Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 212/МА2018/00104

 

С.Е-ны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч  Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2018/00497 дугаар шийдвэртэй, С.Е-ны нэхэмжлэлтэй, Цагдаагийн газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч С.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Шинжээчийн шинжилгээний зардал, ажлын хөлс 1461000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Намайг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолоор тус цагдаагийн газарт шалгагдаж буй эрүүгийн 201404000000 дугаар бүхий хэргийн холбогдогч Х.Б-ын өвлийн сууцанд үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр томилсон тул би зохих журмын дагуу 2 удаа дүгнэлт гаргасан. Эхний дүгнэлт гаргахад 640000 төгрөг, дараагийн дүгнэлт гаргахад 821000 төгрөгийн шинжээчийн хөлс гарсан. Энэхүү шинжээчийн хөлс тооцсон аргачлал гарсан хөлсний мэдээллийг шинжээчийн дүгнэлтийн хамт цагдаагийн байгууллагад хүргэсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан. Энэхүү зардлыг төлж өгөхийг Цагдаагийн байгууллагаас удаа дараа шаардсан боловч бид хариуцахгүй буруутай этгээд хариуцах ёстой гэх тайлбар өгсөн. Гэтэл уг эрүүгийн хэрэг шүүхэд шилжин Х.Б-ыг гэм буруутайд тооцсон боловч шинжилгээний зардлыг гаргуулаагүй болно. Миний шинжилгээний зардлыг анх намайг шинжээчээр томилсон байгууллага хариуцан төлж өгөх үүрэгтэй бөгөөд надад өгсөн энэхүү зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж авах эсэх нь тухайн байгууллагын эрхийн асуудал юм. Иймд Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас миний шинжээчийн дүгнэлт гаргасан зардал буюу зураг төслийн үнэ 14610000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарт: “Барилгын мэргэшсэн төсөвчин С.Е-ын гаргасан Шинжилгээний үнэлгээний зардал болох 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг Цагдаагийн газраас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгааг доорх үндэслэлээр тайлбарлая. Үүнд:

1. Үнэлгээч шинжээчийг томилохыг манай Цагдаагийн газрын алба болон мөрдөгч нараас дур мэдэн санаачилж байгаагүй.

2. Иргэний нэхэмжлэгч байсан Х.Ба гэгч нь 2016 оны 3 дугаар сарын 27-ны мэдүүлэхдээ “Яллагдагч Х.Б-ын эзэмшилд байгаа уг байшинд төсвийн маргаантай асуудал гарсан тул дахин үнэлгээг гаргаж өгнө үү.” гэж хүссэн байсан. Цагдаагийн мөрдөгч А.А нь энэ хүсэлтийг үндэслэл болгон /үнэлгээчин, төсөвчин/ шинжээч томилсон байна.

3. Монгол Улсын Иргэний хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль болон бусад хуулиудад Шинжилгээ хийлгүүлэхийг хүссэн тал нь шинжилгээний зардлыг төлөх үүрэг хүлээдэг. Харин буруутай этгээд нь төлбөрийг нөгөө талд нөхөн төлөх ёстой тухай заасан заалт зэргийг үндэслэн энэ тайлбарыг гаргаж байгаа болно.” гэжээ.

           

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2018/00497 дугаар шийдвэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1,4-ийг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас “Шинжээчийн шинжилгээний зардал, ажлын хөлс 1461000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч С.Е-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2018/00497 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх С.Е миний нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох шинжээчийн хөлстэй холбоотой талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуулийг буруу хэрэглэн, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

1. Шинжээч С.Е би Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар бүхий тогтоолоор тус цагдаагийн газарт шалгагдаж буй эрүүгийн 201404000156 дугаартай хэрэгт холбогдон шалгагдаж байсан Х.Б-ын өвлийн сууцны үнэлгээ тогтоолгохоор үүрэг даалгавар хүлээн авч 2 ч удаа үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтийн өртөг нь нийт 1461000 төгрөг байсан. Энэхүү шинжээчийн дүгнэлтийг С.Е би хуулийн эрх бүхий байгууллагын шаардсанаар тэдний албан ёсны шийдвэр ёсоор гаргасан тул шинжээч С.Е надад учирсан 1461000 төгрөгийг шинжилгээ хийлгэсэн байгууллага хариуцах ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тус аймгийн Цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Т.Еркетай, мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад А.Алданыш нарын үйлдсэн шинжилгээ хийх тухай тогтоолоор Х.Берикболын өвлийн сууцны үнэлгээг мэргэшсэн төсөвчин С.Е би гаргасан гэдэг нь нотлогдсон болно. Би дур мэдэн шинжээчийн дүгнэлт гаргаагүй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-т “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараах зардлаас бүрдэнэ”, 1.1-т “...шинжээч, мэргэжилтэн ...төлөх зардал" гэж заасан тул уг шинжээчийн шинжилгээний зардал, ажлын хөлс нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4-т “Эрүүгийн хэргийг энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон, шүүгдэгчийг цагаатгасан, эсхүл ял шийтгүүлсэн хүн, хуулийн этгээд төлбөрийн чадваргүй болох нь тогтоогдсон бол түүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас чөлөөлж, зардлыг төр хариуцна” гэж заасан байна. Шүүгдэгч Х.Бериколд холбогдох эрүүгийн 201404000156 дугаартай хэргийг Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэн 06 дугаар магадлалаар шүүгдэгч Х.Берикболыг цагаатгасан. Одоо давж заалдах заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. Нэхэмжлэгч С.Е би Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар нь улсын төсвөөр санхүүждэг төсөвт байгууллага тул уг байгууллагыг төр гэж ойлгож байгаа. Иймд нэхэмжлэгч С.Е би шинжээчийн дүгнэлт гаргасны хөлс 1461000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хуулийг буруу хэрэглэн иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүйгээс болж С.Е миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон асуудалд гомдолтой байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2018/000497 тоот шийдвэрийг хүчингүйд тооцон С.Е миний нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

Нэхэмжлэгч С.Е нь Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт холбогдуулан шинжээчийн ажлын хөлс 1461000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараах зардлаас бүрдэнэ”, 1.1-д “...шинжээч, мэргэжилтэн...төлөх зардал” гэж заасан байх тул нэхэмжлэгч С.Е-ын нэхэмжилж буй шинжээчийн ажлын хөлс 1461000 төгрөг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.5-д “шинжилгээний байгууллагаас гадуур шинжээчээр томилогдсон тохиолдолд шинжилгээний зардал, ажлын хөлсийг гаргуулан авах” эрхтэй тул С.Е нь шинжилгээний хөлсийг шаардах эрхтэй.

Гэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болж байгаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, нотлох үүрэгтэй ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.Е нь эрүүгийн 201404000000 дугаартай хэрэгт шинжээчээр ажиллаж 2 удаа дүгнэлт гаргахад эхний дүгнэлт 640000 төгрөг, дараагийн дүгнэлт 821000 төгрөг, нийт 1461000 төгрөгийн шинжилгээний зардал, ажлын хөлс гарсан талаарх  хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй тул  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгчийн “шинжилгээ хийх тогтоолоор Х.Б-ын өвлийн сууцны үнэлгээг нэхэмжлэгч би гаргасан гэдэг нь нотлогдсон, шүүгдэгч Х.Б-д холбогдох эрүүгийн 201404000000 дугаартай хэргийн шүүгдэгчийг цагаатгасан тул шинжээчийн хөлсийг шинжээчээр томилсон цагдаагийн газар хариуцах ёстой, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хуулийг буруу тайлбарлан, нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүйгээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болж байгаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, нотлох үүрэгтэй энэ үүргээ биелүүлээгүй 1461000 төгрөгийн шинжээчийн хөлс гарсан талаар хэрэгт нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага нотолж чадаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38500 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2018/00497 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38500 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                Д.КӨБЕШ