Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00439

 

              

 

 

 

 

 

 

                

 

З.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/03880 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч З.Мын хариуцагч “Ш.Г” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн 69,563,600 төгрөг, алданги 34,781,800 төгрөг, нийт 104,345,400 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Чадраабал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч З.Мын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч миний бие 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Ш.Г” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах хоёр гэрээг байгуулсан. Эхний гэрээ нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, В блок, 1 дүгээр орц, 1 дүгээр давхар, Е тип, хоёр өрөө 41.8 м.кв орон сууцыг 1 м.кв-ыг нь 890,000 төгрөгөөр тооцож, үнэ нь 37,202,000 төгрөг болсон ба гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулахдаа 18,601,000 төгрөгийг төлсөн. Дараагийн гэрээ нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, В блок, 1 дүгээр орц, 3 дугаар давхар, D С3 тип, 3 өрөө 67.8 м.кв орон сууцыг 1 м.кв-ыг нь 890,000 төгрөгөөр тооцож, үнэ 60,342,000 төгрөгөөс 30,171,000 төгрөгийг төлсөн. Дээрх хоёр гэрээг байгуулснаас хойш 2019 оны 3 сарын 26-ны өдөр 6,160,000 төгрөг, 2018 оны 3 сарын 16-ны өдөр 7,315,800 төгрөг, 2017 оны 12 сарын 12-ны өдөр 7,315,800 төгрөг, нийт 69,563,600 төгрөгийг төлсөн. Миний хувьд гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө цаг тухайд нь төлж байсан боловч “Ш.Г” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, захиалсан орон сууцаа ашиглалтад өгөх нь бүү хэл барилгын суурь тавигдсан байдалтай хэдэн жил болж байна. Бид гэрээгээ цуцалж, өгсөн мөнгөө алдангийн хамт авъя гэхэд гэрээгээ 6 сарын хугацаагаар шинэчилж хийгээд энэ хугацаанд мөнгийг чинь өгье гэдэг боловч өгөхгүй өнөөдрийг хүрч байх тул төлсөн мөнгө болох 69,563,600 төгрөгийг алданги 34,781,800 төгрөгийн хамт нийт 104,345,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.    Хариуцагч шүүхэд тайлбар ирүүлээгүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Ш.Г” ХХК-аас 82,682,616 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,662,784 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 687,351 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш.Г” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 571,363 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Мд олгож шийдвэрлэжээ.

            4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хариуцагч нь нэхэмжлэгчийн гэрээний үндсэн үүрэгт төлсөн 69,563,600 төгрөгийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу буцаан шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин шүүхээс алдангид гаргуулсан 13,119,016 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алданги нь хугацаа хэтрүүлэх үүргийн зөрчилд хариуцлага оногдуулсан заалт байдаг. Хугацаа хэтрүүлэх ойлголт нь гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа тохиолдолд л яригдах юм. Зохигчид нэгэнт гэрээнээс татгалзсан, энэ талаар маргаангүй байхад нэгэнт татгалзсан буюу хүчингүй болсон гэрээний дагуу алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д гэрээнээс татгалзснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буюу өгсөн авснаа буцаадаг. Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол шаардах эрх нээлттэй байдаг. Харин хуулиар нэгэнт татгалзсан гэрээнээс алданги тооцож шаардах эрхгүй юм. Хохирол болон алданги нь хоорондоо ялгаатай ойлголт гэдгийг дурдах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заасан “... Ш.Г ХХК-аас 82,682,616 төгрөг гаргуулах” гэснээс 13,119,016 төгрөгт холбогдох хэсэг нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Алдангийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт тооцож үзэхэд анхан шатны шүүхийн дүгнэсэн дүгнэлт болох 13,119,000 төгрөг гаргасан нь үндэслэлтэй зөв байсан. Анхан шатны шүүхээс алдангийг илүү бодсон байна гэхэд нэхэмжлэгч талаас маргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар өгөөгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэж үзэж болохоор байна. Манай талаас маргах ямар ч сонирхол алга. Одоо хамгийн гол нь мөнгөө буцааж авмаар байна гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй

хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

  1. Нэхэмжлэгч З.М хариуцагч “Ш.Г” ХХК-д холбогдуулан гэрээнээс

татгалзаж, ажил гүйцэтгэгчид төлсөн хөлс болон үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн алдангид нийт 104,345,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 82,682,616 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

4. Зохигчид 2017 оны 09 сарын 15-ны өдөр орон сууц захиалан бариулах тухай хоёр

гэрээ байгуулсан байна.

4а. Гүйцэтгэгч “Ш.Г” ХХК нь 37,202,000 төгрөгийн үнэ бүхий 41.8 м.кв 2 өрөө орон сууц барих, 2018 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэж өгөх, захиалагч гэрээнд гарын үсэг зурснаар урьдчилгаа 18,601,000 төгрөгийг төлөх, үлдэгдэл төлбөрийн 30 хувь болох 11,160,600 төгрөгийг байр ашиглалтад ортол цувуулж төлөх, үлдэгдэл 20 хувь болох 7,440,400 төгрөгийг түлхүүр гардахад төлөхөөр тус тус үүрэг хүлээсэн байна. захиалагч гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 18,601,000 төгрөгийг, 2017 оны 12 сарын 12-ны өдөр 2,790,150 төгрөгийг, 2018 оны 03 сарын 16-ны өдөр 2,790,150 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

4б. Гүйцэтгэгч “Ш.Г” ХХК нь 60,342,000 төгрөгийн үнэ бүхий 30.8 м.кв 1 өрөө, 37 м.кв 2 өрөө орон сууц барих, 2018 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэж өгөх, захиалагч гэрээнд гарын үсэг зурснаар урьдчилгаа 30,171,000 төгрөгийг төлөх, үлдэгдэл төлбөрийн 30 хувь болох 18,102,600 төгрөгийг байр ашиглалтад ортол цувуулж төлөх, үлдэгдэл 20 хувь болох 12,068,400 төгрөгийг түлхүүр гардахад төлөхөөр тус тус үүрэг хүлээсэн байна.  Захиалагч уг гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 30,171,000 төгрөгийг, 2017 оны 12 сарын 12-ны өдөр 4,525,650 төгрөгийг, 2018 оны 03 сарын 16-ны өдөр 4,525,650 төгрөгийг, 2019 оны 03 сарын 26-ны өдөр 6,160,000 төгрөгийг тус тус шилжүүлжээ.

5. Орон сууц хүлээлгэн өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүйтэй холбон үндэслэлээр2021 оны 08 сарын 13-ны өдөр захиалагч гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 69,563,600 төгрөг, алданги 34,781,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч “Ш.Г” ХХК гэрээгээр шилжүүлсэн 69,563,600 төгрөг төлөхийг зөвшөөрч, алданги 34,781,800 төгрөгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

6. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийнматериалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол хуульд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зохицуулжээ.    

7. Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гүйцэтгэгч

гэрээний үүргээ зөрчснөөс захиалагч гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн ажлын хөлс болон алданги шаардсан нь хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 82,682,616 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

7а. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр “гүйцэтгэгч нь захиалгат ажлыг гэрээнд

заасан  хугацаанаас 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 0.02 хувиар хоног тутамд алданги төлөх үүрэгтэй” гэж тохиролцсон тул алдангийг гүйцэтгэгчээс нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй.

7б. Анхан шатны шүүх алдангийг орон сууцыг захиалагчид хүлээлгэж өгөх хугацаа дууссан үеэс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцож, зарим хэсгийг хангасан нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэхийг харилцан буцаах талаар заасан. Нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагч буцаан өгөөгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гэрээ цуцлахаар шаардах хүртэл үүссэн нэмэгдэл үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/03880 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Чадраабалын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Ш.Г” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 571,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                ШҮҮГЧИД                           Д.НЯМБАЗАР

  

Д.БЯМБАСҮРЭН