Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2021/02353

 

 

 

 

 

 

 

 

2021 11 02 182/ШШ2021/02353

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо 41-40 тоотод оршин суух, нэхэмжлэлтэй, ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, бага тойруу 7-1 өөрийн байранд байрлах, Төрийн банк ХХК-д холбогдох,

 

Ажлаас чөлөөлж, өөр ажилд томилох 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/384 дугаар тушаал хүчингүй болгох, ажилд эгүүлэн томилуулах тухай

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Чинзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсанаа, Б.Байгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь 2015 онд Төрийн банкинд ажиллаж байхад маань хууль бусаар халсан 2018 оны 11 сард шүүхийн шийдвэрээр Иргэдийн банкны газрын Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захирлын албан тушаалд тогтоосон. Банкны удирдлагын саналыг хүлээн авч, харилцан тохиролцсоны үндсэн дээр 2019 оны 07 сарын 04-ний тушаалаар Баянгол дүүрэг салбарын харъяа Барс тооцооны төвийн захирлаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.

Энэ албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, ажил үүргээ гүйцэтгэж байтал гүйцэтгэх захирлын тушаалаар 2021 оны 05 сарын 07-ны өдрөөс Баянгол тооцооны төвд ажиллах хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, Баянзүрх дүүрэг салбарын Гачуурт тооцооны төвд томилсон. Энэ тушаалын үндэслэл нь талууд харилцан тохиролцсон үндэслэлийг заасан боловч надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай огт мэдэгдээгүй, энэ талаар надтай тохиролцсон зүйл огт байхгүй. 2021 оны 05 сарын 07-ны өдөр нь баасан гариг байсан бөгөөд уг тушаалыг мейлээр явуулсан, нэг хувийг гардуулж өгөөгүй.

Ингээд миний бие 05 сарын 09-нөөс өвчтэй байсан бөгөөд банкны үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах үүднээс Баянгол дүүрэг салбарын ажлыг 05 сарын 11-нд хүлээлгэж өгч улмаар Баянзүрх дүүрэг салбарын Гачуурт тооцооны төвийн захирлын ажлаа гүйцэтгэж эхэлсэн.

Хариуцагч тал намайг Гачуурт тооцооны төвийн ажлыг гүйцэтгэж байгаа нь харилцан тохиролцож, уг тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж тайлбар гаргаж байна.

Гэтэл миний бие уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа 05 сарын 10-ны өдрөөс 2021 оны 10 сарын 04 хүртэл хугацаанд Төрийн банкинд бичгээр гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байгаа. Мөн өөрийн биеэр уулзах гэхээр энэ захирлуудын хэн ч хүлээн авдаггүй юм.

Салбарын захирлын цалин хөлсний хэмжээ ижил тул Гачуурт тооцооны төв рүү шилжүүлснээр цалин хөлсөөр хохироогүй. Миний бие урьд нь шүүхээр энэ төрлийн хэрэг маргааны шийдвэрлүүлж байсан, туршлагатай болсон тул цалин хөлсөөр хохироогүй тулд Гачуурт тооцооны төвийн ажил үүргийг хэвийн гүйцэтгэж, цалин хөлсөө авсаар байгаа.

Баянгол дүүрэг тооцооны төвөөс Баянзүрх тооцооны төврүү шилжүүлэх талаар ажил олгогчийн зүгээс надаас ямар нэгэн хэлбэрээр огт санал аваагүй, тохиролцох тухай ярилцаагүй байж дур мэдэн шийдвэр гаргасан. Иймд уг тушаалыг харилцан тохиролцож гаргаагүй тул уг тушаалыг хүчингүй болгож, Төрийн банкны Баянгол дүүрэг салбарын Барс тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсанаа, Б.Байгаль нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Тус банкны гүйцэтгэх захирлын 2021.05.07-ны Б/384 тоот тушаалаар *******ыг Баянгол дүүргийн Барс тооцооны төвөөс Баянзүрх дүүрэг Гачуурт тооцооны төвийн захирлаар шилжүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-т зааснаар харилцан тохиролцсоны үндсэн дээр гаргасан. Банкны хүний нөөцийн хорооны 2021.04.07-ны өдрийн хурлын шийдвэрээр 13 салбарын захирлуудыг сэлгэн ажиллуулсан, эдгээр захирлуудаас ******* маргадаг, харин бусад нь хүлээн зөвшөөрч хэвийн ажлаа хийж байгаа. ******* тушаалыг хүлээн зөвшөөрч Барс тооцооны төвийн захирлын ажил, тамга тэмдгээ хүлээлгэн өгч, 2021 оны 05 сарын 24-нөөс Гачууртын захирлын албан тушаалыг эрхэлж, цалин хөлсөө авсаар байгаа юм. Хэрэв уг тушаалыг зөвшөөрөөгүй гэж үзвэл Гачууртын ажлыг ч мөн хийхгүй байсан. Гэтэл Гачуурт тооцооны төвийн захирлын албан тушаал дээр ажиллаж, тамга тэмдэг ашиглаж, мэдээ тайлан гаргаж банкнаас цалин хөлс авсаар байгаа атлаа хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэхээр байгуулахгүй гэж байгаа нь Гачуурт төв дээр ажиллахаар тохиролцсон гэж үзэж байна.

Тушаалын хууль зүйн үндэслэл нь талууд тохиролцсоны үндсэн дээр Төрийн банк нь ******* Баянгол дүүрэг Барс тооцооны төвтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, Баянзүрх дүүрэг Гачуурт тооцооны төвд шилжүүлэн томилсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдуулан 2021 оны 05 сарын 07-ны өдрийн Б/384 тоот тушаалыг хүчингүй болгож, Баянгол дүүрэг салбарын Барс тооцооны төвийн захирлын албан тушаалд томилуулах тухай шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...Шилжүүлэн томилох талаар харилцан тохиролцоогүй, Хүний нөөцийн хорооны хурлын шийдвэрийг мэдэгдээгүй тул Барс тооцооны төвөөс Гачуурт руу шилжүүлсэн тушаал үндэслэлгүй, банкны тасралтгүй үйл ажиллагааг хангахын тулд Барс тооцооны төвийн ажлыг хүлээлгэн өгч, Гачууртын тооцооны төвийн ажлыг эрхэлж байгаа нь уг тушаалыг хүлээн зөвшөөрсөн байдал биш...Барс тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож өгнө үү гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...******* байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, Гачуурт тооцооны төв рүү томилох талаар харилцан тохиролцсоны үндсэн дээр гаргасан тушаал тул хууль зүйн үндэслэлтэй. Хүний нөөцийн хорооны хурлаар 13 захирлын шилжүүлэн томилох асуудлыг шийдвэрлэсэн. ******* уг тушаалыг хүлээн зөвшөөрч Барс тооцооны төвийн ажлыг хүлээлгэн өгч, Гачууртын захирлын ажлыг гүйцэтгэн цалин хөлс авч байгаа нь энэ ажлын байранд ажиллахаар тохиролцсон болохыг харуулж байна, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж байна.

Төрийн банкны захирлын 2019 оны 07 сарын 04-ний өдрийн Б/1026 тоот тушаалаар *******ыг Баянгол дүүрэг салбарын харъяа Барс тооцооны төвийн захирлаар мөн өдрөөс томилж, 2019 оны 07 сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээнд ажилтаны байнгын ажлын байр, албан тушаалыг Барс тооцооны төв гэж, цалингийн хэмжээг тохирч, 2019 оны 07 сарын 04-ний өдрөөс ажил үүргийг гүйцэтгэхээр, хугацаагүйгээр мөн хүлээлгэх хариуцлагын талаар тохирч эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хэрэгжиж эхэлсэн байна. /хх39-42/

Мөн тухайн өдөр талууд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан ажлын байрны тодорхойлолтыг баталжээ. /хх43-45/

Төрийн банк ХХК нь 2021 оны 05 сарын 07-ны өдрийн Б/384 тоот тушаалаар ******* байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 05 сарын 09-ний өдрөөр дуусгавар болгож, 2021 оны 05 сарын 10-ны өдрөөс Баянзүрх дүүрэг салбарын харъяа Гачуурт тооцооны төвийн захирлаар томилсон байх бөгөөд уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 37 дугаар зүйлийн 37.1.1, Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.24.1 дэх заалт, Хүний нөөцийн хорооны 2021 оны 04 сарын 07-ны өдрийн 16 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэжээ. /хх78-88/

Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, өөр ажилд томилсон тухай дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасан ... ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдолд хамаарахаар байна.

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д ...Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйл, хөдөлмөрийн дотоод журмын 5.24-д заасан үндэслэлээр дуусгавар болгоно гэж заасан бөгөөд уг зүйл, хэсэг нь гэрээний талууд харилцан тохиролцсон байх нөхцөлийг тусгасан байна.

Хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар ажилтан *******ыг өөр ажилд шилжүүлэх талаар гэрээний талууд тохиролцсон гэх байдал тогтоогдохгүй болох нь нэхэмжлэгчийн...Барс тооцооны төвөөс Гачуурт тооцооны төв рүү шилжүүлэн томилох талаар надтай тохиролцоогүй гэх тайлбар, ажилтан шийдвэрийг зөвшөөрөхгүй, хүчингүй болгуулах тухай хүсэлтийг 2021 оны 05 сарын 10, 10 сарын 04-ны өдрүүдэд ажил олгогчид хүргүүлсэн зэрэг Төрийн банкны 2021 оны 09 сарын 10-ны өдрийн 17/4229 дугаартай тоотоор, Монгол шуудан ХК-ийн баримтаар тус тус тогтоогдож байна. /хх116, 89-91/

Төрийн банкны Хүний нөөцийн хороо 2021 оны 04 сарын 07-ны өдөр хуралдаж Салбарын удирдлагын газраас ирүүлсэн саналын дагуу Улаанбаатар салбар нэгжийн 13 нэгжийн захирлын сэлгэн ажиллуулах... асуудлыг шийдвэрлэж 16/01 тоот шийдвэр гаргасан бөгөөд уг шийдвэрийг баримтлан *******ыг шилжүүлэн томилсон нь үндэслэлгүй байна.

Тухайлбал дээрх 16/01 тоот шийдвэрээр Улаанбаатар салбар нэгжийн 13 нэгжийн захирлыг сэлгэн ажиллуулах тухай асуудлыг шийдвэрлэсэн гэх боловч салбарын удирдлагын газраас ирүүлсэн санал нь шийдвэрт тусгагдаагүй, сэлгэн ажиллуулах 13 нэгжийн захирлын нэрс дотор Баянгол дүүрэг салбарын Барс тооцооны төвийн захирлыг шилжүүлэх асуудлыг хэлэлцсэн нь тодорхойгүй улмаар 2021 оны 04 сарын 07-ны өдрийн хурлаар шийдвэрлэсэн асуудлын талаар хууль ёсны эрх, ашиг нь хөндөгдөж буй ажилтанд танилцуулаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул тухайн шийдвэрийг хууль зүйн хувьд үндэслэл бүхий гэж үзэхээргүй байна.

Хэргийн оролцогч нь шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч тал энэ талаарх баримтыг гаргаагүй болно.

Хариуцагч тал *******ыг Барс тооцооны төвийн ажлыг хүлээлгэн өгч, Гачуурт тооцооны төвийн захирлын ажил үүргийг гүйцэтгэж цалин хөлс авч байгаа нь тухайн албан тушаалд шилжин ажиллахаар харилцан тохиролцсон гэж үзнэ, мөн уг тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарладаг.

Ажил олгогчийн 2021 оны 05 сарын 07-ны өдрийн тушаал гарснаар ******* байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үйлчлэл мөн адил дуусгавар болж тэрээр гэрээнд зааснаар 2021 оны 05 сарын 11-ний өдөр Баянгол дүүрэг салбар Барс тооцооны төвийн захирлын албан тушаалын эд зүйлийг хүлээлгэн өгсөн үйлдэл нь шилжүүлэн томилсон тушаал гарснаас хойшхи хугацааны үйл баримт бөгөөд энэхүү үйлдлээр талуудыг харилцан тохиролцсон, тушаалыг зөвшөөрсөн гэж үзсэн хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй юм.

Иймд ажилтныг шилжүүлэн томилох талаар гэрээний талууд харилцан тохиролцсон болох нь тогтоогдоогүй мөн үндэслэл бүхий гэж үзэхээргүй Хүний нөөцийн хорооны 2021 оны 04 сарын 07-ны өдрийн 16/01 тоот шийдвэрийг баримтлан ажилтныг шилжүүлэн томилсон нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч *******ыг Баянгол дүүрэг салбарын Барс тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь дээрх тушаалаар Баянзүрх дүүрэг салбар тооцооны төвийн захирлын ажил албан тушаалыг 2021 оны 05 сарын 09-ний өдрөөс одоог хүртэл хугацаанд гүйцэтгэж цалин хөлс авч байгаа бөгөөд салбарын захирлуудын цалин хөлсний хэмжээ ижил гэсэн тайлбар гаргаж, буруу шилжүүлсэн үеийн олговор нэхэмжлээгүй болно.

Шүүхээс зохигч талуудад эвлэрүүлэн зуучлах ажиллагааны бүх мэдээллийг өгч, тэдгээрийг эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтой болохыг сануулсан мөн нөгөө талаар ажилтан ******* уг тушаалыг хүчингүй болгох талаар ажил олгогчид бичгээр хүсэлт гаргаж байсан, тухай хүсэлтийг шийдвэрлээгүй байгаа зэрэг байдлаас үзэхэд хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны талаар талууд урьдчилан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******ыг Төрийн банк ХХК-ийн Баянгол дүүрэг салбарын Барс тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн томилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Төрийн банк ХХК-иас тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦОЛМОН