Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2018/0673

 

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2018/0673

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоотод байрлах Б ХХК,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: Б ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А-19 дүгээр тушаалаар Б дүүрэг, Б уулын Залаатын аманд 2.1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх авсан. Гэтэл газар ашиглах гэрээнд тусгасан эргэлтийн цэг буюу солбицолын цэгийг гэрчилгээнд дутуу тэмдэглэсэн байсан.

Дээрх алдааг залруулахаар бидний зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд удаа дараа буюу 11 удаа хандсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй, чирэгдүүлсээр өнөөгийн нөхцөл байдал үүслээ.

Учир нь 2017 оны 04 дүгээр сард газар ашиглах гэрээний хугацааг сунгуулах болон солбицлын цэгийн алдааг залруулах хүсэлт гаргасан бөгөөд Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас дэмжсэн санал Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг дахин хийлгэ гэсний дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтийг 2018 оны 01 дүгээр сарын 16-нд гаргаж, нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн. Гэтэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлт гараагүй байхад буюу 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр манай газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.

Б ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалд дурдсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1, 27.1, 36.1, 40.1.2, 40.2, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.6, Монгол Улсын Засгийн газрын 2020 хөтөлбөрийн 4.4.5, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 А-230/127 дугаар тушаалаар баталсан Усны сан бүхий газар усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам-ыг зөрчөөгүй. Зөвхөн газрын солбицлын цэгийн алдааг залруулах хүсэлтийг удаа дараа гаргасан ч шийдвэрлүүлж чадаагүй.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэр нь үндэслэл бүхий хийгээд бодит нөхцөл байдалд нийцсэн байх шаардлагыг хангаагүй. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, хууль зөрчсөн нөхцөл байдал байхгүй байхад газар ашиглах эрхийг дуусгавар болсон байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, А.О нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Усан сан бүхий газрын эргээс 50 м-ээс доошгүй зайд болон гол мөрний тутамд онцгой хамгаалалтын бүс тогтооно, 22.2.1-д Онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс шагшуурга, мод огтлох, элс хайрга чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно, 22.6-д иргэн, аж ахуйн нэгж байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно, 22.3-т Усан сан бүхий эргээс 200 м-ээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 м-ээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно, 22.4-т усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчин болон газрын харилцааны асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн зааг бусад мөрдөх дэглэмийг тогтооно гэж, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх-ийг хориглоно гэж заасан. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар баталсан Усны сан бүхий газар усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам-ын 2.4, 2.8, 3.9, 3.10-т заасан хориглох заалт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 дугаар саналыг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Иймд Б ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар[1] Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12.1, 27.1, 36.1, 40.1.2, 40.2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 тоот саналыг тус тус үндэслэн усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэмийг зөрчиж буй Б ХХК-ийн Б дүүргийн Залаатын аманд байрлалтай , аялал жуулчлалын зориулалтаар олгосон 2,1 га газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ.

Нэхэмжлэгч Б ХХК нь дээрх тушаалыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ ... манай компани холбогдох хуулийг зөрчөөгүй. Маргаан бүхий захиргааны акт үндэслэл бүхий хийгээд бодит нөхцөл байдалд нийцсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй. Захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй. ... тодорхой үндэслэлгүйгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон гэж, хариуцагч нь ... тус компанид Богдхан уулын дархан цаазат газрын хил зааг дотор Залаатын аманд аялал жуулчлалын зориулалтаар олгосон 2,1 га газар нь тусгай хамгаалалтын унаган төрхийг алдагдуулах, уулын тогтоц, энгэр бэлийг нурааж, байгаль орчинд ... хор хохирол учруулах эрсдэлтэй. ... Маргаан бүхий тушаал холбогдох хуульд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт цугларсан маргааны үйл баримтуудаас үзэхэд анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-4391 дүгээр тушаалаар[2] Б ХХК-д Б дүүрэг, Б уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэр Залаатын аманд аялал жуулчлалын зориулалтаар 2,1 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2011/162 дугаар гэрчилгээ[3] олгон, 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр газар ашиглах гэрээ[4] байгуулжээ. Хэргийн оролцогчид энэ асуудлаар маргаагүй байна. Харин хэргийн оролцогч нар газар ашиглах эрхийг дуусгавар болгох хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хууль бус гэж маргажээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д Дархан цаазат газарт газар хагалах, ухах, ... элс хайрга чулуу авах, ... хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөхийг хориглоно гэж, 12 дугаар зүйлийн 5-д энэ хуулийн 7-д зааснаас өөр барилга, байгууламж барихыг хориглоно гэж, 33 дугаар зүйлийн 1-д Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэж тус тус хуульчлан тогтоожээ. Мөн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах ... зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүс тогтооно, 22.3-т Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно гэж, 22.4-т Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно гэж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А-230/127 дугаар тушаалаар баталсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам-ын 2.5-д Энгийн хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно, 2.5.1-д усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд ..., 2.5.2-т улсын болон аймгийн зэрэглэлтэй хот суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 500 метр хүртэлх зайд гэж, 2.8.2-т хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга, байгууламж барьж ашиглахыг хориглоно гэж тус тус журамлан зохицуулжээ.

Дээрх хууль, тогтоомжийн агуулгаас үзэхэд дархан цаазат газарт газар хагалах, ухах зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх, барилга байгууламж барихыг хориглосон, түүнчлэн усны сан бүхий газар, усны энгийн хамгаалалтын бүсэд цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга, байгууламж барьж ашиглахыг тус тус хоригложээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээдийн Залаатын аманд байрлалтай, аялал жуулчлалын зориулалттай 2,1 га газар нь Б уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байх бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээд нь уг газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, маргаан бүхий газарт ямар нэгэн барилга, байгууламж баригдаагүй /хашаатай/ байх хэдий ч нэхэмжлэгч хуулийн этгээдэд ашиглуулахаар олгосон газар нь тусгай хамгаалалттай газрын байгалийн унаган төрхийг алдагдуулан, уулын тогтоц, энгэр бэлийг нурааж, байгаль орчинд хор хохирол учруулах эрсдэлтэй болох нь хариуцагчийн тайлбар, маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн маргаан бүхий газар нь Туул голын эргээс 200 метрээс доошгүй зайд буюу усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд хамаарч байгаа болох нь тогтоогдож байх ба энэ асуудлаар талууд маргахгүй байна.

Нэгэнт хууль тогтоогчид дархан цаазат газарт газар хагалах, ухах зэргээр байгалийн төлөв байдал, унаган төрхийг өөрчилсөн аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглосон байх тул маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосныг шүүх буруутгах буюу маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Тодруулбал маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны А-4391 дүгээр тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3, Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам-ын 2.8.2-т заасантай нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн ... газар ашиглах эрхийг дуусгавар болгох хуульд заасан үндэслэл бүрдээгүй... гэсэн тайлбар үндэслэлгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдэд урдьчилан мэдэгдэх, сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж баримтжуулах үүрэгтэй байна. Хэдийгээр хариуцагч захиргааны байгууллага нь сонсох ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлээгүй байх боловч энэхүү үндэслэл нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах хангалттай үндэслэл болж чадахгүй юм. Учир нь маргаан бүхий захиргааны акт нь дээрх байдлаар хууль зөрчөөгүй, харин ч хуульд нийцээгүй шийдвэрийнхээ үр дагаврыг зассан, энэхүү байдал нь захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн байх зарчимд тохирсон, хууль ёсны захиргааны акт болно.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаал нь холбогдох хуулийн заалтыг зөрчөөгүй, уг маргаан бүхий тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 12 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б ХХК -ийн Байгал орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Ч дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН