Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 1136

 

 

 

 

 

 

    2020             9              3                                         2020/ДШМ/1136

 

 

 

М.Б-т холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

хохирогч Н.М-ын өмгөөлөгч Ч.Болдбаатар,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа  даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/1218 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.М-, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Б-т холбогдох эрүүгийн 1803005530362 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржигин овгийн Мандахбаярын............., 19....... оны 12 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ............ хамт Налайх дүүргийн ............... тоотод оршин суух, /РД: ............../;

Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан.

            М.Б- нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа ... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ 2018 оны 6 дугаар сарын 22-ны өглөө 07 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сансар худалдааны төвийн хойд замд “Hyundai sonata 6” маркийн 27-16 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, мөн дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Н.М-ын жолоодож явсан “Toyota Prius 20” маркийн 47-70 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Н.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Н.Ариунзулын эрүүл мэндэд хөнгөн, “Toyota Prius 20” маркийн 47-70 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.579.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: М.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Б-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар М.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар М.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Б-ийн цаглан хоригдсон 43 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ээс 64.728.648 төгрөг гаргуулан хохирогч Н.М-т олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, М.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.  

Хохирогч Н.М-ын өмгөөлөгч Ч.Болдбаатар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/1218 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэсэн бөгөөд шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар энэхүү гомдлыг гаргаж байна. Шийтгэх тогтоолын 6 дугаар хэсэгт “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 ... дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ээс 64.728.648 төгрөгийг гаргуулан хохирогч Н.М-т олгосугай” гэжээ. Шүүгдэгч М.Б- нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Hyundai Sonata 6” маркийн 27-16 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Н.М-ын эрүүл мэндэд болон эд хөрөнгөд ноцтой гэм хор учруулсан байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудын нэг болох тээврийн хэрэгслийн гэрчилгээнээс харахад М.Б-ийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь Худалдаа хөгжлийн банкны өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдож байгаа юм. Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “... тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учруулсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй...” гэж заасны дагуу Худалдаа хөгжлийн банкийг иргэний хариуцагчаар татан оролцуулах талаар шүүх хуралдааны үед саналаа гаргасан боловч шүүх хүлээн авалгүйгээр шүүгдэгчээс хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 8.6.1-д “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн ... хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих ... хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно ...” гэж заасны дагуу Иргэний хуулийн 499.4-т заасныг үндэслэн Худалдаа хөгжлийн банк нь тус эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар оролцох үндэслэлтэй юм. Мөн Улсын дээд шүүхийн 15 дугаартай тогтоолын 5.1-д “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдэд Иргэний хуулийн ... 499.4-т ... хуулийн этгээд хамаарна ...” гэж заасан бөгөөд шүүхээс хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглэх үүднээс тайлбарласан гэж ойлгож байна. Гэтэл анхан шатны шүүхээс уг хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 499.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн шийтгэх тогтоолын 5 дугаар хуудсанд “... хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ...М.Б-, Худалдаа хөгжлийн банк нарын хооронд байгуулсан фидуцийн гэрээ нь Иргэний хуульд нийцээгүй тул хүчин төгөлдөр бус ...гэж тайлбарласан гээд ... дээрх гэрээ нь Иргэний хуульд нийцээгүй эсэхийг шүүх тогтоогоогүй байна ...” гэх мэтээр миний шүүх хурал дээр огт хэлээгүй зүйлийг хэлсэн болгож, түүндээ тайлбарласан нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 499.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хуулийн дагуу иргэний хариуцагчаар татагдах ёстой Худалдаа хөгжлийн банкийг уг хэрэгт татаагүй учир гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд дээр дурьдсан тайлбарыг харгалзан үзэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/1218 дугаар тогтоолыг хүчингүй болгон, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.  

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гарсан. 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр эд хөрөнгө өмчлөх гэрээ байгуулагдсан. Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолдоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг тус тус дурдаж тээврийн хэрэгслийн өмчлөгч бус эзэмшигч нь гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна гээд хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Мөн анхан шатны шүүхээс шийдвэр гаргасны дараа шийдвэрийг хэргийн оролцогч нарт танилцуулж, тайлбарласан. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс яриагүй зүйлийг минь ярьсан болгож бичсэн байна гэж байна. Гэтэл өмгөөлөгчийн зүгээс энэ талаар ярьсан бөгөөд ярьсан зүйлийг нь дурдсан байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

М.Б- нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон заалтыг зөрчиж, согтуурсан үедээ 2018 оны 6 дугаар сарын 22-ны өглөө 07 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Сансар худалдааны төв”-ийн хойд замд “Hyundai sonata 6” маркийн 27-16 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, мөн дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин эсрэг урсгалд орж, Н.М-ын жолоодож явсан “Toyota Prius 20” маркийн 47-70 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Н.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, өөрийн автомашинд зорчиж явсан Н.Ариунзулын эрүүл мэндэд хөнгөн, “Toyota Prius 20” маркийн 47-70 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Н.М-т 4.579.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-12/,

драйгер багажаар М.Б-ийг шалгахад 0.65 хувийн согтолттой байсныг тогтоосон” жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1 хх 15/,

хохирогч Н.М-ын “Би 2018 оны 6 дугаар сарын 22-ны өглөө гэрээсээ гарч Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчооны замаар ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй Сансар худалдааны төвийн зүүн талд байрлах Шатахуун түгээх станц орохоор өөрийн эзэмшлийн “Toyota Prius 20” маркийн 47-70 УНЕ улсын дугаартай автомашиныг жолоодон кабиндаа ганцаараа ойролцоогоор 30 км/цагийн хурдтай явж байсан. Тэгээд би Шатахуун түгээх станц орж чадалгүй “Сансар худалдааны төв”-ийн харалдаа ирэх үед ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байсан автомашины жолооч шууд урсгал сөрж ирээд өөдөөс мөргөсөн” /1 хх 23-24

иргэний нэхэмжлэгч Н.Ариунзулын “Би ослын улмаас зүүн хөлөндөө гэмтэл авсан. Өөр гэмтэл байхгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Одоо миний биеийн байдал сайн байгаа. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /1 хх 30/,

гэрч Б.Сайнжаргалын “...Тэгээд 07 цагийн үед Баянзүрх дүүргийн Сансар худалдааны төвийн харалдаа ирэх үед Тоёота приус маркийн автомашин болон “Sonata” маркийн автомашинууд хоорондоо мөргөлдөж, зорчих хэсгээс гарч зогссон байсан” /1 хх 32/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хэлтсийн шинжээч эмчийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 9273 дугаартай “... Н.М-ын биед баруун шаант ясны дээд хэсгийн үе дайрсан далд хугарал, баруун богтос ясны сэртэнд далд хугарал, баруун тавхайн 1, 2, 3, 4-р шивнүүр ясны хугарал, мултрал, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /1 хх 34/,

Мөн шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 8178 дугаартай “Н.Ариунзулын биед зүүн хөлийн шилбэ, шагай, тавхайнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна” /1 хх 60/ гэсэн дүгнэлтүүд,

Ашид билгүүн ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлан /1 хх 80-87/,

Замын Цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 533 дугаартай “Hyundai Sonata 6” маркийн 27-16 УНЭ улсын дугаартай автомашины жолооч М.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: а/ “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...”Toyota Prius” маркийн 47-70 УНЕ улсын дугаартай автомашины жолооч Н.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. .../1 хх 95-96/ гэсэн дүгнэлт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч М.Б-ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч М.Б-ийн Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хохирогч Н.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч Н.Ариунзулын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, 2 жил хорих ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэснээс гадна шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, бусдад учруулсан хохирол, хувийн байдалд нь тохирсон байна.

Хохирогч Н.М-, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “...тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учруулсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэсний дагуу Худалдаа хөгжлийн банкийг иргэний хариуцагчаар татан оролцуулах талаар шүүхэд санал гаргасан боловч хүлээж аваагүй. Иймд иргэний хариуцагчийг татаж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэсэн  агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлд зааснаар нэг талаас Худалдаа хөгжлийн банк, нөгөө талаас иргэн М.Б- нар харилцан тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай фидуцийн гэрээ /№2018/000395/0134-1/ байгуулж, 27-16 УНЭ улсын дугаартай “Hyundai Sonata 6” маркийн автомашиныг зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд автомашины өмчлөх эрхийг банкны нэр дээр шилжүүлж, харин автомашиныг төлбөр төлөгч талд ашиглуулж, эзэмшүүлж, хадгалуулж, шилжүүлэхээр тохиролцжээ.

Энэ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1 дэх хэсэгт заасан “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн заалтыг гэм буруутай болох нь тогтоогдсон шүүгдэгч М.Б-т хэрэглэхийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн нь гэм буруутай этгээдийг иргэний нэхэмжлэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан №2018/000395/0134-1 дугаар гэрээний 5.3 дахь заалтад “Автомашиныг төлбөр төлөгч эзэмших, ашиглах явцдаа бусдад буюу гуравдагч этгээдэд гэм хор учруулсан бол уг гэм хорыг төлбөр төлөгч анхдагч өмчлөгчийн хувьд хуульд заасан өмчлөгчийн үүргийн дагуу бие даан хариуцна” гэж тодорхой заажээ /1 хх 130/.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.М-, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын хамтран гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/1218 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.М-, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын хамтран гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

 

 

ШҮҮГЧ                                                                                    Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                                                                Б.ЗОРИГ