Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00073

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШШ2021/02353 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Б-ы хариуцагч Т- ХХК-д холбогдуулан гаргасан Т- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/384 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б-, түүний өмгөөлөгч С.Чинзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар Баянгол дүүрэг салбарын харьяа Барс тооцооны төвийн захирлаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Энэ албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, ажил үүргээ гүйцэтгэж байтал гүйцэтгэх захирлын тушаалаар 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс Баянгол тооцооны төвд ажиллах хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, Баянзүрх дүүрэг салбарын Гачуурт тооцооны төвд томилсон. Энэ тушаалд талууд харилцан тохиролцсон гэсэн үндэслэлийг заасан боловч надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдээгүй, энэ талаар надтай тохиролцсон зүйл байхгүй. 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр нь Баасан гариг байсан бөгөөд уг тушаалыг мэйлээр явуулсан, нэг хувийг гардуулж өгөөгүй. Ингээд миний бие 5 дугаар сарын 09-ний өдрөөс өвчтэй байсан бөгөөд банкны үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах үүднээс Баянгол дүүрэг салбарын ажлыг 5 дугаар сарын 11-нд хүлээлгэж өгч улмаар Баянзүрх дүүрэг салбарын Гачуурт тооцооны төвийн захирлын ажлаа гүйцэтгэж эхэлсэн. Хариуцагч тал намайг Гачуурт тооцооны төвийн ажлыг гүйцэтгэж байгаа нь харилцан тохиролцож, уг тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж тайлбар гаргаж байна. Гэтэл миний бие уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд Т-инд бичгээр гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байгаа. Баянгол дүүрэг тооцооны төвөөс Баянзүрх тооцооны төв рүү шилжүүлэх талаар ажил олгогчийн зүгээс надаас ямар нэгэн хэлбэрээр санал аваагүй, тохиролцох тухай ярилцаагүй байж дур мэдэн шийдвэр гаргасан. Иймд уг тушаалыг харилцан тохиролцож гаргаагүй тул тушаалыг хүчингүй болгож, Т-ны Баянгол дүүрэг салбарын Барс тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 5 дугаар сарын 07-ны Б/384 тоот тушаалаар Л.Б-ыг Баянгол дүүргийн Барс тооцооны төвөөс Баянзүрх дүүрэг Гачуурт тооцооны төвийн захирлаар шилжүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т зааснаар харилцан тохиролцсоны үндсэн дээр гаргасан. Банкны хүний нөөцийн хорооны 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын шийдвэрээр 13 салбарын захирлыг сэлгэн ажиллуулсан, эдгээр захирлуудаас Л.Б- маргадаг, харин бусад нь хүлээн зөвшөөрч хэвийн ажлаа хийж байгаа. Л.Б- тушаалыг хүлээн зөвшөөрч Барс тооцооны төвийн захирлын ажил, тамга тэмдгээ хүлээлгэн өгч, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс Гачууртын захирлын албан тушаалыг эрхэлж, цалин хөлсөө авсаар байгаа юм. Хэрэв уг тушаалыг зөвшөөрөөгүй гэж үзвэл Гачууртын ажлыг ч мөн хийхгүй байсан. Гэтэл Гачуурт тооцооны төвийн захирлын албан тушаал дээр ажиллаж, тамга тэмдэг ашиглаж, мэдээ тайлан гаргаж банкнаас цалин хөлс авсаар байгаа атлаа хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэж байгаа нь Гачуурт төв дээр ажиллахаар тохиролцсон гэж үзэж байна. Тушаалын хууль зүйн үндэслэл нь талууд тохиролцсоны үндсэн дээр Т- нь Л.Б-тай Баянгол дүүрэг Барс тооцооны төвтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, Баянзүрх дүүрэг Гачуурт тооцооны төвд шилжүүлэн томилсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Л.Б-ыг Т- ХХК-ийн Баянгол дүүрэг салбарын Барс тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Т- ХХК-аас тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Б-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо:

а).Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Ажил олгогчийн тушаалыг ажилтан хүлээн зөвшөөрч өмнөх ажлын байрыг хүлээлгэн өгсөн акт, шинэ ажлыг хүлээн зөвшөөрч ажил үүргийг тасралтгүй гүйцэтгэж байгаа талаарх нэхэмжлэгчийн тайлбар, цалингийн тооцоолол зэрэгт шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгч Л.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаалын үндэслэл нь банкны 13 нэгжийн захирлын хөдөлмөрийн гэрээг харилцан зөвшилцсөний үндсэн дээр цуцалж, шинэ ажлын байранд томилсон болно. Тус тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасныг удирдлага болгосон.

б).Т- ХХК нь нэхэмжлэгч Л.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг адил чанарын тооцооны төвийн захирлаар томилсон. Түүнийг шилжүүлэн ажиллуулаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасны дагуу харилцан тохиролцож түүнийг зөвшөөрсний үндсэн дээр холбогдох Хүний нөөцийн хорооны хурлаар танилцуулж, тухайн хорооноос адил тооцооны төвийн 13 захирлын асуудлыг хэлэлцэн, хөдөлмөрийн гэрээг цуцалж, томилохоор шийдвэрлүүлсэн. Л.Б- нь тушаалыг хүлээн зөвшөөрч Барс тооцооны төвийн ажлыг 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээлгэн өгч, акт үйлдэж баталгаажуулсан. Тэрээр харилцан тохиролцсон үйлдлээсээ өөрөө буцаж, хөдөлмөрийн гэрээ байгуулахаас удаа дараа татгалзсан бөгөөд хөдөлмөрийн гэрээг байгуулахгүйгээр Гачуурт тооцооны төвийн захирлын албан тушаалд ажиллаж байна. Тэрээр тушаал гарснаас хойш тухайн ажлын байранд Т--ны харилцагчтай гэрээ байгуулж, үйл ажиллагаанд тасралтгүй оролцсоор байгаа болно. Мөн Л.Б-д ажиллаж буй хугацааны цалинг олгож, нийгмийн даатгалын төлөлтийг ажил олгогчоос төлж байгаа болно. Тэрээр ажил, үүрэг гүйцэтгэж буйгаа анхан шатны шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрдөг.

в).Анхан шатны шүүхээс харилцан тохиролцсон болон банкны Хүний нөөцийн хорооны хурлын шийдвэрээр хэлэлцсэн эсэх тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасанд нийцээгүй. Мөн нэхэмжлэгч нь харилцагч нартай санхүүгийн харилцаа үүсгэсэн гэдгийг удаа дараа тайлбараараа хүлээн зөвшөөрсөн. Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр Гачуурт тооцооны төвд ажил үүрэг гүйцэтгэж байгаа болон Барс тооцооны төвийн ажлаа хүлээн зөвшөөрч хүлээлгэн өгсөн учир шалтгаанаа нотолж чадаагүй болно. Иймд Хариуцагч талаас өгсөн нотлох баримтыг үнэлээгүй, нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсээр байхад нэг талын эрх ашгийг хангасан шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэл бүхий, үнэн зөв шийдвэр гарсан гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, хэлэлцэгдээгүй зүйлийн талаар дурдсан байгаа нь шүүхийн шийдвэрийг няцаах үндэслэл бүхий баримт болж чадахгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хангалттай яригдсан, хууль зүйн үндэслэлийг нь тал бүрээс нь бүрэн бодитой тогтоож, нэхэмжлэгч талтай зөвшилцсөн зүйл огт байхгүй болохыг нэхэмжлэгч талаас хангалттай баримтуудаар нотолсон. Нэгэнт анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдэх үед гаргаж өгөх боломжтой нотлох баримт огт байхгүй байхад байгаа мэтээр ярьж түүнийгээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох ёстой гэж гомдол гаргасан нь илэрхий хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнээс гадна хариуцагч талын гомдолд анхан шатны шүүх нь нэхэмжлэгч ажлын байраа хүлээлгэн өгч дараагийн ажлын байранд очиж ажил үүрэг гүйцэтгэсэн нь өөрөө хүлээн зөвшөөрсөнд тооцно гэх агуулгаар дүгнэх ёстой байсныг дүгнээгүй гэсэн байх боловч энэхүү үйл явдал нь нэгдүгээрт нэхэмжлэгч Л.Б- өөрийн зөрчигдсөн эрх ашгаа хамгаалахаар хариуцагч байгууллагын Хүний нөөцийн газар, гүйцэтгэх захиралд хандан зөвшилцсөн зүйл байхгүй байгаагаа илэрхийлж хүсэлт, гомдлоо гаргасан байдаг. Түүнчлэн 13 тооцооны төвийн захиралтай хөдөлмөрийг гэрээг цуцалж ажлын байрыг өөрчлөн шилжүүлэн томилохоор харилцан тохиролцсон гэх боловч энэ талаарх хангалттай нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч Л.Б-д Хүний нөөцийн хорооны тогтоол шууд хамааралтай эсэх нь ч тодорхойгүй, уг тогтоолыг танилцуулсан зүйл байхгүй байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Нэгэнт нэхэмжлэгч талын хүсэл зоригийн илэрхийллийг бодитойгоор харилцан зөвшилцөж хүлээж авсан гэх үйл баримтыг нотолсон нотлох баримт байхгүй атал харилцан зөвшилцсөн мэтээр тушаалын үндэслэл болгосон нь Б/384 тоот тушаал нь анхнаасаа хучин төгөлдөр бус байжээ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, тэдгээрийн гомдлыг хангахгүй орхин, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч Т- ХХК-д холбогдуулан Т- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/384 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Л.Б-ы нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдол байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Т- ХХК нь ажлаас чөлөөлж, томилох тухай тушаалдаа ажилтантай харилцан тохиролцсон гэх үндэслэлийг заасан боловч надтай харилцан тохиролцоогүй гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч Л.Б-ыг өөр салбарын захирлаар томилохдоо түүнтэй харилцан тохиролцсон, ажилтан нь ажил олгогчийн саналыг хүлээн зөвшөөрсөн болох нь өмнөх ажлаа хүлээлгэн өгч, шинэ ажлаа гүйцэтгэж эхэлснээр нотлогдсон гэх үндэслэл заан нэхэмжлэлийг татгалзсан байна.

 

Хариуцагч Т- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/1026 дугаар тушаалаар нэхэмжлэгч Л.Б- нь Баянгол дүүргийн салбарын харьяа Барс тооцооны төвийн захирлаар томилогдож, мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/384 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, Баянзүрх дүүрэг салбарын харьяа Гачуурт тооцооны төвийн захирлаар томилогджээ. /хх-ийн 39, 76-р тал/. Дээрх Б/384 дүгээр тушаалд талууд харилцан тохиролцсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг үндэслэл болгосон байна.

 

Гэвч хариуцагч Т- ХХК нь нэхэмжлэгч Л.Б-ыг Баянзүрх дүүрэг-Гачуурт тооцооны төв-ийн захирлаар томилохдоо түүнтэй харилцан тохиролцсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Нэхэмжлэгч Л.Б- нь дээрх тушаал гарснаас 3 хоногийн дараа буюу 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Т- ХХК-д хандан Б/384 дугаартай тушаал нь хууль зөрчсөн, биелүүлэх боломжгүй тушаал байх тул хүчингүй болгож өгнө үү гэх агуулгатай хүсэлтийг гаргасан байгаагаас үзвэл өөр салбар руу шилжүүлэх тухай ажил олгогчийн саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй. /хх-ийн 31, 116-р тал/

 

Өөрөөр хэлбэл, дээрх тушаал гарсны дараа нэхэмжлэгч Л.Б- нь Баянгол дүүрэг-Барс тооцооны төв-ийн захирлын ажлыг хүлээлгэн өгч, Баянзүрх дүүрэг-Гачуурт тооцооны төв-ийн захирлаар ажиллаж, цалин хөлс авч байгаа нь өөр салбарын захирлаар томилох тухай ажил олгогчийн тушаал, шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Түүнчлэн, ажилтан, ажил олгогч нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.1-т ажлын байр буюу албан тушаалын нэр нь Барс тооцооны төвийн захирал гэж заасан байх бөгөөд хариуцагч Т- ХХК нь нэхэмжлэгч Л.Б-тай тохиролцолгүйгээр өөр салбарын захирлаар томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт заасан Аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй гэсэнд нийцээгүй байна. /хх-ийн 40-42-р тал/

 

Нэхэмжлэгч Л.Б- нь Т- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/384 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан боловч энэ нь бие даасан шаардлага биш буюу ажилд эгүүлэн томилуулах тухай шаардлагын үндэслэл гэж үзэхээр байна.

 

Иймд нэхэмжлэгч Л.Б-ыг ажлаас чөлөөлж, томилох тухай ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Л.Б-ыг Т- ХХК-ийн Баянгол дүүрэг салбарын Барс тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн томилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасанд нийцжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо Хүний нөөцийн хорооны хурлын шийдвэрийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлээгүй гэжээ. Гэвч тус шийдвэрээр 13 нэгжийн захирлыг сэлгэн ажиллуулах, 19 нэгжийн захирлыг тухайн нэгж дээр хэвээр нь ажиллуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд энэ нь ажилтантай харилцан тохиролцсон болохыг шууд нотолсон баримт биш байх тул энэ талаарх гомдлыг хангахгүй орхив.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШШ2021/02353 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ