Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2018/0670

 

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2018/0670

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б дүүргийн 0 дугаар хороо, 00 тоотод байрлах Т ХХК,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/115 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК-ийн захирал Г.М, өмгөөлөгч Б.Г нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: Т ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газар, З*******гийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 0.5 га газар ашиглах эрхтэй болж, улмаар 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2012/22 тоот газар ашиглах гэрчилгээг 5 жилийн хугацаагаар авч, гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж б*******.

Гэтэл Н.С, А.Н, Н.Г, П.Э, У.А, Б.Б, Д.Б, Н.З нар нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 826 дугаар шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар тушаалын Т ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд шинэ акт гаргалгүй байсаар уг хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс дээрх газарт Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэж, удаа дараа дахин шинэ акт гаргахыг хүссэн боловч шийдвэрлэхгүй хугацаа алдаж, шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй учраас шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны санал, Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт зэргийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/283 дугаар тушаалаар манай газар ашиглах хугацааг 5 жилээр сунгаж, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр газар ашиглах ******* тоот гэрчилгээг олгосон.

Гэтэл шүүхийн шийдвэр биелэгдсэн байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/115 дугаар тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэрийдлээр манай газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ. Энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг ноцтой зөрчиж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан акт биш юм.

Маргаан бүхий актад дурдагдсан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хариуцагчийг манайд газар олгох эсэх асуудлыг шийдэхдээ тус газарт зөвшөөрөлгүй барьсан иргэдийн хашаа, гэрийг албадан нүүлгэх эсэх, Д.Б, Н.С гэх иргэдэд эзэмшил үүссэн байгааг хэрхэх, дээрх газрыг олгосноор бусдад хохирол учруулах эсэх, маргаан бүхий газар бусдын газартай давхацсан эсэхийг тогтоож, давхацсан бол энэ асуудлыг шийдвэрлэсний дараа дахин шинэ акт гаргахыг даалгасан боловч хариуцагч шинэ актыг тогтоосон хугацаанд гаргаагүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Нөгөөтээгүүр хариуцагч нь тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй газар эзэмшиж байгаа иргэдийн асуудлыг шалгаж, газрыг албадан чөлөөлүүлэх, эсхүл Т ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээх өөр арга хэмжээ авах, өөр газарт газар олгох зэрэг ажиллагааг хийх боломжтой байтал энэ үүргээ биелүүлээгүй. Мөн шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох, бодит байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр манай газар ашиглах эрхийг дуусгавар болгосонд гомдолтой байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, Т.Н, А.О нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Х******* дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Дайчдын хөшөөний хажууд оршин суудаг Н.С нарын 8 иргэн нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар тушаалын Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 826 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар тушаалын Т ХХК-д холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, 2 дахь заалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлуудыг шалган тодруулж, шийдвэрлэсний дараа Т ХХК-д газар ашиглах эрх олгох эсэхийг шийдвэрлэсэн шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх, 3 дахь заалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас Т ХХК-д газар ашиглуулах эсэхийг шийдвэрлэсэн актыг шүүхээс тогтоосон зургаан сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар тушаалын Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосонд тооцохоор шийдвэрлэсэн.

Газар ашиглах эрхийн хугацаа сунгасан шийдвэрийг хүчингүй болгох, шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/115 дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 826 дугаар шийдвэр, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШЗ2017/7877 дугаар захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2/6619 дүгээр мэдэгдлийг үндэслэн гарсан. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан юм.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/115 дугаар тушаал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан тул хууль зүйн үндэслэлтэй байх тул Т ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/115 дугаар тушаалаар[1] Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 626 дугаар шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай 128/Ш32017/7877 дугаар захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2/6619 дугаар мэдэгдлийг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А-293 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын З*******гийн аманд аялал, жуулчлалын зориулалтаар 0,5 га газрыг ашиглах эрхтэй болж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/283 дугаар тушаалаар газар ашиглах эрхийн хугацаа нь сунгагдсан ******* регистрийн дугаартай Т ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, тус компанитай байгуулсан гэрээг цуцалжээ.

Нэхэмжлэгч Т ХХК нь дээрх тушаалыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ ... сайд нь шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй, ... удаа дараа шинэ акт гаргахыг хүссэн боловч асуудлыг шийдвэрлэхгүй хугацаа алдаж байгаад манай газар ашиглах эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэрийдлээр ... манай газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газар ашиглах гэрээг цуцалсан нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг ноцтой зөрчсөн гэж, хариуцагч нь ... дээрх тушаалыг шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан. Тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар

зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт

хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт цугларсан маргааны үйл баримтуудаас үзэхэд анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А-293 дугаар тушаалаар[2] Т ХХК-д Х******* дүүрэг, З*******гийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 0,5 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2012/22 дугаар гэрчилгээ[3] олгож, газар ашиглах гэрээ[4] байгуулжээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээдийг эзэмшил газраа ашиглах явцад иргэн Н.С, А.Н, Н.Г, П.Э, У.А, Б.Б, Д.Б, Н.З нар нь Т ХХК-д газрын зөвшөөрөл олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А-293 дугаар тушаалын өөрсдийн газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэл гаргасан, шүүх хэргийг хянан хэлэлцээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 826 дугаар шийдвэрээр[5] зарим иргэдийн эзэмшил газартай давхцалтай гэж үзэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан дахин шинэ акт гаргах хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А-293 дугаар тушаалын Т ХХК-д холбогдох хэсгийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд нөхцөл байдлуудыг шалган тодруулж, шинэ акт гаргаагүй тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А-293 дугаар тушаалын Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцохоор шийдвэрлэжээ. Уг шийдвэрт хэргийн оролцогчид давж заалдах гомдол гаргаагүй байх ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Т ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 05/10 дугаар албан бичгээр ... Богд хан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэр З*******гийн аманд 0,5 га газрыг ашиглах эрх авсан ... газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дууссан тул хуульд заасан нөхцөл, журмын дагуу уг гэрчилгээний хугацааг сунгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байх бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/283 дугаар тушаалаар[6] Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн санал, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг тус тус үндэслэн Богд хан уулын дархан цаазат газрын З*******гийн аманд газар ашиглагч ******* регистрийн дугаартай Т ХХК-ийн 0,5 га газрын эрхийг 5 жилийн хугацаагаар сунгаж, улмаар уг тушаалыг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ олгогдсон зэрэг нь тогтоогджээ.

Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг сунгасны дараа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 128/Ш32017/7877 дугаар захирамж[7] гаргаж, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаа тогтоож, мэдэгдэл[8] хүргүүлсэн, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл[9] хүргүүлсэн, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь маргаан бүхий 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/115 дугаар тушаалаар Т ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацаа сунгасан шийдвэрийг хүчингүй болгосон байх бөгөөд хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан өмнөх алдаатай шийдвэрээ зөвтгөж, дээрх шийдвэрийг гаргасан гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, ... энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж, 33 дугаар зүйлийн 1-д Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэж, 34 дүгээр зүйлийн 1-д ... газар ашиглах гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна гэж, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр хугацаа дуусахаас ... өмнө .. хугацаа сунгуулах хүсэлтээ ... гаргах-аар, 37 дугаар зүйлийн 37.2-т ... эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж, ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана гэж тус тус хуульчлан тогтоожээ.

Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд сунгуулах эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байх, ийм тохиолдолд эрхийн гэрчилгээ ашиглах нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, хангасан тохиолдолд эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаар байна. Гэтэл хариуцагч нь дээр дурдсан шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч Т ХХК-д газар ашиглуулах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А-293 дугаар тушаалын Т ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн, зөвхөн тушаал биш, энэ тушаалыг үндэслэн олгогдсон гэрчилгээ болон гэрээний үйлчлэл мөн адил түдгэлзэх үр дагавартай байхад үүнийг нягтлан үзэхгүйгээр тус компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 34 дүгээр зүйлийн 34.1, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчжээ.

Тодруулбал газар ашиглах эрхийг шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлсэн тохиолдолд уг захиргааны актын эрх зүйн үйлчлэл зогсох бөгөөд тухайн тохиолдолд газар ашиглуулах асуудлыг эхэлж шийдвэрлэхээс бус газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй юм.

Дээрх хэргийн нөхцөл байдлуудаас үзэхэд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт дурдсан асуудлыг хэрхэн шалгаж тодруулсан нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт байхгүй байхад Т ХХК-ийн гаргасан 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлтийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/283 дугаар тушаалаар тус компаний газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасныг шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд захиргааны байгууллагаас шинэ акт гаргасан гэж үзэхгүй. Тодруулбал хариуцагч захиргааны байгууллагаас шүүхийн шийдвэрт заасан нөхцөл байдлуудыг шалгаж тодруулж, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг биелүүлж, шинэ акт гаргаагүй байх бөгөөд үүнийг ч хэргийн оролцогч нар хүлээн зөвшөөрч байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага ... албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй байх тул хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 826 дугаар шийдвэрт заасан ажиллагааг гүйцэтгэж, Т ХХК-д маргаан бүхий газрыг ашиглуулах эсэхийг шийдвэрлэсэн шинэ акт гаргаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.5-д захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол сонсох ажиллагаа хийхгүй байж болох-оор хуульчлан тогтоосон байх бөгөөд энэхүү хуулийн зохицуулалтыг маргааны үйл баримттай холбогдуулан авч үзвэл хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь маргаан бүхий тушаалаар өмнө гаргасан Т  ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан шийдвэрээ алдаатай шийдвэр гэж үзэж, хүчингүй болгосон, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 826 дугаар шийдвэрээр уг компанид газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А-293 дугаар тушаалын холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн, шүүхээс уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж гаргаж, улмаар уг шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн захиргааны акт гаргахын өмнө оролцогчийг сонсох ажиллагаа явуулаагүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/115 дугаар тушаалаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн хугацааг сунгасан шийдвэрээ хүчингүй болгосон /алдаатай тушаалаа зөвтгөсөн/, уг маргаан бүхий тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 34 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/115 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН