Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2019/00217

 

А.Ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2018/00524 дүгээр шийдвэр,

         Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 212/МА2018/00102 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: А.Н

          Хариуцагч: “С..” ХХК-д холбогдох

         Ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай иргэний хэргийг

         Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

      Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: “С..” ХХК-ийн захирал 2018-4-11-ний өдөр “Ажлаас чөлөөлөх тухай” 29 тоот тушаал гаргаж, намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, дотоод журмын 6.9, 6.9.4, хөдөлмөрийн гэрээний 4.2.5-ийн 3, 15-г зөрчсөн гэж  ерөнхий нягтлангийн ажлаас “сахилгын шийтгэл” оногдуулах хэлбэрээр чөлөөлсөн. Үүнийг зөвшөөрөхгүй байна. Намайг ажлаас чөлөөлөхдөө “Ажлын цагт ажилдаа согтуу ирсэн, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зэрэг ноцтой зөрчил гаргасан” гэснийг зөвшөөрөхгүй. Би тухайн өдөр ажилдаа эрүүл ирсэн бөгөөд үдээс хойш гадуур ажилтай явж байхад байгууллагын хамт олны төлөөллөөс хүмүүс утсаар холбогдож, намайг ажилд хүрээд ир, таны төрсөн өдөрт зориулж, байгууллагын зааланд хүлээн авалт зохион байгуулж байгаа гэж урин дуудсанаар 17 цаг өнгөрч би өөрийн машинтай байгууллага дээр ирсэн. Ирэхэд хурлын зааланд хүлээн авалт зохион байгуулж, идээ будаа бэлтгэж, таваг зассан, архи дарс бэлтгэсэн байсан. Уг хүлээн авалтыг “С..” ХХК-ийн захирал өөрөө нээж үг хэлж, А.Н надад төрсөн өдрийн мэнд дэвшүүлж, хундага тулгаснаар тэнд цугларсан бүх хүн архи, дарс хэрэглэсэн. Миний төрсөн өдрийг хамт олны санаачилгаар байгууллага дээр тэмдэглэж, согтууруулах ундаа хэрэглэж, захирал өөрөө хамт согтууруулах ундаа уусан атлаа ганц надад "Сахилгын шийтгэл оногдуулж" байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ерөнхий нягтлан бодогч надад удирдлагаас ямар үүрэг даалгаврыг хэдийд өгсөн, би уг үүрэг даалгаврыг хэдийд биелүүлээгүй гэдгийг тогтоогоогүй. Би үүрэг даалгавар биелүүлээгүйгээс ямар хор уршиг учирсан, Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэх, сахилгын арга хэмжээ авах хуулийн хугацааг магадлаагүй. Зөрчлийн талаар надад танилцуулаагүй, тайлбар аваагүй байж шийтгэл ногдуулсанд гомдолтой байна.Ажил олгогч шийтгэл ногдуулахдаа хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131-т сахилгын шийтгэлийн төрөл, түүнийг оногдуулах журмыг хуульчилсан. Ажилдаа согтуу ирсэн, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, үүрэг даалгавар биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас сахилгын шийтгэлийн журмаар чөлөөлөхдөө Хөдөлмөрийн хуулийн 131-н холбогдох хэсгийг баримтлах ёстой байсан. Үүнийг "хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй" гэж үзэж байна. Хөдөлмөрийн дотоод журмын 6.9.4, Хөдөлмөрийн гэрээний 4.2.5-ийн 3-д заасан "ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн" гэвэл хамт олноор уг зөрчлийг гаргасан, түүнд захирал өөрөө биеэр оролцож, согтууруулах ундааны зүйлийг өөрөө бас хэрэглэсэн тул шийтгэлийг адил тэгш, алагчлалгүй оногдуулах ёстой. Хамт олон зохион байгуулж, хүлээн авалт хийсэн учраас  надад буруу байхгүй. Иймд 2018-4-11-ний өдрийн 29 тоот тушаалыг хүчингүй болгож,  ерөнхий нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоож, нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил буюу ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэх, удирдлагаас буюу гүйцэтгэх захирлаас өгсөн даалгаврыг цаг хугацаанд биелүүлээгүй зэрэг зөрчил гаргасан тул ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, дотоод журмын  заалт, хөдөлмөрийн гэрээг үндэслэж захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн хөдөлмөрийн гэрээг цуцалж ерөнхий санхүүчийн ажлаас чөлөөлсөн. А.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан" гэсэн үндэслэлээр цуцалсан бөгөөд мөн хуулийн 40.1.4-т заасан “хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогч болон ажилтан нарын харилцан хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан хөдөлмөрийн гэрээнд зааж өгсөн байхыг шаарддаг.  А.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж чухам ямар зөрчлийг ойлгох талаар дэлгэрэнгүй тусгасан байна. Үүнд: ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед буюу ажилдаа согтуу ирэх, удирдлагаас тухайлан өгсөн даалгаврыг биелүүлэхгүй байх зэрэг зөрчлүүдийг ноцтой зөрчилд хамруулахаар заасан байна. Компанийн Хөдөлмөрийн дотоод журам нь компанийн ажилчдын дагаж биелүүлэх хэм хэмжээг тогтоосон эрх зүйн акт бөгөөд ажилчин хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон хэм хэмжээг даган баримталж хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх ёстой. Энэхүү үүргээ зөрчсөн бол ямар албан тушаал эрхэлж байгаагаас үл хамааран хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг. Нэгэнт хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан учраас ажил олгогчид хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд ажилтантай байгуулсан гэрээг цуцалсныг буруутгах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч тодорхой тайлбарласныг дурдах нь зүйтэй байна” гэжээ.

    Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2018/00524 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан А.Ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. 

    Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 212/МА2018/00102 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2018/00524 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

   Нэхэмжлэгч тал хяналтын гомдолдоо: Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй. Намайг ажлын байранд согтуу ирсэн, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч энэ талаар нотлох баримтыг хариуцагч гаргаж өгч чадаагүй байхад шүүх ноцтой зөрчил гаргасан гэж үзсэнд гомдолтой байна. Тухайлбал, хөдөлмөрийн сахилгын зөрчилд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх дэс дараалал, цаг хугацааны хувьд сахилгын шийтгэл хүлээлгэхээс өмнө зөрчлийг тогтоосон байх ёстой. Хариуцагч нь намайг шүүхэд хандсаны дараа тогтоохоор оролдож, хуурамч нотлох баримтуудыг нөхөж бүрдүүлж эхэлсэн. Жишээлбэл, шүүхээс миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гол үндэслэл болгосон нотлох баримт болох даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж гаргаж өгсөн. Миний бие тухайн хуралд оролцоогүй, тухайн нөхөж үйлдсэн хуралдааны тэмдэглэлд урьд өмнө нь танилцаж байгаагүй баримт байсан ба хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн үед л мэдсэн. Хэрэв хуралд намайг оролцсон гэж үзвэл, хуралдааны тэмдэглэлийг хуралдаанд оролцсон хүмүүст танилцуулан, тэмдэглэлд засвар оруулах эрхээ эдлүүлсний дараа гарын үсгээ зуруулж баталгаажуулах ёстой байсан. Би тухайн хуралдаанд огт оролцоогүй учраас миний гарын үсгийг зурж баталгаажуулаагүй болно. Тэгээд ч хариуцагчийн зүгээс хуурамч бичиг баримт үйлдэж, тухайн хурлын тэмдэглэлийг шүүхэд анх гаргаж өгөхдөө тэмдэггүй, даргын гарын үсэггүй гаргаж өгч байсан. Дараа нь тэмдэг дарж гарын үсэг зурж дахиж гаргаж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас нэг нотлох баримтыг хоёр удаа гаргаж өгсөн ба 2 өөр байдлаар гаргаж өгч байгаа нь тухайн хурлын тэмдэглэлийн нөхөж хийсэн болохыг нотолж байгаа хэрэг юм. Хэрэв тухайн тэмдэглэлд би өөрөө гарын үсэг зурчхаад тухайн хуралдаанд оролцоогүй гэж байгаа бол өөр хэрэг байсан. А.Н намайг огт оролцоогүй хуралд оролцсон мэтээр хуурамч тэмдэглэлийг нөхөж үйлдсэнийг би яасан ч зөвшөөрөх боломжгүй. Хувь хүний гарын үсэг бол тухайн хүний хэн болохоо харуулах, тухайн хүний баталгаа билээ. Намайг оролцоогүй хуралдаанд намайг оролцсон мэтээр бичиг үйлдчихээд өөр хүнээр баталгаажуулж байгаа явдал нь хүний эрхийг ноцтой зөрчсөн зүйл. Дарга өөрөө оролцсоныг нотлон гарын үсэг зурж, тамгаа дарж баталгаажуулах байх. Тэмдэглэл хөтөлсөн хүн өөрийгөө төлөөлөн гарын үсгээ зурах байх. Харин намайг оролцсон оролцоогүйг зөвхөн би батлан гарын үсэг зурах ёстой байсан. Хариуцагчийн өмгөөлөгчийн ярьж байгаачлан хэрэв хурлын тэмдэглэлийг хуурамч гэдгийг хуралд оролцсон хүмүүсийг гэрчээр асууж тогтоолгоогүй яасан юм бэ гэж байгаа нь ч бодит байдалд нийцэхгүй. Надтай хамт ажилладаг бүх хүн хариуцагчаас цалин авч байгаа учир тэднийг Ж.Адалбек нь айлган сүрдүүлэн шүүхэд худал гэрчийн мэдүүлэг өгүүлсэн. Хуралд оролцсон хүмүүсийг гэрчээр асуулгаад ч нэмэргүй байсан. Яагаад гэвэл шүүхээс гэрчээр дуудвал хариуцагч тэдэнд нөлөөлж эхлэх нь тодорхой бөгөөд тэдгээр хүмүүс нь шүүхэд гэрчээр оролцсон ч гэсэн үнэнийг хэлж чаддаггүй нөхцөл байдалд байсан. Шүүх нотлох баримтыг нөхцөл байдлаас хамааран үнэлэх ёстой атлаа, механикаар үнэлэлт хийж байгаа нь харамсалтай юм аа. Ж.Адалбек нь ажилтнуудыг албаны өрөөндөө оруулж аваад шүүхэд гэрчийн мэдүүлгийг ингэж өгөөрэй, тэгж өгөөрэй гэж тушаан-захиран өгүүлсэн байдаг. Гэрч нарыг асуух үед өөдөөс нь эгц хараад суучхаад байсан тул гэрч нар үнэн байдлыг илчилж чадаагүй. Үүний талаар би “хариуцагч гэрч нарт нөлөөлж байна, таслан зогсоож, хуульд зааснаар арга хэмжээ авахуулах” тухай хүсэлтийг нотлох баримттайгаа хамт гаргасан боловч шүүгч хүсэлтийг хангаагүй. /Хүсэлтийг өмгөөлөгч С.Нургайыпаар дамжуулан гаргасан ба нотлох баримт болгож гэрч А.Жанибекд дарга Ж.Адалбек нөлөөлж утсаар ярьсан яриаг нотлох баримтаар СD хуурцагт бичиж хавсаргасан. Нэгэнт гэрч нарын хараат бус байдалд шүүгч анхаараагүй, хууль бус аргаар нөлөөлж байсныг мэдсээр байж өмгөөлөгчөөр минь дамжуулан гаргасан хүсэлтийг хангахгүй орхисон учраас гэрч нар үнэн зөвөөр мэдүүлэг өгч чадаагүй. Тэгээд ч гэрч нарын мэдүүлэг маш их зөрүүтэй байсан бөгөөд гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж нь тодорхойгүй байсан. Өөрөөр хэлбэл, гэрч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүйгээс гадна хөндлөнгийн бусад байдлаар гэрч нарын мэдүүлэг тогтоогдохгүй байсан юм. Гэтэл шүүх тухайн эргэлзээтэй гэрчийн мэдүүлгийг үндэслэн миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Миний төрсөн өдрийн баярыг тохиолдуулан хүлээн авалт зохион байгуулсан дарга Ж.Адалбек болон хамт олныг хүндэтгэж, надад даргын хундагалан өгсөн архийг сэржим өргөн духандаа түрхээд амссан төдий дүр үзүүлээд буцаагаад өөрт нь өгч байсан юм. Яагаад гэвэл би тухайн өдөр жолоо барьж байсан ба архи ууж болохгүй байсан. Нэгэнт миний төрсөн өдөр гэж цугларч байсан хүмүүсийн бэлгийг нь авчхаад зугтах биш гэж бодоод хамт сууж байгаад 19 цагийн үед тарцгаасан юм. Хамт олны намайг хүндэтгэн хүлээж авч байгаа байдалд нь баярласан ба тэдний авч тавьсан ARKHI нэртэй 0,5 литрийн архи нь дууссаны дараа зарим нэгэн хүмүүсийн шаардсанаар байцаагч А.Жанибект мөнгө өгч Е\/ОК нэртэй хар шилтэй архи авахуулж өгч байсан юм. Гэхдээ би өөрөө тэр архинаас амсаагүй байхад хамт олон маань Ж.Адалбек даргын сүрдүүлснээс болж намайг архи ууж байх шиг харагдсан гэж худал мэдүүлэг өгсөн юм. Гэхдээ тэдний энэхүү мэдүүлэг нь хөндлөнгийн бусад байдлаар тогтоогдоогүй юм. Хариуцагчийн зүгээс энэ талаар тайлбарлахдаа ажлын байрт архийг зөвхөн намайг авахуулж зөрчил гаргасан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Энэ талаар гэрч нар мөн худал мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг илт зөрж мэдүүлэг өгсөн юм. Өөрөөр хэлбэл, гэрч А.Жанибекийн мэдүүлгээр намайг Е\/ОК нэртэй хар шилтэй архи авахуулсан талаар тодорхой хэлж өгч байсан. Хэрэгт авагдсан хүлээн авалтын зураг дээр ARKHI нэртэй архи байсан нь тодорхой харагдаж байгаа. Энэхүү хэрэгт авагдсан зураг бүхий нотлох баримтын талаар хариуцагч тал маргаагүй. Эдгээр нотлох баримтуудаас 2 шил архи байсан нь тогтоогдож байгаа. Гэтэл Ж.Адалбекийн хуурамч гэрч нар энэ талаар ч гэсэн худал мэдүүлээд, ганцхан шил архи байсан гэж худлаа мэдүүлдэг. Энэхүү архитай холбоотой мэдүүлгээс л гэрч нар бүх зүйлийг зохион байгуулалттай худал мэдүүлсэн болох нь тодорхой харагдаж байгаа юм. Хариуцагчийн зүгээс тухайн өдрийн ажлын байранд миний төрсөн өдрийг тэмдэглэх ажиллагааг хүлээн зөвшөөрөөгүй, зохион байгуулаагүй мэтээр ярьж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэсэн юм. Тухайлбал, тухайн өдрийн ажиллагаанд дарга Ж.Адалбек өөрөө мөнгө төгрөг цуглуулан хүлээн авалтын ажиллагааг зохион байгуулсан талаар нотлох баримт байгаа. Мөнгө цуглуулсан тухай баримтад зурагдсан гарын үсэг Ж.Адалбекийн гарын үсэг болох нь тогтоогдсон. Ажил олгогч ажилтан хоёрын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар архи уух, зохион байгуулахыг хориглосон заалт байгаа ба уг заалт ажилтан болон ажил олгогчийн аль алинд нь хамааралтай заалт юм. Хөдөлмөрийн гэрээний энэхүү заалтыг ажил олгогч Ж.Адалбек зөрчиж архи уухыг зохион байгуулан, цаашлаад өөрөө ч гэсэн ажилтнуудтай хамт ууж байсан. Гэхдээ би тэдний дунд хамт байсан болохоос архи уугаагүй байсны төлөө ялгаварлан гадуурхагдаж ажлаас халагдаж байгаа явдалд харамсаж байна. Хариуцагчаас анх шүүхэд өгсөн хариу тайлбар дээр намайг архи ууж, хяналтын камерт бичигдсэн гэж тайлбарлан хүсэлт гаргуулан үзлэг хийлгүүлсэн. Гэтэл үзлэгээр миний архи ууж байсныг нотлон тогтоосон бичлэг байсангүй ба хариуцагчийн зүгээс шүүхэд тухайн өдрийг бичлэгийг гаргаж өгөөгүй. Угаасаа би архи уугаагүй байсан тул өөрсдийнхөө гүтгэлэг нь ил гарахаас болгоомжлоод гаргаж өгөөгүй юм.Хэрэв намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэж байгаа бол хариуцагч тухайн үед эрх бүхий байгууллагаар шалгуулах бүрэн боломжтой байсан. Тэгээд ч өнөөгийн шинжлэх ухаан хөгжсөн нийгэмд гадны хүний үзэмжээр хүний согтуурлын байдлыг тогтоох нь зүйд нийцэхгүй бөгөөд ийм ч учраас согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зориулалтын багажаар хууль журмын дагуу шалган тогтоох ёстой болохоос эрхшээлдээ байгаа хэдэн хүний гэрчийн мэдүүлэг болон хуурамч хурлын тэмдэглэлээр тогтоодоггүй. Миний бие тухайн өдөр үдээс хойш 13 цагаас эхлэн 16 цаг 20 минут хүртэл хөдөлгөөнгүй ажил хийж сууж байгаад, 16 цаг 20 минутад ажил хэргийн шугамаар Нийгмийн даатгалын хэлтэст очсон. Өөрөөр хэлбэл манай байгууллагын дансыг нийгмийн даатгалаас өртэй гэж хаасан асуудлаар эрх бүхий албан тушаалтантай уулзаж байгаад ажлын цаг дуусах хүртэл ажилдаа очоогүй байсан юм. Гэтэл ажил олгогчоос намайг ажлын завсраар гарч архи уугаад ирсэн гэж ажлаас халж шийтгэсэн. Энэ талаар гэрч Б.Аймгүл, А.Еркегүл, Р.Роза нарт худал гэрчийн мэдүүлэг өгүүлсэн юм. Бодит байдалд ажил таарах гэж байхад буюу 16 цаг 45 минутад манай байгууллагын ажилтан А.Еркегүл утасаар залгаж таны төрсөн өдрийг хамт олноороо тэмдэглэх гэж байгаа хурдан хүрээд ир гэхэд би түүнд ажил тарахаас өмнө амжуулах ажилтай байгаагаа хэлж, ажлаа дуусгахаар нь яваад очно гэж хэлж байсан. Тэгээд 16 цаг 55 минутад байгууллагын ажилтан Б.Аймгүл залгаж таныг хүлээгээд байгаа хурдан ир гэж хэлэхэд би удахгүй очно гэж хэлж утсаа тасалсан байсан. Дараа нь 17 цаг 08 минут өнгөрч байхад байгууллагын ажилтан Р.Роза залгаж, ирж байгаа юу гэж асуухаар нь очиж байгаагаа хэлж утсаа тасалж байсан юм. Өөрөөр хэлбэл, ажлын цаг таарахаасаа өмнө би ажилдаа очоогүй байсан. 17 цаг 10 минутын орчимд ажилдаа очсон ба ямар нэгэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Яагаад гэхлээр ажлын цагаар архи ууна гэдэг нь байж боломжгүй бөгөөд надад ажлын цагаар архи ууж ирсэн гэж арга хэмжээ авсан нь ямар ч үндэслэлгүй байсан. Иймээс миний бие нотлох баримт цуглуулахын тулд өмгөөлөгч С.Нургайыпаар дамжуулан “Мобиком” ХХК-ийн салбар төлөөллийн газраас миний утсанд 2018-04-09-ний өдөр 16-19 цагийн хооронд орж, гарсан дуудлагуудын дэлгэрэнгүй хуулгыг гаргуулж өгөхийг хүсэж хүсэлт гаргаж байсан. Үүнийг анхан шатны шүүх ханган шийдвэрлэж захирамж гаргасан боловч энэхүү нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, захирамжийг биелүүлэхгүйгээр шүүх хурлыг хийсэн явдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн явдал юм. Мобикомоос гар утасны орсон гарсан дуудлагын хуулгыг авах нь цуглуулж боломжгүй нотлох баримт биш юм. Миний утсанд ирсэн дуудлага гаргахгүй ч гэсэн саяны хүсэлтэд дурдагдсан дугааруудын гарсан дуудлагыг шүүхээс авах боломжтой байсан. Энэ талаар өмгөөлөгч С.Нургайып дахин тодруулан хүсэлт гаргасан боловч шүүгч ямар ч үндэслэлгүйгээр хангаагүй. Энэ нотлох баримт хэргийг хянан шийдвэрлэхэд онцын ач холбогдолтой байсан. Шүүгч нэгэнт захирамжаараа нотлох баримтыг авахаар шийдвэрлэсэн бол тухайн нотлох баримтыг заавал авах ёстой. Гэтэл анхан шатны шүүх нь зөвхөн нэг талын эрх ашгийн үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, А.Н миний нотлох баримт цуглуулах эрхийг маань ноцтой зөрчсөн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

      А.Н 2018-04-17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж,”С..” ХХК-ийн захирлын 2018-4-11-ний өдрийн 29 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ерөнхий санхүүчийн ажилд эргүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахыг шаардсан /хх1/ байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн. /хх29, 96-97/

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      Баян-Өлгий аймгийн “С..” ХХК-ийн захирал 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 29 дугаартай тушаал /хх 5/ гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, дотоод журмын 6.9, 6.9.4, хөдөлмөрийн гэрээний 4.2.5-ын 3,15, захирлын зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн “...ажлын цагт согтууруулах ундааны зүйл хэрэглэж ажилдаа согтуу ирсэн, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зэрэг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан...” гэж А.Ныг  ерөнхий санхүүчийн ажлаас чөлөөлсөн байна.

     Хэрэгт авагдсан баримтаар А.Н нь хөдөлмөрийн гэрээний /хх 6-9/ үндсэн дээр “С..” ХХК-д ажил үүрэг гүйцэтгэж байсан, уг гэрээ хүчин төгөлдөр болох нь тогтоогдож байх тул хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

      Ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар тухайлан заахаас гадна ажилтны гаргасан зөрчил нотлогдсон байхыг шаардана.   

      Талуудын хооронд 2016-10-10-ны өдөр байгуулагдсан /хх 65-68/ хөдөлмөрийн гэрээний  4.2.5 дахь хэсгийн 3-т “...ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэх...” тохиолдлыг ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон байна.  

     А.Н 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажлын байранд согтуу ирсэн нь “С..” ХХК-ийн захирлын зөвлөлийн 2018-04-10-ны өдрийн хурлын тэмдэглэл /хх 48-50,102-104/, гэрч С.Астана, Ш.Еркин, Б.Аймгүл, А.Маншук нарын мэдүүлгээр тогтоогджээ. 

     Нэхэмжлэгч нь хариуцагчийн татгалзлыг баримтаар үгүйсгэж чадаагүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй буюу шүүх ийнхүү дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 43 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй байна. 

         Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2018/00524 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 212/МА2018/00102 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.АЛТАНЧИМЭГ

                                 ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ