Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00248

 

Ж.Б-ы нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00390 дүгээр шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 212/МА2018/00105 дугаар магадлалтай,

Ж.Б-ы нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр дунд сургуульд холбогдох,

цалингийн зөрүү 1.421.735 төгрөг гаргуулах, дутуу олгосон цалингийн зөрүүгээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжаны гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б-, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128 тоот шийдвэрээр намайг тус аймгийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоосон. Ажил олгогч 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ажилд томилох тухай 74 тоот тушаал гаргаж, англи хэлний цагийн түр багшаар томилсон боловч шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 09 дүгээр сарын 28-ний өдрөөс иргэний боловсролын хичээлийн багшаар ажиллуулахаар 81 тоот тушаал гаргасан. Одоо би тус сургуульд иргэний боловсролын багшийн ажлыг хийж байна. Үндсэн багшийн ажилд томилогдсон багш хүн долоо хоногт 19 цагийн хичээл заах журамтай. Би 2017 оны 12 дугаар сард 532.500 төгрөгийн цалин авахаас 70.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 535.500 төгрөг авахаас 18.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сард 532.500 төгрөгийн цалин авахаас 87.776 төгрөг авсан. Иймд миний 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 23-ний өдөр хүртэл үндсэн цалин хөлсний зөрүү 1.421.735 төгрөгийг гаргуулж, цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг үүрэг болгож өгнө үү гэжээ.    

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр дунд сургууль  шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагад тус сургуулийн хэсэг багш нарын өгсөн өргөдлийн мөрөөр газрын даргын баталсан 04/395 тоот удирдамжийн дагуу шалгалт хийхэд боловсролын хяналтын чиглэлээр багш нарын диплом, бусад бичиг баримттай танилцахад иргэний боловсрол хичээлийн цагийн багш Ж.Б- нь англи хэлний багш, нийгмийн ажилтан мэргэжилтэй байгаа нь тус сургуулийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр баталсан Иргэний боловсролын багшийн ажлын байрны тодорхойлолтын ерөнхий шаардлагын түүх, нийгмийн ухааны багш мэргэжилтэй байх шаардлагыг хангахгүй байгаа тул мэргэжлийн багш ажиллуулахыг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №04-09-046/288 тоотоор шаардсан албан шаардлага хүргүүлж, албан шаардлагын биелэлтийг хангаж зөрчлийг арилгаж 2018 оны 01 дүгээр сарын 30-ны дотор биелэлтийг гаргаж Мэргэжлийн хяналтын газарт бичгээр ирүүлэхийг мэдэгдсэн. Албан шаардлагын биелэлтийг хангаж 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ж.Б-ыг 98 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, иргэний боловсролын хичээлийн илүү гарсан 9 цагийг заах багшаар түр томилсон. Шүүхийн шийдвэрийг биелүүлж 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр иргэний боловсролын багшаар томилсноор Ж.Б-тай холбоотой асуудал дуусаж хэрэг хаагдсан. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс иргэний боловсролын түр цагийн багшаар ажиллаж, заасан цагийн хөлсийг бүрэн авч байгаа тул үндсэн багшийн цалингаар цалинжих боломжгүй болсон нэхэмжлэлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00390 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-ийг тус тус баримтлан 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл дутуу олгосон цалингийн зөрүү 1351147 ( нэг сая гурван зуун тавин нэгэн мянга нэг зуун дөчин долоо) төгрөгийг Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч Ботахара едил овогт Жекейханы Бауыржанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70588 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ботахара едил овогт Жекейханы Бауыржаны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 23-н өдрийг хүртэл дутуу олгосон цалингийн зөрүүнээс нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал /Х.Хайрат/-д үүрэг болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 212/МА2018/00105 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00390 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00390 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 212/МА2018/00105 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 04-09-046/288 тоот албан шаардлагын боловсролын хяналтын чиглэлийн 4 дэх хэсгийг тус тус үндэслэн “Ажлаас чөлөөлж, түр ажилд томилох тухай” 98 тоот тушаал гаргаж нэхэмжлэгч Ж.Б-ыг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг нь цуцалж, мөн тушаалын 2 дугаар заалтаар нэхэмжлэгч Ж.Б-ыг иргэний боловсролын хичээлийн илүү гарсан 9 цагийг заах багшаар түр томилон ажиллуулсан байна. Шүүх хуралдааны үер буюу нотлох баримт шинжлэн судлах шатанд хуралдаан даргалагчаас дээрх 98 тоот тушаалыг танилцуулж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс 98 тоот тушаалын талаар маргаан байгаа эсэхийг асууж тодруулахад тэрбээр маргаан байхгүй гэдгээ удаа дараа тайлбарлан хэлсэн. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Ж.Б-ы авч байсан цалингийн тухай жагсаалтууд авагдсан. Эдгээр бичмэл нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Б-ы цалин хөлс дээрх 98 тоот тушаалын дагуу бодогдсон байдаг.

Иймд хоёр шатны шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүй буюу холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзэв.  

Нэхэмжлэгч Ж.Б-ы “...цалин хөлсний зөрүү 1.421.735 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр дунд сургууль эс зөвшөөрч, маргажээ.

Ажил олгогч нь Баян-Өлгий аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ний өдрийн 128 дугаар шийдвэрийг биелүүлж, 2017 оны 9 дүгээр сарын 28-ний өдрийн 81 дүгээр тушаалаар Ж.Б-ыг иргэний боловсролын багшаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба 2017 оны 12 дугаар сарын 6-ний өдөр 98 дугаар тушаалаар түүнийг иргэний боловсролын багшийн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс эхэлж, тус хичээлийн илүү гарсан 9 цагийг заах цагийн багшаар түр томилжээ /хэргийн 6, 8-9, 33 дугаар тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн хэдий ч ажилтны ажил үүргийг бүрэн гүйцэтгүүлээгүй, өөрөөр хэлбэл заах хичээлийн цагийг олгоогүйгээс нэхэмжлэгч цалин хөлс бүрэн авч чадаагүй болох нь тогтоогджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-т ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгохоор зохицуулсан, хариуцагч ажилтныг ажилд эгүүлэн тогтоохдоо үндсэн цалинг 532.500 төгрөгөөр тогтоосон атлаа 2017 оны 12, 2018 оны 1, 2 дугаар сард цалин хөлсийг дутуу олгосон нь хэргийн баримт тогтоогджээ.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоос бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн  буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, нэхэмжлэгч 2018 оны 2 дугаар сарын 23-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлээс 1.351.147 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн “... шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох”  гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00390 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 212/МА2018/00105 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжаны гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ