Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 130/ШШ2019/00003

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын  дугаар багт оршин суух, овогт Т-ы Аийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын ... дүгээр бүрэн дунд сургууль /захирал Х.Б/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.А, түүний өмгөөлөгчид А.Серикжан, С.Н, хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын ... дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.А, хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 05-ны Б/02 дугаартай Тушаалыг хүчингүй болгох тухай тушаал болон 2018 оны 09 дүгээр сарын 19-ний Б/41 дугаартай М.Аыг ажилд томилох тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, хөдөлмөрийн гэрээнд заасан хөгжмийн багшийн ажил үүргийг гүйцэтгүүлэхийг Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захиралд даалгах тухай.

Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т-ы А нь Б аймгийн Ө сумын 2 дугаар багт аав, ээж, эхнэр 4 хүүхдийн хамт оршин суудаг. Дуу хөгжмийн багш мэргэжилтэй, дээд боловсролтой, 33 настай. 2006 онд Монгол улсын боловсролын их сургуулийн харьяа Б аймаг дахь Багшийн коллежийг төгсөж, 2007 оны 9 дүгээр сараас эхэлж Ө сумын 6 дугаар ахлах сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж эхэлсэн. Улмаар тус сургуульд 5 жил ажилласны дараа Ө сумын 1 дүгээр бага сургуульд дуу хөгжмийн багшаар ажилд орж ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сард орон тоо цөөрсөнтэй холбоотойгоор цагийн багш буюу түр ажилд шилжин ажиллах болсон юм. Дараа нь аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга нарт өргөдөл гаргаж "боловсролын салбарт 12 дахь жилдээ тасралтгүй, чинь сэтгэлээсээ ажиллаж байгаад өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас түр /цагийн/ ажилтан болсон" надад байнгын ажлын байртай болгож өгөхийг хүссэн юм. Миний хүсэлтийг хүлээн авч аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Х.З нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 397 дугаар албан бичгээр тус аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Ат хандаж өндөр насны тэтгэвэрт гарах гэж байгаа К.А багшийн орон тоонд авч ажиллуулахаар санал уламжилсан билээ. Ингэснээр Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.А нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр намайг өндөр насны тэтгэвэрт гарсан К.Аийн орон тоонд дуу хөгжмийн багшийн ажилд томилсон тухай тушаал гаргаж, мөн өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан билээ. Миний бие уг тушаалын дагуу 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхэлж ажлаа хүлээн авч ажиллах ёстой боловч захирал Х.Аийн хадам ээж нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан тул захирал ажилдаа ирээгүйн улмаас ажлаа хүлээлцүүлж өгөөгүй байсан юм. Тэгээд 7 хоногийн дараа буюу 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Х.А захирал ажилдаа ирэнгүүтээ түүний ажлыг өөр шинээр томилогдсон захиралд шилжүүлэн өгсөн. Тийм учраас би шинээр томилогдсон захирал Х.Бтай уулзаж, ажилд томилогдсон тухай тушаал болон хөдөлмөрийн гэрээг хамтад нь үзүүлж ажил хүлээлгэж өгөхийг шаардсан. Гэтэл Х.Б захирал надад хандаж: "чамайг ажилд томилсон тухай тушаалыг хүчингүй болгосон тул чамд ажил хүлээлцүүлэхгүй" гэж хэлсэн юм. Нэгэнт хөдөлмөрийн гэрээ байгуулж, намайг тухайн байгууллагад гарч буй сул орон тоонд томилсон учраас надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахын тулд Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах ёстой байсан юм. Нэг үгээр хэлбэл шинээр томилогдсон захирал надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг үл тоомсорлож, ажил хүлээлгэж өгөх байтугай, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэр гаргасан явдалд их гомдолтой байна. Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэх боломж нөхцөлөөр хангаж өгөх үүрэгтэй боловч гэрээний нэг тал болсон ажил олгогч маань гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан үүргээ зөрчиж миний ажиллах нөхцөл, боломжоор минь хангаж өгөхөөс татгалзаж, миний хөдөлмөрлөх эрхэд минь халдаж байна. Иймд намайг Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн "Ажилд томилох тухай" 06 дугаар тушаалыг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.А нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад: Б аймгийн Ө сумын 2-р багт оршин суух Б-нура овогт Тоханы А миний бие тус шүүхэд хандаж гомдол 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гомдол гаргаж байсан билээ. Анхан шатны шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Гуравдагч этгээдээр оролцож байсан К.Аийн хариуцагч Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөтлөшгүй нотлогдон тогтоогдсон. Гэвч хариуцагч Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Б/41 дугаар тушаал гаргаж М.А гэгчийг маргаан бүхий орон тоонд томилсон байна. Би уг тушаалыг хууль бус гэж үзэж байна. Учир нь, гуравдагч этгээдээр оролцож байгаа М.А гэгч нь 2016-2018 онд мэргэжлээрээ огт ажиллаж байгаагүй, цаашлаад яривал М.А нь багшлах эрхгүй этгээд юм. Тийм учраас Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн "М.Аыг ажилд томилох тухай" Б/41 дугаар тушаал хүчингүй болох ёстой. Иймд гомдлын шаардлагаа "Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн "М.Аыг ажилд томилох тухай" Б/41 дугаар тушаал хүчингүй болгуулах" гэж ихэсгэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Т.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний нэхэмжлэлийн шаардлага Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгох Ерөнхий бүрэн дунд сургуулийн захиралд даалгах тухай. Миний ажиллах ёстой албан тушаалд хууль бусаар А.Аыг томилсон Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн Б/41 дүгээр тушаалыг хүчингүй болгож, намайг ажилтай болгохыг даалгаж өгөхийг хүсэж байна. Би олон жил дуу хөгжмийн багшаар ажилласан туршлагатай багш. Одоо ажиллаж байгаа 1 дүгээр бага сургуульд 1 дүгээр анги татагдсан учраас түр орон тоонд ажиллаж байгаа. Мөн Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захиралд аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт өөрийн байдлаа танилцуулж бүр орон тоонд томилж өгөхийг хүсэж өргөдөл гаргасан. Миний өргөдлийн дагуу аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Боловсрол, соёл урлагийн газрын дарга нар ажилласан жилийг маань харгалзан үзэж Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд уламжилж өгсөн. Ерөнхий боловсролын захиралд тус сургуулийн сул орон тоонд өргөдөл өгсөн олон хүмүүсийн дундаас миний ажлын туршлагыг үнэлж Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сул орон тоонд тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Гэрээнд заасан хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр надад ажил үүргээ хүлээлгэж өгөх ёстой боловч надтай гэрээ байгуулсан захирал Х.Аийн хадам ээж нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан учраас миний ажлыг хүлээлгэж өгч чадаагүй. Энэ хугацаанд тус сургуулийн захирал солигдсоны улмаас миний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн. Иймээс намайг хөдөлмөрийн гэрээний дагуу Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн Дуу хөгжмийн багшийн орон тоонд томилж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б аймгийн Ө сумын Ерөнхий Боловсролын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Б би нэхэмжлэгч Т.Аээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Т.Аийн нэхэмжлэлд дурдсан "Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн "Ажилд томилох тухай" 06 дугаар тушаалыг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.А нь Б аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/05 тоот захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн ба яг ажлаас чөлөөлөгдсөн өдөр хувийн ашиг сонирхлоор өөр сургуульд бүр орон тоонд багшаар ажиллаж байсан Т.Аийг сургуулийн дуу хөгжмийн багшаар томилсон тушаал гаргасан нь эргэлзээтэй гэж үзэж байна. Учир нь сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.А нь уг тушаалыг 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр үйлдсэн мөртлөө маргаан бүхий тушаалын өдрийг засаж ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үйлдсэн болгон хуурамч нотлох баримт гарган өгчээ.

2. Тус сургуулийн дуу хөгжмийн багшаар 30 дахь жилдээ ажиллаж буй К.А нь өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргаагүй, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй, өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг аваагүй, өндөр насны тэтгэврийг тогтоолгоогүй зэрэг нөхцөл байдал нь түүний оронд Т.Аийг шууд томилох хууль зүйн үндэслэлгүй болохыг нотолж байна.

3. Нэхэмжлэгч Т.А нь тухайн үед Ө сумын 1 дүгээр бага сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан, ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг өгөөгүй байсан юм. Т.А нь одоо хүртэл Ө сумын 1 дүгээр бага сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаа ба хоёр орон тоонд нэг багш нэгэн зэрэг ажиллах боломжгүй байгаа юм.

4. Т.А нь тус сургуулийн дуу хөгжмийн багшаар нэг ч өдөр ажиллаагүй, ажлаа албан ёсоор багшийн ажлыг хүлээн аваагүй, дуу хөгжмийн багшийн ажилд томилсон тушаал нь эргэлзээтэй зэрэг нөхцөл байдлууд нь түүнийг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломжгүй гэдгийг харуулж байна.

5. Түүний нэхэмжлэлдээ " ... мөн өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан билээ" гэж ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар гарган өгчээ. Уг хөдөлмөрийн гэрээнд тус сургуулийн тэмдэг дарагдаагүй байгаа нь Т.А сүүлд уг гэрээг ажлаас чөлөөлөгдсөн Х.Атэй хуйвалдан нөхөн хийсэн гэрээ гэж үзэж байна. Хэрвээ уг хөдөлмөрийн гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан бол ажил олгогч гэсэн хэсэгт байгууллагын тэмдэг дарагдах ёстой ба хөдөлмөрийн гэрээ хийсэн бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой. Иймд нэхэмжлэгч Т.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэрийн дагуу Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилогдсон. Ажлаа авсан үед Дуу хөгжмийн багшаар А багш ажиллаж байсан. Хичээлийн хуваарьт Т.Аийн нэр байгаагүй байсан. Би ажил авснаас хойш Т.А ирж нөхцөл байдлаа танилцуулсан учраас сургуулийн архивд байгаа тушаалыг шалгахад тушаал засвартай 01 дүгээр сарын 18-ыг, 19 нь болгож зассан байсан, мөн Хөдөлмөрийн гэрээ байхгүй байсан. Хөдөлмөрийн гэрээ архивд байхгүй байна гэж Т.Ат мэдэгдэхэд Т.А хөдөлмөрийн гэрээ байгаа гэсэн, би авчирч үзүүл гэхэд авчирч үзүүлээгүй. Тийм учраас би ийм шийдвэр гаргасан. Шүүхийн хавтас хэргээс тамгагүй хөдөлмөрийн гэрээ харсан, сарын дараа тамгатай хөдөлмөрийн гэрээ харсан учраас эргэлзээ төрсөн. Тэр үед захирал байсан Х.Аээс Т.Аийн нөхцөл байдал, ажлын байрны тодорхойлолтыг асуусан. Тухайн үед 1 дүгээр бага сургуульд үндсэн багшаар ажиллаж байхдаа Т.А мөн А багшийн 3 дугаар улирлын хичээлийн хуваарийн авч үзэхэд 3 цаг нь давхцаж байсан. Хичээлийн хуваарь миний өгсөн тайлбар бүгд хавтас хэрэгт авагдсан. 1 дүгээр бага сургуульд үндсэн багшаар ажиллаж байгаа хүн манай сургуульд давхар ажиллах нь боломжгүй учраас тушаал хүчингүй болгох шийдвэр гаргасан. Т.А хөдөлмөрийн гэрээ байгаа гэсэн болохоор манай архивд өмгөөлөгч нарын хүсэлтээр үзлэг хийсэн. Манай бичиг хэргийн эрхлэгч гэрчээр мэдүүлэг өгөхөд хөдөлмөрийн гэрээ хараагүй гэсэн. Мөн архивд байгаа тушаал засвартай байгаа. Ажилтан хэд хэдэн ажил давхар хийж болно гэхдээ ажлын цагтаа багтаана гэж заасан байгаа. Тийм учраас Т.Аийн 1 дүгээр сарын цалинг харахад тухайн үед 20 цагаар хичээл заадаг байсан байна. Багшийн долоо хоногийн норматив цаг бол 40 цаг байх ёстой. 3 цаг нь давхцаж хүүхдийн эрх зөрчигдөх учраас би тушаалыг хүчингүй болгосон гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.А шүүхэд гаргасан хүсэлтэд: Ө сумын Ерөнхий Боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн дуу хөгжмийн багш М.А дараах хүсэлт гаргаж байна. М.А би тус сургуулийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/41 тоот тушаалаар тус сургуулийн хөгжмийн багшийн ажилд томилогдсон. Ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ хийгдэж одоо дуу хөгжмийн багшаар ажиллаж байна. Би тус сургуулийн дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан К.Аийн оронд томилогдсон билээ. Иймд Ө сумын 13-р багийн иргэн Т.Аийн нэхэмжлэлтэй, Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдох иргэний хэрэгт М.А намайг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би анх 2016 оноос эхлээд Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд жирэмсний амралттай байгаа хүний оронд ажиллаж байсан. Жирэмсний амралттай хүний оронд ажиллаад дууссаны дараа 2017 оны 03 дугаар сараас эхэлж цагийн багшаар ажиллаж байсан. 2018 оны 09 дүгээр сарын 19-ээс эхэлж Хөдөлмөрийн гэрээ байгуулж үндсэн багшаар ажиллаж байна. Нэхэмжлэгч Т.А өөр сургуульд ажилтай болохоор уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.А нь Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаартай Тушаалыг хүчингүй болгох тухай тушаал болон 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/41 дугаартай М.Аыг ажилд томилох тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, хөдөлмөрийн гэрээнд заасан хөгжмийн багшийн ажил, үүргийг гүйцэтгүүлэхийг Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал /Х.Б/-д даалгахыг тус тус хүсжээ.

Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захиралд холбогдуулан Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаартай Тушаалыг хүчингүй болгох тухай тушаал болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Аыг ажилд томилсон Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 09 сарын 19-ний өдрийн Б/41 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, хөдөлмөрийн гэрээнд заасан хөгжмийн багшийн ажил, үүргийг гүйцэтгүүлэхийг Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захиралд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан болно.

Хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйл, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 8.1 дэх заалтыг тус тус үндэслэж өндөр насны тэтгэвэрт гарсан дуу хөгжмийн багш К.Аийн оронд Т.Аийг 2018 оны 01-р сарын 25-наас эхлэн ажиллуулсугай гэж, мөн өдөр Т.Атэй нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь нотлох баримтаар нотлогдож байна.

Б аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/05 дугаартай захирамжаар Х.Б нь Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн тогтоолоор ажилдаа эгүүлэн тогтоогдсон тул Ө сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.Аийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх ба Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын ажлыг Х.Б нь Х.Аийн ар гэрийн асуудлаас болж 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээж авсан болох нь талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Гэтэл тус сургуулийн захирлаар томилогдсон Х.Б нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар тус сургуулийн дуу хөгжмийн багш Кийн А нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн боловч ажлаас чөлөөлөх үндэслэл бий болоогүй, өндөр насны тэтгэвэрт гарахад олгогдох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг аваагүй тул 2018 оны 01-р сарын 19-ний өдрийн №06 дугаартай Т.Аийг дуу хөгжмийн багшийн ажилд томилсон тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.3, 48 дугаар зүйлийн 48.2.2, 48.2.3 дахь зүйлүүдийг тус тус үндэслэж хүчингүй болгосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан ба хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... нэхэмжлэгч Т.Аийн өмнөх захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн боловч сургуулийн архивд байхгүй, тус сургуулийн дуу хөгжмийн багш өндөр насны тэтгэвэрт гарах үед авах тэтгэмжээ аваагүй, нэхэмжлэгч Т.А нь Ө сумын 1-р бага сургуулийн багшаар ажиллаж байгаа тул түүний эрх ашиг зөрчигдөөгүй, анх ажил олгогчоос дуу хөгжмийн багшийг сонгон шалгаруулалтаар шалгалт авах ёстой байсан боловч сонгон шалгаруулалт авахгүйгээр шууд авсан асуудал нь хууль зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр тайлбарлаж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн архив буюу бичиг хэрэгт хадгалагдаж байгаа захирлын 2018 оны тушаалуудад 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр үзлэг хийхэд нэхэмжлэгч Т.Аийг ажилд томилсон болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг ажлаас чөлөөлсөн тушаалын огноо буюу 2018 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр гэснийг 19-ний өдөр болгож зассан байх ба бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг ажлаас чөлөөлсөн, нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаал нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр гарсан болох нь шүүхэд гэрчээр асуугдсан тус сургуулийн менежер А.А, Ш.К, тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.А нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан ба 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн нөхцөлд ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх нь ажил олгогчийн эрх хэмжээний асуудал бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К.А нь ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К.А нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захиралд хандан өргөдөл гаргасан ба өргөдөлдөө ... хоёр хүүхэд маань гадаадад сурдаг, өндөр өртөгтэй сурдаг учраас тэдний сургалтын төлбөрийг төлдөг, мөн тус сургуулийн урлагийн авьяастай сурагчдын том хэмжээний тайлан тоглолтыг нийслэл Улаанбаатар хотод болон аймагтаа тайлагнах санаатай. Миний бие 39 жил багшаар ажиллаж байгаагийн хувьд энэ онд олгох 5 жилийн тэтгэмжийг авах хүсэлтэй байгаа тул дээрх байдлыг маань харгалзан үзэж намайг энэ хичээлийн жил дуустал ажиллуулж өгөхийг хүсье гэжээ. Үүнээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан 60 нас хүрч тэтгэвэр авах эрх нь үүссэн учир дуу хөгжмийн багш К.Аийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн №05 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж мөн өдөр түүний оронд дуу хөгжмийн багшаар Ө сумын 1-р бага сургуульд цагийн багшаар болон жирэмсний амралтад байгаа хүний оронд ажиллаж байсан Т.Аийг томилсон ажил олгогчийн №06 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.А нь Б аймгийн Ө сумын 1 дүгээр бага сургуульд 12 дахь жилдээ цагийн багшаар болон жирэмсний амралттай байгаа хүний оронд ажиллаж ирсэн нь хавтаст хэрэгт авагдсан тус сургуулийн захирлын тодорхойлолт, цалингийн цэс, аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын албан бичгээр нотлогдож байгаа ба тэрээр мэргэжлээрээ цагийн багшаар бус 19 цагийн үндсэн багшаар тогтвортой ажиллах хүсэлттэй тухай өргөдөл гаргаснаар ажил олгогчоос түүний олон жил мэргэжлээрээ ажилласан мэргэшсэн байдлыг харгалзан өндөр насны тэтгэвэрт гарсан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К.Аийн оронд томилсон нь ажил олгогчийн эрх хэмжээний асуудал бөгөөд түүнд шүүх хөндлөнгөөс оролцох эрхгүй гэж үзлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 10-д Өндөр насны тэтгэврээ албан ёсоор тогтоолгож, ажил олгогчид өргөдөл гаргасных нь дараа энэ журамд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэж зааснаар өндөр насны тэтгэврээ албан ёсоор тогтоолгож авсны дараа нэг удаагийн буцалтгүй тусламжийг авахаар хуульчилж, журмаар зохицуулсан байх тул уг үндэслэлээр ажил олгогчоос ажилтныг тус сургуулийн дуу хөгжмийн багшийн ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн маргаан бүхий Б/02 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К.Аийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийн мөнгөний талаарх захиалгыг 2017 онд өгсний дагуу 2018 онд олгохоор төсөвт суулгаж, 2018 оны 4 дүгээр сард 21904400 төгрөгийг сургуулийн дансанд шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 5-03/176 дугаартай болон 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5-03/334 дугаартай албан бичиг, Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн тэтгэвэрт гарах ажиллагсдын жагсаалт, батлагдсан сарын хуваарь болон 4-р сарын төсвийн хэлбэлзлийн тайлан зэрэг баримтууд болон нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн Б аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5-03/693 дугаартай албан бичиг, Б аймгийн Нийгмийн Даатгалын хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 314 дугаартай албан бичгээр К.Ад 5 жил тутам нэг удаа олгогдох тэтгэмж, өндөр насны тэтгэврийн тэтгэмжийг бүрэн олгосон болох нь, К.Ад 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэврийг тогтоон олгож байгаа болох нь тус тус нотлогдож байна.

Хариуцагчаас нэхэмжлэгч Т.Аийн ажил олгогч буюу өмнөх захирлаар ажиллаж байсан Х.Атэй 2018 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд маргаж, уг хөдөлмөрийн гэрээнд дарагдсан тэмдэг нь байгууллагын тэмдэг мөн буюу хуурамч эсэх, тэмдгийг скайнердаж дарсан эсэхийг тогтоолгох тухай хүсэлт гаргаснаар тус шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШЗ2018/01037 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хүсэлтийг хангаж, шинжээч томилсон бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 38 дугаартай дүгнэлтээр ... 2018.01.18-ны өдрийн Т.Атэй хийсэн хөдөлмөрийн гэрээнд дарагдсан тэмдэг нь харьцуулах загварт ирүүлсэн тэмдгийн чөлөөт загвар болон туршилтын загвартай тохирч байна, мөн ердийн өнгөт хэвлэх төхөөрөмж /компьютерын хэвлэх болон хувилах/ ашиглан хэвлэсэн шинж тэмдэг илрээгүй гэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж заасан ба ажил олгогч хуульд заасан үүргээ биелүүлж ажилтан Т.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэг хувийг өгсөн байна. Гэтэл хариуцагчаас ... хөдөлмөрийн гэрээг надад авчирч үзүүлээгүй, би хараагүй, сургуульд Т.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй байгаа гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй ба энэ талаар хариуцагч үгүйсгэж байгаа боловч нотлох баримтаар нотолж чадаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагчаас 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн Ажилд томилох тухай 06 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай Б/02 дугаартай тушаалыг шүүхэд нотлох баримтын шаардлагыг хангаж нотариатаар гэрчлүүлж ирүүлээгүй байгаа хэдий боловч нэхэмжлэгч талын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хүсэлтээр тус сургуулийн захирлын 2018 оны тушаалд үзлэг хийж үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулж, уг тушаалыг хуулбарлаж хэрэгт хавсаргасан болно.

Хариуцагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/31 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар дуу хөгжмийн багш К.Аийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/41 дугаартай М.Аыг ажилд томилох тухай тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан дуу хөгжмийн багш К.Аийн оронд урд тус сургуульд 2016 оны 11 дүгээр сарын 16-наас түр томилогдон ажиллаж байсан М.Аыг авч ажиллуулж, мөн өдөр М.Атой нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Т.А нь ... хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б/41 дугаартай тушаал гаргаж М.А гэгчийг маргаан бүхий орон тоонд томилсон байна. Уг тушаал хууль бус гэж үзэж байна. М.Аыг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгохыг хүсэж байна гэснийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч энэхүү тушаал нь хууль бус гарсан тушаал байна гэх боловч нэхэмжлэгч Т.А нь уг тушаалыг хүчингүй болгохыг шаардах эрхгүй ба нэхэмжлэгчээс өөрийнхөө зөрчигдсөн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрхийг шаардах эрхтэй байна. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Аыг дуу хөгжмийн багшаар томилогдсоноос болж нэхэмжлэгч Т.Аийн ямар эрх ашиг нь зөрчигдсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх нь Ерөнхий боловсролын сургуулийн захирлын эрх хэмжээнд хамаарахаар хуульчилсан. Б аймгийн Ө сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал нь сургуулийн багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхтэй байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд багш, ажилтныг сонгон авч ажиллуулах нь ажил олгогч буюу сургуулийн захирлын бүрэн эрхийн асуудал бөгөөд түүнд шүүх хөндлөнгөөс оролцох боломжгүй учир хуулинд заасан эрх хэмжээний дагуу гаргасан эрхийн акт буюу тушаалыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаартай Тушаалыг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Аийг хөдөлмөрийн гэрээнд заасан хөгжмийн багшийн ажил, үүргийг гүйцэтгүүлэхийг Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захиралд даалгаж, нэхэмжлэгчийн Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/41 дугаартай М.Аыг ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч байгууллагын санхүүгээс 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаартай Тушаалыг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Аийг хөдөлмөрийн гэрээнд заасан хөгжмийн багшийн ажил, үүргийг гүйцэтгүүлэхийг Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал /Х.Б/-д даалгаж, нэхэмжлэгчийн Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 09 сарын 19-ний өдрийн Б/41 дугаартай М.Аыг ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН