Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 130/ШШ2018/00497

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 0 дугаар багт оршин суух, утас 0, РД:,,,,,,,,,,,,,, Т овогт С-ийн Еы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймаг дахь Ц газар (Б.Б, утас 0000)-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Е, хариуцагч Б аймаг дахь Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ө, хариуцагчийн өмгөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Шинжээчийн шинжилгээний зардал, ажлын хөлс 1461000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч С.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг Б аймгийн Цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагчийн 2015 оны 01 дүгээр срын 13-ны өдрийн тогтоолоор тус цагдаагийн газарт шалгагдаж буй эрүүгийн 201404000156 дугаар бүхий хэргийн холбогдогч Х.Бын өвлийн сууцанд үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр томилсон тул би зохих журмын дагуу 2 удаа дүгнэлт гаргасан билээ. Эхний дүгнэлт гаргахад 640000 төгрөг, дараагийн дүгнэлт гаргахад 821000 төгрөгийн шинжээчийн хөлс гарсан билээ. Энэхүү шинжээчийн хөлс тооцсон аргачлал гарсан хөлсний мэдээллийг шинжээчийн дүгнэлтийн хамт цагдаагийн байгууллагад хүргэсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан билээ. Энэхүү зардлыг төлж өгөхийг Цагдаагийн байгууллагаас удаа дараа шаардсан боловч бид хариуцахгүй буруутай этгээд хариуцах ёстой гэх тайлбар өгөөд байгаа болно. Гэтэл уг эрүүгийн хэрэг шүүхэд шилжин Х.Быг гэм буруутайд тооцсон боловч шинжилгээний зардлыг гаргуулаагүй болно. Миний шинжилгээний зардлыг анх намайг шинжээчээр томилсон байгууллага хариуцан төлж өгөх үүрэгтэй бөгөөд надад өгсөн энэхүү зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж авах эсэх нь тухайн байгууллагын эрхийн асуудал юм. Иймд Б аймгийн Цагдаагийн газраас миний шинжээчийн дүгнэлт гаргасан зардал буюу зураг төслийн үнэ 14610000 төгрөгийг гаргуулж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч  Б.Б шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг доорх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. 1.Үнэлгээч шинжээчийг томилохыг манай Цагдаагийн газрын алба болон мөрдөн байцаагч нараас дур мэдэн санаачилж байгаагүй юм. 2.Иргэний нэхэмжлэгч байсан Х.Б гэгч нь 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлэхдээ яллагдагч Х.Бын эзэмшилд байгаа уг байшинд төсвийн маргаантай асуудал гарсан тул дахин үнэлгээ гаргаж өгнө үү гэж хүссэн байсан. Цагдаагийн мөрдөгч А.А нь энэ хүсэлтийг үндэслэл болгон /үнэлгээчин, төсөвчин/ шинжээч томилсон байна. 3.Монгол Улсын Иргэний хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль болон бусад хуулиудад шинжилгээ хийлгүүлэхийг хүссэн тал нь шинжилгээний зардлыг төлөх үүрэг хүлээдэг. Харин буруутай этгээд нь төлбөрийг нөгөө талд нөхөн төлөх тухай заасан заалт зэргийг үндэслэн энэ тайлбарыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч С.Е шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Намайг цагдаагийн газард шинжээчээр томилж цагдаагийн албан хаагч нартай хамт тухайн хэрэгт холбогдогч Х.Б гэдэг хүний байшинд очиж нэг бүрчлэн хэмжилт хийж тэр хэмжилтийг үндэслээд зураг төсөв гаргасан байгаа. Бын гэрт хийсэн шинжээчийн зардлыг тооцож хүсэлтийг цагдаагийн байгууллагад өгсөн. Тэр үед цагдаагийн байгууллага аль нэг буруутай талаас нь гаргаж өгөхөөр болсон. Дараа нь 2 дахь удаагаа шинжээчээр дахиж ажиллаад хүсэлтээ гаргаж байсан. Цагдаагийн байгууллагад 2 удаа хийсэн шинжээчийн зардлыг нь тооцож гаргаж өгөх хүсэлт гаргасан боловч, манайд шинжээчийн зардал гэж байхгүй, аль нэг буруутай талаас нь гаргуулж өгөхөөр болсон гэсэн хариу өгсөн. Миний бие намайг шинжээчээр томилж ажиллуулсан байгууллагаас л шинжилгээний зардал, ажлын хөлсөө нэхэмжлэх болно. Цагдаагийн газар өөрснөө гэм буруутай хүнээс нэхэмжлэх ёстой гэж бодож байна. Шинжилгээний зардал, ажлын хөлсийг Барилга угсралтын дүн гэж зураг төсвийн дотор байгаа тэрнээс 2-4 хувь нь төсөвчний зардал гэж байдаг, тэрний 2.5 хувь гэж тооцож Цагдаагийн газраас нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б аймаг дахь Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ө шүүх хуралдаанд өгсөн тайлбарт: Манай мөрдөн байцаагч, мөрдөгч нар хуулийн дагуу шинжээч томилсон нь үнэн. Гэхдээ тухайн хэрэгт Б гэгчийн хүсэлтээр шинжээч томилсон. Тухайн үед миний бие шинжээчийн дүгнэлт гаргасан С.Еы өөрт нь шинжээчийн зардлаа гэм буруутай этгээдээс төлүүлж авна шүү гэж хэлж байсан. Манай Цагдаагийн газарт шинжээчийн зардал төлөх үндэслэлгүй, буруутай этгээдээс төлүүлж авах ёстой гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч С.Еы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч С.Еы шүүхэд гаргаж өгсөн 1.Б аймаг дахь Цагдаагийн газрын ГХТТ-ийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Т.Еркетайн үйлдсэн гэх 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Шинжилгээ хийх, шинжээч томилох тухай тогтоолоор эрүүгийн 201404000156 дугаартай хэрэгт шинжилгээ явуулахаар тогтоож, шинжилгээ явуулахыг мэргэшсэн төсөвчин нарт 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 4 хоногт багтаан дүгнэлт гаргахыг даалгаж, шинээч нарт -Х.Бын оршин сууж байгаа өвлийн байшин нь хэдэн метр квадрат, байшин вэ? Өрөө тус бүрийн хэмжээг тогтоох, (схем зураг үйлдэх), -Уг байшинг барихад ямар ямар барилгын материал ашигласан вэ?, -Байшинг барихад ашигласан материалын тоо ширхгийг нэг бүрчлэн тогтоож, жагсаалт гаргах гэсэн асуултыг тавьсан байна. Гэхдээ энэхүү тогтоолд шинжээчээр хэнийг томилсон нь тодорхойгүй шинжээч нарын нэр бичигдээгүй байна.

2.Б аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад цолтой А.Аын үйлдсэн гэх 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Нэмэлт шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолоор эрүүгийн 201404000156 дугаартай хэрэгт шинжилгээ хийж, дүгнэлт гаргахыг аймгийн мэргэшсэн төсөвчин О.Бейсенбай, С.Е нарт даалгаж, шинжээч нарт 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийн Төсөвт өртгийн нэгдсэн товчоонд байгаа төсөв дотроос тооцогдоогүй үлдсэн зардлуудыг нөхөж тооцох, дахин гаргах, шинжилгээний дүгнэлтийг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дотор гаргахыг шинжээч, мэргэшсэн төсөвчин нарт даалгасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 136 дугаартай Шийтгэх тогтоол, Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаартай магадлалаар Х.Бд холбогдох эрүүгийн 201404000156 дугаартай хэрэг анхан болон давж заалдах шатын шүүхээр шийдвэрлэгдэж байсан нь нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараах зардлаас бүрдэнэ, 1.1-д ...шинжээч, мэргэжилтэн...төлөх зардал гэж заасан тул нэхэмжлэгч С.Еы нэхэмжилж буй шинжээчийн шинжилгээний зардал, ажлын хөлс нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байна.

Иймд нэхэмжлэгч С.Е нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.5-д шинжилгээний байгууллагаас гадуур шинжээчээр томилогдсон тохиолдолд шинжилгээний зардал, ажлын хөлсийг гаргуулан авах эрхтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2-т эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална гэсэн ба 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дугаартай Журам батлах тухай Монгол Улсын Засгийн Газрын тогтоолын 1 дүгээр хавсралтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам-ыг, 2 дугаар хавсралтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох маягт-ыг тус тус баталсан байна.

Гэхдээ нэхэмжлэгч С.Е нэхэмжлэлдээ эрүүгийн 201404000156 дугаартай хэрэгт шинжээчээр томилсон тул зохих журмын дагуу 2 удаа дүгнэлт гаргахад эхний дүгнэлт гаргахад 640000 төгрөг, дараагийн дүгнэлт гаргахад 821000 төгрөгийн шинжилгээний зардал, ажлын хөлс гарсан гэх боловч үүнийгээ нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй ба энэхүү шинжээчийн хөлс тооцсон аргачлал гарсан хөлсний мэдээллийг шинжээчийн дүгнэлтийн хамт цагдаагийн байгууллагад хүргэсэн гэх боловч энэ хавтаст хэрэгт авагдсан хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулан, 3-д Шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон боловч Эрүүгийн хуульд заасны дагуу ялаас чөлөөлсөн тохиолдолд шүүх түүнээс зардлыг гаргуулан, 4-д Эрүүгийн хэргийг энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон, шүүгдэгчийг цагаатгасан, эсхүл ял шийтгүүлсэн хүн, хуулийн этгээд төлбөрийн чадваргүй болох нь тогтоогдсон бол түүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас чөлөөлж, зардлыг төр хариуцан гэж заасан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад зааснаар Б аймаг дахь Цагдаагийн газар нь шинжилгээний зардал, ажлын хөлсийг хариуцах, төлөх эрх бүхий (субъект) хариуцагч биш тул нэхэмжлэгч С.Еы Шинжээчийн шинжилгээний зардал, ажлын хөлс 1461000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38500 төгрөгийг улсын орлого болгох зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 4-ийг баримтлан хариуцагч Б аймаг дахь Цагдаагийн газраас Шинжээчийн шинжилгээний зардал, ажлын хөлс 1461000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т овогт Сгийн Еы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч С.Еы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38500 (гучин найман мянга таван зуун) төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК