Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2021/00294

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 08 өдөр                       Дугаар 153/ШШ2021/00294                                     Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар 

Нэхэмжлэгч: С.П-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Ховд аймгийн ЭМГ-т холбогдох, 

Ховд аймгийн ЭМГ-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/0* дугаартай “С.П-ын ажил хүлээлцэх комисс томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн ЭМГ-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/0* дугаартай “С.П-ыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах”, урьд эрхэлж байсан Ховд аймгийн  Эрүүл мэндийн газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах, Ховд аймгийн ЭМГ-с 2,200,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэнийг, хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, Б.Батсүх, хариуцагчийн өмгөөлөгч *******, гэрч Б.Дэжидмаа, *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа:  Би 2014 онд Ховд аймгийн ЭМГ-т нягтлан бодогчоор ажилд орсон. Түүнээс хойш тасралтгүй 8 жил үр бүтээлтэй, эрхэлсэн ажилдаа сэтгэлээсээ хандаж, үнэнч шударгаар ажиллаж ирсэн. 2019 онд аудитын байгууллага шалгалт хийж зөрчил дутагдал илэрч намайг ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр цалингийн хувийг бууруулах сахилгын арга хэмжээ авсан. Гэтэл 2020 оны 01 сарын 20-ны өдөр хамт олны зөвлөгөөний үеэр гэнэт миний ажлыг хүлээж аваад өөр хүнд өгсөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл надад ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгөөгүй. Би тушаалаа авах гэж удаа дараа очсон боловч таны ажлыг өөр хүнд хүлээлцсэн тул өгөх боломжгүй гээд өгөхгүй өнөөдрийг хүрлээ. Өөрөөр хэлбэл сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан оногдуулж болохгүй. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай 131 дүгээр зүйлийн 131.3 дахь заалтыг зөрчжээ. Ховд аймгийн ЭМГ-ын даргын 2020 оны 01 сарын 20-ны өдрийн А/0* дугаартай С.П-ын ажил хүлээлцэх комисс томилох тухай тушаал гаргахдаа Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.2 дахь заалтыг үндэслэж тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хавтаст хэргийн материалтай танилцаж байхдаа Ховд аймгийн ЭМГ-ын даргын 2020 оны 01 сарын 20-ны өдрийн Б/0* дугаартай тушаал байгааг мэдсэн. Уг тушаалыг надад танилцуулаагүй, гардуулаагүй, намайг ажил хүлээлцэх үед гараагүй байсан бөгөөд нөхөж, хуурамч тушаал гаргасан байна. Намайг ажил хүлээлцэх үед Ховд аймгийн ЭМГ-ын даргын 2020 оны 01 сарын 20-ны өдрийн А/0* дугаартай тушаалыг уншиж сонсгосон. Тухайн өдрийн хурлын протокол дээр тодорхой байгаа. Дээрх Ховд аймгийн ЭМГ-ын даргын 2020 оны 01 сарын 20-ны өдрийн Б/0* дугаартай хуурамч тушаалыг би хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хөдөлмөрийн тухай хуулийн ямар үндэслэлээр миний хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь тодорхойгүй, тушаалдаа энэ талаар дурдаагүй, Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй хуулийн заалт барьж тушаал гаргасан. Миний хувьд Ховд аймгийн ЭМГ-ын даргын 2020 оны 01 сарын 20-ны өдрийн А/0* дугаартай С.П-ын ажил хүлээлцэх комисс томилох тухай" тушаалыг гардаж авахаар удаа дараа ЭМГ очсон боловч 2020 оны 01 сарын 20 нд гардаж авснаар гарын үсэг зурвал өгнө эс тэгвээс шүүхээр гаргуулж ав гэж өнөөдрийг хүртэл өгөхгүй чирэгдүүлсээр ирсэн. Уг тушаалыг хэргийн материалаас хуулбарлаж аваад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж байна. Ховд аймгийн ЭМГ нь миний Монгол улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг зөрчиж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг бүхэлд нь шийдвэрлэж өгнө үү. Мөн ажиллаж байх хугацаандаа би хувиасаа гаргасан мөнгө болох 2,200,000 төгрөг нийт 8,182,564 төгрөгийг Ховд аймгийн ЭМГ-аас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ховд аймгийн ЭМГ нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагадаа ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.П-ын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т "мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл байхаар заажээ. Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны "ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй" нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байхыг шаарддаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгодог. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. Ховд аймгийн ЭМГ-ын нягтлан бодогчоор ажиллаж байсан *******ын удаа дараалан сахилгын зөрчил гаргаж, ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон нийцлийн аудитын дүгнэлтээр тус тус тогтоогдсон. Тодруулбал: С.П нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу эрүүл мэндийн салбарын ажилтнуудад олгох тэтгэмжээс албан тушаалын байдлаа ашиглаж, 6,295,200 төгрөгийг өөрийн болон эхнэр Ц.Ю-ын данс руу шилжүүлэн хувьдаа завшсан гэмт үйлдэлдээ Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16- ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 16,250,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2/10* дугаар "Төсвийн орлого болгох тухай" актаар С.П-ын эмнэлгийн мэргэжилтэнд олгогдох тэтгэмжээс өөрийн болон гэр бүлийн хүний Хаан банк дахь харилцах данс руу шилжүүлсэн, зарим мэргэжилтэнд тэтгэмжийн мөнгийг илүү олгож, зөрүүг тухайн хүнээр өөрийн хувийн харилцах данс руу шилжүүлэн авсантай холбоотой 13,733,200 төгрөгийн алдааг илрүүлсэн. Улмаар уг 13,733,200 төгрөгийг С.П-оор төлүүлэхээр шийдвэрлэснийг тэрээр хүлээн зөвшөөрч аудиторын актад гарын үсэг зурсан байдаг. Ховд аймгийн ЭМГ-ын даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/0* дугаар тушаалаар С.П-т эмнэлгийн мэргэжилтэнд олгогдох тэтгэмжийг илүү олгосон, тушаалгүйгээр гүйлгээ хийсэн зөрчилд нь үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрч, 3 сарын хугацаанд цалингаасаа суутгал хийлгэсэн. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшсан гэмт үйлдлээ С.П хүлээн зөвшөөрч, ял шийтгүүлсэн талаараа нэхэмжлэлдээ дурджээ. Иймд Ховд аймгийн ЭМГ-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/0* дүгээр тушаалаар С.П-ыг ажлаас халж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/0* дүгээр тушаалыг тус газрын газрын архив, бичиг хэргийн ажилтан Б.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүний нөөцийн мэргэжилтэн А.Д-д хүлээлгэн өгчээ. Ажил хүлээлцүүлэх комиссын гишүүн А.Д нь ажлаас халсан тушаалыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн үдээс хойш С.П-ын албан өрөөнд гардуулан өгсөн. Иймдээ ч С.П нь 2020 оны 1 улиралд нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авсан байдаг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10 дугаар зүйлийн 3-т зааснаар ажилгүйдлийн тэтгэмж тогтоохдоо ажлаас халсан шийдвэрийг үндэслэж олгодог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу С.П-ын Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгохыг хүсье гэжээ.

Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч С.П-ын тайлбар: Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/0* дугаартай “С.П-ын ажил хүлээлцэх комисс томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн ЭМГ-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/0* дугаартай “С.П-ыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах”, урьд эрхэлж байсан Ховд аймгийн  ЭМГ-ын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах, Ховд аймгийн ЭМГ-аас 2,200,000 төгрөг гаргуулах” тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Ховд аймгийн ЭМГ-аас  ажлаас халсан тушаалыг одоо хүртэл надад гардуулж өгөөгүй гэв. 

Шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар: С.П-той холбоотой 2 удаагийн шүүхийн тогтоол гарч, ял авч байсан бөгөөд үндсэн үүргээ цаашид гүйцэтгэх боломжгүй болсон учраас ЭМГ-ын дарга тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. 2,200,000 төгрөгийн илүү төлөлттэй холбоотой асуудал байна. С.Пнь ажиллаж байх үедээ өөрийн данс руу 6,000,000 төгрөг гаргаад эргүүлээд 8,0 сая төгрөг өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ хоёрын зөрүү нь цаад тэтгэмж авах ёстой хүнтэй холбоотой болохоос Ховд аймгийн ЭМГ-аас холбоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв. 

Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.П нь Ховд аймгийн ЭМГ-т холбогдуулан Ховд аймгийн ЭМГ-ын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5,982,562 төгрөг гаргуулах, ЭМГ-т хувиасаа гаргасан мөнгө болох 2,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн ЭМГ-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/0* дугаартай “С.П-ыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай”, Ховд аймгийн ЭМГ-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/0* дугаартай “С.П-ын ажлыг хүлээлцэх комисс томилох тухай” тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулан, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлжээ. 

Хариуцагч Ховд аймгийн ЭМГ-аас нэхэмжлэгч С.П-ын гаргасан зөрчил нь бүрэн нотлогдсон, уг үйлдэлдээ шүүхээр ял шийтгүүлсэн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэв. 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч С.П-ын нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

С.П-ыг ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд: 

Нэхэмжлэгч С.П Ховд аймгийн ЭМГ-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/0* дугаартай “С.П-ыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал”-ыг хүчингүй болгуулах үндэслэлээ ажлаас халсан тушаалыг гардуулж өгөөгүй, сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулсан гэж маргасан. 

Ховд аймгийн ЭМГ-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/0* дугаартай “С.П-ыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал”  -аар С.П-ыг ажлаас халсан мөртлөө сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.1 дэх заалтыг баримталсан нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн байна. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн С.П-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. 

Ховд аймгийн ЭМГ-ын даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/2* дугаартай тушаалаар “Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталсан”  бөгөөд байгууллагын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг Хөдөлмөрийн дотоод журамдаа нэрлэн заагаагүй, журмын 5.5.2-т “захиргаа нь эд хөрөнгө шууд хариуцаж ажилладаг ня-бо ... нартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг бичгээр байгуулна” гэж заасан боловч С.П нь тус байгууллагад нягтлан бодогчоор ажиллах хугацаанд түүнтэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж байгаагүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдов. Мөн нэхэмжлэгч С.П-той байгуулсан “Хөдөлмөрийн гэрээн” -д талууд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг тохиролцоогүй байна. Хөдөлмөрийн гэрээний 3.2 дахь заалтыг ажлаас халсан тушаалдаа баримталсан, энэ нь талуудын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхойлсон заалт байх ба хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээр С.П-ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан болохыг дурдах нь зүйтэй. 

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон, нэхэмжлэгч С.П гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн, уг үйлдэлдээ 2019 онд 54 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээсэн байна. 

С.П-ын гаргасан нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрийг давхардуулан ногдуулсан тухайд 

Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2/21* дугаартай Зөрчил арилгуулах тухай албан бичгийг үндэслэн Ховд аймгийн ЭМГ-ын даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/0* дугаартай “С.П-т сахилгын шийтгэл ногдуулах тухай”  тушаалаар түүний үндсэн цалинг 20 хувиар 3 сар хасаж, сахилгын шийтгэл ногдуулсан, мөн уг албан бичигт дурдсан зөрчлийг эрүүгийн журмаар шалгаж, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор С.П эрүүгийн хариуцлага хүлээж, гэм буруутайд тооцогджээ. 

Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас 2014-2018 онуудад эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд олгосон мөнгөн тэтгэмжийн олголтын хэрэгжилтэд нийцлийн аудит хийж, гарсан зөрчлийг арилгуулахаар 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1/104 дугаартай “Төсвийн орлого болгох тухай”, мөн өдрийн 2/105 дугаартай “Төсвийн орлого болгох тухай” тус тус акт тогтоож, 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2/107 дугаартай албан шаардлагыг Ховд аймгийн ЭМГ-т хүргүүлсэн, дээрх тогтоосон акт, албан шаардлагыг Ховд аймгийн ЭМГ-ын дарга Ц.М, эдийн засагч Ц.М, нягтлан бодогч С.П нар хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байна. 

Ажил олгогч Ховд аймгийн ЭМГ-ын дарга С.П-ыг ажлаас халахдаа хууль хяналтын байгууллагын зөрчлийн дүгнэлт, албан бичиг, шийтгэх тогтоолыг үндэслэл болгожээ. Зөрчлийн дүгнэлтэд- Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1/104 дугаартай “Төсвийн орлого болгох тухай”, мөн өдрийн 2/105 дугаартай “Төсвийн орлого болгох тухай” акт, 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2/107 дугаартай албан шаардлага хамаардаг болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан, мөн Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоол, Эрүүл мэндийн яамаас ирүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2/215 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан бичгийг үндэслээд нэхэмжлэгч С.П-ыг ажлаас халсан байна. 

Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас Ховд аймгийн ЭМГ-т 2019 онд тогтоосон 2/105 дугаартай “Төсвийн орлого болгох” тухай, 1/104 дугаартай “Төсвийн орлого болгох тухай” акт, мөн 2019 оны 2/107 дугаартай албан шаардлага нь эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд 2014-2018 онд олгосон мөнгөн тэтгэмжийн олголттой холбоотой хийсэн нийцлийн аудитын явцад илэрсэн зөрчил, Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн 2019 оны 2/215 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан бичиг нь мөн дээрх хугацаанд эрүүл мэндийн салбарын ажилтнуудад олгосон тэтгэмжтэй холбоотой бөгөөд уг албан бичгийг үндэслэн Ховд аймгийн ЭМГ-ын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/03 дугаартай тушаалаар С.П-ын цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, мөн уг үйлдлийг эрүүгийн журмаар шалгаж 2019 онд 54 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээсэн байхад 2020 онд С.П-ыг ажлаас халсан тушаалдаа дахин уг шийтгэх тогтоол, албан бичгийг үндэслэл болгосон нь нэхэмжлэгч С.П-ын сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасныг зөрчсөн гэх гомдлын шаардлага үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тогтоосон 2 удаагийн акт, 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн албан шаардлагаар зөрчил илэрснийг ажил олгогч Эрүүл мэндийн газрын дарга тухайн үед мэдсэн боловч дээрх зөрчлийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс ажлаас халсан сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь заалтыг зөрчжээ. Өөрөөр хэлбэл С.П-т холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна. 

Мөн ажлаас халсан тушаалд үндэслэл болгосон хууль хяналтын байгууллагаас ирүүлсэн зөрчлийн дүгнэлт гэх Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2/105 дугаартай “Төсвийн орлого болгох тухай” акттай холбоотой үйлдлийг эрүүгийн журмаар үргэлжлүүлэн шалгаж, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор С.П-т эрүүгийн хариуцлага хүлээлгэж, гэм буруутайд тооцсон болохыг дурдах нь зүйтэй. 

С.П-т ажлаас халсан тушаалыг гардуулсан тухайд: 

Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/0* дугаартай “С.П-ыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг ажил олгогчоос гардуулж өгсөн, нэхэмжлэгч С.П-д гардуулж өгөөгүй гэж мэтгэлцэв. 

Ховд аймгийн ЭМГ-аас С.П-ыг ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдэж, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр н/732 дугаартай “Мэдэгдэл”  хүргүүлж, уг мэдэгдлийг нэхэмжлэгч С.П 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан болох нь Ховд аймгийн ЭМГ-ын “Баримт бичиг хүлээлцэх дэвтэр”-т бичсэн С.П-ын тайлбар, гарын үсгээр тогтоогдов. /Шүүх хуралдаанд уг дэвтрийн эх хувийг шинжлэн судлав/ 

Эрүүл мэндийн газрын “Тогтоол, захирамж, тушаалын бүртгэл”  /2014-2021 он/-ийн 2020 оны бүртгэлд “С.П-ыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” нэг хуудас бүхий тушаалыг Хүний нөөцөд өгсөн гэж бүртгэлийн дэвтрийн биелэлтийн тэмдэглэл, огноо хэсэгт бичигдсэн, уг тэмдэглэлийг Эрүүл мэндийн газрын архив-бичиг хэргийн ажилтан Б.Э үйлдсэн болох нь уг бүртгэлийн дэвтэрт шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр, *******ыг ажлаас халсан тушаалыг хүний нөөцийн ажилтан ******* хүлээлгэн өгсөн болох нь гэрч Б.Э, гэрч Б.Д нарын шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлгээр тус тус нотлогдов. 

Шүүх хуралдаанд гэрч Б.Д “... ажлаас халсан тушаалыг С.П-ын өөрт нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр биечлэн гардуулан өгсөн тул гарын үсэг зуруулаагүй” гэж мэдүүлсэн, нэхэмжлэгч С.П “...надад ажлаас халсан тушаалыг танилцуулсан боловч гардуулж өгөөгүй, тушаалын ноорогтой танилцсан” гэж гэрчийн мэдүүлгийг үгүйсгэсэн бөгөөд гэрчийн мэдүүлэг нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар гэрч Б.Д-ийн дээрх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно. 

Харин шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч С.П нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ЭМГ-ын нягтлан бодогчийн ажлыг хүлээлгэн өгөхөд өөрөө байлцсан нь тухайн өдөр хөтлөгдсөн 2 удаагийн хурлын тэмдэглэл  /тэмдэглэлд гарын үсэг зураагүй/, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүйн Ховд аймгийн ЭМГ-ын 2020 оны 01 дүгээр сарын цагийн бүртгэлийн дэвтрээр, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс С.П-т ажилгүйдлийн тэтгэмж олгосон “Ажилгүйдлийн тэтгэмжийн хувийн хэрэг”  болон уг хувийн хэрэгт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, ЭМГ-ын ээлжийн амралтын 2020 оны тооцооны хуудас -аар С.П-ын ажилласан жилийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл тооцож, ногдох амралтыг олгосон хуудсаар, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШЗ2020/00479 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч С.П нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөнийг мэдсэн байна гэж дүгнэв. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар “...ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан” гэдэгт шийдвэрийг гардуулан өгч, гарын үсэг зуруулахыг шаардахгүй бөгөөд ажлаас халсан буюу хөдөлмөрийн харилцаа цуцлагдсан /дуусгавар/ болохыг ажилтанд мэдэгдсэн, ажилтан хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсныг ойлгоно. 

Гэрч Ц.М, гэрч Б.Э нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр С.П-ын ажлыг хүлээлцэхэд гэрч Ц.М комиссын даргаар ажиллаж, гэрч Б.Э хурлын тэмдэглэл хөтөлж, тухайн үед С.П ажлаа шинээр томилогдсон ажилтанд хүлээлгэн өгсөн нь нотлогдсон, энэ талаар талууд маргаагүй болно. 

Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд: 

Ажил олгогч Эрүүл мэндийн газрын даргын ажлаас халсан тушаалыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргаж, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс ажлаас халсан байна. Нэхэмжлэгч С.П уг тушаалыг эс зөвшөөрч, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүхээс С.П-ын гаргасан нэхэмжлэл нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй үндэслэлээр 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШЗ2020/00479 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай”  шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. Нэхэмжлэгч С.П 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ажлаа хүлээлгэн өгч, хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөнийг мэдсэн үеэс эхлэн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ...ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

Шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолоход сарын дотор буюу 2020 оны 03 дугаар сарын 27-ны хүртэл шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй байжээ. 

Нэхэмжлэгч С.П нь дахин уг асуудлаар 4 дахь удаагаа 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгөхийг хүссэн байна . Тэрээр хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх үндэслэлээ Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхээр шийдвэрлүүлж, шүүхийн шийдвэр 2020 оны 07 дугаар сард хүчин төгөлдөр болсон тухай тайлбарлажээ. 

Нэхэмжлэгч С.Пнь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргасан, С.П-ыг ажлаас халсан тушаалд үндэслэл болгосон Төрийн аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2/105 дугаартай “Төсвийн орлого болгох тухай” акттай холбоотой үйлдлийг үргэлжлүүлэн эрүүгийн журмаар шалгасан нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоох хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзлээ. 

Уг эрүүгийн хэргийг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр шийдвэрлэж, С.П-ыг итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон 22 дугаартай шийтгэх тогтоол -д оролцогчид давж заалдах гомдол гаргаагүй болох нь нэхэмжлэгч С.П, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдсон ба уг шийтгэх тогтоол 2020 оны 07 дугаар сард хүчин төгөлдөр болсон байна. 

Нэхэмжлэгч С.П 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ЭМГ-т холбогдуулан тус тус нэхэмжлэл гаргасан, шүүхээс 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШЗ2020/02184, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 153/ШЗ2020/02279 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр дахин нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. 

2020 оны 07 дугаар сард шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч С.П хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үед шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үеэс нэг сарын дотор дахин уг асуудлаар гомдол гаргах ёстой байсан. Гэтэл гомдол гаргах хугацаа өнгөрсний дараа 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргажээ. Энэ хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй үндэслэлээ нэхэмжлэгч С.П өөр газарт ажиллаж байсан, аймгийн төвд ирэх боломжгүй байсан гэж шүүх хуралдаанд тайлбарласан нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох үндэслэлд хамаарахгүй юм. 

Иймд дээрх үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай нэхэмжлэгч С.П-ын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Нэгэнт шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул нэхэмжлэгч С.П нь Эрүүл мэндийн газрын даргын ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчаас шаардах эрхгүй бөгөөд дээрх тушаалыг үндэслэн гарсан Ховд аймгийн ЭМГ-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/0* дугаартай “С.П-ын ажлыг хүлээлцэх комисс томилох тухай” тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 128.1.11-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

С.П-ын хариуцагч Ховд аймгийн ЭМГ-аас 2,200,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд 

Нэхэмжлэгч С.П нь ажиллаж байх хугацаанд хувиасаа гаргасан мөнгө болох 2,200,000 төгрөгийг Ховд аймгийн ЭМГ-аас гаргуулахыг шаарджээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... энэ мөнгө нь тухайн үед С.Пөөртөө шилжүүлэн авсан мөнгө байсан, хэргийг шалгаж эхлэхэд буцаагаад ажилтнуудад тэтгэмж болгож өгсөн тул хүлээн зөвшөөрөхгүй” гэж, нэхэмжлэгч С.П нь “...тухайн үед ажилтнуудад олгох тэтгэмжийн санхүүжилт дутуу ирсэн тул би хувиасаа шилжүүлсэн, дараа нь тооцоо нийлэхэд уг мөнгийг байгууллагаас гаргуулан олгохоор болсон” гэж тус тус тайлбарласан. 

Ховд аймгийн ЭМГ-аас Эрүүл мэндийн тухай хуулийн 29.5 дахь заалтын дагуу тэтгэмж авах хүмүүсийн нэрсийн жагсаалт -ыг гаргаж тооцоо нийлсэн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн баримтаар “...дутуу санхүүжсэн дүн 2,285,806 төгрөг, тооцоогоор 2,688,806 төгрөгийн санхүүжилт авах”-аар тооцоо гаргасан, хэдийгээр С.П нь санхүүжилт дутуу ирсэн тул хувиасаа мөнгө гаргасан гэж тайлбарласан нь санхүүгийн зөрчил боловч уг тооцоо нийлсэн баримтыг шалгасан эдийн засагч Ц.М, хянасан ЭМГ-ын дарга Ц.М нар тус тус тооцоог зөвшөөрч, гарын үсэг зурж, байгууллагын тамга дарсан байна. 

Шүүх хуралдаанд гэрч Ц.М “энэ мөнгийг дараа нь шалгаж үзэхэд манай салбарын 2 ажилтанд олгогдох ёстой мөнгөн тэтгэмж байсан ба уг ажилтнуудад төрөөс олгогдох тэтгэмжийг С.Полгосон байсан, тэдгээр ажилтнуудад төрөөс тэтгэмж олгогдоогүй...” гэж мэдүүлсэн бөгөөд  2,200,000 төгрөгийн дутуу санхүүжилт ирсэн болох нь тооцоо нийлсэн баримтаар, тухайн үед дээрх баримтад гарын үсэг зурсан эдийн засагч Ц.М-ийн шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлгээр тус тус  нотлогдсон, С.П-т холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүл мэндийн газарт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийтгэх тогтоолд заасан хохиролд дээрх тооцоогоор нийлсэн санхүүжилт хамааралгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.П нь 2,200,000 төгрөгийг Ховд аймгийн ЭМГ-аас шаардах эрхтэй, хөрөнгө олж авсан этгээд болох Ховд аймгийн ЭМГ-аас болон үүрэг гүйцэтгэгч С.П-ын хооронд үүрэг үүсээгүй тул хариуцагч Ховд аймгийн ЭМГ-аас 2,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.П-т олгож шийдвэрлэлээ. Тооцоо нийлсэн баримтаар дутуу санхүүжилт 2,688,806 төгрөг авахаар тооцоо гаргасан боловч нэхэмжлэгч С.П нэхэмжлэлийн шаардлагыг 2,200,000 төгрөгөөр тодорхойлсон болохыг дурдах нь зүйтэй. 

Иймд, нэхэмжлэгч С.П-ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн ЭМГ-т холбогдох Ховд аймгийн ЭМГ-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/0* дугаартай “С.П-ыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн ЭМГ-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/0* дугаартай “С.П-ын ажил хүлээлцэх комисс томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн ЭМГ-ын нягтлан бодогчийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн ЭМГ-аас 2,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.П-т олгож, нэхэмжлэгч С.П-ын хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.П-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,871 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүн 2,200,000 төгрөгт төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 50,150 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн ЭМГ-аас гаргуулан нэхэмжлэгч С.П-т олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт тус тус зааснаар С.П-ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн ЭМГ-т холбогдох Ховд аймгийн ЭМГ-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/0* дугаартай “С.П-ыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн ЭМГ-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/0* дугаартай “С.П-ын ажил хүлээлцэх комисс томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн ЭМГ-ын нягтлан бодогчийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн ЭМГ-ын санхүүгээс 2,200,000 (хоёр сая хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.П-т олгосугай. 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар С.П-ын гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзсугай. 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.П-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,871 (нэг зуун дөчин таван мянга найман зуун далан нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн ЭМГ-ын санхүүгээс 50,150 (Тавин мянга нэг зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.П-т олгосугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.РАУШАН