Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 212/МА2018/00105

 

Ж.Б-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч  С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00390 дүгээр шийдвэртэй, Ж.Б-ын нэхэмжлэлтэй, тус аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 12 дугаар сарын 01-ээс 2018 оны 2 дугаар сарын 23-ыг хүртэл дутуу олгосон цалингийн зөрүү 1421735 төгрөгийг ажил олгогчийн санхүүгээс гаргуулан, дутуу олгосон цалингийн зөрүүнээс нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгох тухай.

 

Нэхэмжлэлд: “Ж.Б намайг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128 тоот шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Баян-Өлгий аймгийн  Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоосон юм. Ажил олгогч 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ажилд томилох тухай 74 тоот тушаалаар намайг тус сургуульд англи хэлний цагийн түр багшаар томилсон боловч ажил олгогч шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 09 дүгээр сарын 28-ний өдрөөс иргэний боловсролын хичээлийн багшаар ажиллуулахаар 81 тоот тушаал гаргасан. Одоо Ж.Б би тус сургуульд иргэний боловсролын багшийн ажлыг хийж байна. Миний орон тоонд томилогдсон багшийн иргэний боловсролын багшаас чөлөөлөөгүйгээс болж надад ажил олгогч 9 цагийн хичээл өгснөөр би зохих хэмжээгээр цалин хөлсөөр хохирч байна. Үндсэн багшийн ажилд томилогдсон багш хүн долоо хоногт 19 цагийн хичээл заах журамтай. Ж.Б би 2017 оны 12 дугаар сард 532500 төгрөгийн цалин авахаас 70000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 535500 төгрөг авахаас 18000 төгрөг, 2018 оны 02 дугаар сард 532500 төгрөгийн цалин авахаас 87776 төгрөг авсан. Миний үндсэн цалин 532500 төгрөг юм.

Иймд Ж.Б миний 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 23-ыг хүртэл үндсэн цалин хөлсний зөрүү 1421735 төгрөгийг ажил олгогчийн санхүүгээс гаргуулах, нэхэмжилж буй цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарт: “Аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагад тус сургуулийн хэсэг багш нарын өгсөн өргөдлийн мөрөөр газрын даргын баталсан 04/395 тоот удирдамжийн дагуу Боловсролын хяналтын ахлах байцаагч А.Б, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.И, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч С.Р нарт шалгалт хийхэд боловсролын хяналтын чиглэлээр багш нарын диплом, бусад бичиг баримттай танилцахад иргэний боловсрол хичээлийн цагийн багш Ж.Б нь англи хэлний багш, нийгмийн ажилтан мэргэжилтэй байгаа нь тус сургуулийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр баталсан Иргэний боловсролын багшийн ажлын байрны тодорхойлолтын ерөнхий шаардлагын түүх, нийгмийн ухааны багш мэргэжилтэй байх шаардлагыг хангахгүй байгаа тул мэргэжлийн багш ажиллуулахыг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №04-09-046/288 тоотоор шаардсан албан шаардлага хүргүүлж, албан шаардлагын биелэлтийг хангаж зөрчлийг арилгаж 2018 оны 01 дүгээр сарын 30-ны дотор биелэлтийг гаргаж Мэргэжлийн хяналтын газарт бичгээр ирүүлэхийг мэдэгдсэн. Албан шаардлагын биелэлтийг хангаж 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ж.Б-ыг 98 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, иргэний боловсролын хичээлийн илүү гарсан 9 цагийг заах багшаар түр томилсон. Ж.Б-д тушаалыг бичиг хэргийн ажилтан М.Н өвчтэй байсан тул сургалтын менежер А.Х хүлээлгэн өгөх гэхэд элдэв тайлбар өгч аваагүй.

2. Шүүхийн шийдвэрийг биелүүлж 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр иргэний боловсролын багшаар томилсноор Ж.Б-тай холбоотой асуудал дуусаж хэрэг хаагдсан.

3. Тус сургуульд 2017 онд ажилласан багш нарын мэдээг статистик хариуцсан сургалтын менежер нэгтгэж мэдээллийн санд оруулдаг. Тус мэдээллийн санд хамрах /хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл, илгээсэн огноо 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр. Ж.Б дунд ангийн цагийн багш гэж бүртгэгдсэн нь цагийн багш мөн болох нь тогтоогдож байна.

4. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс иргэний боловсролын түр цагийн багшаар ажиллаж, заасан цагийн хөлсийг бүрэн авч байгаа тул үндсэн багшийн цалингаар цалинжих боломжгүй болсон. 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх үндсэн цалин хөлсний зөрүүг санхүүгээс гаргуулах боломжгүй.

5. Авсан цалин хөлсний шимтгэлтэй холбоотой нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлж байгаа. Иймд Ж.Б-ны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүү 1421735 төгрөгийг төлүүлэх нэхэмжлэлийг хүчингүйд тооцох шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

           

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00390 дүгээр шийдвэрээр: 

            “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-ийг тус тус баримтлан 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл дутуу олгосон цалингийн зөрүү 1351147 ( нэг сая гурван зуун тавин нэгэн мянга нэг зуун дөчин долоо) төгрөгийг Баян-Өлгий аймгийн  Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70588 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 23-н өдрийг хүртэл дутуу олгосон цалингийн зөрүүнээс нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн  Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирал /Х.Хайрат/-д үүрэг болгосугай.” гэж шийдвэрлэжээ.  

 

            Хариуцагчийн өмгөөлөгчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00390 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүд:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Баян-Өлгий аймгийн  ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирлаас 2017 оны 9 дүгээр сарын 28-нЫ өдөр “Ажилд томилох тухай” 81 тоот тушаал гаргаж нэхэмжлэгч Ж.Б-ыг Иргэний боловсролын хичээлийн багшаар 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар болжээ. Дараа нь, хариуцагч Баян-Өлгий аймгийн  ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирлаас 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт, Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 04-09-046/288 тоот албан шаардлагын боловсролын хяналтын чиглэлийн 4 дэх хэсгийг тус тус үндэслэн “Ажлаас чөлөөлж, түр ажилд томилох тухай” 98 тоот тушаал гаргаж нэхэмжлэгч Ж.Б-ыг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг нь цуцалж, мөн тушаалын 2 дугаар заалтаар нэхэмжлэгч Ж.Б-ыг иргэний боловсролын хичээлийн илүү гарсан 9 цагийг заах багшаар түр томилон ажиллуулсан байдаг. Шүүх хуралдааны үеэр буюу нотлох баримт шинжлэн судлах шатанд хуралдаан даргалагчаас дээрх 98 тоот тушаалыг танилцуулахад нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс 98 тоот тушаалын талаар маргаан байхгүй гэдгээ удаа дараа тайлбарлан хэлсэн болно. Хавтаст хэрэгт нотлох баримт болох нэхэмжлэгч Ж.Б-ын авч байсан цалингийн тухай жагсаалт авагдсан. Эдгээр нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Б-ын цалин хөлс дээрх 98 тоот тушаалын дагуу бодогдсон байдаг. Баян-Өлгий аймгийн  ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Ажилд томилох тухай” 81 тоот тушаалын үйлчлэл нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 98 тоот тушаал гарснаар дуусгавар болсон. Нэхэмжлэгчээс уг 98 тоот тушаалтай маргахгүй байхад шүүхээс үйлчлэл нь дуусгавар болсон тушаалыг нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн явдал болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас 2017 оны 9 дүгээр сарын 28-ний өдөр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох тухай шийдвэр гаргасан, дараа нь хариуцагч 3 сарын дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шинэ акт гаргаж нэхэмжлэгч Ж.Б-ыг иргэний боловсролын хичээлийн илүү гарсан 9 цагийг заах багшаар түр томилсон байхад шүүхээс “...шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128 дугаар шийдвэрийг үндэслэн иргэний боловсролын хичээлийн багшаар томилсноос хойш нэхэмжлэгч Ж.Б-д ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй...” гэж хийсвэр дүгнэлт хийсэн.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, маргааны үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Өлгий сумын  бүрэн дунд сургуульд холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 01-ээс 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл дутуу олгосон цалингийн зөрүү 1421735 төгрөгийг ажил олгогчийн санхүүгээс гаргуулан, дутуу олгосон цалингийн зөрүүнээс нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл, ажил олгогчийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 81 дүгээр шийдвэрээр ажилтан Ж.Б-ыг шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан иргэний боловсролын хичээлийн багшийн ажилд эгүүлэн томилсон, мөн өдөр түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба үндсэн цалинг 532500 төгрөгөөр тогтоосноос 2017 оны 12 дугаар сард 109490 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 27373 төгрөг, 02 дугаар сард 109490 төгрөгийн цалин авч байсан нь тус тус тогтоогдсон байна.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-т зааснаар ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгож болох боловч талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд ажилтан Ж.Б-ын цалинг дээрх нөхцөлөөр тохиролцсон нь тогтоогдоогүй, харин “үндсэн ажил буюу албан тушаалын цалингийн хэмжээг 532500 төгрөгөөр” талууд харилцан тохиролцож, тогтоожээ. Тиймээс ажилтан Ж.Б нь хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан цалин хөлс авах, дутуу олгосон бол зөрүүг нь ажил олгогчоос шаардах эрхтэй.

 

            Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  бүрэн дунд сургуулийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 81 дүгээр тушаал, талуудын хооронд мөн өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, тус сургуулийн багш ажилчдын 2017 оны 12, 2018 оны 01, 02 дугаар сарын цалингийн хүснэгт, зохигчийн тайлбар зэргээс үзвэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар урьд эрхэлж байсан ажилдаа томилогдсон ажилтан Ж.Б-д ажил үүргийг нь бүрэн гүйцэтгүүлээгүй буюу түүнд иргэний боловсролын хичээлийн цагийг бүрэн олгоогүйгээс ажилтны цалин хөлс авах эрх зөрчигдөхөд хүрсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Хариуцагчаас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 98 дугаар тушаалыг гаргаж өгч, иргэний боловсролын багш Ж.Б-ыг мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, “иргэний боловсролын хичээлийн илүү гарсан 9 цагийг заах багшаар түр томилсон” гэж тайлбарлах боловч уг тушаалыг ажилтанд гардуулж, түүний энэ талаар гомдол гаргах эрхийг хангасан нь тогтоогдоогүй тул уг баримтыг үндэслэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзнэ. Түүнчлэн ажил олгогч 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 98 дугаар тушаалыг үндэслэн ажилтантай хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулаагүй байна.

 

            Иймд ажилтны нэг сарын үндсэн цалин, дутуу олгосон цалингийн зөрүүг тогтоон, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 1351147 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж ажилтанд олгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 61 дүгээр зүйлийн 61.1.-т заасан зохицуулалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00390 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР                                    

С.ӨМИРБЕК