Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2021/00204

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2021/00204

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Д.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох,

 “2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүү 230,799 төгрөг гаргуулах, цалин хөлсний зөрүүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах,

 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлс 12,677,981 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны  04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлс 3,923,235 төгрөг тус тус гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 153/2021/00074/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хуулийн хүчин төгөлдөр болсон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 569 дүгээр шийдвэр, Увс аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар магадлалаар Д.Э намайг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүүг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн.

Уг шийдвэр, магадлалаар Д.Э миний 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс хойших хугацааны цалин хөлс гаргуулах шаардлагыг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”, 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *** дүгээр тушаалаар Д.Э намайг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргаар томилж, ТҮ-9-1 дэх ангилал, зэрэглэл, шатлалаар цалинжуулж, зохих нэмэгдлийг хууль тогтоомжид заасны дагуу тооцон олгохыг нягтлан бодогчид зөвшөөрсөн. Улмаар Ховд аймгийн ЗДТГ-ын дарга нь Д.Э надтай Ховд аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, Д.Э намайг ТҮ-9-1 ангилал, зэрэглэл, шатлалаар цалинжуулж, ур чадварын нэмэгдэл, хоолны нэмэгдэл олгохоор тусган баталгаажуулсан.

Бүтэц, орон тоог шинэчлэн баталсан Ховд аймгийн ЗДТГ-ын даргын 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар болон 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаар тушаалуудад Д.Э миний эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажлын байрыг ТҮ-9-1 дэх ангилал, зэрэглэл, шатлалаар цалинжуулахаар тусгасан. Мөн түүнчлэн нэхэмжлэгч Д.Э би төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд ур чадварын нэмэгдлийг үндсэн цалингийн 15 хувиар тооцуулан сар бүр авсаар ирсэн нь цалингийн карт болон нийгмийн даатгалын дэвтэрт тусгагдсан.

Гэтэл Ховд аймгийн ЗДТГ-ын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаар, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар тушаалуудаар бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа нэхэмжлэгч Д.Э миний ажлын байрыг ТҮ-8-1 ангилал, зэрэглэл шатлалд хамруулсан. Улмаар Ховд аймгийн ЗДТГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаар тушаалаар Д.Э намайг ТҮ-8-1 ангилал, зэрэглэл, шатлалаар цалинжуулснаар цалингийн зөрүү гарч, уг зөрүүний хэмжээгээр ур чадварын нэмэгдэл буурч нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордсон.

Ховд аймгийн ЗДТГ-аас Д.Э намайг 2018 оны 11 дүгээр сарын  01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ТҮ-8-1 ангилал, зэрэглэл, шатлалаар цалинжуулсан.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 569 дүгээр шийдвэрээр 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүүг Ховд аймгийн ЗДТГ-аас гаргуулж шийдвэрлэсэн. Иймээс, нэхэмжлэгч Д.Э би хариуцагч Ховд аймгийн ЗДТГ-аас 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүү 230,799 төгрөг, мөн хугацааны цалин хөлсний зөрүүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гомдлын шаардлага гаргаж байна. Ховд аймгийн ЗДТГ-аас Д.Э надад 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өдий хүртэл ямар нэг цалин хөлс олгоогүй. Иймээс, нэхэмжлэгч Д.Э би хариуцагч Ховд аймгийн ЗДТГ-аас 2019 оны 12 дугаар сарын  01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлс 12,677,981 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гомдлын шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Э-ийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага: ...хариуцагч Ховд аймгийн ЗДТГ нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаагийн улмаас Д.Э миний зөрчигдсөн эрх одоо хүртэл сэргээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. Иймд,  2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлс 3,923,235 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн ЗДТГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *** дүгээр тушаалаар Д.Э-ийг аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны даргаар томилж ажиллуулсан байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор аймгийн ЗДТГ-ын бүтцийг шинэчлэн тогтоосон. Тус тогтоолын дагуу аймгийн ЗДТГ-ын даргын 2018 оны *** дугаар тушаалаар бүтэц, орон тоог шинэчлэн баталж аймгийн ЗДТГ-ын Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний алба болгон өөрчлөн зохион байгуулж, албаны менежер болон үйлчилгээний 12 ажилтантайгаар бүтцийг баталсан.

Албаны дарга нь Менежер нэршилтэй болсон тул цалингийн шатлалыг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 276 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан ТҮ-8 зэрэглэлд дүйцүүлж тогтоосон. Д.Э-ийг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэр гаргаагүй. Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн ЗДТГ-ын 2018 оны санхүүгийн тайланд аудит хийж, зөрчил дутагдлыг арилгах талаар 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн *** тоот албан бичиг ирүүлсэн. Тус бичигт Нийтлэг үйлчилгээний албаны дарга Д.Э-ийг ТҮ-9-1-ээр цалинжуулсныг зөрчил гэж үзэж, тус зөрчлийг арилгах талаар үүрэг, чиглэл өгсөн.

Шинэчлэн тогтоосон бүтцийн дагуу нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүү, зөрүүнд ногдох, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах шаардлага гаргах хууль зүйн үндэслэлгүй.

Д.Э нь Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний албаны менежерээр ажиллах хугацаандаа үүрэгт ажилдаа ирээгүй, цаг бүртгүүлдэггүй байсан нь цаг бүртгэлийн дэвтрээс нотлогдоно.

Нэхэмжлэгч Д.Э-ийн аймгийн ЗДТГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Д.Э-ийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хариу тайлбар гаргаж хүргүүлсэн ба тайлбарын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн.

Нэхэмжлэгч нь албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй байгаа боловч ажил үүргээ гүйцэтгээгүй, ажлын цаг бүртгүүлээгүй тул ажил олгогч цалин олгох үндэслэл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэж заасан. Ажил, албан үүргээ гүйцэтгээгүй ажилтан ажил олгогчоос цалин хөлс шаардах эрхгүй юм. Иймд, нэхэмжлэгч Д.Э-ийн үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргаар 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр *** дугаартай тушаалаар томилогдсон. Нийтлэг үйлчилгээний албаны даргаар томилон ажиллуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Энэ хугацаанд ТҮ-9-1-ээр тогтоож цалинжуулсан. Нэхэмжлэлийн шаардлагад ур чадварын нэмэгдэл 15 хувь оруулсан бөгөөд цалингийн картад ажилд орсноос хойш 25 хувиар олгогдож байсан.  2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрж ажилд ороод удаагүй байх хугацаанд миний ажлын байрыг өөрчилсөн. Ажлын байрыг өөрчилж буй тухай Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Э танилцуулаагүй, ажил өөрчилсөн тухай гаргасан шийдвэр, тушаал өгөөгүй. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул ороогүй, нийтлэг үйлчилгээний алба, албаны даргаас татан буулгаж, санхүү, аж ахуйн алба, нутгийн удирдлагын ордны үйлчилгээний алба, үйлчилгээний ажилтан зэргээр 3 хэсэгт хуваасан. Нийтийн үйлчилгээний албаны менежер гэх орон тоонд ажиллах боломжгүй гэдгийг илэрхийлж, ажилд очихгүйгээр шүүхийн байгууллагад хандсан. 2020 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 569 дугаартай шийдвэр гарсан бөгөөд Д.Э-ийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажилд нь эгүүлэн тогтоосон  шүүхийн шийдвэр өнөөдрийн хүртэл хэрэгжихгүй байгаа явдалд төрийн шийдвэрийг үл тоож байна гэж үзэж байна. Хэрэв Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны дарга гэх ажлын байр, тушаал гарч ажлын байранд очвол цагаа бүртгүүлж явах боломжтой. Цаг бүртгүүлээгүй гэх асуудалд миний зүгээс менежерийн орон тоонд ажиллахгүй гэдгээр очоогүй, тухайн үед миний данс руу цалин шилжүүлж байсан. Цалин шилжүүлэхдээ Нийтлэг үйлчилгээний албаны даргын гэрээнд зааснаар Засаг даргын Тамгын газрын дарга Б.Г-ын үед тушаал гарснаарТҮ-9-1-ээр биш ТҮ-8-1-ээр цалинг тооцож данс руу хийж, цалингийн зөрүү гарч байсан.

 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүү гаргуулах саналтай байна. 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд цалингийн зөрүүнд ногдох, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарыг дуусталх хугацааны цалинд ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж,  дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгөхийг хүсэж байна  гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Э нь Ховд аймгийн Засаг даргын  Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *** тушаалаар Нийтлэг үйлчилгээний албаны даргаар томилогдон ажиллаж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосон. Монгол Улсын Засгийн газрын 09 дугаартай тогтоолоор Тамгын газрын  орон тоо, ерөнхий бүтцийг тогтоосон. Тус тогтоолыг үндэслэн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 сарын 31-ний өдрийн *** дугаартай тушаал гаргаж, Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Тухайн шинэчлэн баталсан бүтцээр Тамгын газрын Нутгийн удирдлагын ордныг үйлчилгээний алба болгон өөрчилж, үйлчилгээний албаны даргын албан тушаалыг үйлчилгээний менежер болгон өөрчилж ТҮ-8 -1-ээр тооцож цалин олгосон бөгөөд үйлчилгээний нийт 12 ажилтнуудтай, албаны менежер болгон байгуулсан.

Аймгийн ЗДТГ-ын *** дугаар тушаалаар Санхүү, аж ахуйн алба, Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний алба гэх 2 алба болгон өөрчилж, Санхүү аж ахуйн албыг ерөнхий нягтлан бодогчоор ахлуулах, Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний албыг менежерээр ахлуулахаар баталсан байдаг. Албаны даргын албан тушаал нь үйлчилгээний менежер болсон тул цалингийн шатлал нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 276 дугаараар батлагдсан, төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан ТҮ-8 зэрэглэлд дүйцүүлж тогтоосон. Өөрөөр хэлбэл ерөнхий нягтлан бодогчтой дүйцүүлэн тогтоосон.  Учир нь Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас Засаг даргын Тамгын газрын 2018 оны  санхүүгийн тайланд аудит хийж, зөрчил дутагдлын тухай 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдөр *** тоотоор албан бичиг ирүүлсэн. Тухайн албан бичигт Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд аудит хийсэн тухай баримтыг ирүүлсэн. Тухайн бичигт Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай тогтоолын 2 дахь хавсралтаар Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоог баталж, нийтлэг үйлчилгээний албаны дарга нь ТҮ-9-1-ээр тооцож цалинжуулсан зөрчил дутагдал илэрсэн гэх утгатай санхүүгийн тайланг ирүүлсэн.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь Олон Улсын чанарын стандартын тогтолцоо ISO-9001 стандартыг нэвтрүүлж эхэлсэн. Тамгын газрын даргын тушаалаар үйлчилгээний ажилтан авахад Нийтлэг үйлчилгээний албаны дарга нь тушаал гаргаж тухайн ажилтныг ажлаас нь чөлөөлж байсан зөрчил гарч байгааг ISO9001 стандартаар Тамгын газрын дарга нь шийдвэр гаргах эрхтэй тул Нийтлэг үйлчилгээний албаны даргыг ТҮ-9 ангиллаас ТҮ-8 ангилал руу шилжүүлсэн байдаг.

Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/0* дугаартай тушаалаар урьд өмнө нь баталсан санхүү аж ахуйн албыг санхүү аж ахуй тасаг болгож тасгийн дарга болон ерөнхий нягтлан бодогчоор ахлуулж, өөрчлөн байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс Тамгын газрын дарга надад мэдэгдээгүй гэж байна. Тухайн үед нэхэмжлэгч ажил, үүргээ гүйцэтгэж байсан тул мэдэх боломжтой, нэхэмжлэгчийг Тамгын газрын дарга тушаал гаргаж чөлөөлөөгүй, гүйцэтгэж байсан ажил үүргийг цомтголд оруулаагүй, татан буулгаагүй. Зөвхөн нэршил өөрчилж, цалингийн шатлал нь 1 шатаар буурсан байдаг. 

Нэхэмжлэгч нь 2019, 2020 онуудад цаг бүртгэлгүй, төрийн аудитын газраас ажлын цаг бүртгүүлдэггүй хүмүүст цалин олгож байгаа тул үүнийг зогсоох тухай шаардлагыг ирүүлсэн тул 11 сарын цалин олгож, зогсоосон байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 49.1-д “ажилтны цалин хөлсийг ажил үүргийг гүйцэтгэснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгоно” гэж заасан. Ажил олгогчийн зүгээс ажилтан нь ажлын байранд ажил үүргээ гүйцэтгээгүй, цаг бүртгүүлээгүй тул цалин урамшуулал олгох эрх зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч нь 2019 онд цаг бүртгүүлээгүй боловч бүтэн цалин хөлсийг олгож, ур чадвар, нэмэгдлийг олгож, 2019 оны 11 дүгээр сараас цалинг зогсоосон. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд 2021 оны цалин урамшуулал нэхсэн, ажил үүргээ гүйцэтгээгүй ажилтанд цалин олгох үндэслэл байхгүй, шаардах эрх байхгүй, нягтлан бодогч Энхмандалын гэрчийн мэдүүлгээс тодорхой харагдаж байгаа.  Ур чадварын нэмэгдэл нь тухайн ажилтны ажиллаж буй байдал, идэвх санаачилга, ажлын үзүүлэлтийг харгалзаж 10-25 хувиар олгодог бөгөөд сар бүр ур чадварын нэмэгдэл олгох шаардлагагүй, ажил сайн гүйцэтгэсэн бол 25 хувиар, ажил үүргээ муу гүйцэтгэсэн бол ур чадварын нэмэгдэл олгох алба байхгүй тул нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт /цаашид ЗДТГ гэх/  холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүү 230,799 төгрөг,  2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлс 12,677,981 төгрөг тус тус гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны  04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлс 3,923,235 төгрөг гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид тус тус даалгахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э-аас “нэхэмжлэгч Д.Э-ийг ажлаас чөлөөлсөн шийдвэр гараагүй,  Олон Улсын стандартыг үндэслэн Тамгын газрын орон тоог баталснаар Ховд аймгийн ЗДТГ-т Нийтлэг үйлчилгээний албаны дарга гэсэн орон тоо байхгүй болсон, Д.Э-ийг ажлаас нь чөлөөлөөгүй бөгөөд  менежерээр ажиллах хугацаандаа ажилдаа ирээгүй, ажил хийгээгүй ажилтанд цалинг олгох боломжгүй” гээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар Ховд аймгийн ЗДТГ-ын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн  “Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай” А/19* тушаалаар Ховд аймгийн ЗДТГ-ын бүтэц орон тоог шинэчлэн тогтоож,  бүтэц орон тоог шинэчлэн тогтоосонтой холбогдуулан Ховд аймгийн ЗДТГ-ын  даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” А/19* дугаар тушаалаар Тамгын газрын албан хаагчдыг ажлаас нь чөлөөлж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн  өдрийн  А/19* дугаар “Ажилд томилох тухай” тушаалаар Тамгын газрын ажилтнуудыг албан тушаалд нь томилохдоо Д.Э-ийн албан тушаалыг өөрчилснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Д.Э-ийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоосон, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ч  2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нэхэмжлэгчийг дээрх албан тушаалд эгүүлэн томилсон шийдвэрийг хариуцагч гаргаагүй, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа  үйл явдал тогтоогдов.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 569 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Д.Э-ийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртлэх хугацааны цалин хөлсний зөрүүг гаргуулж шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хянаж,  23 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ч хариуцагч Ховд аймгийн ЗДТГ-ын дарга шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 77 дугаар шүүгчийн захирамж, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаартай “Иргэний хэргийн гүйцэтгэх хуудас”-аар тус тус тогтоогдов.

Тухайн үед нэхэмжлэгч Д.Э нь Ховд аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны даргын албан тушаалыг өөрчилснөөр ТҮ-8-1 шатлалаар цалинжихаар болж эрх зүйн байдал дордсон, хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, цалингийн зөрүүг Ховд аймгийн ЗДТГ-аас гаргуулж, нэхэмжлэгч Д.Э-т олгож шийдвэрлэжээ. 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 569 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Д.Э-т 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны цалингийн зөрүүг олгож, 2020 оны 7 дугаар сарын 29-ний хүртэл хугацааны цалинг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч Д.Э нь давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсны дараа  дахин уг асуудлаар 2021 оны  01 дүгээр сарын 13-ны өдөр цалингийн зөрүү болон цалинг нэхэмжлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй тул зөрчигдсөн эрхээ сэргээн тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэн цалингийн зөрүү болон  ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 Хариуцагч Ховд аймгийн ЗДТГ нь “нэхэмжлэгч Д.Э ажил үүргээ гүйцэтгээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд тохируулж олгохоор заасан, нэхэмжлэгч албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй байгаа, албан үүргээ гүйцэтгээгүй ажилтан цалин хөлс шаардах эрхгүй” гэж мэтгэлцсэн боловч ажилтанд ажиллах нөхцөлийг бүрдүүлээгүй буюу шүүхийн шийдвэрийг үндэслэн урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон тушаалыг гаргаагүй, ажил олгогчийн албан тушаалыг өөрчилж, менежер /Тасгийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч/-ийн албан тушаалд томилсныг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Д.Э-ийг Ховд аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлсөн тушаалыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийг ажил үүргээ гүйцэтгээгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно.

Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс “Шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохыг хүсэж хариуцагчтай уулзахаар очиход хариуцагч ЗДТГ-ын дарга уулзахаас татгалзсан”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Шүүхийн шийдвэр яагаад биелэгдэхгүй байна гэдэгт хариу тайлбар гаргах боломжгүй байна, би зөвхөн цалинг нэхэмжилсэн хэрэгт итгэмжлэлээр оролцож байна” гэж тус тус тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Д.Э-ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар цалин хөлсний зөрүү болон цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэх эрхтэй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар ажил олгогч нь Хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй юм.

Хэрэгт 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Д.Э-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ авагдсан бөгөөд энэхүү Хөдөлмөрийн гэрээ нь анх Д.Э-ийг Ховд аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны даргаар томилох үед байгуулагдаж байжээ.

Нэхэмжлэгч Д.Э нь Ховд аймгийн ЗДТГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/6* дүгээр тушаалаар Ховд аймгийн ЗДТГ-ын  Нийтлэг үйлчилгээний албаны даргын албан тушаалд томилогдож, энэ өдрөөс эхлэн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/19* дугаар тушаалаар түүний албан тушаалыг өөрчлөх хүртэл ТҮ-9-1 шатлалаар цалинг олгож байсан нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,  Ховд аймгийн ЗДТГ-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай” А/5* дугаар тушаал, Ховд аймгийн ЗДТГ-ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/0* дугаар тушаалын 2 дугаар хавсралт, 2017, 2018 оны цалингийн карт, аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны дарга Д.Э-ийн ажлын байрны тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.

Ховд аймгийн ЗДТГ-аас ирүүлсэн Д.Э-ийн 2019 оны Цалингийн картаар 2019 оны 9 дүгээр сараас 11 сар хүртэл үндсэн цалинг 648,977 төгрөгөөр тооцож олгосон нь Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 9 дүгээр хавсралтаар баталсан ТҮ-8-1 цалингийн сүлжээний шатлалаар тогтоосон цалин байна. Шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон тул нэхэмжлэгч Д.Э нь Ховд аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажиллаж байх үед авч байсан цалинг үндэслэн цалингийн зөрүүг ТҮ-9-1 цалингийн сүлжээний шатлалаар тооцож нэхэмжилсэн нь хуульд нийцсэн байна гэж дүгнэв.

Хариуцагч Ховд аймгийн ЗДТГ-аас нэхэмжлэгч Д.Э-т 2019 оны 10 дугаар сар хүртэл сар бүр ур чадварыг 25 хувиар тооцож олгож байсан ба Тамгын газрын даргын цагийн бүртгэлд “Санхүүд” гэж хаяглаж бичигдсэн “Д.Э нь ажилдаа ирээгүй тул энэ сар ур чадварыг олгохгүй” гэх цохолтыг үндэслэн  2019 оны 11 дүгээр сард үндсэн цалинг ТҮ-8-1 шатлалаар тооцож олгож,  ур чадварын  25 хувийг олгоогүй, 2019 оны 12 дугаар сараас эхлэн цалинг олгоогүй  болох нь цагийн бүртгэлийн ерөнхий тайлан, гэрч Б.Э-ын мэдүүлгээр тус тус тогтоогдов.

Нэхэмжлэгч Д.Энь 2019 оны 9 дүгээр сард ТҮ-8-1, ТҮ-9-1 цалингийн сүлжээний зөрүү, 2019 оны 9 дүгээр сараас эхлэн ТҮ-9-1 цалингийн сүлжээгээр, ур чадварыг 25 хувиар тооцож, 2019.09.19-2019.11.30-ны хүртэл цалин хөлсний зөрүү, 2019.12.01-2021.04.30-ны өдөр хүртэл цалин хөлс  нийт 16,832,015 төгрөгийг нэхэмжилжээ. 

Шүүхээс цалингийн зөрүү болон ажилгүй байсан хугацааны цалинг ТҮ-9-1 цалингийн сүлжээгээр тооцож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, харин ур чадварын нэмэгдлийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-д төрийн үйлчилгээний албан хаагчийн ажил гүйцэтгэх чадвар, ажлын арга барилыг үндэслэн ур чадварын нэмэгдэл олгох, ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч шийдвэрлэхээр заасан нь ажил олгогчоос ажилтны тухайн сард гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг үндэслэн ур чадварын нэмэгдлийг олгох, багасгах, олгохоос татгалзах эрхийг олгосон зохицуулалт гэж ойлгоно.

 Төрийн үйлчилгээний албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг үнэлж, ажил олгогчоос сар бүр 10-25 хувийн ур чадварыг олгодог ба хэдийгээр ажил үүргээ гүйцэтгээгүйн нэхэмжлэгчийн буруу биш гэсэн ч ур чадварын нэмэгдлийг олгох шалгуур нь тухайн сарын ажлын гүйцэтгэлээр үнэлэгддэг тул ур чадварын  нэмэгдлийг олгохоос татгалзсан ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэхийг,  ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болохыг тус тус зохицуулсан ба нэмэгдэл болон нэмэгдэл хөлс олгох нь тодорхой шалгуураар дүгнэгдэж, хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын тохиролцоонд үндэслэгддэг бөгөөд энэ нь заавал олгогддог нэмэгдэл биш болохыг дурдвал зохино. 

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24 тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг хоёр удаа шинэчлэн тогтоосон тул нэхэмжлэгчийн 2019 оны цалинг 24 дүгээр тогтоолоор, 2020-2021 оны цалинг 472 дугаар тогтоолыг үндэслэн хариуцагчаас гаргуулсан болно.

Нэхэмжлэгч Д.Э-ийн цалинг дараах байдлаар тооцов. Үүнд:

  1. 2019.09.19-2019.09.30 хүртэл ажлын 8 хоногийн цалингийн зөрүү= 36,068 төгрөг

ТҮ-9-1 сүлжээгээр тооцоход сарын үндсэн цалин 726525 төгрөг бөгөөд ажлын 8 хоногийн цалин 270,334 төгрөг  (726,525:21,5=33,791х8хоног), ажлын 8 хоногт ногдох ур чадварын нэмэгдэл  67,583 төгрөг (726,525х25% = 181,631:21,5=8447х8хоног) байна.

Ажил олгогчоос нэхэмжлэгч Д.Э-т ТҮ-8-1 шатлалаар тооцож, 2019.09.19-2019.09.30-ны өдөр хүртэл олгосон цалинг хасахад цалингийн зөрүү 36,068 төгрөг (270,334+67,583=337,917- 301,848 /олгосон цалин/ ) байна.

  1. 2019 оны 10 сарын цалингийн зөрүү= 96,935 төгрөг

ТҮ-9-1 сүлжээгээр 726,525+181,631 (726,525х25% ур чадвар) = 908,156 төгрөг байх ба ТҮ-8-1 сүлжээгээр 648,977+162,244 ( 648,977х25% ур чадвар)=811,221 төгрөг байна.  908,156 төгрөг буюу ТҮ-9-1 сүлжээний цалингаас 811,211 төгрөг буюу ТҮ-8-1 сүлжээний цалинг хасахад цалингийн зөрүү 96,935 төгрөг байна.

  1. 2019 оны 11 сарын цалингийн зөрүү=77,548 төгрөг

726,525 төгрөг буюу ТҮ-9-1 сүлжээний цалингаас 648,977 төгрөг буюу ТҮ-8-1 сүлжээний цалингийн зөрүү (726,525-648,977)

2019 оны 11 дүгээр сарын цалинд ур чадварын нэмэгдлийг ажил олгогчоос олгохоос татгалзсаныг үндэслэн ур чадварын 25 хувийг тооцоогүй болно.

  1. 2019.09.19-2019.11.30 хүртэлх цалингийн зөрүү=210,551 төгрөг

2019.09.19-2019.09.30 өдрийг цалингийн зөрүү 36,068 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын цалингийн зөрүү 96,935 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын цалингийн зөрүү 77,548 төгрөг, нийт 210,551 төгрөг байна.

5. 2019 оны 12 дугаар сарын цалин 726,525 төгрөг  (ТҮ-9-1, ЗГ-ын 24 тогтоол),

6. 2020.01.01-2021.04.30 өдрийг хүртэл 16 сар бөгөөд 784,647х16 сар = 12,554,352 төгрөг (ТҮ-9-1 шатлал, ЗГ-ын 472 тогтоол).

2019.09.19-2019.11.30-ны өдрийн цалингийн зөрүү 210,511 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын цалин 726,525 төгрөг, 2020.01.01-2021.04.30 өдрийг дуустал хугацааны цалин хөлс 12,554,352 төгрөг, нийт 13,491,388 төгрөгийг Ховд аймгийн ЗДТГ-ын санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч Д.Э-т олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2019, 2020 онд хоёр удаа төрийн албан хаагчийн цалинг шинэчлэн тогтоосон тул нэхэмжлэгч Д.Э нь төрийн албан хаагчийн хувьд уг шинэчлэн тогтоосон цалингийн сүлжээгээр цалинг нэхэмжилснийг үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэл хангагдсан үнийн дүн 13,491,388 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 225,407 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ховд аймгийн ЗДТГ-ын санхүүгээс улсын тэмдэгтийн хураамж 225,407 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-т олгож шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн  69.1-д заасныг баримтлан 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалингийн зөрүү 210,551 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын цалин хөлс 726,525 төгрөг,  2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цалин хөлс 12,554,352 төгрөг, нийт цалин хөлсний зөрүү болон цалин хөлс 13,491,428 /Арван гурван сая дөрвөн зуун ерөн нэгэн мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгээс гаргуулж, нэхэмжлэгч Д.Э-т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалингийн зөрүү 20,248 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлс 3,320,339 төгрөг,  нийт цалин хөлсний зөрүү болон цалин хөлс 3,340,587 /Гурван сая гурван зуун дөчин мянга таван зуун наян долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Э-т олгосон дээрх цалингаас  2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалингийн зөрүүнд ногдох, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалинд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Э-ийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан үнийн дүн 13,491,428 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 225,407  төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгээс гаргуулж, нэхэмжлэгч Д.Э-т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 299,212 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.РАУШАН