Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2018/00480

 

Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын  дугаар багт оршин суух, И овогт Б-ы Хийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын  дугаар багт оршин суух, Ш  овогт М-н Кад  холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Х, түүний өмгөөлөгч Я.С, хариуцагч М.К, гэрч К.Е, М.А, Я.Л, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Захиалгаар оёулсан эсгий гэрийн угалз хээгийн тоноглолын үнэ 300.000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б аймгийн Ө сумын 3 дугаар ахлах сургуульд багшийн ажилтай Б.Х би нэг сургуульд хамт ажилладаг М.К нь Улаанхус суманд хүүхдэд тусгай гэр барьж өгнө гэж хэлж дахин дахин гуйж байхаар 3 жилийн өмнө Ө сумын 6 дугаар багт оршин суудаг, өөрийн танил болох хувцас худалддаг наймаа хийдэг Нгээс 300000 төгрөгийн бараа худалдан авч өгсөн юм. Гэтэл М.К нь өөрийн хүүхдэд гэр барих үед авсан барааны үнийг өнөөдөр хүртэл өгөхгүй хохироож байгаа юм. Өнгөрсөн хугацаанд М.Каас уг барааны үнийг өгөхийг удаа дараа гуйж шаардаж байсан боловч өнөө маргааш өгнө, одоогоор бололцоогүй байна гэж хэлж байсан. Иймд М.Каас 300000 төгрөг гаргуулан Б.Хт олгож өгөх талаар шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К.Е, М.К хоёр надад эсгий гэрийн хээтэй тоноглол оёулж авъя гэж надад ирсэн. Тэгэхээр нь би К.Еийн тоноглолыг би оёж өгье, Нд чи М.Кын зүйлийг оёж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр нийлээд 2014 оны 6 дугаар сард К.Е, М.К нарын даалгавраар тэдэнд казах гэрийн хээтэй тоноглол оёж өгсөн. К.Еийн эд зүйлийг би өөрөө хийж өгсөн ба М.Кын эд зүйлийг Н оёж өгсөн. Харин М.К нь одоохондоо мөнгө байхгүй би амралтын мөнгөнөөс өгнө гэж хэлсэн тул уг мөнгийг Нд би төлсөн. М.К надад гэрийн тоноглол хийлгээгүй бол, мөн хийлгэсэн эд зүйлийн үнийг төлж өгсөн бол би шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагагүй байсан. 2014 оны 6 дугаар сард оёулж өгсөн ба мөнгийг өгнө, өгнө гэж явж байгаад саяхан би мөнгийг өгөхгүй та хандах газарт хандаарай гэсэн учраас би шүүхэд хандсан байгаа. Би 3 дугаар сургуульд ажиллаж байгаа ахмад багш нарын нэгэн юм. М.К нь ерөөсөө хийж өгсөн эд зүйлийн мөнгийг өгөхгүй, асуухад ямар нэгэн хариу өгөөгүй учраас нэхэмжлэл гаргасан. Иймд М.Каас захиалгаар оёулсан эсгий гэрийн угалз хээгийн тоноглолын үнэ 300.000 төгрөг гаргуулж хохиролгүй болгож өгөхийг хүсье гэв.

Хариуцагч М.К шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч анх шүүхэд надаас бараа нэхэмжилсэн агуулгатай нэхэмжлэл гаргасан байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 3 жилийн өмнө худалдаа наймаа хийдэг Нгээс 300000 төгрөгийн бараа авч надад өгсөн гэжээ. Би Н гэгчээс болон Б.Хаас ямар нэгэн бараа авч байгаагүй. Хэрвээ надад 3 жилийн өмнө бараа өгч байсан бол өнөөдрийг хүртэл яагаад төлбөрөө аваагүй юм бэ. Би ерөөсөө Б.Хаас ямар нэгэн бараа, эд зүйл авч байгаагүй юм. Энэхүү маргааны ард улс төр явж байгаа гэдгийг хэлмээр байна. Би Б.Хд ямар нэгэн эд зүйл хийлгээгүй, Н гэдэг хүнийг гэрчээр асуулгахад, тэр хүн энэ талаар мэдэхгүй, нэг удаа орж ирж байсан гэсэн зүйл ярьсан байгаа. Тэгэхээр аваагүй хүнийг авсан гэж шүүхэд өгсөн явдалд би өөрөө гайхаж байна. Б.Х бусдаас зээлээр бараа авчхаад надад тохож байгаа юм шиг байна. Намайг барааны үнийг өгөх бололцоогүй байна гэж хэлсэн гэж бичсэн байна. Би түүнээс юу ч аваагүй, ямар ч өглөггүй мөртлөө ялаа гэж тийм зүйл бичих билээ. Б.Х нь намайг үндэслэлгүй гүтгэж байна.

Б.Х нь манай сургуульд хөдөлмөр, технологийн багшаар ажилладаг ба багш нарын дунд хагарал үүсгэж, байнга хэл ам гаргаж явдаг багш юм. Нам засаг солигдсоны дараа шинээр сургуулийн захирал ч гэсэн солигдсон байсан. Энэ хооронд Б.Х нь бидний үзэл бодлоор нь ялган гадуурхаж, шинээр ирсэн захиралтай хов жив зөөж, биднийг хавчин гадуурхдаг болсон. Өмнөх захирал Гүлжазира нь шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн тогтоогдсоны дараа Б.Х нь надад өшөөрхөж, шүүхэд ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Учир нь бид өмнөх захирлыг үзэл бодлоор нь дэмждэг байсан. Түүнээс биш Б.Хтай ямар нэгэн тооцоо, өглөг байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Х анх шүүхэд М.Кад холбогдуулан барааны үнэ 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад хариуцагч М.Каас түүний захиалгын дагуу 2014 оны 06 дугаар сард өөр хүнээр оёулж үнийг төлсөн эсгий гэрийн угалз хээгийн тоноглолын үнэ 300.000 төгрөг гаргуулахыг хүссэнийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Хаас нэхэмжлэлийн шаардлагаа миний бие Ө сумын Ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн технологийн багшаар ажилладаг, манай сургуулийн багш К.Е, М.К нарын захиалгаар эсгий гэрийн угалз хээгийн тоноглолыг оёж өгөхөөр болсон боловч өөрөө амжихгүй К.Е багшийн эсгий гэрийн угалз хээгийн тоноглолыг оёоод харин М.Канидидатын эсгий гэрийн угалз хээгийн тоноглолыг өөр хүн буюу К.Н гэх хүнээр оёулж, түүний мөнгийг М.Кын ээлжийн амралтын мөнгөнөөс авчихна гэж өөрийнхөө халааснаас К.Нд төлсөн эсгий гэрийн угалз хээгийн тоноглолын мөнгө болох 300000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулагдаагүй ч гэсэн амаар байгуулагдсан байна гэж шүүх үзлээ.

Гэтэл хариуцагч М.Каас нэхэмжлэгч Б.Хт эсгий гэрийн угалз хээгийн тоноглолыг оёулах тухай захиалга өгсөн эсэх болон уг оёулсан гэх эсгий гэрийн угалз хээгийн тоноглолыг нэхэмжлэгчээс хариуцагчид хүлээлгэж өгсөн эсэхийг нэхэмжлэгчээс бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдаанд К.Еийн гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: ... Миний бие тус сургуульд хүмүүжлийн эрхлэгчээр ажиллаж байхдаа М.К бид хоёр нэг өрөөнд суудаг байсан. 2015 оны үед байх М.К нь манай дүү гэрлэх гэж байгаа, монгол бэр буулгана, тийм учраас эсгий гэрээ засах гэж байна гэсэн. Тухайн үед М.К бид хоёр захын хажууд байдаг оёдлын газар очоод эсгий гэрийн тоноглол оёулсан. 250,000-300,000 төгрөгөөр хийлгэдэг байсан ба би хоёр хувааж төлсөн. Б.Х багш заримдаа орж ирж би Д.Каас мөнгө авч чадахгүй байна гэж хэлдэг байсан. Би Б.Хаар оёулсан, М.К хажууд нь байсан К.Н гэдэг хүнээр оёулсан байгаа. Тэгээд бид нар гэрийн тоноглолын өнгийг сонгож өгч байсан гэж мэдүүлдэг боловч К.Нгийн шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ Д.Кыг хараагүй, танихгүй гэх мэдүүлгээр хороондоо зөрүүтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр К.Нгийн тус шүүхэд гэрчээр өгсөн мүдүүлэгтээ: ... М.Кыг танихгүй, Б.Хаас 3-4 жилийн өмнө нь эсгий гэрийн угалз, хээнүүдийг хийлгэсэн. Тэрээр М.К гэдэг хүн хийлгэж байгаа гэж хэлсэн. Тооцоог М.К хийнэ гэж хэлсэн. Тэрээр эсгий гэрийн тоноглол 4 төрлийн хээ угалзтай зүйл хийлгэсэн. Тооцоог М.К амралтын мөнгөнөөс өгнө гэж хэлэхэд би М.Кыг танихгүй би тэр болтол хүлээж чадахгүй гэж хэлсэн. Би юм оёж тэрийгээ зардаг. Б.Х надад М.К гэдэг хүний юм гэж авчирж өгсөн. Материалыг надаас авсан, 300000 төгрөгийг Б.Хаас авсан гэж мэдүүлж байгаа боловч түүний бичиж өгсөн гэх 2018.05.25-ны өдрийн тодорхойлолтод: .... Хийн хувийн гуйлтаар түүнтэй нэг байгууллагад хамт ажилладаг М.Кад 300.000 төгрөгийн бараа авч өгсөн юм. Тухайн үед уг барааны үнийг Х болохоор М.К төлнө гэж хэлж байсан юм. Сүүлд М.К төлөхгүй болохоор багш Б.Х төлсөн болохыг тодорхойлсон байх ба түүний гэрчийн мэдүүлэг болон тодорхойлолт хоёр хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байх тул гэрч К.Нгийн мэдүүлэг болон шүүх хуралдаанд гэрчээр оролцсон М.А, Ч.Л, Б.Б нар Б.Х нь Ө сумын 3 дугаар бүрэн дунд сургуульд технологийн багш, багш нарын эсгийн гэрийн хээ, угалз тоноглол гэх мэт зүйл захиалгаар оёдог талаар гэрчилж байгаа болохоос биш талуудын хоорондын маргааны талаар мэдэхгүй байгаа тул гэрч нарын мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

Талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх тус тус үүрэгтэйг танилцуулж, тайлбарлаж өгсөн боловч нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй бөгөөд гэрч нарын мэдүүлэг нь зөрүүтэй, маргааны эх сурвалжаа зааж чадаагүй , эргэлзээтэй байх тул гэрч нарын мэдүүлгийг үндэслэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн талуудын хооронд 2014 оны 06 дугаар сарын үед эсгий гэрийн хээ, угалз тоноглолыг захиалгаар хийлгэх тухай ажил гүйцэтгэх гэрээ амаар байгуулагдсан ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан уг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гарах хөөн хэлэлцэх гурван жил байна гэсэн хөөн хэлэлцэх хугацаг өнгөрүүлсэн байна гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч М.Каас оёулсан эсгий гэрийн тоноглолын үнэ 300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  А.ЖАРХЫНГҮЛ