хэмжээний бараа, материал манай компанид борлуулж байгаа ямар ч аж ахуйн нэгж, хувь хүн нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч хуулиараа байх ёстой юм.

Харин албан ёсоор гэрээ байгуулсан, татварын албанаас олгосон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ нь бодит, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь жинхэнэ, компанийн тамга тэмдэг нь хуурамч бус, бодитоор гэрээний дагуу бараа материал нийлүүлээд байгаа компанийг манай компани болоод миний бие бараа борлуулдаггүй атлаа нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичээд байгаа гэж үзэх нь утгагүй юм.

Учир нь Татварын алба бараа борлуулдаггүй, ажил үйлчилгээ үзүүлдэггүй гэж үзээд байгаа “Содон шаглаа” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгоогүй, тусгай дугаар бүхий албан ёсны нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг өгөөгүй байсан бол манай компани тус компаниас бараа материал худалдан авах шаардлагагүй байлаа.

Өөрөөр хэлбэл бид зах зээл дээрээс нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр бараа материал худалдан авч бусдад 16,410.2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн атлаа актаар дахин 16,410.2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, 4,923.1 мянган төгрөгийн торгууль, 3,900.0 мянган төгрөгийн алданги, нийт 25,233.3 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр байцаагч нар шийдвэрлэсэн нь шударга бус бөгөөд хууль тогтоомжтой нийцээгүй байна.

Манай компанийн бусдад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг улсын төсөвт төлөгдөх үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулан, хуурамч бичиг баримт үйлдэн замаас нь хулгайлсан гэж татварын алба үзэж байгаа юм бол “Содон шаглаа” ХХК нь прокурорын 2016 оны 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 236 дугаар тогтоолд: «...Яллагдагч А.Энхсайхан нь нягтлан бодогч Л.Ганчулуунтай бүлэглэн ... бараа материал худалдан борлуулаагүй, ажил үйлчилгээ үзүүлээгүй атлаа үзүүлсэн мэтээр ... нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бичиж, “Содон шаглаа” ХХК-ийн нэрээр бичиж ... бичиг баримт хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан гэмт хэргийг үйлдсэн ... А.Энхсайхан, Л.Ганчулуун ... нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ...” гэсний дагуу манай компанид үндэслэлгүй тогтоосон 16,410.2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, 4,923.1 мянган төгрөгийн торгууль, 3,900.0 мянган төгрөгийн алданги, нийт 25,233.3 мянган төгрөгийн төлбөрийг иргэн А.Энхсайхан, Л.Ганчулуун нараас гаргуулан төлүүлэхээр татварын алба нэхэмжлэл гаргах байтал манай компанид акт тогтоосон нь хууль бус байсан талаар шүүх дүгнэсэнгүй.

3. Миний бие мөрдөн байцаагчид гэрчийн мэдүүлэг өгөхдөө н.Молом гэж хүнээс бараа, материалыг хүлээж авсан. Тэр хүн өөрийгөө надад “Содон шаглаа” ХХК-ийн ажилтан гэж танилцуулаад худалдан авсан бараа, материалыг дагалдуулан тэрхүү нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг олгоод төлбөрийн мөнгийг хүлээн авсан болохыг нь хэлсэн. Түүнээс 1-ээс 2 хувийн шимтгэл төлж падаан худалдан аваагүй болохоо албан ёсоор хуулийн хүрээнд үнэн зөв мэдүүлсэн. Гэтэл манайд компанид татварын алба төлбөр ногдуулаад байгаа нь анхнаасаа хууль бус байсан.

4. Монгол Улсын Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлд: «4.1.Татварын...хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд...татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй; мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар ... төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө: 4.1.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль; 4.1.2.Татварын ерөнхий хууль...», «...4.2.Энэ хуулийн 4.1-д заасны дагуу сайн дурын үндсэн дээр албан татвар төлөгчөөр шинээр бүртгүүлсэн...татварын тайлангаа шинээр тайлагнасан...тайлагнахаас өмнөх хугацаанд олсон албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагаа /цаашид “орлогоос бусад албан татвар ногдох зүйл” гэх/-нд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй...» гэж заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг шинээр гарган татварын албанд мэдүүлсэн талаар, уг тайланг эх хувиар нь шүүхэд нотлох баримт болгон гаргаж хүргүүлсэн, шүүх хуралдааны үеэр хэлж тайлбарлаад байхад энэ талаар шүүх дүгнэлт өгсөнгүй, хуулийн үйлчлэлд хамруулсангүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 907 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгон өөрчилж өгнө үү“ гэжээ.

ХЯНАВАЛ:

Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 9д/1728 дугаар албан бичгээр “2013 оны 12 дугаар сарын тайландаа “Отгон зам” ХХК нь 180.511.999 төгрөгийн худалдан авалтыг “Содон шаглаа” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хий бичилт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусгаж, албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж үзэн татварын хяналт шалгалт хийлгэхээр Татварын ерөнхий газарт мэдэгдсэний дагуу Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар “Отгон зам” ХХК-ийн 2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг хийжээ.

Нэхэмжлэгч “Отгон зам” ХХК 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Содон шаглаа” ХХК-тай гэрээ хийсний үндсэн дээр 180,512,000 төгрөгийн бараа материалыг худалдан авсан, 2013 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 70,869,550, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 109,642,454 төгрөгийн бараа материал худалдан авсан гэх баримтуудыг бүрдүүлсэн боловч зарлагын баримтууд нь дугааргүй, мөнгө хүлээлгэн өгсөн, авсан болон шалгасан нягтлан бодогчийн гарын үсэггүй, барааг бэлтгэх нийлүүлэх хугацаа тодорхойгүй, бэлэн мөнгөний орлогын баримт дугааргүй, нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд бараа, ажил үйлчилгээний нэр төрлийг болон тоо хэмжээ, үнийн дүнг бичээгүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 /“анхан шатны баримт” гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог/, 7 дугаар зүйлийн 7.5 /Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно/, 7.6 /Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна/-д болон хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 /санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх/-т заасантай нийцээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Түүнчлэн Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 536 дугаар тогтоолоос үзвэл “Содон шаглаа” ХХК-ийн захирал А.Энхсайхан, нягтлан бодогч Л.Ганчулуун нар нь 2013 онд тус компаниас бодитоор худалдан авалт хийгээгүй аж ахуйн нэгжүүдэд падаан бичсэн үнийн дүнгийн 1-2 хувиар тооцож, аж ахуйн нэгжүүдэд худалдан борлуулан 403,030,731,40 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөхөөс зайлсхийх боломж олгосон, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд энэ нь нэхэмжлэгч “Отгон зам” ХХК бодит байдалд “Содон шаглаа” ХХК-аас худалдан авалт хийгээгүй гэдгийг давхар нотолсон байх бөгөөд хариуцагчийн маргаан бүхий захиргааны акт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 /Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй/-д заасантай нийцсэн байна.

Иймд “нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдүүлэлт хийсэн байсан“ гэх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээрх нөхцөл байдал нь “Отгон зам” ХХК-ийг татвар ногдох орлогыг нуусан зөрчил үйлдсэн гэх үндэслэл болох бөгөөд энэ тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 /Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна/, 74.1.4 /тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх/, 74.2 /Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна/, 74.3 /Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна/-д заасны дагуу 164,101,818.00 төгрөгийн зөрчилд 16.410,181.80 төгрөгийн нөхөн татвар, 4,923,054.50 төгрөгийн торгууль, 3,900,043.80 төгрөгийн алданги, нийт 25,233.280.10 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж зааснаар тухайн хуулийн үйлчлэлд зөрчил гаргаж, шийтгэл хүлээсэн этгээдийн захиргааны шийтгэл л хамаарахаар байна.

Тиймээс татварын улсын байцаагчийн маргаан бүхий актын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу торгууль, алданги ногдуулсан хэсэг уг өршөөлийн хуульд хамаарна.

Харин Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нөхөн татвар нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу ногдуулж байгаа татвар буюу хариу төлбөргүйгээр улсын төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө бөгөөд энэ нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тусгасан захиргааны шийтгэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл, захиргааны шийтгэлийг өршөөн хэлтрүүлэх нь нэхэмжлэгчийг татвар төлөх үүргээс чөлөөлөхгүй.

Энэ талаар анхан шатны шүүх буруу дүгнэлт хийжээ.

Түүнчлэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээдэд үйлчлэх бөгөөд нэхэмжлэгч компанийн нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой дээрх үйл ажиллагаа үүнд хамаарахааргүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд зааснаар “Отгон зам” ХХК-ийн гомдлыг Нийслэлийн татварын газрын болон Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн, түүнийг нь эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тухайн актын хууль зүйн үндэслэлд шүүх дүгнэлт өгч хянан шийдвэрлэх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 907 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаас “14.1, 3.1.1, 3.14” гэснийг хасч, 2 дахь заалтыг “2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 230013788 дугаар актаар ногдуулсан 4,923,054.5 төгрөгийн торгууль, 3,900,043.8 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                    ШҮҮГЧ                                                    Э.ЛХАГВАСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                    Д.БААТАРХҮҮ

                                    ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР