Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2021/02582

 

 

                               

 

 

 

                                       

 

 

 

2021 оны 10 сарын 13 өдөр                   Дугаар 102/ШШ2021/02582                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т” ХХК,

Нэхэмжлэгч: “М” ХХК нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М” ХХК ,

Хариуцагч Б нарт холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 60,900,407 /жаран сая есөн зуун мянга дөрвөн зуун долоо/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Зулгэрэл, нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “Т” ХХК нь 2016.03.02-ны өдөр “М” ХХК-тай Сүхбаатар дүүргийн 4 хороо, 65 байр, 1 давхарт орших зоогийн газрын үйл ажиллагаа эрхэлдэг талбайг зоогийн газрын зориулалтаар доторх бүх тоног төхөөрөмжийн хамт 1 жилийн хугацаатай ашиглуулахаар тохиролцож түрээсийн гэрэ байгуулсан. Гэрээний дагуу сар тутмын түрээсийн төлбөрийг 4,0 сая төгрөг болон ашиглалт үйлчилгээний зардал болох цахилгаан, дулаан, цэвэр бохир усан хангамж, утас, интернет, хог хаягдал, СӨХ-ийн төлбөрийг түрээслэгч нь төлж байхаар тохиролцсон. Гэвч түрээслэгч “М” ХХК нь түрээсийн гэрээний үүргийн дагуу түрээсийн төлбөр төлөхгүй явсаар “Т” ХХК-иас 2016.05.24-ний өдрийн сануулах мэдэгдлийг илгээсэн, мөн удалгүй 2016.09.19-ний өдрийн албан бичгээр түрээслэгч нь түрээсийн төлбөрөө төлөөгүй учраас гэрээний 3.1.2-т заасны дагуу түрээсийн гэрээг “Тендо патнерс” ХХК дангаар цуцалж байгаа тухай мэдэгдэл хүргүүлсэн. Улмаар 2018.05.25-ны өдөр “Т” ХХК-д хаягласан харьяа татварын алба болон нийгмийн даатгалын хэлтсээс албан татвар шимтгэлийн өрийг нэн даруй барагдуулах шаардлага ирсэн бөгөөд түүнийг “М” ХХК-иас “түрээсийн төлбөрийг төлөхгүйгээр, түрээслүүлэгчийн тус албан татвар болон шимтгэлийн өрийг төлье” гэсэн санал гаргасныг хүлээн зөвшөөрч түрээсийн гэрээний төлбөрийн үүргийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэн боломж олгосон. Үүний дараагаар “М” ХХК-иас 2016.12.09-ний өдрийн төлбөрийг үе шаттайгаар 2017 оны 6 сард төлж барагдуулах хүсэлт тавьсныг хүлээн зөвшөөрч боломж олгосон ч үүргээ биелүүлээгүй. Бид дээрх нөхцөл байдлын улмаас 2018.07.25-ны өдөр түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл 31,385,261 төгрөг, алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь 15,692,630 төгрөг, мөн түүнчлэн “Т” ХХК-иас томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний тал болох “М” ХХК-ийг төлөөлж Л.Сарангэрэлийн хийсэн “Т” ХХК-ийн нэр дээр үүссэн Хүн амын орлогын албан татварт төлсөн 6.568.000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 5.254.516 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварт төлбөрт төлсөн 2.000.000 төгрөг, нийт 60.900.407 төгрөгийн өр төлбөрийг нөхөн төлөх гэрээг “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн болон захирал Н.Б нартай байгуулж талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр хэлцэл хийсэн. Гэрээгээр тохиролцсон хугацаагаар бол 2018.08.01-2021.01.01-ний хооронд өрийг төлж барагдуулах байсан ч төлөөгүй. Иймд 2018.07.25-ны өдөр байгуулсан өр төлбөр нөхөн төлөх гэрээний үүргийн гүйцэтгэл болох 31,385,261 төгрөг, алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь 15,692,630 төгрөг, “Т” ХХК-ийн төлсөн Хүн амын орлогын албан татварт 6.568.000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 5.254.516 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварт төлбөрт 2.000.000 төгрөг, нийт 60.900.407 төгрөгийн өр төлбөрийг хариуцагч нараас гаргуулан өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын төлөөлөгчөөс тодруулсан шаардлага болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч “Т” ХХК болон “ М ” ХХК нар нь хариуцагч “М" ХХК болон Н.Б нарт холбогдуулан гэрээний үүрэгт 60.900.407 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Анх гаргасан нэхэмжпэлийн шаардлага 60.900.407 төгрөгийг хариуцагчдад тус тус тэнцүү хуваан хариуцуулж, “М" ХХК-иас 30,450.203 төгрөгийг гаргуулан, “Т” ХХК-д, Н.Бгаас 30,450.203 төгрөг гаргуулан “М" ХХК-д олгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь ямар ч үндэслэлгүй 60,900,407 төгрөгийг шаардсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Т” ХХК, “М” ХХК нар нь “М” ХХК болон Н.Б нарт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 60,900,407 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ түрээсийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ зөрчсөн тул гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөр болон ашиглалтын зардал зэрэгт 31,385,261 төгрөгийг төлөхөөр тохиролцон Өр төлбөр нөхөн төлөх гэрээ байгуулсны дагуу шаардана, анз тооцно, түрээсийн хугацаанд ажиллуулсан ажилчдын Хүн амын орлогын болон Нэмэгдсэн өртгийн албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр тохиролцсон гэж тайлбарлалаа.

 

Хариуцагч “М” ХХК нь үндэслэлгүй шаардсан гэж маргасан ба харин хариуцагч Н.Б хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

Т” ХХК нь “М” ХХК-тай 2016.03.02-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан, Сүхбаатар дүүргийн 4 хороо, 65 байр, 1 давхарт байрлах талбайг 1 жилийн хугацаатай ашиглуулахаар тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, 2 тал гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

Гэрээний дагуу түрээслүүлэгч “Т” ХХК нь зоогийн газрын үйл ажиллагаа эрхэлдэг талбайг зоогийн газрын зориулалтаар нь доторх бүх тоног төхөөрөмжийн хамт ашиглуулах, түрээслэгч “М” ХХК нь сар бүр 4,000,000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх үүргийг, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан ба талуудын хооронд түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.

 

Түрээсийн гэрээний дагуу “Т” ХХК нь “М” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад зорилгоо биелүүлэхэд нь зориулж, зоогийн газрын зориулалттай талбайг шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн байна.

 

Харин түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээг нэг талын санаачилгаар 2016.09.19-ний өдрөөр цуцалсан, энэ талаар талууд маргахгүй байна.

 

Гэрээ цуцалснаар нэхэмжлэгч нь “М” ХХК-иас авах түрээсийн үйл ажиллагааны явцад үүссэн төлбөр, ашиглалтын зардал, барааны төлбөр зэргийг дүгнээд 31,385,261 төгрөгийн авлага үүссэн талаар Авлагын дэлгэрэнгүй тайланг гаргасан байх бөгөөд  “М” ХХК нь 2016.12.09-ний өдөр нэхэмжлэгчид дээрх төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр хүсэлт гаргасан байна.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК-д 2018.05.25-ны өдөр хаяглагдсан харьяа татварын алба болон Нийгмийн даатгалын хэлтсээс албан татвар, шимтгэлийн өрийг нэн даруй барагдуулах шаардлага ирснээр төлбөр төлөгчнь түрээсийн төлбөрийг төлөхгүйгээр татвар, шимтгэлийн өрийг төлөх санал гаргасныг түрээслэгч хүлээн зөвшөөрсөн байна.

 

Гэвч дээрх татвар, төлбөр төлөгдөөгүйн улмаас 2018.07.25-ны өдөр “Т” ХХК болон “М” ХХК нар нь Өр төлбөр нөхөн төлөх гэрээг байгуулж, хуваарь гарган 2021.01.01-ний өдрийн дотор хуваарийн дагуу 31,385,261 төгрөгийг барагдуулах, “М” ХХК-ийн хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд захирал Б.Тэмүүлэн, Н.Б нарын хөрөнгөөс барагдуулахаар тохиролцжээ.

 

Тухайн гэрээг “Т” ХХК болон “М” ХХК нар байгуулж, төлбөр авагчид “М” ХХК, төлбөр төлөгчид захирал Н.Б нар нэмж гарын үсэг зурсан байх бөгөөд үүнийг үндэслэн нэхэмжлэгч тал хариуцагчдад тус тус тэнцүү хариуцуулж, “М" ХХК-иас 30,450,203 төгрөг гаргуулан “Т” ХХК-д, Н.Бгаас 30,450.203 төгрөг гаргуулан “М" ХХК-д олгуулах гэж шаардлагын үндэслэлээ тодорхойллоо.

 

Хэрэгт авагдсан Төлбөрийн даалгавар баримтуудаар “М” ХХК нь “Т” ХХК-ийн Хүн амын орлогын албан татварт 6,568,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 5,254,516 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварт төлбөрт 2,000,000 төгрөгийг төлжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “М” ХХК-ийн захирал Д.Сарангэрэл нь “Т” ХХК-ийн захирал Ц.Эрдэмбилэгийн ээж нь тул түрээсийн хугацаанд ажиллуулсан ажилчдын татвар, шимтгэлийг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч 2015.08.27-ны өдөр төлсөн баримт байх тул хангах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн түрээсийн гэрээний эрх зүйн харилцаанд оролцогч бус этгээд болох “Медикал монголиа” ХХК нь зөвхөн Өр төлбөр нөхөн төлөх гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээний олоцогч бус Н.Бгаас шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй юм.

 

“Тендо патнерс” ХХК болон “М” ХХК нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нэг талын санаачилгаар цуцлагдсанаар үүссэн өр төлбөрийг хариуцах үндэслэлтэй тул “М” ХХК-иас 31,385,261 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Талууд Өр төлбөр барагдуулах гэрээний 4.1 дэх заалтаар 2.4 дэх заалтаар тохирсон хугацааг хэтрүүлсэн, төлөөгүй тохиолдолд төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг тооцохоор төлбөр төлөгчид үүрэг болгожээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тодорхойлсон ба тухайн тохиолдолд түрээсийн гэрээ хэрэгжээд дуусгавар болсон тохиолдолд нэхэмжлэгчид анз шаардах эрх үүсэх юм.

 

Гэтэл нэхэмжлэгч түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тул нэхэмжлэгчид анз шаардах эрх үүсэхгүй, харин Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар хохирлоо шаардах эрхтэй байна. 

 

Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгээд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар “М” ХХК-иас 31,385,261 төгрөг гаргуулан, “Т” ХХК-д олгож, Н.Бгаас 29,515,146 төгрөг гаргуулах тухай “Медика монгол” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 462,453 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас тэмдэгтийн хураамжид 314,876 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгох нь зүйтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаагүй тул түүнийг энэ өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “М” ХХК-иас 31,385,261 /гучин нэгэн сая гурван зуун наян таван мянга хоёр зуун жаран нэг/ төгрөг гаргуулан,Т” ХХК-д олгож, Бгаас 29,515,146 төгрөг гаргуулах тухай “М” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 462,453 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас тэмдэгтийн хураамжид 314,876 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ