Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 212/МА2018/00097

 

Т.Аийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч  Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00391 дүгээр шийдвэртэй, Т.А-ийн нэхэмжлэлтэй, Өлгий сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч Т.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып, хариуцагч Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Тушаалыг хүчингүй болгох тухай” Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, хөдөлмөрийн гэрээнд заасан хөгжмийн багшийн ажил, үүргийг гүйцэтгүүлэхийг Өлгий сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захиралд даалгах тухай.  

 

Нэхэмжлэлд: Миний бие 2007 оны 9 дүгээр сараас эхлэн Өлгий сумын 6 дугаар ахлах сургуульд дуу хөгжмийн багшаар, Өлгий сумын бага сургуульд дуу хөгжмийн багшаар тус тус ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сард орон тоо цөөрсөнтэй холбоотойгоор цагийн багш буюу түр ажилд шилжин ажиллах болсон. Миний бие  боловсролын салбарт 12 дахь жилдээ тасралтгүй, чин сэтгэлээсээ ажиллаж байгаад өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас түр ажилтан болсон, надад байнгын ажлын байртай болсон тул Засаг дарга, аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт өргөдөл гаргаж ажил олгож өгөхийг хүссэн. Ингэснээр Өлгий сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Х.Б 2018 оны 0сарын 18-ны өдөр намайг тус сургуулийн дуу хөгжмийн багшийн ажилд томилсон тухай тушаал гаргаж, мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Миний бие уг тушаалын дагуу 2018 оны 01 сарын 25-ны өдрөөс эхэлж ажлаа хүлээн авч ажиллах ёстой боловч захирал Х.С-ийн хадам ээж нь 2018 оны 01 сарын 19-ний өдөр нас барсан тул захирал ажилдаа ирээгүйн улмаас ажлаа хүлээлцэж өгөөгүй байсан. Улмаар 7 хоногийн дараа буюу 2018 оны 01 сарын 29-ний өдөр Х.С захирал ажилдаа ирэнгүүтээ түүний ажлыг шинээр томилогдсон захиралд шилжүүлэн өгсөн. Тийм учраас би шинээр томилогдсон захирал Х.Б-той уулзаж, ажилд томилогдсон тухай тушаал болон хөдөлмөрийн гэрээг хамтад нь үзүүлж ажил хүлээлгэж өгөхийг шаардсан. Гэтэл Х.Б захирал надад хандаж “чамайг ажилд томилсон тухай тушаалыг хүчингүй болгосон тул чамд ажил хүлээлцүүлэхгүй” гэж хэлсэн. Нэгэнт хөдөлмөрийн гэрээ байгуулж, намайг тухайн байгууллагад гарч буй сул орон тоонд томилсон учраас надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахын тулд Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах ёстой байсан. Шинээр томилогдсон захирал надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үл тоомсорлож, ажил хүлээлгэж өгөхгүй, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэр гаргасан явдалд их гомдолтой байна.

Иймд намайг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 01 сарын 18-ны өдрийн “Ажилд томилох тухай” 06 дугаар тушаалыг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, хөдөлмөрийн гэрээнд заасан хөгжмийн багшийн ажил, үүргийг гүйцэтгүүлэхийг Өлгий сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захиралд даалгаж өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.С нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 01 сарын 19-ний өдрийн Б/05 тоот захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн ба яг ажлаас чөлөөлөгдсөн өдөр хувийн ашиг сонирхлоор өөр сургуульд бүр орон тоонд багшаар ажиллаж байсан Т.А-ийг сургуулийн дуу хөгжмийн багшаар томилсон тушаал гаргасан нь эргэлзээтэй гэж үзэж байна. Учир нь сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.С нь уг тушаалыг 2018 оны 0сарын 19-ний өдөр үйлдсэн атлаа маргаан бүхий тушаалын өдрийг засаж ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө 2018 оны 0сарын 18-ны өдөр үйлдсэн болгон хуурамч нотлох баримт гарган өгсөн байна.

2. Тус сургуулийн дуу хөгжмийн багшаар 30 дахь жилдээ ажиллаж буй К.А нь өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргаагүй, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй, өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг аваагүй, өндөр насны тэтгэврийг тогтоолгоогүй зэрэг нөхцөл байдал нь түүний оронд Т.А-ийг шууд томилох хууль зүйн үндэслэлгүй болохыг нотолж байна. Тухайн үед К.А гэдэг багшаас асуухад ажлаас чөлөөлсөн тушаал гардаж аваагүй, тэтгэвэр тогтоолгоогүй, хүсэлт гаргаагүй, тухайн үед Т.А-тэй уулзаж тохироогүй, яагаад ийм зүйл болсныг мэдэхгүй, бид 2 хамаатан гэж хэлсэн.

3. Нэхэмжлэгч Т.А нь тухайн үед Өлгий сумын бага сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан, ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг өгөөгүй байсан. Тухайн үед Т.А өөрөө бага сургуульд цагийн багш, танай сургуульд орох гэж байна гээд учир байдлаа танилцуулаад ажилд орох хүсэлттэй байна гэж хэлсэн. Хөдөлмөрийн гэрээ байсан бол тушаалыг хүчингүй болгуулахгүй, ажлыг нь хүлээлгэж өгөх байсан. Би Т.А-ийн байдлыг судлахад  өөр сургуульд ажилладаг, чөлөөлөгдөөгүй, хөдөлмөрийн гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй, 17 цагтай, 2018 оны сарын байдлаар жирэмсний амралттай багшийн цагийг нэмж аваад үндсэн багшийн цагтай ажиллаж байгааг нь мэдсэн. Хоёр орон тоонд нэг багш зэрэг ажиллах боломжгүй. Нэхэмжлэгч тухайн үед 20 цагтай ажиллаж байсан. Энэ нь сарын цалингийн цэсээс харагдаж байна. Нормд 15 цаг дээр нэмж 1, 2 цагийг зааж байгаа гэдгийг илэрхийлнэ. Нэгэнт тухайн байгууллагаас чөлөөлөгдөөгүй байсан тул бага сургуулийн хичээлийн хуваарь буюу Т.А-ийн 3 дугаар улирлын цагийн хуваарьтай танилцсан. Т.А-ийн 3 дахь өдрийн 3 цаг, 5 дахь өдрийн 2 цаг, К.Аийн мөн өдрийн 3 цаг, 5 дахь өдрийн 2 цагтай давхцаж байсан. Тухайн ажлаасаа чөлөөлөгдөөгүй байсан тул хоёр өөр байгууллагад нэг зэрэг хичээл заах боломжгүй гэж харсан. Багш 7 хоногт ажлын 5 өдөр 40 цаг ажиллах ёстой. Түүний 34 цаг нь стандартыг хэрэгжүүлэх цаг байдаг. Стандарт хэрэгжүүлэх цаг гэдэг нь хичээл заах, сурагчтай ажиллах, хичээл тасалсан хүүхэдтэй ажиллах, хоцрогдлыг арилгах талаар ажиллана. Дээр нь нэмж 6 цаг бусад ажил хийлгэх цаг зааж өгсөн. Тэрнээс тооцоолж үзвэл долоо хоногт Т.А 20 цагийн хичээлтэй. К.А нь 25 цагийн ажил хийж байсан. Нийлээд 45 цаг болно. Дээр нь стандарт хэрэгжилтийн 15 цаг, 6 цагуудыг тус тус нэмээд Т.А нь 1 долоо хоногт 66 цаг ажиллах нөхцөл байдал үүсэж байсан. Энэ нь өдөрт 13,2 цаг ажиллах буюу өдөрт 10 цаг амрах унтах, хооллох нөхцөл байдал үүсэж байсан. Өглөө 08-22 цаг хүртэл ажил хийхэд хүргэж байсан. Энэ нь Т.А-ийн эрүүл мэндэд харшлах нөхцөл байдал үүснэ, мөн оройн цагаар сурагчтай ажиллах хууль тогтоомжид заасан хүүхдийн эрх ашгийг зөрчсөн байсан.

4. Т.А нь тус сургуулийн дуу хөгжмийн багшаар нэг ч өдөр ажиллаагүй, албан ёсоор багшийн ажлыг хүлээн аваагүй, дуу хөгжмийн багшийн ажилд томилсон тушаал нь эргэлзээтэй зэрэг нөхцөл байдлууд нь түүний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломжгүй гэдгийг харуулж байна.

5. Түүний нэхэмжлэлдээ ... “мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан” гэж ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар гарган өгчээ. Уг хөдөлмөрийн гэрээнд тус сургуулийн тэмдэг дарагдаагүй байгаа нь Т.А сүүлд уг гэрээг ажлаас чөлөөлөгдсөн Х.С-тэй хуйвалдан нөхөн хийсэн гэрээ гэж үзэж байна. Нэхэмжлэгч өөрөө надад байгаа гэж хэлсэн ба надад авч ирж харуулаагүй. Гомдол гаргахдаа хөдөлмөрийн гэрээг хамтад нь үзүүлсэн гэж бичсэн байна. Худал гомдол гаргаж байгаад харамсаж байна. Тухайн үед албан ёсны хөдөлмөрийн гэрээ авчирч үзүүлээгүй. Би хөдөлмөрийн гэрээ байгаа бол авч ирж үзүүлээрэй гэж хэлсэн. Уг хэргээс анх би тамгагүй хөдөлмөрийн гэрээ харсан. Сарын дараа тамгатай хөдөлмөрийн гэрээ харсан. Хэрвээ уг хөдөлмөрийн гэрээг 2018 оны 0сарын 18-ны өдөр байгуулсан бол ажил олгогч гэсэн хэсэгт байгууллагын тэмдэг дарагдах ёстой ба хөдөлмөрийн гэрээ хийсэн бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой. Иймд нэхэмжлэгч Т.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

           

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К.А-ийн тайлбарт: “Нэхэмжлэгч Т.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. К.А би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын бүрэн дунд сургуульд 1980 оноос хойш 37 дахь жилдээ ажиллаж байна. К.А би өндөр насны тэтгэвэрт гарах тухай хүсэлт гаргаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөр нь өгөх үүрэгтэй гэснийг ажил олгогч зөрчсөн гэж үзэж байна. Учир нь К.А би Боловсролын байгууллагад 40-өөд жил ажилласан учраас Боловсролын тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар тэтгэмж авах ёстой. К.А би ажлаас чөлөөлөгдсөн өдөр хүртэл нэг ч төгрөгийн тэтгэмж аваагүй.

2. К.А би одоо хүртэл өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй тус сургуульд үндсэн багшаар ажиллаж байна.

3. Би тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн асуудлыг огт мэдээгүй, надад ажил олгогчоос ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг гардуулан өгөөгүй, урьдчилан мэдэгдээгүй болно. 2018 оны 0сарын 22-ны өдөр ажлын байранд ажлаа гүйцэтгэж байхдаа үл таних нэг залуу ирж “Би таны ажлыг авахаар болсон” гэж хэлэхэд би маш их гайхсан. Би өндөр насны тэтгэврийг тогтоолгоогүй, ажлаас чөлөөлөгдөх үед улсаас олгох нэг удаагийн тэтгэмжээс нэг ч төгрөг аваагүй, захирал Х.С нь та 2017-2018 оны хичээлийн жилд ажиллана гэж хэлж байсан, би танд одоогоор ажил өгөх бололцоогүй гэж хэлсэн. Тэр залуу “би аймагтай ярьж таны тэтгэмжийг яаралтай оруулж өгөх талаар арга хэмжээ авъя” гэж эхлээд явсан.

4. Нэхэмжлэгч Т.А нь одоо Өлгий сумын бага сургуульд багшаар ажиллаж байгаа, багшийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал гаргаагүй байгаа ба надаас ямар нэгэн ажил хүлээж аваагүй. Иймд түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдөөгүй. Иймд Т.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00391 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Тушаалыг хүчингүй болгох тухай” Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.А-ийг хөдөлмөрийн гэрээнд заасан хөгжмийн багшийн ажил, үүргийг гүйцэтгүүлэхийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал /Х.Б/-д даалгаж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн бүрэн дунд сургуулийн захирал Х.Б би Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130|\ШШ2018\00391 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарласан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзсэн учраас энэхүү давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: 

1. Нэхэмжлэгч Т.А нь анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл Баян-Өлгий аймгийн Өлгий сумын бага сургуульд дуу хөгжмийн багшийн орон тоонд хөдөлмөрийн гэрээ байгуулан тасралтгүй ажиллаж, төрөөс цалин хөлс авч байсан нь иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул түүний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Т.А нь одоо хүртэл Өлгий сумын бага сургуулийн дуу хөгжмийн багшийн ажлаас чөлөөлөгдөөгүй байгаа нь төсөвт байгууллагад нэгэн зэрэг ажиллах боломжгүй байдлыг үүсгэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийг зөрчсөн болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

2. Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.С нь үүрэгт ажлаа өгөхийг өмнө тус сургуульд гарсан сул орон тоо буюу орос хэлний багшаар Б.Е, физикийн багшаар Р.Б, монгол хэлний багшаар С.С нарыг сонгон шалгаруулалт явуулан шалгалт авч томилсон атлаа өөр сургуульд багшаар ажиллаж байсан Т.А-ийг сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилсон нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсгийг зөрчсөн болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна. Шүүхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татагдсан К.А нь тус сургуульд 30 дахь жилдээ багшаар ажиллаж байгаа, тэрээр өндөр насны тэтгэвэрт гарах тухай байгууллагын захиргаанд хүсэлтээ гаргаагүй, тухайн үед ажлаа хүлээлгэн өгөөгүй байсан, одоо тус сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаа, өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс нэг удаа олгох мөнгөн тэтгэмжийг аваагүй, өндөр насны тэтгэврээ албан ёсоор тогтоолгоогүй байхад ажил олгогч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 зүйлийн 21.1, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.2, 43 дугаар зүйлийн 43.3 дахь заалтыг зөрчсөн байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

3. Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.С нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 01 сарын 19-ний өдөр Б\05 тоот захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн ба яг ажлаас чөлөөлөгдсөн өдөр өөрийн хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор өөр төсөвт байгууллагад бүр орон тоонд багшаар ажиллаж байсан Т.А-ийг тус сургуулийн дуу хөгжмийн багшаар томилсон тушаал үйлдсэн нь эргэлзээтэй гэж үзэж байна. Т.А нь бодит байдалд тус сургуульд нэг ч өдөр ажиллаагүй байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130\ШШ2018\00391 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцон нэхэмжлэгч Т.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон хариуцагч миний давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Хариуцагчаас 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдааны үед “2018 оны 01 сарын 18-ны өдөр байгуулсан гэх хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэл гаргаж анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг “хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хүсэлт гаргасныг сөрөг нэхэмжлэл гэж үзэж, хүлээн авах боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зүйтэй” гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдаж шүүгчийн захирамж гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан аль нэг үндэслэлийг баримтлаагүйгээс гадна зохигчдын уг захриамжид гомдол гаргах эрхийг зөрчиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргажээ.

 

Иймд анхан шатны шүүх зохигчдын хуулиар тогтоосон эрхийг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна. Хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагчийн маргааны үйл баримттай холбогдуулан гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ний өдрийн 130/ШШ2018/00391 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   С.ӨМИРБЕК

 

                       ШҮҮГЧИД                                   Д.МӨНХӨӨ

 

                                                                                                    Д.КӨБЕШ