Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 212/МА2018/00102

 

А.Н-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч  С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2018/00524 дүгээр  шийдвэртэй, А.Н-ы нэхэмжлэлтэй, “С” ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч А.Н,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, А.Серикжан, С.Нургайып, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Бахытбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “С” ХХК-ийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 29 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан “С” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай.

 

Нэхэмжлэлд: “А.Н би анх 2007 оны 7 дугаар сарын 04-ний өдөр тус "С" ХХК-ын Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдсон. Түүнээс хойш 11 дэх жилдээ үүрэгт ажлаа нэр төртэй гүйцэтгэж, алдаа дутагдалгүй, санхүү тооцооны зөрчилгүй авч явж, мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж байна. Гэтэл "С" ХХК-ны захирал 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" 29 тоот тушаал гаргаж, А.Н намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 6.9, 6.9.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.2.5-ийн 3, 15 дугаар заалтуудыг зөрчсөн хэмээн үзэж, Ерөнхий нягтлангийн албан тушаалаас "сахилгын шийтгэл" оногдуулах хэлбэрээр ажлаас чөлөөлснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, шүүхэд гомдол гаргаж байна.

Нэг: Зөрчлийн үйлдэл, холбогдлыг эс зөвшөөрөх талаар:

1. Ажил олгогч "С" ХХК-ны захирал 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" 29 тоот тушаал гаргаж, Ерөнхий нягтлан бодогч ажилтай А.Н намайг "Сахилгын шийтгэл ногдуулах" хэлбэрээр ажлаас чөлөөлөхдөө "Ажлын цагт ажилдаа согтуу ирсэн, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зэрэг Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан" гэдгийг зөвшөөрөх боломжгүй байна.Тухайлбал: А.Н миний бие тухайн өдөр ажилдаа эрүүл ирсэн бөгөөд үдээс хойш гадуур ажилтай явж байхад байгууллагын хамт олны төлөөллөөс хүмүүс утсаар холбогдож, намайг ажилд хүрээд ир, таны төрсөн өдөрт зориулж, байгууллагын зааланд хүлээн авалт зохион байгуулж байгаа гэж "урин дуудсан"-аар намайг 17 цаг өнгөрч байхад өөрийн машинтай байгууллагад иртэл хурлын зааланд хүлээн авалт зохион байгуулж, идээ будаа бэлтгэж, таваг зассан, архи дарс бэлтгэсэн байсан. Уг хүлээн авалтыг "С" ХХК-ны захирал Ж.А өөрөө нээж үг хэлж, А.Н надад төрсөн өдрийн мэнд дэвшүүлж, хундага тулгаснаар тэнд цугларсан бүх хүмүүс "хатуу идээ"-ний дээжийг хүртэж, бүгд архи, дарс хэрэглэсэн. Байдал ийм байхад А.Н миний төрсөн өдрийг хамт олны санаачилгаар байгууллагад тэмдэглэж, надад болон хамт олноор согтууруулах ундаа хэрэглэж, захирал өөрөө хамт согтууруулах ундаа уусан атлаа ганц надад "Сахилгын шийтгэл оногдуулж" байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна.

2. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ерөнхий нягтлан бодогч А.Н надад удирдлагаас ямар үүрэг даалгаврыг хэдийд өгсөн, би уг үүрэг даалгаврыг хэдийд биелүүлээгүй болохыг нотлох баримттай тогтоож, А.Н би үүрэг даалгавар биелүүлээгүйгээс ямар хор уршиг учирсан, Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл бий эсэх, сахилгын арга хэмжээ авах хуулийн хугацааг магадалж, зөрчлийг А.Н надад танилцуулаагүй, надаас тайлбар аваагүй зэрэг "зөрчлийг заавал тогтоосон байх" шаардлагыг хангаагүй байж "Сахилгын шийтгэл ногдуулсан явдалд гомдолтой байна.

Хоёр: Ажил олгогч "Сахилгын шийтгэл" ногдуулахад хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх талаар:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд "Сахилгын шийтгэлийн төрөл, түүнийг оногдуулах журмыг хуульчлан тогтоосон байдал. "С" ХХК-ийн захирал 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 29 дүгээр тушаалаар А.Н намайг "Ажилдаа согтуу ирсэн, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, үүрэг даалгавар биелүүлээгүй "ноцтой зөрчил гаргасан" гэж ажлаас "сахилгын шийтгэлийн" журмаар ажлаас чөлөөлж байх тул Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн холбогдох хэсгийг баримталж, түүнийг шийдвэрт тусгах ёстой байсан. Үүнийг "хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй" гэж үзэж байна.

2. Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.9.4, Хөдөлмөрийн гэрээний 4.2.5-ийн 3-д заасан "ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн" гэвэл хамт олноор уг зөрчлийг гаргасан, түүнд захирал өөрөө биеэр оролцож, согтууруулах ундааны зүйлийг өөрөө бас хэрэглэсэн тул шийтгэлийг адил тэгш, алагчлалгүй оногдуулах ёстой. Хамт олон зохион байгуулж, хүлээн авалт хийсэн учраас А.Н надад буруу байхгүй.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар "С" ХХК-ийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" 29 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан "С" ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эргүүлэн тогтоож, нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэгч А.Н-ы тус компанид холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

1. 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Захирлын зөвлөлийн хурлаар санхүү мөнгийг хариуцаж ажилладаг учраас Ерөнхий санхүүч А.Н-ыг “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй “С” ХХК-нд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэж, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх, шүүх хуралдаанд оролцох, нэхэмжлэгч талтай эвлэрэх талаар санаачилга гаргаж ажиллахыг түүнд даалгаж итгэмжлэл олгосон. Миний бие А.Н-ыг шүүх хуралдаанд оролцсон гэж бодон явж байсан ба 2018 оны 3 дугаар сарын эхээр эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад 3 дугаар сарын 17 өдөр албан ажлаар Улаанбаатар хотод явж 3 дугаар сарын 26-ны өдөр ажилд ирэх үед тэрээр итгэмжлэл өгсөөр байхад шүүх хуралдаанд байгууллагын эрх ашгийг хамгаалж оролцоогүй, нотлох баримт гаргаж өгөөгүй болохыг Захирлын зөвлөлийн хурлын явцад олж мэдэж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болохыг, зохих хариуцлагыг тооцох болно гэдийг мэдэгдсэн. Энэ талаар тухайн өдрийн Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлд дэлгэрэнгүй тусгагдсан болно.

2. 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 16 цаг 20 минут орчимд хүүхдээ цэцэрлэгээс авч байхад бичиг хэргийн эрхлэгч С.А утсаар холбогдож "байгууллагад хүрээд ирээч" гэхээр нь хүүхдийн хамт ажилдаа 16 цаг 40 минутын орчимд ирэхэд сургалтын зааланд Ерөнхий санхүүч А.Н болон хэдэн ажилтан байсан. А.Н халамцуу байсан бөгөөд "дарга миний төрсөн өдөр болж байна" гэхээр нь баяр хүргээд сууж байтал гаднаас бичиг хэргийн эрхлэгч С.А, дотоод аудитор Ай, компанийн ажилчид орж ирсэн. Тэд "өнөөдөр А.Н-ы төрсөн өдөр болж байгаа тул эмэгтэйчүүд зохион байгуулж төрсөн өдрийн бэлэг гардуулах гэсэн юм, бэлгийг захирал та гардуулж өгнө үү" хэмээн чихэр, жимсээ задалж, ундаа, цэвэр усаа аягалж улмаар би А.Н-д бэлгийг нь гардуулан өгсөн. Гүйцэтгэх захирлын хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ бичсэнчлэн А.Н-ы төрсөн өдрийг тэмдэглэх тухай хэн нэгэнд үүрэг, чиглэл өгөөгүй бөгөөд байгууллагын эмэгтэйчүүд зохион байгуулсныг би өөрөө орж ирсний дараа мэдсэн. Би тухайн үед "А.Н-д байгууллагын удирдах ажилтан байж ажлын цагт архи ууж болж байгаа юу," хэмээн хэлснээс болж А.Н надтай маргалдаж элдэв үгээр дайрч доромжилж эхлэхээр нь "чамтай маргааш эрүүл үед чинь ярина" гээд явах гэж байтал гаднаас ажилтан А.Ж орж ирж А.Н-ы бэлэг хэмээн авчирсан "Архи" нэртэй шил архийг задалж эхэлсэн. Би байгууллагын удирдлагын хувьд ажлын байранд архи уухыг хатуу хориглосоор ирсэн бөгөөд тухайн үед А.Ж-т "ажлын байранд архи ууж болохгүй, над архиа боль, та нар ажлын байранд байна. Ээлжид гарч байгаа ажилчид байгаа. Ажлын байранд архи ууж болохгүй, хэрэв энэ архийг уувал маргааш хариуцлага тооцох болно. Одоо тар. А.Н чи боль, ажлын байранд ажлын цагт согтуу ирчхээд архи авахуулдаг, чамтай маргааш ярина" хэмээн архи ууж болохгүйг анхааруулан аягалсан ундаагаа уугаад хүүхдээ дагуулан гарч явсан. А.Н гар утсаараа авсан гэх зурагт байгаа задалсан байдалтай байгаа архи нь түүний А.Ж-ээр авахуулсан архи юм. Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй гэдгийг байгууллагын ажилчид А.Н өөрөө сайн мэддэг атлаа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа намайг архи уусан мэтээр худлаа гүтгэж бичсэнд харамсаж байна. Маргааш нь буюу 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ажилдаа ирээд намайг явсны дараа архи уусан болохыг сонсоод хэн, хэн архи уусныг тодруулах зорилгоор камерын бичлэгийг ухрааж үзэх явцад А.Н нь согтуу явж чадахгүй байдалтай, байгууллагын ажилтан М, А, Ж нар хоёр гараас нь өргөж сургалтын танхимаас гаргаж машинд нь суулгасан бичлэг байсан ба түүнээс өөр ажилчид архи уусныг тогтоох боломжгүй байсан тул А.Н-ыг дуудаж Захирлын зөвлөлийн хурал хийсэн. Захирлын зөвлөлийн хурлын явцад А.Н ажлын цагт ажилдаа согтуу ирснээ, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэснээ мөн болсон явдлыг санахгүй байгаагаа хэлж надаас уучлал гуйж дахин архи уухгүй гэдгээ хэлсэн. Энэ талаар тухайн өдрийн тэмдэглэлд дэлгэрэнгүй тусгагдсан болно. Ажилтан ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулах үед хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах ёстой бөгөөд 2017 онд А.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.5-д ноцтой зөрчлийн талаар зааж талууд гарын үсэг зурсан. Компанийн гүйцэтгэх захирлын өгсөн даалгаврыг А.Н биелүүлээгүй шүүх хуралдаанд оролцоогүй, ажлын байранд согтуу ирсэн, ажлын байранд архи уусан нь хөдөлмөрийн гэрээний 4.2.5-ын 15-д заасан "удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй" , 4.2.5-ын 3-т заасан "ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ажлын байранд согтуугаар ирсэн" зөрчил тул Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцээд ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан" гэх үндэслэлээр захирлын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлсөн. А.Н нь ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч нэхэмжлэлдээ бичсэн нь түүний зөрчил гаргасныг нотолж байна. Мөн А.Н-ыг он удаан жил ажилласан байдлыг харгалзан компанийн тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд томилсон боловч 1 хоног ажиллаад ажилд ирээгүй болно. Иймд ажилтан А.Н-ыг хууль бусаар ажлаас чөлөөлөөгүй түүний гаргасан зөрчлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

           

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2018/00524 дүгээр шийдвэрээр:   

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан А.Н-ы Баян-Өлгий аймгийн “С” ХХК-ийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан С ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгах шийдвэр гаргаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж шийдвэрлэжээ.  

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2018/00524 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Хариуцагчаас нэхэмжлэгч А.Н-ыг ажлаас халах болсон үндэслэлээ: (1) удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй; (2) ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн; (3) ажлын байранд согтуугаар ирсэн; гэж тайлбарладаг. Шүүхээс нэхэмжлэгч А.Н-ыг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн эсхүл биелүүлээгүй эсэх тухай маргаанд зөв дүгнэлт хийсэн байх тул энэ талаар маргаан байхгүй болно. Харин шүүх нэхэмжлэгч А.Н-ыг ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, мөн ажлын байранд согтуугаар ирсэн эсэхэд дүгнэлт хийхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлаагүй, хэт нэг талын барьсан,  чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу ажлаас чөлөөлөх болсон үндэслэлтэй тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай боловч маргаан бүхий тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлд нийцээгүй байсан. Үйлчлүүлэгч А.Н нь ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, ажлын байранд согтуугаар ирсэн гэх үндэслэлийг буюу зөрчлийг авч хэлэлцсэн хурлын тэмдэглэл зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг хариуцагч талаас гаргаж өгсөн боловч тушаалын үндэслэл нь хариуцагчийн тайлбар, шүүхэд мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлгээр бүрэн нотлогдоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг 40.1.4-т “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан бөгөөд ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь тогтоогдоогүй.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлаар ажилтан А.Н-ы талаар авч хэлэлцсэнийг тэмдэглэлд тусгасан байх ба тухайн өдрийн хуралд ажилтан А.Н-ыг оролцуулаагүй, хурал болох талаар мэдэгдээгүй, зөрчил гаргагчийн тайлбарыг аваагүй, тухайн хуралд оролцсон хүмүүс тэмдэглэлд гарын үсэг зураагүй байна. Нэхэмжлэгч талаас энэхүү хурлын тэмдэглэл гэх баримтыг эргэлзээтэй хэмээн үзэж няцаалт өгч маргаж байгаа. Өөрөөр хэлбэл, хурал болоогүй атлаа хариуцагчаас шүүхийн шатанд энэхүү баримтыг нөхөж бүрдүүлсэн байж болзошгүй байна. Тухайлбал, хэрэгт хоёр төрлийн хурлын тэмдэглэл авагдсан байх ба хоёуланд нь хариуцагч талаас гаргаж өгсөн байдаг. Анх гаргаж өгсөн хурлын тэмдэглэлд хуралд оролцсон хүмүүсийн гарын үсгүүд байхгүй байсан.

Ийм эргэлзээтэй нотлох баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосноор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн явдал болсон. Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Бахытбекийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо маш их зөрүүтэй байсан, Тодруулбал 1 гэрч хэлэхдээ ширээн дээр архи байсан гэж мэдүүлсэн бол нөгөө 1 гэрч нь архи огт байгаагүй, мөнгө хүрэлцээгүй гэж мэдүүлсэн байдаг. Мөн хариуцагч талаас ажилтан А.Н-ы согтуу байсныг тогтоосон нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй, энэ үндэслэл нь бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул гэрч нарын мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болох ёсгүй. Дүгнэж хэлэхэд, ажил олгогчоос ажилтанд аливаа хариуцлага хүлээлгэж байгаа бол ажилтны гаргасан гэх зөрчлийг тухайн үед заавал шалган тогтоож баримтжуулсан байх ёстой. Гэвч энэ тохиолдолд хариуцагч “С” ХХК-ийн захирал нь гомдол гаргагч А.Н-ы гаргасан гэх зөрчлийг шүүхийн шатанд тогтоохыг хичээсэн явдал болсон. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж болгож өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Нэг: Нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй талаар:

1. Хөдөлмөрийн гэрээний 4.2.5-ын 3 дугаарт заасан “ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ажлын байранд согтуу ирсэн” гэдгийг зөрчсөн гэж дүгнэсэн байна. Гэтэл 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр А.Н нь ажил үүргээ гүйцэтгэж яваад, 17 цагийн орчим байгууллагын захиргааны туслах ажилтнууд дуудахаар байгууллагад ирсэн ба энэ үед хурлын зааланд ширээ засаж, миний төрсөн өдрийг тэмдэглэхээр ажилчид зохион байгуулсан байсан. Зассан ширээнд урьдчилан бэлтгэж тавьсан “Архи” нэртэй нэг шил архи байсныг “С” ХХК-ны захирал Ж.А задалж, хундагалж үйл ажиллагаанд оролцсон хүмүүст хувааж өгсөн. Архи хундагалж, нээлтийн ажиллагаа хийж, ерөөлийн үг айлтгасан хүн бол дарга Ж.А байсан. Дарга Ж.А-ийн өмнө ширээнд “Архи” нэртэй нэг шил архи байсан нь нотлох баримтаар өгсөн зургаар илэрхий нотлогдоно. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ “А.Н архи авахуулсан, төрсөн өдөр тэмдэглэхэд өөр архи дарс байхгүй” мэтээр нотлох баримтыг буруу үнэлсэн.

2. А.Н миний бие тухайн өдөр байгууллагад ажлын бус цагаар ирсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг, мөн захирал Ж.А нь цэцэрлэг 17 цагт тарсны дараа хүүхдээ дагуулж ирсэн үйл явдлаар батлагдаж байгааг шүүх анхаарч үзээгүй байна.

3. Хөдөлмөрийн гэрээний  4 дүгээр зүйлийн 4.2.5 дугаар заалтын 3 дахь хэсэгт “ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ажлын байранд согтуу ирсэн” бол “ноцтой зөрчилд” тооцохоор тусгасан. Гэтэл 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 17 цагийн орчим А.Н миний бие байгууллагын ажилчид хурдан ир гэж дуудахаар ирсэн ба тэд миний төрсөн өдрийг тэмдэглэх зорилгоор дуудаж, найрын ширээ зассан байсан. Тийм учраас миний бие “ажлын байранд ажлын бус цагаар архи хэрэглэсэн” гэх Хөдөлмөрийн гэрээний 4.2.5 дугаар заалтын 3 дахь хэсгийг зөрчөөгүй болно. Учир нь “С" ХХК-ны ерөнхий нягтлан бодогч А.Н миний Хөдөлмөрийн гэрээнд заасан “Ажлын байр” бол ерөнхий нягтлан бодогчийн ажил үүргийг гүйцэтгэхэд зориулж олгосон “Ерөнхий нягтлан” гэсэн хаягтай албан тасалгаа болно. Тухайн өдөр болон тухайн өдрийн 17 цагаас хойш албан тасалгаанд архи дарс хэрэглээгүй тул зөрчил гаргаагүй болно.

4. Анхан шатны шүүхээс А.Н нь архи дарс хэрэглэсэн нь хурлын тэмдэглэлээр батлагдана, өөрөө зөвшөөрсөн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир нь хурлын тэмдэглэлийг зохиож бичсэн надад танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй болно. Хурлын тэмдэглэлд миний амнаас гараагүй үгийг тусгаж, зохиомол хэлбэртэй болгож гаргасан байна.

5. А.Н миний бие тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу байсан бол зохих журмын дагуу эрх бүхий байгууллагаар “согтуугийн хэмжээг албан ёсоор тогтоох” ёстой байсан. Зарим гэрчүүдийн “архи үнэртэж байсан” гэх мэдүүлэг нотлох баримт биш. Хүн бүрийн үнэртэх эрхтэн нь албан ёсны лаборатори буюу согтуурал тогтоох багаж биш. Эдгээр гэрчүүд нь хариуцагч Ж.А-ийн зохиомол, даалгавар өгсөн гэрчүүд болно.

6. Анхан шатны шүүх хэт нэг талыг баримталж нэхэмжлэлийн шаардлагаас хазайж, асуудлыг шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Учир нь А.Н миний бие “Хөдөлмөрийн сахилгын зөрчил” гаргасан бол ажил олгогч “зөрчил тус бүрийг” өөрөө нотлон тогтоож хариуцлага тооцох учиртай. А.Н намайг архи уусан эсэхийг гэрч асуух хэлбэрээр шүүх тогтоож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх зөрчсөн явдал болно.

7. Эцэст хэлэхэд шүүх “Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг шалган тогтоох чиг үүрэг хүлээхгүй. Харин сахилгын зөрчилд шийтгэл оногдуулах үндэслэлийг хянаж, гаргасан зөрчлийг тогтоосон эсэх шийтгэлийг зөв оногдуулсан эсэхийг шийдвэрлэх юм.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2018/00524 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан тус компанийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 29 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгох тухай гомдол гаргажээ.

 

            Ажил олгогч “С” ХХК-ийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 29 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 6.9, 6.9.4, Хөдөлмөрийн гэрээний 4.2.5 дахь заалтын 3, 15, захирлын зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн “ажлын цагт согтууруулах ундааны зүйл хэрэглэж ажилдаа согтуу ирсэн, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй ” зэрэг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул тус компанийн ерөнхий санхүүч А.Н-ыг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

            Ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл тогтоогдсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд судлан үзэхэд, ажилтан болон ажил олгогчийн хооронд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.2.5.-д талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ноцтой зөрчлийн төрлүүдийг тогтоож, харилцан тохиролцсон бөгөөд уг заалтын 3-т “ажилтан ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, ажлын байранд согтуугаар ирсэн, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тусгажээ.

 

            “С” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан А.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр “ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, ажлын байранд согтуугаар ирсэн” хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, гэрэл зураг, “С” ХХК-ийн захирлын зөвлөлийн гишүүдийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн тэмдэглэл, гэрч С.А, Ш.Е, А.Ж, Б.Ай, А.М, Д.Н, Р.Р нарын мэдүүлгээр тогтоогдсон тул ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад нийцсэн байна. Харин хэрэгт цугларсан нотлох баримтаар А.Н нь “С” ХХК-ийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 29 дүгээр тушаалын үндэслэлд дурдсан “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй” гэх зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

            Иймд ажилтан ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн нь тогтоогдоогүй тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, А.Н-ы өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2018/00524 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                              

С.ӨМИРБЕК