Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 212/МА2018/00103

 

Б.Х-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч  Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2018/00480 дугаар шийдвэртэй, Б.Х-ын нэхэмжлэлтэй, М.К-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Захиалгаар оёулсан эсгий гэрийн угалз хээний тоноглолын үнэ 300000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Б.Х би нэг сургуульд хамт ажилладаг М.К нь “Улаанхус суманд хүүхдэд тусгай гэр барьж өгнө” гэж дахин дахин гуйгаад байхаар нь 3 жилийн өмнө Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, өөрийн танил болох хувцасны наймаа хийдэг Н-ээс 300000 төгрөгийн бараа худалдан авч өгсөн. Гэтэл М.К нь уг барааны үнийг өнөөдөр хүртэл өгөхгүй хохироож байна. Өнгөрсөн хугацаанд М.К-ыг уг барааны үнийг өгөхийг удаа дараа гуйж шаардаж байсан боловч өнөө маргааш өгнө, одоогоор бололцоогүй байна гээд өгөөгүй. Иймд М.К-аас 300000 төгрөг гаргуулан Б.Х-т олгож өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 3 жилийн өмнө худалдаа наймаа хийдэг Н-гээс 300000 төгрөгийн бараа авч надад өгсөн гэжээ. Би Н гэгчээс болон Б.Х-аас ямар нэгэн бараа авч байгаагүй. Хэрвээ надад 3 жилийн өмнө бараа өгч байсан бол өнөөдрийг хүртэл яагаад төлбөрөө аваагүй юм бэ. Б.Х бусдаас зээлээр бараа авчхаад надад тохож байгаа юм шиг байна. Намайг барааны үнийг өгөх бололцоогүй байна гэж хэлсэн талаар бичсэн байна. Би түүнээс юу ч аваагүй, ямар ч өглөггүй атлаа юу гэж тийм зүйл бичих билээ. Б.Х нь намайг үндэслэлгүй гүтгэж байна. Б.Х нь манай сургуульд хөдөлмөр, технологийн багшаар ажилладаг ба багш нарын дунд хагарал үүсгэж, байнга хэл ам гаргаж явдаг багш юм. Нам засаг солигдсоны дараа шинээр сургуулийн захирал ч гэсэн солигдсон байсан. Энэ хооронд Б.Х нь бидний үзэл бодлоор нь ялган гадуурхаж, шинээр ирсэн захиралтай хов жив зөөж, биднийг хавчин гадуурхдаг болсон. Өмнөх захирал Г нь шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн тогтоогдсоны дараа Б.Х нь надад өшөөрхөж, шүүхэд ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Учир нь бид өмнөх захирлыг үзэл бодлоор нь дэмждэг байсан. Түүнээс биш Б.Х-тай ямар нэгэн тооцоо, өглөг байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

           

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2018/00480 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч М.К-аас оёулсан эсгий гэрийн тоноглолын үнэ 300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 130\ШШ2018\00480 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Б.Х миний нэхэмжлэлтэй М.К-д холбогдох даалгавар гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийг буруу хэрэглэн, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Б.Х би иргэн М.К-ын амаар өгсөн хүсэлт, даалгаврын дагуу 2014 оны хавар Өлгий сумын “А” захад оёдолчин хийдэг К.Н-д казах гэрийн хээ, угалз, тоноглол буюу гоёлын хэрэгсэл оёулахаар захиалга өгч хийлгэсэн билээ. Гэтэл хариуцагч М.К үүргийн гүйцэтгэлийг хангаагүй буюу одоо хүртэл оёулсан эд барааны үнийг төлөөгүй учраас аргагүйн эрхэнд би К.Н-д барааны үнийг төлсөн. Хариуцагч М.К нь надад даалгавар өгч эсгий гэрийн гоёлын эд зүйл оёулсан боловч уг барааны үнийг төлөөгүй болох нь гэрч К.Н, К.Е, Ч.Л, Б.Б, М.А нарын мэдүүлэг, нэхэмжлэгч миний нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбаруудаар нотлогдож байгаа. Гэтэл анхан шатны шүүх иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дугаар зүйлд “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг зөрчин хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 130\ШШ2018\000480 тоот шийдвэрийг хүчингүйд тооцон Б.Х миний нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай харилцаанд Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээний үндэслэлийг зохицуулсан заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болж байгаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, нотлох үүрэгтэй ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагч М.К нь нэхэмжлэгч Б.Х-т захиалгаар эсгий гэрийн тоноглол оёулсан үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, зохигчдын хороонд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан  нь тогтоогдохгүй тул  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

К.Н-гийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолт, К.Е, М.А, Ч.Л, Б.Б, К.Н нарын гэрчийн мэдүүлэг нь эргэлзээтэй, хоорондоо зөрүүтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шүүхээс үнэлэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9650 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн 130/ШШ2018/00480 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9650 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

       ШҮҮГЧИД                                                        Д.МӨНХӨӨ

 

                                                                                                        Д.КӨБЕШ