Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2021/03880

 

 

 

 

 

 

2021 11 25

101/ШШ2021/03880

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 38 дугаар байр, 606 тоот хаягт оршин суух Ургууд овогт Загасын ******* /РД:ГВ84041517/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Тарвилан хотох, 48 дугаар байр 1 давхар,******* ХХК /5018676/-нд холбогдох,

Гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн 69,563,600 төгрөг алданги 34,781,800 төгрөг, нийт 104,345,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.*******, өмгөөлөгч О.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.*******, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч миний бие 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр******* ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах тухай хоёр гэрээг байгуулсан.

Эхний гэрээ нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, В блок 1 дүгээр орц, 1 давхах Е тип хоёр өрөө 41.8 мкв орон сууцыг нэг мкв нь 890,000 төгрөгөөр тооцож үнэ нь 37,202,000 төгрөг болсон ба гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулахдаа 18,601,000 төгрөгийг төлсөн байсан.

Дараагийн гэрээ нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо В блок, 1 дүгээр орц, 3 давхар D С3 тип нийт 3 өрөө 67.8 мкв орон сууцыг нэг мкв нь 890,000 төгрөгөөр тооцож нийт 60,342,000 төгрөгөөс 30,171,000 төгрөгийг төлсөн.

Дээрх хоёр гэрээг байгуулснаас хойш 2019 оны 3 сарын 26-ны өдөр 6,160,000 төгрөг, 2018 оны 3 сарын 16-ны өдөр 7,315,800 төгрөг, 2017 оны 12 сарын 12-ны өдөр 7,315,800 төгрөг нийт 69,563,600 төгрөгийг төлсөн байна.

Миний хувьд гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө цаг тухайд нь төлж байсан боловч******* ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, захиласан орон сууцаа ашиглалтад өгөх нь бүү хэл барилгын суурь тавигдсан байдалтай хэдэн жил болж байна.

Бид гэрээгээ цуцалж, өгсөн мөнгөө алдангийн хамт авъя гэхэд гэрээгээ 6 сарын хугацаагаар шинэчлээд хийгээд энэ хугацаанд мөнгийг нь өгье гэдэг боловч бодитоор өгөхгүй өнөөдрийг хүрч байх тул төлсөн мөнгө болох 69,563,600 төгрөгийг алданги 34,781,800 төгрөгийн хамт нийт 104,345,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чадраабал шүүхэд ирүүлсэн хүсэлт, тайлбартаа:

З.*******ын нэхэмжлэлтэй шүүх хуралд хариуцагчийн төлөөлөгч би өөр ажил давхцсан тул эзгүйд шийдэж өгнө үү. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарыг дэмжиж байгаа болно гэжээ.

 

Шүүхэд гаргасан зохигчдын тайлбар, шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч******* ХХК-нд холбогдуулан 104,345,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбараа гаргаж өгөөгүй бөгөөд шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2017 оны 9 дүгээр сарын 15-н өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах тухай гэх хоёр гэрээнээс татгалзаж, орон сууцны үнэд төлсөн 69,563,600 төгрөгийг алданги 34,781,800 төгрөгийн хамт буцаан гаргуулна гэж тодорхойлсон.

Иргэн З.******* болон******* ХХК нарын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр орон сууц захиалган бариулах тухай гэрээ-үүд байгуулагдаж нэг талаас буюу******* ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, В блок 1 дүгээр орц, 1 давхар, Е тип, 41,8 мкв талбайтай, 2 өрөө орон сууц, В блок 1 дүгээр орц, 3 давхар D, C3 тип, нийт 67,8 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, нөгөө талаас З.******* нь орон сууцны үнэ төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан гэрээнд тусгагдсан талуудын хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна./хх-ийн 5-8 дугаар тал/

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Иймд зохигчид хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

Гэрээний дагуу талуудын ашиг сонирхлыг хангахын тулд гэрээ хуулийн хүрээнд байгуулагдсан, хүчин төгөлдөр байх ёстой бөгөөд гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар талууд маргаагүйгээс гадна тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

Нэхэмжлэгчээс 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалан бариулах тухай гэрээнүүдийг цуцалж, гэрээний үүрэгт төлсөн мөнгөө буцаан авах талаар 2019 оны 1 дүгээр сард мэдэгдэхэд хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгч талаас гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээг цуцалж байгаа үйл баримтыг үгүйсгэсэн тайлбарыг ирүүлээгүй.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан******* ХХК-ийн авлагын дансны туслах дэвтэрийн тайлан гэх баримт, нэхэмжлэгчийн болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, З.*******аас дансаар мөнгө орж ирсэн талаар дурдсан компанийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт 69,563,600 төгрөгийг төлсөн үйл баримт нотлогдож байна. /хх-ийн 9-13 дугаар тал/

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.

Орон сууц захиалгын гэрээнүүдийн 2.6-д Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг 2018 оны 4 дүгээр улиралд багтаан гүйцэтгэнэ гэж тохиролцсон байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийн тухайн орон сууц нь баригдаагүй зогссон байдалтай байгаа, гэрээний үүргээ биелүүлээгүй гэх тайлбарт маргаагүй.

Иймд, хариуцагч Шинэ гарц ХХК-ийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүйгээр гэрээг цуцлах боломжтой гэж зохицуулснаар нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээнээс татгалзах эрхтэй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал...ыг хохиролд тооцно гэж тус тус зааснаар нэхэмжлэгчээс гарсан зардал буюу хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээн авсан ажлын хөлс болох 69,563,600 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй байна.

Дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч******* ХХК-иас 69,563,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.*******д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс алдангид 34,781,800 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.6-д ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг 2018 оны 4 дүгээр улирлад багтаан гүйцэтгэнэ гэж, 5.4-т гүйцэтгэгч нь захиалгат ажлыг гэрээнд заасан хугацаанаас 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 0.02 хувиар хоног тутамд алданги төлнө гэж тохиролцсон байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн хариуцлага буюу алдангийг шаардах эрхтэй байна.

Талууд үүрэг гүйцэтгэх хугацааг 2018 оны 4 дүгээр улирал байхаар тохиролцсон байх бөгөөд хуанлийн хугацаагаар 4 дүгээр улирал гэдэг нь тухай оныхоо 12 дугаар сарын сүүлийн өдөр байна.

Иймд алдангийг 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцох нь зүйтэй байна.

Алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 69,563,600 төгрөгөөс тооцоход нэг өдөрт 13,912 төгрөг байна. Үүнийг 943 хоногоор тооцож /943 хоног х 13,912 төгрөг/ 13,119,016 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 82,682,616 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,662,784 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Шинэ гарц ХХК-иас 82,682,616 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,662,784 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 687,351 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шинэ гарц ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 571,363 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА