Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2021/00598

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

­­­            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.П-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Э.э.ж.к” ХХК-д холбогдох,

 

“Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 43 дугаар байрны 47 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т, хариуцагчийн төлөөлөгч А.А, гэрч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Нэхэмжлэгч Д.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.П би 2008 онд “Э.э.ж. к” ХХК-ийг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд 96 айлын орон сууцны захиалга, борлуулалт хийж байна гэдгийг сонсоод охин н.Д-ын хамт “Э.э.ж.к” ХХК дээр очиж уулзаад Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 43 байр, 47 тоот орон сууцыг 50 сая төгрөгөөр худалдаж авахаар болсон юм.

Ингээд өөрийн амьдарч байсан Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10-57 тоот 1 өрөө байраа зарахаар зар өгч зараад охин н.Д бид хоёр 2108 оны 04 сарын 03-ны өдөр “Э.э.ж.к” ХХК-ийн захирал н.Б, хуулийн зөвлөх н.Б нартай “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээ байгуулан, тэр өдөртөө орон сууцны үнэ болох 50 сая төгрөгийг бүрэн төлсөн.

Бид шинэ байраа хүлээж байр хөлсөлж байгаад 2009 оны 8 сард байрандаа нүүж ороод орон сууцандаа гэр бүлээрээ өнөөдрийг хүртэл амьдарч байна. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээгээ авах гэхээр компанийн зүгээс орон сууцны барилгыг улсын комисс хүлээж аваагүй байгаа гэсэн тайлбарыг өгдөг байсан.

Гэтэл гэнэт 2016 оны 02 сарын 22-нд “Э.э.ж.к” ХХК-иас орон сууцыг чөлөөлж өг гэсэн мэдэгдэл ирсэн. Ямар шалтгаанаар ийм мэдэгдэл явуулсан болохыг лавлахаар компанийн захирал А.А-тай очиж уулзахад танайхаас манай компанид мөнгө төлсөн гэсэн баримт байхгүй байна, тиймээс байраа суллаж өг, эсхүл 2009 оноос хойш суусан түрээсийн төлбөрөө төл гэж хэлсэн.

Би энэ асуудлыг тодруулахаар 2016 оны 4 сард “Э.э.ж.к” ХХК- ийн захирал н.Б-ыг цагдаад өгч, залилангийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаж байсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Д.П би тухайн үед өөрийн амьдарч байсан байраа зараад, байр зарсан мөнгөөрөө Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 43 байр, 47 тоот орон сууцыг 50 сая төгрөгөөр худалдаж авахаар “Э.э.ж.к” ХХК-ийн захирал н.Б, хуулийн зөвлөх Т.Б-тай уулзаж гэрээ байгуулан орон сууцны үнэ болох 50 сая төгрөгийг бүрэн төлөөд гэрээгээ авсан. Би гэрээний дагуу орон сууцны үнийг бүрэн төлсөн бөгөөд орон сууц ашиглалтанд орсны дараа байрныхаа түлхүүрийг авч одоог хүртэл орон сууцандаа бүлээрээ амьдарч байгаа. Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээнд зааснаар үнийг төлж барагдуулснаар Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 43 байр, 47 тоот орон сууцны өмчлөх эрх үүсэхээр заасан.

Иймд Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 43 байр, 47 тоот орон сууцны өмчлөгчөөр Д.П намайг тогтоож, уг орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг “Э.э.ж.к” ХХК-д үүрэг болгож даалгаж өгнө үү.

Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 43 дугаар байр 47 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №96-095 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний үүрэгт Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 43 дугаар байр 47 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч “Э.э.ж.к” ХХК-д даалгах гэж тодруулж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №96-095 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний үүрэгт Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 43 дугаар байр 47 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч “Э.э.ж.к” ХХК-д даалгах тухай.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.П болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 43 дугаар байр, 47 тоотод амьдарч байгаа, уг байрын маань өмчлөгчөөр намайг тогтоож өгөхийг нэхэмжилж байна. 2008 оны 4 дүгээр сард гэрээ хийгээд 2009 оны намар байрандаа орсон. Анх гэрээ хийхдээ өөрийн хуучин байраа зараад мөнгөө бэлнээр тушааж, хуулийн зөвлөх болон захиралтай гэрээ байгуулсан. Энэ хугацаанаас хойш 12 жил энд амьдарч байна. Өмчлөгчөөр тогтоож, шаардлагатай бичиг баримт гаргуулж өгнө үү.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 43 дугаар байр, 47 тоот орон сууцын өмчлөгчөөр Д.П-г тогтоож, уг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг “Э.э.ж.к” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь 2008 онд Э.э.ж.к ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан. 2009 онд байр ашиглалтад орсноос хойш уг байранд ороод өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ байранд амьдарч байна. Хариуцагч компани өнөөдрийг хүртэл уг орон сууцтай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй. Ийм учраас орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, уг орон сууцтай холбоотой баримт бичгийг хариуцагч компанид даалгаж өгөх шаардлагыг гаргасан. Гэрээний үнийн дүн 51,375 ам доллароор байгуулсан. Орон сууцны хэмжээ 68,5 м.кв талбайтай нэг м.кв-ийн үнийг 750 ам доллароор тооцсон. Гэрээ байгуулдаг өдөр хариуцагч компанийн тухайн үеийн удирдлагуудад бэлнээр 50 сая төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 5 сая төгрөгийг тухайн үед байрны цонх хагарсан таазнаас ус гоожсон байсан учир тухайн үеийн компанийн удирдлагууд манай компаниар биш засвар үйлчилгээгээ өөрөө хариуцаад хийчих гэсний дагуу нэхэмжлэгч тухайн байранд өөрөө засвар хийсэн. Иймээс гэрээний үүргийг бүрэн гүйцэд гүйцэтгэсэн гэж үзэж байна” гэв.

 

            Хариуцагч “Э.э.ж.к” ХХК-ийн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 51,375 ам.доллароор гэрээ хийсэн. 50 хэдэн сая төгрөг болох байснаас 50 сая төгрөгийг төлөөд 5 сая төгрөгт засвар хийсэн гэдэг нь худал. Цоо шинэ байр мөн “Э.э.ж.к” ХХК нь чанаргүй зүйл хийхгүй учраас тийм зүйл байхгүй. Өөрсдийнх нь хэлж байгаагаар 55 сая төгрөг өгсөн юм шиг байгаа юм. Гэрээгээ харах хэрэгтэй. Дандаа худлаа ярьдаг. Олон жил компанийн эрх ашгийг хохироож, шаардлагыг үл хүндэтгэж ирсэн. Тиймээс шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй. Яагаад гэвэл үүрэг үүсээгүй. Гэрээг харвал 46 тоот гэж гэрээ байгуулсан боловч нэхэмжилж байгаа буюу одоо амьдарч байгаа нь 47 тоот. 46 тоотыг авчхаад 47 тоотыг нэхээд байж болохгүй. 47 тоот болгосон ямар ч зүйл байхгүй. Анх 46 тоотод байж байгаад төлбөр тооцоо хийгдээгүй учраас болиод тэр байранд өөр хүн орсон. Нэхэмжлэл дээр байсан гэрчийн мэдүүлэгт охин нь борлуулалтыг хариуцсан Тэнхлэг зуучид ажилладаг байсан. Манай борлуулалтыг хариуцдаг байсан. Б-той хуйвалдаад энэ байранд орсон. Булган гэдэг хүнд эрх олгогдоогүй. Хавтаст хэрэгт тухайн үед итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүнийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэхэмжлээд байгаа гэрээний 3.2-т төлбөрийг 100 хувь төлж байж гэрээ баталгаажна гэсэн ч нэг ч төгрөг төлөөгүй. “Э.э.ж.к” ХХК нэг ч баримт өгөхгүй байна гэж байхгүй. Төлбөрийн баримт байхгүй. Гэрчийн мэдүүлгээр Т.Б гэдэг хүн бэлнээр тоолоод авсан гэж хэлсэн. Тийм үйл явдал болоогүй. 55 сая төгрөг төлөөд 100 хувь төлбөр төлөгдсөн гэдэг асуудал ярьж байна. Тэгвэл 51,000 ам.доллар хэдэн төгрөг болж байна гэдгийг тухайн үеийн Монгол банкны ханшийг өгсөн. Ярьж байгаа зүйлүүд нь ор үндэсгүй худал зүйл юм. Н.Б-д залилуулсан байж магадгүй. Түүнийгээ мэддэг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст би иргэн н.Бод залилуулчихлаа. Миний 50 сая төгрөгийг компанид өгөлгүй хувьдаа завшчихлаа гэж гомдол гаргасан байдаг. Прокурорын тогтоол дээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэргийг хаасан. Залилуулсан н.Б гэдэг хүнтэй учраа ол. Компаниас байр нэхэмжлэл үндэслэл огт байхгүй. Компани удаа дараа шаардлага тавьж ирсэн. Шаардлагыг биелүүлэхгүй, хүлээж авахгүй. Шүүх хурлыг дандаа хойшлуулж явсан. Гэрээний 3.2 дээр 100 хувь төлсөн бол гэрээ баталгаажна гэсэн. Нэг ч төгрөг төлөөгүй. Барилгын салбарт борлуулалт хийж байхад хүмүүс ирээд гэрээ байгуулахад урьдчилгаагаа өгөөд гэрээ байгуулдаг. Гэрээ байгуулаад төлбөрөө төлж чадахгүй болбол гэрээг цуцлаад дараагийн ээлжийн хүмүүс ороод явдаг. Тийм учраас мөнгө төлөгдсөнөөр гэрээ баталгааждаг. Баримтгүй гэдэг зүйл ярьдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч “Э.э.ж.к” ХХК-д холбогдуулан “Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 43 дугаар байрны 47 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.П  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага “Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 43 дугаар байрны 47 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах” гэж тодруулсан байна.

 

            Нэхэмжлэгч Д.П болон хариуцагч “Э.э.ж.к” ХХК нарын хооронд 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Орон сууц захилгаар бариулах гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээнд зааснаар гүйцэтгэгч “Э.э.ж.к” ХХК нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-43, 1 дүгээр орц, 12 давхар, 46 тоот, 2 өрөө, 68.5 м.кв орон сууцыг бүрэн барьж гүйцэтгэх, захиалагч тал Д.П нь орон сууцны 1 м.кв талбайн үнэ 750 ам.доллар, нийт 51,375 ам.долларыг “Э.э.ж.к” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээ болон нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн  мэдүүлгээр тогтоогдож байна. /хх-ийн 12-15 дугаар тал/

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд 96 айлын орон сууцны 43 байр, 47 тоот орон сууцыг 50 сая төгрөгөөр худалдаж авахаар өөрийн амьдарч байсан 1 өрөө байраа зарж, 2008 оны 04 сарын 03-ны өдөр “Э.э.ж.к” ХХК-ийн захирал н.Б, хуулийн зөвлөх н.Булган нартай “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээ байгуулан, тэр өдөртөө орон сууцны үнэ болох 50 сая төгрөгийг бүрэн төлсөн.

2009 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна. 2016 оны 02 сарын 22-нд “Э.э.ж.к” ХХК-иас орон сууцыг чөлөөлж өг гэсэн, танайхаас манай компанид мөнгө төлсөн гэсэн баримт байхгүй байна, 2009 оноос хойш суусан түрээсийн төлбөрөө төл гэж хэлсэн.

Би энэ асуудлыг тодруулахаар 2016 оны 4 сард “Э.э.ж.к” ХХК- ийн захирал н.Быг цагдаад өгч, залилангийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаж байсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Гэрээний үнийн дүн 51,375 ам.доллароор байгуулсан. Орон сууцны хэмжээ 68,5 м.кв талбайтай нэг м.кв-ийн үнийг 750 ам доллароор тооцсон. Гэрээ байгуулдаг өдөр хариуцагч компанийн тухайн үеийн удирдлагуудад бэлнээр 50 сая төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 5 сая төгрөгийг тухайн үед байрны цонх хагарсан таазнаас ус гоожсон байсан учир тухайн үеийн компанийн удирдлагууд манай компаниар биш засвар үйлчилгээгээ өөрөө хариуцаад хийчих гэсний дагуу нэхэмжлэгч тухайн байранд өөрөө засвар хийсэн. Иймээс гэрээний үүргийг бүрэн гүйцэд гүйцэтгэсэн гэж үзэж байна... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 51,375 ам.доллароор гэрээ хийсэн. 50 хэдэн сая төгрөг болох байснаас 50 сая төгрөгийг төлөөд 5 сая төгрөгт засвар хийсэн гэдэг нь худал.

Талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй, үүрэг үүсээгүй, 46 тоот гэж гэрээ байгуулсан боловч одоо амьдарч байгаа нь 47 тоот, 46 тоотыг авчхаад 47 тоотыг нэхээд байж болохгүй.

Анх 46 тоотод байж байгаад төлбөр тооцоо хийгдээгүй учраас болиод тэр байранд өөр хүн орсон. Охин нь манай борлуулалтыг хариуцдаг байсан. Болдтой хуйвалдаад энэ байранд орсон. Булган гэдэг хүнд эрх олгогдоогүй. Хавтаст хэрэгт тухайн үед итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүнийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэхэмжлээд байгаа гэрээний 3.2-т төлбөрийг 100 хувь төлж байж гэрээ баталгаажна гэсэн ч нэг ч төгрөг төлөөгүй. Төлбөрийн баримт байхгүй. Гэрчийн мэдүүлгээр Т.Б гэдэг хүн бэлнээр тоолоод авсан гэж хэлсэн. Тийм үйл явдал болоогүй. 55 сая төгрөг төлөөд 100 хувь төлбөр төлөгдсөн гэдэг асуудал ярьж байна. Тэгвэл 51,000 ам.доллар хэдэн төгрөг болж байна гэдгийг тухайн үеийн Монгол банкны ханшийг өгсөн. Ярьж байгаа зүйлүүд нь ор үндэсгүй худал зүйл юм. Н.Б-д залилуулсан байж магадгүй. Түүнийгээ мэддэг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст би иргэн н.Бод залилуулчихлаа. Миний 50 сая төгрөгийг компанид өгөлгүй хувьдаа завшчихлаа гэж гомдол гаргасан байдаг. Прокурорын тогтоол дээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэргийг хаасан. Мөнгө төлөгдсөнөөр гэрээ баталгааждаг. Баримтгүй гэдэг зүйл ярьдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж тус тус заажээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-ний агуулга, мөн гэрээний зүйл болох объектын ашиглалтад орсон буюу барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс хүлээн авсан хугацааны байдлыг харгалзан талуудын хооронд үүссэн дээрх иргэний эрх зүйн харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу аливаа шаардах эрх нь Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч байх бөгөөд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч шүүхэд хандахдаа “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээ 96-095 тоот гэрээг үндэслэсэн бөгөөд гэрээнд нэг талаас “Э.э.ж.к” ХХК-ийг төлөөлж хуулийн зөвлөх Т.Б, нөгөө талаас иргэн Д.П нар гарын үсэг зурсан байна. /хх-ийн 6-9 дүгээр тал/ Гэрээнд хариуцагч компанийг төлөөж хуулийн зөвлөх Т.Б гарын үсэг зурж, “Э.э.ж.к” ХХК-ийн тамга дарагдсан байх бөгөөд шүүхэд гэрчээр оролцсон Т.Бы мэдүүлгээр тухайн гарын үсэг өөрийнх нь гарын үсэг мөн, тухайн үед зохих этгээдийн зөвшөөрлөөр “Э.э.ж.к” ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулдаг байсан талаар мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Т.Б гэдэг хүнд эрх олгогдоогүй. Хавтаст хэрэгт тухайн үед итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүнийг нотлох баримтаар гаргаж өгсөн...” гэж тайлбарлах боловч талуудын хооронд гэрээ бичгээр байгуулагдсан байхын зэрэгцээ хариуцагчийг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурсан этгээдийг ийнхүү төлөөлөх бүрэн эрхгүй байсан гэж үзэх аливаа баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн, хариуцагчийн тайлбар нэхэмжлэлийг үгүйсгэж чадахгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.П нь талуудын хооронд байгуулсан “орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-ний дагуу орон сууцны төлбөрт хариуцагч “Э.э.ж.к” ХХК-ийн захирал н.Бод 50,000,000 төгрөг төлсөн талаар тайлбарладаг бөгөөд дээрх гэрээний 3.2-т зааснаар 68.5 м.кв талбайг бүхий орон сууцыг 1 м.кв талбайн үнэ 750 ам.доллар бөгөөд нийт орон сууцны нийт үнэ 51,375 ам.доллар төлөх үүргийг хүлээсэн байна.

 

 

Уг гэрээний 3.6-д мөнгөн төлбөрийг ам.доллароор гүйцэтгэх бөгөөд төгрөгөөр төлбөр хийх тохиолдолд тухайн үеийн арилжааны ханшаар тооцож болох талаар тохиролцсон ба нэхэмжлэгч Д.Пгийн хувьд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10 дугаар байрны 57 тоот орон сууцыг бусдад худалдаж, гэрээний дагуу тухайн орон сууцны төлбөрт 50,000,000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч Т.Бы шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. /хх-ийн 44 дүгээр тал/

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Д.Пгийн хувьд тухайн маргаан бүхий орон сууцанд 2009 оноос оршин сууж байгаа болох нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, орон сууц ашиглалтын төлбөр болон цахилгааны төлбөрийг төлсөн, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 43, 55-57 дугаар тал/    

 

Нэхэмжлэгч Д.Пгийн орон сууцны төлбөрт төлсөн 50,0000,000 төгрөгийг 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Монгол банкны зарласан албан ёсны ханш нэг ам.доллар 1167.97 төгрөгөөр тооцоход 42,809.31 ам.доллар төлөгдсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, гэрээнд заасны дагуу нийт 51,375 ам.доллар төлөхөөс үлдэгдэл төлбөр болох 8,565,69 ам.долларыг төлөөгүй байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч Д.П нь үлдэгдэл төлбөрийг орон сууцны засвар, үйлчилгээ хийсэн үнийн дүнд суутган тооцсон гэж тайлбарлах боловч энэ талаар баримтаар нотлоогүй байна.

 

Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 7/776 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 43 дугаар байр хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь бүхэлдээ эрхийн улсын бүртгэлийн Ү-2204021257 дугаарт “Э.э.ж.к” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн бөгөөд 47 тоот нь өнөөдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа талаар баримт ирүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө”, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй.”, 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж тус тус заажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.4-т “Захиалагч нь актаар хүлээн авсан орон сууцыг Эрхийн улсын бүртгэлд /хуучнаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл/ хамруулах асуудал, түүнтэй холбогдон гарах зардлыг хариуцна. Үүнтэй холбогдох буюу Гүйцэтгэгч талаас шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэн авах эрхтэй” гэж заажээ.

 

Ажил гүйцэтгэх гэрээ хариу төлбөртэй хэлцэл тул ажлыг бүрэн гүйцэтгэж, үр дүнг хүлээлгэн өгсний дараа хөлс төлөх буюу ажил гүйцэтгэгч нь эхлээд үүргээ гүйцэтгэх ёстой гэсэн ойлголт юм.

 

Ажил гүйцэтгэгч өөрийн хийсэн эд зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэдэг нь үл хөдлөх эд хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг ба үл хөдлөх эд хөрөнгийг ажил гүйцэтгэгч шинээр бий болгож байгаа тохиолдолд захиалагч өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлага хангасан эд хөрөнгийг шилжүүлж, холбогдох баримт бичгийг бэлэн болгож өгөх хэлбэрээр хуулийн дээрх зохицуулалт хэрэгжинэ. 

 

Дээрх гэрээний дагуу гүйцэтгэгч буюу “Э.э.ж.к” ХХК-ийн хувьд гэрээнд заасан ажлын үр дүн буюу орон сууцыг түүний эзэмшил, ашиглалтанд шилжүүлэхээс гадна гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т заасны дагуу үүргээ биелүүлэх үүрэгтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч “Эм эн жи констракшн” ХХК нь нэхэмжлэгч Д.Пгийн өмчлөлд тухайн орон сууцыг шилжүүлснээр нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй байна гэж үзэхээр байна.

 

            Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. Иймд гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй. 

 

            Хэрэгт авагдсан “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээгээр талууд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-43, 1 дүгээр орц, 12 дугаар давхар, 46 тоот, 2 өрөө, 68.5 м.кв талбайтай орон сууцыг өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон боловч уг тохирсон объектын хаалганы дугаарлалт нь 47 тоот болсон талаар нэхэмжлэгч болон гэрч Т.Б нарын тайлбар, хэрэгт авагдсан “Баянзүрх-43” сууц өмчлөгчдийн холбооны тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгчийн шаардлага гаргах хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна, хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ.

 

“Э.э.ж.к” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-43, 97 айлын орон сууцны барилга байгууламжийг улсын комисс 2011 оны 9 сард хүлээж авсан талаар зохигч талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.П нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол гаргаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Баянзүрх дүүргийн Прокурорын газрын тогтоол гарсан байх бөгөөд нэхэмжлэгч 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээ сарын 02-ны өдрийн 182/ШЗ2019/06912 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, мөн 2019 оны 09 дүгээр сарын 16ы өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23ы өдрийн 101/ШЗ2019/14677 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2019/20831 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба тус шүүхэд нэхэмжлэгч Д.П нь дахин нэхэмжлэлээ 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан нь хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хугацааг нэхэмжлэгч Д.Пг хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

            Иймд хариуцагч “Э.э.ж.к” ХХК нэхэмжлэгч Д.Пд орон сууцны зориулалттай талбайн өмчлөлийг шилжүүлэх нь зүйтэй байх тул Д.Пг Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 43 дугаар байрын 47 тоот 68.5 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг “Э.э.ж.к” ХХК-д даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1-д заасны дагуу Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 43 дугаар байрын 47 тоот 68.5 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.Пг тогтоож, орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч “Э.э.ж.к” ХХК-д даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Пгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э.э.ж.к” ХХК-иас 478,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Пд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС