Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/01061

 

 

 

 

 

 

 

 

 

Д.П-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2021/00598 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.П-гийн хариуцагч Э- ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.П-, түүний өмгөөлөгч Г.Т, хариуцагчийн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн амьдарч байсан Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10-57 тоот 1 өрөө байраа зараад охин н.Даваажаргал бид хоёр 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Э- ХХК-ийн захирал Н.Б -, хуулийн зөвлөх Т.Б- нартай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулан, тэр өдөртөө орон сууцны үнэ болох 50 000 000 төгрөгийг бүрэн төлсөн. Бид шинэ байраа хүлээж байр хөлсөлж байгаад 2009 оны 8 дугаар сард байрандаа нүүж ороод өнөөдрийг хүртэл амьдарч байна. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авах гэхээр компанийн зүгээс орон сууцны барилгыг улсын комисс хүлээж аваагүй байгаа гэсэн тайлбарыг өгдөг байсан. Гэтэл гэнэт 2016 оны 02 дугаар сарын 22-нд Э- ХХК-иас орон сууцыг чөлөөлж өг гэсэн мэдэгдэл ирсэн. Ямар шалтгаанаар ийм мэдэгдэл явуулсан болохыг лавлахаар компанийн захирал А.Амарбаясгалантай очиж уулзахад танайхаас манай компанид мөнгө төлсөн гэсэн баримт байхгүй байна. Иймээс байраа суллаж өг, эсхүл 2009 оноос хойш суусан түрээсийн төлбөрөө төл гэж хэлсэн. Би энэ асуудлыг тодруулахаар 2016 оны 4 дүгээр сард Э- ХХК-ийн захирал н.Б -ыг цагдаад өгч, залилангийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаж байсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээнд зааснаар үнийг төлснөөр орон сууцны өмчлөх эрх үүсэхээр заасан. Иймд Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 43 байр, 47 тоот орон сууцны өмчлөгчөөр Д.П- намайг тогтоож, уг орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг Э- ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 51 375 ам.доллароор гэрээ хийсэн. 50 000 000 төгрөг төлж 5 000 000 төгрөгт засвар хийсэн гэдэг нь худал. Э- ХХК нь чанаргүй зүйл хийхгүй учраас тийм зүйл байхгүй. Өөрсдийнх нь хэлж байгаагаар 55 000 000 төгрөг өгсөн юм шиг байгаа. Гэрээгээ харах хэрэгтэй. Дандаа худлаа ярьдаг. Олон жил компанийн эрх ашгийг хохироож, шаардлагыг үл хүндэтгэж ирсэн. Иймээс шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй. Яагаад гэвэл үүрэг үүсээгүй. Гэрээг харвал 46 тоот гэж гэрээ байгуулсан боловч нэхэмжилж байгаа буюу одоо 47 тоотод амьдарч байгаа. 46 тоотыг авчхаад 47 тоот гэж болохгүй. 47 тоот болгосон ямар ч зүйл байхгүй. Анх 46 тоотод байж байгаад төлбөр тооцоо хийгдээгүй учраас болиод тэр байранд өөр хүн орсон. Нэхэмжлэл дээр байсан гэрчийн мэдүүлэгт охин нь борлуулалтыг хариуцсан, Тэнхлэг зууч компанид ажилладаг байсан. Манай борлуулалтыг хариуцдаг байсан. Н.Б -той хуйвалдаж, орон сууцанд орсон. Б- гэдэг хүнд эрх олгогдоогүй. Хавтаст хэрэгт тухайн үед итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүнийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээний 3.2-т төлбөрийг 100 хувь төлж байж гэрээ баталгаажна гэсэн ч нэг ч төгрөг төлөөгүй. Гэрчийн мэдүүлгээр Т.Б- гэдэг хүн бэлнээр тоолоод авсан гэж хэлсэн. Тийм үйл явдал болоогүй. 55 000 000 төгрөг төлөөд 100 хувь төлбөр төлөгдсөн гэдэг асуудал ярьж байна. Тэгвэл 51 000 ам.доллар хэдэн төгрөг болж байна гэдгийг тухайн үеийн Монголбанкны ханшийг өгсөн. Ярьж байгаа зүйлүүд нь ор үндэсгүй худал зүйл юм. Н.Б -од залилуулсан байж магадгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1-д заасны дагуу Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 43 дугаар байрын 47 тоот 68.5 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.П-г тогтоож, орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч Э- ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э- ХХК-иас 478 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.П-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөх боломжгүй илт хууль бус шийдвэр юм. Учир нь Э- ХХК-тай орон сууц захиалгын гэрээг байгуулаагүй бөгөөд компанийн өмнөөс Т.Б-, Н.Б - гэх 2 хүн гарын үсэг зурсан гэрээ байх бөгөөд улсын бүртгэлийн байгууллагын лавлагаанаас авахад тэр үед Т.Б-, Н.Б - гэх хүмүүс захирал байгаагүй буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байгаагүй нь тогтоогддог. Мөн Э- ХХК-ийн хуулийн зөвлөх Т.Б- мэдүүлэгтээ Н.Б - бид хоёрт гэрээ байгуулах эрх байхгүй бөгөөд тухайн үеийн удирдлагуудаас ямарч эрх олгоогүй. Эрх олгоогүй байж гэрээ байгуулсан нь хууль бус гэж мэдүүлсэн байдаг. Харин Н.Б - гэх хүн Д.П-г залилан мэхэлж 50 000 000 төгрөг авсан байж магадгүй байдаг. Учир нь Д.П-, Н.Б -ыг байр авч өгнө гэж хэлээд миний мөнгийг хувьдаа завшиж залилан мэхэлсэн хэмээн цагдаагийн газарт гомдол гаргасан байдаг. Уг гэрээнд байрны төлбөр 51 375 ам.доллар байхаар тусгасан бөгөөд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн охин болох гэрчийн мэдүүлгээр 51 375 ам.долллар тухайн үеийн ханшаар 50 000 000 төгрөг болсон ямар ч төлбөрийн үлдэгдэлгүй гэж маргадаг. Гэвч шүүх хурлын явцад хариуцагчийн зүгээс гэрээ байгуулах өдрийн ам.доллларын ханш 1167.97 төгрөг байсан ба 50 000 000 төгрөг нь 42809.31 ам.доллартай тэнцэж байсан тухай нотлох баримтыг гаргаж өгсөөр байхад илт худал мэдүүлсээр ирсэн. Нэхэмжлэгч, хариуцагчид нэг ч төгрөг төлөөгүй нь нотлогдсоор байхад шүүгч 50 000 000 төгрөг буюу 42809.31 ам.долларыг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэх дүгнэлт гаргаад үлдэгдэл 8 565.69 ам.долларыг нэхэмжлэгчид өмчлөх эрхийн гэрчилгээ гарсны дараа хариуцагч нэхэмжлэл гарган авах эрх нь нээлттэй хэмээн шүүх хурал дээр тайлбарласан. Шүүхийн шийдвэрт хариуцагчид 8565.69 ам.долларыг төл гэж огт шийдээгүй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад буюу нэхэмжлэгчийн яриад байгаагаар 2008 оны гэрээгээр худалдаж авсан гэдэг бөгөөд 13 жилийн турш огт өмчлөгчөөр тогтоолгох тухай ярьж байгаагүй. Бодит байдал дээр худалдаж аваагүй мөнгө төлөөгүй учир нэхэмжлэл гаргаж байгаагүй. Харин хариуцагчийн зүгээс 10 жилийн турш орон сууц чөлөөлүүлэхээр шаардсан байдаг. Шүүгч хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй хуулийг илт буруу хэрэглэж шийдвэр гаргасан. Улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн байдаг нь хэргийг хэрэгсэхгүй болгох бас нэгэн үндэслэл байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.П- нь хариуцагч Э- ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Э- ХХК-тай 2008 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулан, орон сууцны үнэ болох 50 000 000 төгрөгийг төлж, эзэмшилдээ авсан боловч өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй гэсэн агуулгаар тодорхойлсон бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэжээ.

 

Гэтэл зохигчдын маргааны зүйл нь орон сууцны үнэ төлөгдсөн эсэх асуудал байна. Нэхэмжлэгч Д.П- нь орон сууцны үнийг төлснөөр өмчлөлийг шилжүүлэн авахаар талууд тохиролцсон тохиолдолд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх боломжтой, энэ тохиолдолд худалдан авсан орон сууцны үнийг хэрхэн төлсөн, нэхэмжлэгч Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхийг тогтоолгохоор шаардах эрхтэй эсэхийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

Хэрэгт авагдсан орон сууц захиалгаар бариулах тухай нэртэй гэрээний 3.2-т ... захиалагч нь гэрээнд гарын үсэг зурсан өдөр захиалгат орон сууцны үнийг 100 хувь гүйцэтгэгч талд төлж гэрээг баталгаажуулна гэж, 3.3-т захиалагч орон сууцны үнийн дунд шатны төлбөрийг хавсралт 2-д заасан шатлалын дагуу гүйцэтгэж, эцсийн үлдэгдэл төлбөрийг гүйцэтгэгч талаас орон сууцны түлхүүрийг хүлээн авах өдөр төлж барагдуулснаар орон сууцыг өмчлөх эрхтэй болно гэж тус тус заасан байх бөгөөд гэрээний дээрх агуулгуудыг тодруулах шаардлагатай. Тодруулбал, талууд орон сууцны үнийг төлсөн эсэх талаар маргаж байгаа тохиолдолд дээрх гэрээний 3.2 дах заалт нь орон сууцны үнийг бүрэн төлсөн учраас гэрээг баталгаажуулсан эсэх, эсхүл 3.3 дах заалтаар үлдэгдэл төлбөр байгаа эсэх нөхцөл байдал тодорхой байх ёстой.

 

Нэхэмжлэгч Д.П- нь орон сууцны үнэ болох 50 000 000 төгрөгийг тус компанийн захирал Л.Б -, хуулийн зөвлөх Т.Б- нарт бэлнээр өгсөн гэж тайлбарладаг. Орон сууцны үнийг авсан гэх Т.Б- нь эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгсөн байх боловч түүний мэдүүлгүүд зөрүүтэй, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгч А.Амарбаясгалан нь цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа талаараа давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх-ээр зохицуулсан. Хэрэв Т.Б-д холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бол дээрх хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нөхцөл бүрдсэн эсэх асуудал хөндөгдөнө. Учир нь нэхэмжлэгч нь гэрээний зүйлийн үнийг төлсөн гэх үйл баримтыг уг этгээдийн гэрчийн мэдүүлэгт үндэслэн тайлбарлаж байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Д.П- нь орон сууцны үнэ болох 50 000 000 төгрөгийг хариуцагч байгууллагад төлсөн гэх боловч орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний 3.2-т орон сууцны нийт үнэ 51 375 ам.доллар байна гэж заасан байна. Иймд худалдан авагч буюу нэхэмжлэгч нь орон сууцны үнийг хэрхэн төлсөн, үлдэгдэл төлбөр байгаа эсэх зэрэг нөхцөл байдлууд тодорхой бус байхад гэрээний дагуу өмчлөх эрх шилжүүлэх үүрэг худалдагч талд үүссэн эсэхийг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

 

Хөөн хэлэлцэх хугацааны тухайд нэхэмжлэгч Д.П- нь маргааны зүйл болж буй орон сууцны үнийг хэрхэн, яаж төлсөн талаарх үйл баримт тодорхой болсны үндсэн дээр дүгнэлт өгөх боломжтой. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримт, хууль хэрэглээг дүгнэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2021/00598 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 667 109 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Г.ДАВААДОРЖ