Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 1218

 

 

 

 

 

 

 

 

  2020         07          02                                       2020/ШЦТ/1218

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,  

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

хохирогчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар /ҮД:1054/,

иргэний нэхэмжлэгч Н.Ариунзул,

шүүгдэгч М.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт М.ын Б.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1803 00553 0362 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал, чимэглэлийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй, урьд Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 355 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдэж байсан, Б. овогт М.ын Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б. нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасныг зөрчиж, согтуурсан үедээ 2018 оны 06 дугаар сарын 22-ны өглөө 07:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Сансар” худалдааны төвийн хойд замд Хьюндай Соната 6 маркийн 27-16 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, мөн дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Н.Мөнхбаатарын жолоодож явсан Тоёота Приус 20 маркийн 47-70 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Н.Мөнхбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Н.Ариунзулын эрүүл мэндэд хөнгөн, Тоёота Приус 20 маркийн 47-70 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.579.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

                                                                                                /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

     Иргэний нэхэмжлэгч Н.Ариунзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Надад  гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би М.Б.ийн эхнэрийн хувьд тухайн үедээ хохирогчтой холбогдъё гэсэн боловч би өөрөө жирэмсэн байсан. М.Б. өөрөө ч хагалгаанд ороод аягүй хүнд байсан. Ямартаа ч М.Б.ийг авч гаръя гэдэг үүднээс хамаг мөнгөө түүний эмчилгээнд хэрэглэсэн. Би саяхан ажилд орсон. Одоо ямартаа ч хоёр талд зүтгэж байж хохирогчийн хохирлыг барагдуулъя гэж бодож байна.” гэв.  

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 6-12/,

     - Согтуурал шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 12, 15/,

     - Хохирогч Н.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2018 оны 06 дугаар сарын 22-ны өглөө гэрээсээ гарч Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, товчооны замаар ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй Сансар худалдааны төвийн зүүн талд байдаг шатахуун түгээх станц орохоор өөрийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн 47-70 УНЕ улсын дугаартай автомашиныг жолоодон кабиндаа ганцаараа ойролцоогоор 30 км цагийн хурдтай явж байсан юм. Тэгээд би шатахуун түгээх станц орж чадалгүй Сансар худалдааны төвийн харалдаа ирэх үед ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байсан автомашины жолооч шууд урсгал сөрж ирээд өөдөөс мөргөсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24, 2-р хх-ийн 59-61/,

     - Иргэний нэхэмжлэгч Н.Ариунзулын өгсөн: “Би ослын улмаас зүүн хөлөндөө гэмтэл авсан байсан. Дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30/,

     - Гэрч Б.Сайнжаргалын өгсөн: “Тэгээд 07:00 цагийн үед Баянзүрх дүүргийн Сансар худалдааны төвийн харалдаа ирэх үед Тоёота Приус маркийн автомашин болон Соната маркийн автомашинууд хоорондоо мөргөлдөж, зорчих хэсгээс гарч зогссон байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32/,

     - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 9273 тоот: “Н.Мөнхбаатарын биед баруун шаант ясны дээд хэсгийн үе дайрсан далд хугарал, баруун богтос ясны сэртэнд далд хугарал, баруун тавхайн 1, 2, 3, 4-р шивнүүр ясны хугарал, мултрал, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 34-37/,

     - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 8178 тоот: “Н.Ариунзулын биед зүүн хөлийн шилбэ, шагай, тавхайнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 60/,

     - “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 80-87/,

     - Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн: “Хьюндай Соната 6 маркийн 27-16 УНЭ улсын дугаартай автомашины жолооч М.Б. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 95-96/,

     - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1002 тоот: “Н.Мөнхбаатарын биед баруун шаант, тахилзуур ясны дээд булууны зөрөөтэй олон хэлтэрхийт далд хугарал, баруун атаал ясны доод булууны гадна ёрвонд сэлтэрсэн далд хугарал, баруун тогтос ясны толгой хэсгийн зөрсөн хугарал, мултрал, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 37/,

     - Гэрч Н.Ариунзулын өгсөн: “Миний хамтран амьдрагч М.Б. нь гэрээсээ буюу Налайх дүүргийн 3 дугаар хороо, Баялагийн 5 дугаар гудамж, 12 тоотоос байцаагч дээрээ очиж бүртгүүлнэ гэж хэлээд 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө 07 цаг 30 минутын орчимд гарсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл гэртээ ирээгүй байна. ...2019 оны 03 дугаар сараас хойш миний фэйсбүүк хаягийг блоклосон, холбоогүй  байгаа. ...2019 оны 11 дүгээр сард чат бичихдээ зүрхний хагалгаанд орсон, биеийн байдал муу байна гэж бичсэн байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 154-155, 206-208, 2-р хх-ийн 4-6/,

     - Гэрч Э.Эрдэнэбаярын өгсөн: “М.Б. нь одоо БНХАУ-д ажиллаж байгаа. Базараа өөрийгөө Эрээн хотоос 1500 км зайтай газар шон суулгадаг ажил хийж байгаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 159-160, 197-199/,

     - Гэрч Б.Золбаярын өгсөн: “Базараатай уулзаагүй байж байгаад Цагаан сарын өмнөхөн Зээл газар таарсан, худалдааны газар ажиллаж байгаа гэж надад хэлсэн юм. Тэр орой нь бид 2 Эрээнд монгол караокед орж, архи уусан. Бид 2 ярихдаа Зээлийн тэнд пүүз зардаг газар ажиллаж байгаа гэж ярьж байсан. Түүнээс хойш уулзаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 200-201/,

     - Гэрч Д.Нэргүйн өгсөн: “Базараа өрөө төлөх гээд ажил хийж байгаа гэж ярьж байсан. Ямар дугаараас залгаж байсныг санахгүй байна. Тухайн үед өөрийгөө хаана байгаагаа, хаана ажиллаж байгаагаа хэлдэггүй байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 7-10/,

- Гэрч Г.Энхтуяагийн өгсөн: “Базараагийн чат явуулсан хаяг руу нь хаана байгааг нь асууж чат бичсэн чинь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Авга хошуунд мал маллаж байна гэсэн чат бичсэн байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 19-21, 29-30/,

      - Суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /2-р хх-ийн 98-100/,

     - Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /1-р хх-ийн 130/,

     - 27-61 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 131/,

     - Замын цагдаагийн албаны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 14-7а/2409 тоот албан бичиг /1-р хх-ийн 132/,

     - “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 7-463/2243 тоот албан бичиг /1-р хх-ийн 133/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

М.Б. нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасныг зөрчиж, согтуурсан үедээ 2018 оны 06 дугаар сарын 22-ны өглөө 07:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Сансар” худалдааны төвийн хойд замд Хьюндай Соната 6 маркийн 27-16 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, мөн дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Н.Мөнхбаатарын жолоодож явсан Тоёота Приус 20 маркийн 47-70 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Н.Мөнхбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Н.Ариунзулын эрүүл мэндэд хөнгөн, Тоёота Приус 20 маркийн 47-70 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.579.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтуурал шалгасан тэмдэглэл, хохирогч Н.Мөнхбаатарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Н.Ариунзулын мэдүүлэг, гэрч Б.Сайнжаргалын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 9273, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1002, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 8178 тоот дүгнэлтүүд, Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 533 тоот дүгнэлт, М.Б.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Б.ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б.т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогчид учирсан зардлыг түүний дүү Н.Ганбаатар хариуцан төлж байсан тул Н.Ганбаатарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох байсан, Н.Мөнхбаатар, “Худалдаа хөгжлийн банк” ХХК нарын хооронд байгуулсан фидуцийн гэрээ нь Иргэний хуульд нийцээгүй тул хүчин төгөлдөр бус бөгөөд хуульд заасны дагуу гэм хорын хохирлыг хариуцвал зохих этгээд нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК байхад уг банкийг иргэний хариуцагчаар татаагүй зэрэг мөрдөн шалгах ажиллагаануудыг дутуу хийсэн бөгөөд эдгээр ажиллагааг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй...” гэж тайлбарласан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хохирогч Н.Мөнхбаатарт энэ гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хохирогч өөрөө нэхэмжилж байгаа нь хууль зөрчөөгүй бөгөөд гэм хорын хохирлыг хариуцвал зохих этгээдийн өмнөөс үүрэг гүйцэтгэсэн хүнийг шүүх иргэний нэхэмжлэгчээр тогтоож, улмаар хуулиар үүрэг хүлээгээгүй этгээдэд хохирол гаргуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, хохирогч Н.Мөнхбаатар, “Худалдаа хөгжлийн банк” ХХК нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуульд нийцээгүй эсэхийг шүүх тогтоогоогүйн дээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасанчлан тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч бус, харин эзэмшигч гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байх тул гэрээний үндсэн дээр эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар тогтоох үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан бөгөөд эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний үндсэн дээр тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшил, ашиглалтад бус өмчлөлд шилжүүлсэн этгээдийг тээврийн хэрэгсэл ашиглагчийг “өөрөө томилсон” гэж үзэхээргүй байх тул хохирогчийн өмгөөлөгчийн тайлбарыг зөвтгөх боломжгүй юм.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос нийт 8 удаа хагалгаанд орсны зардал нийт 73.282.449 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж, холбогдох нотлох баримтууд буюу 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Жи Шуй Тан” гэмтлийн эмнэлэгт тохойны хагалгаанд орсны зардал нийт 27.204.434 төгрөг, 2018 оны 09 дүгээр сард “Мөнгөн гүүр” эмнэлэгт хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсний зардал 762.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сард Бүгд Найрамдах Солонгос улс, Япон улсад тус тус өвдөгний хагалгаа хийлгэхээр зорчсоны замын зардал 3.996.400 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Мөнгөн гүүр” эмнэлэгт өвдөгний ялтас хадаас авахуулах хагалгаа хийлгэсний зардал нийт 7.047.240 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсад өвдөгний хагалгаа хийлгэхээр явсны зардал нийт 13.016.000 төгрөг (замын зардал 2.300.000 төгрөг, хагалгааны урьдчилгаа 10.716.000 төгрөг), 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Жи Шуй Тан” гэмтлийн эмнэлэгт тохойны ялтас, хадаас, сүмбэ төмөр авахуулах хагалгаа хийлгэсний зардал нийт 8.671.574 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “УНТЭ” 1-р эмнэлэгт өвдөгний үе бүтнээр нь солих хагалгааны зардал 6.800.000 төгрөг, тэргэнцэр түрээсийн зардал 1.920.000 төгрөг, хяналтын зураг авахуулсны зардал 1.448.000 төгрөгийн баримтуудыг хавсаргасан нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан гэж шүүх үзэв. Үүнээс хохирогч 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсад өвдөгний хагалгаа хийлгэхээр явахдаа хагалгааны урьдчилгаа төлбөр 10.716.000 төгрөг төлсөн байх бөгөөд хагалгаа хийгдээгүй буюу зайлшгүй гарах зардал гэж үзэхээргүй байна.

Иймд шүүх шүүгдэгчээс эмчилгээ, түүнд холбогдох бусад зардалд нийт 60.149.648 төгрөг болон Тоёота Приус 20 маркийн 47-70 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 4.579.000 төгрөг, нийт 64.728.648 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч М.Б.т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Б. нь гэмт хэргийн учир 43 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б. овогт М.ын Б.ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Б.ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар М.Б.т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Б.ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар М.Б.ийн цагдан хоригдсон 43 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б.ээс 64.728.648 төгрөгийг гаргуулан хохирогч Тэргүүн овогт Нямдоржийн Мөнхбаатар /РД:ХБ80033012/-т олгосугай.  

           7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б.т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА