Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 53

 

“Т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                            Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                               Л.Атарцэцэг,

                                                            Х.Батсүрэн,

                                                            Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                     П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:        Э.Номин-Эрдэнэ,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/115 дугаар тушаалыг хүчингүй болгуулах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0670 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2019/0010 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г-ийг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0670 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 34 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т т” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/115 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2019/0010 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0670 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Маргаан бүхий актын агуулгаас харахад Байгаль орчин , аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/283 дугаар тушаалыг хүчингүй болгосон асуудал байхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх агуулгатай байхад маргаан бүхий актад хамааралгүй үндэслэлд дүгнэлт хийсэн.

4. Маргаан бүхий актаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх боловч нэгэнт биелэгдсэн, дахин биелүүлэх шаардлагагүй шүүхийн шийдвэрийг захиргааны байгууллага дахин биелүүлэх тухай ойлголт байх боломжгүй. Өөрөөр хэлбэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 826 дугаар шийдвэр нь нэгэнт хүчин төгөлдөр болсон, уг шийдвэрт заасан хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй учир Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар тушаалыг хүчингүй болсон байхад уг шүүхийн шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/115 дугаар тушаалаар дахин биелүүлэх тухай ойлголт байхгүй байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй нь хууль бус гэж үзэж байна.

5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/283 дугаар тушаалаар шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаа өнгөрснөөс хойш нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг сунгаж бие даасан захиргааны акт гарсан бөгөөд уг актыг гарахад нэхэмжлэгч болон иргэдийн газрын давхцал арилсан, нэхэмжлэгчид газар ашиглуулахад саад болох нөхцөл байгаагүй бөгөөд нэгэнт захиргааны байгууллагаас бие даасан захиргааны акт гаргаж газар ашиглуулсан, гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан учир энэхүү газар ашиглах эрх нь зөвхөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар дуусгавар болох ёстой.

6. Нөгөөтэйгүүр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 826 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газрын хувьд зөвхөн нэхэмжлэгч нэр бүхий 3 иргэний газартай давхцалтай хэсгийн хувьд нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж үзсэн байхад захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг бүхэлд нь дуусгавар болгосон хууль болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт нийцээгүй шийдвэр болсон.

7. Мөн анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий актаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж байгаа боловч энэ биелүүлэх шаардлагагүй шүүхийн шийдвэрийн хувьд хамаарахгүй газар ашиглах эрхийг дуусгавар болгож байгаа агуулгатай учир сонсох ажиллагаа явуулах ёстой байсан гэж үзэж байна.

8. Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхүүд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 34 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсгүүдийг буруу хэрэглэсэн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

10. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/115 дугаар тушаалаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн хугацааг сунгасан 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/283 дугаар тушаалыг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна. Нэхэмжлэгчээс уг тушаалыг эс зөвшөөрч, “шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэрийдлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгож, эрх зөрчсөн, захиргаа шинэ актыг гаргахгүй удсан нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй, өөр газар олгох боломжтой байтал энэ үүргээ хэрэгжүүлээгүй” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

11. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 826 дугаар шийдвэрээр Н.С нарын 8 иргэний нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж, 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар тушаалын “Т т” ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлж, хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулж, шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрт “...2011 оны А/293 дугаар тушаал гарахаас өмнө /одоогийн нэхэмжлэгчид газар ашиглуулах тухай тушаал/ дүүргийн Засаг даргын 2008 оны захирамжаар Д.Б, Н.С нарт маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн, Н.З-ын газартай зарим хэсгээр давхцалтай, ...маргаан бүхий газар нь байгалийн жалга буюу үерийн далан бүхий газар болох нь тогтоогдсон” зэргээр дүгнэсэн, энэхүү үйл баримттай холбогдуулан хэргийн оролцогчид маргаагүй, давж заалдах гомдол гаргаагүй, дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.  

12. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар ашиглах эрх дуусгавар болно” гэж, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэгт “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон бол газар эзэмших эрх дуусгавар болно” гэж тус тус заажээ. Дээр дурдснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн газар ашиглах эрх хүчингүй болсон байхад нэхэмжлэгчээс 2017 оны 05 дугаар сарын 29-нд газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлт гаргаж, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/283 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан нь захиргааны алдаатай шийдвэр болсон, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

13. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь газрын тухай хууль болон газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй, энэ дагуу “хүчингүй болсон эрхийн хугацааг сунгасан” алдаатай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн маргаан бүхий акт нь хууль зөрчөөгүй, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа тогтоогдохгүй байна.

14. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тодорхой зориулалт болзолтойгоор, байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах стандартын шаардлагыг хангасан эсэхийг харгалзаж, гэрээний үндсэн дээр газар ашиглах эрх үүсэх ба энэ тохиолдолд нэхэмжлэгчийн ашиглах газар нь бусдын эзэмшил газартай давхцалтай, газрын тогтоц нь байгалийн жалга бүхий үерийн даланд оршиж байгаа тул захиргааны байгууллагад “нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээхийг үүрэг болгох” хууль зүйн үндэслэлгүй юм.

15. Хариуцагчаас “газрыг ашиглах боломжгүй буюу голын голдрилд байгаа” гэж тайлбарласан, энэхүү үйл баримттай холбогдуулсан өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гомдол гаргаагүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргээгдэх нь тодорхойгүй, захиргааны байгууллагыг “хэргийн нөхцөл байдлыг тодруулаагүй, дахин шинэ акт гаргаагүй” гэж буруутгах боломжгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “захиргааны байгууллага шинэ актыг гаргахгүй удсан” тухай гомдол үндэслэлгүй.

16. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0670 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2019/0010 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                               М.БАТСУУРЬ 

        ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ