Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01758

 

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01758

 

 

ТП ХХК, ММХХК-уудын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2021/02582 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ТП ХХК, ММХХК-уудын нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК болон Н.Б-д холбогдох

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 60 900 407 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Зулгэрэл, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ТЭНДО патнерс ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр М ХХК-тай Сүхбаатар дүүргийн 4 хороо, 65 байр, 1 давхарт орших зоогийн газрын үйл ажиллагаа эрхэлдэг талбайг зоогийн газрын зориулалтаар доторх бүх тоног төхөөрөмжийн хамт 1 жилийн хугацаатай, сар тутмын түрээсийн төлбөрийг 4 000 000 төгрөг болон ашиглалтын зардлыг түрээслэгч нь төлөхөөр тохиролцсон. Гэвч түрээслэгч түрээсийн төлбөр төлөхгүй явсаар ТЭНДО патнерс ХХК-аас 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн албан бичгээр түрээслэгч нь түрээсийн төлбөрөө төлөөгүй учраас гэрээг ТЭНДО патнерс ХХК дангаар цуцалж байгаа тухай мэдэгдэл хүргүүлсэн. М ХХК-аас 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн төлбөрийг үе шаттайгаар 2017 оны 6 сард төлж барагдуулах хүсэлт тавьсныг хүлээн зөвшөөрч боломж олгосон ч үүргээ биелүүлээгүй. Бид дээрх нөхцөл байдлын улмаас 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл 31 385 261 төгрөг, алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь 15 692 630 төгрөг, Медика монгол ХХК-ийг төлөөлж Л.Сарангэрэлийн хийсэн ТЭНДО патнерс ХХК-ийн нэр дээр үүссэн хүн амын орлогын албан татварт төлсөн 6 568 000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 5 254 516 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт төлбөрт төлсөн 2 000 000 төгрөг, нийт 60 900 407 төгрөгийн өр төлбөрийг нөхөн төлөх гэрээг М ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн болон захирал Н.Б- нартай байгуулж талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр хэлцэл хийсэн. Гэрээгээр тохиролцсон хугацаагаар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах байсан ч төлөөгүй. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэл болох 31 385 261 төгрөг, алдангид 15 692 630 төгрөг, ТЭНДО Патнерс ХХК-ийн төлсөн Хүн амын орлогын албан татварт 6 568 000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 5 254 516 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварт төлбөрт 2 000 000 төгрөг, нийт 60 900 407 төгрөгийг хариуцагчдад тус тус тэнцүү хуваан хариуцуулж, М" ХХК-аас 30 450 203 төгрөгийг ТЭНДО патнерс ХХК-д, Н.Б-гаас 30 450 203 төгрөг гаргуулан Медика монголиа" ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч М ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь ямар ч үндэслэлгүй 60 900 407 төгрөгийг шаардсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Хариуцагч Н.Б- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж буй үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан /РД:6026591/ М ХХК-аас 31 385 261 төгрөг гаргуулан, /РД:5693748/ ТП ХХК-д олгож, /РД:ФМ88061593/ Бурдууд овогтой Наранчимэгийн Баяраагаас 29 515 146 төгрөг гаргуулах тухай Медика монгол ХХК-ийн /РД:2702215/ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 462 453 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас тэмдэгтийн хураамжид 314 876 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч ТП ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Н.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа нь шүүх хуралдаан давхацсан тухай хүсэлтээ өгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хангахгүй орхиж энэ өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх үүрэг эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай, танилцах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг зөрчсөн байна. Шүүх гэрээ дуусгавар болсон талаар дүгнэж анз шаардах эрхгүй гэж дүгнэсэн боловч хохирол төлбөр учирсан талаар дүгнэж шийдвэр гаргаж байгаа нь буруу байна. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний дагуу хариуцагч нийт 16 000 000 төгрөгийг төлсөн байдаг. Гэрээний дагуу нийт 6 сар түрээсийн зүйлийг ашигласан. Түрээсийн нэг сарын төлбөр 4 000 000 төгрөг бөгөөд хариуцагч нь 2 сарын түрээсийн төлбөр болох 8 000 000 төгрөгийг төлөхөөр харагдаж байна. 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээний дагуу компанийн татвар болон өр төлбөрийг түрээслэгч нар хариуцах үндэслэлгүй бөгөөд өр төлбөр барагдуулах гэрээний дагуу 31 385 261 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж байгаа нь буруу байна. Иймд шүүхийн шийдвэр нь талуудын мэтгэлцэх эрхийг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч ТП ХХК, Медика монгол ХХК нар нь М ХХК болон Н.Б- нарт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 60 900 407 төгрөг гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ТЭНДО патнерс ХХК-д 30 450 203 төгрөгийг М" ХХК-аас, Медика монголиа" ХХК-д 30 450 203 төгрөгийг Н.Б-гаас гаргуулахаар тус тус шаардлагаа тодруулж нэхэмжилснийг хариуцагч М ХХК болон Н.Б- нар эс зөвшөөрч маргажээ.

ТП ХХК нь М ХХК-тай байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 02ы өдрийн түрээсийн гэрээгээр Сүхбаатар дүүргийн 4 хороо, 1 дүгээр 40 мянгатын 65 дугаар байр, 7 тоот 35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зоогийн газрын зориулалтаар доторх бүх тоног төхөөрөмжийн хамт түрээслэгч М ХХКашиглуулах, түрээслэгч М ХХК 1 жилийн хугацаатай, ашиглалттай холбогдох урсгал болон тогтмол зардлыг бүрэн хариуцах, түрээсийн төлбөрт сарын 4 000 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөх үүрэг тус тус хүлээжээ. /хх-ийн 9-15, 39 /

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч гэрээнд заасан зоогийн газрыг доторх бүх тоног төхөөрөмжийн хамт хариуцагч талд 2016 оны 3 дугаар сарын 02ы өдөр хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч нь түрээсийн гэрээг хариуцагч түрээсийн төлбөрөө төлөөгүй үндэслэлээр 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр цуцалсан зэрэг үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. / хх-ийн 28 /

Мөн зоогийн газрын түрээсийн үйл ажиллагааны явцад үүссэн төлбөрийг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 31 385 261 төгрөгийн авлага үүссэн талаар авлагын дэлгэрэнгүй тайлан хэрэгт авагдсан байх бөгөөд М ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчид дээрх төлбөрийг 2017 оны 6 сарын дотор хуваарийн дагуу төлөхөөр хүсэлт гаргасан байна. /хх-ийн 29/

Улмаар ТП ХХК М ХХК-ийн хооронд Өр төлбөр нөхөн төлөх гэрээ байгуулж уг гэрээгээр 31 385 261 төгрөгийн өр төлбөр үүссэн болохыг дүгнэж, 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хуваарийн дагуу төлөхөөр тохиролцож, М ХХК-ийн хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд захирал Б.Тэмүүлэн, Н.Б- нарын хөрөнгөөс барагдуулахаар харилцан тохиролцож, уг гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 26, 29-34/

Нэхэмжлэгч Медикал монголиа ХХК нь ТЭНДО патнерс ХХК-ийн хүн амын орлогын албан татварт 6 568 000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 5 254 516 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварт төлбөрт 2 000 000 төгрөгийг түрээсийн хугацаанд ажиллуулсан ажилчдын татвар, шимтгэлийг төлсөн / хх-ийн 35-37 / гэж тайлбарлаж байгаа боловч уг төлбөр 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төлөгдсөн баримтаар хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх түрээсийн гэрээний эрх зүйн харилцаанд оролцогч бус этгээд болох Медикал монголиа ХХК нь зөвхөн өр төлбөр нөхөн төлөх гэрээнд гарын үсэг зурснаар Н.Б-гаас шаардах эрхтэй гэх үндэслэл тогтоогдохгүй гэсэн дүгнэлт хийсэн нь зөв байна. Мөн алданги 15 692 630 төгрөг, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн гэх 13 822 516 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

Нэхэмжлэгч ТП ХХК нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зоогийн газрыг доторх бүх тоног төхөөрөмжийг хариуцагчид шилжүүлсэн боловч хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд хийгдсэн түрээсийн гэрээний дагуу хариуцагч М ХХК-аас түрээсийн төлбөр 31 385 261 төгрөгийг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн талуудын хоорондын эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж, хариуцагч М ХХК-аас түрээсийн төлбөр 31 385 261 төгрөгийг гаргуулан, ТП ХХК-д олгож, Н.Б-гаас 29 515 146 төгрөг гаргуулах тухай Медика монгол ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Хариуцагч М ХХК-ийн захирал Б.Тэмүүлэнд 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, хариуцагч Н.Б-д 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тус тус нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардуулж, хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг нь танилцуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэл, тайлбараа нотлох үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...хариуцагч нийт 16 000 000 төгрөгийг төлсөн... гэсэн давж заалдах гомдол гаргасан байх боловч хэрэгт энэ талаар баримт авагдаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлгүй болно.

Мөн хариуцагчийн төлөөлөгч Б.Тэмүүлэн, Н.Б- нар өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хүсэлт гаргасан үндэслэлээр 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааныг, хариуцагч тал шүүгчийн захирамжид гомдол гаргасан үндэслэлээр 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааныг, хариуцагч Н.Б-гийн эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтээр 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааныг тус тус хойшлуулж байсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 6 сар үргэлжилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хугацаа дууссан байна.

Анхан шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар шүүх хуралдааны товыг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдсэн /хх-ийн 107 / боловч хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн мэдэгдэх хуудсыг үндэслэн шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг гаргасан байх боловч иргэний хэргийн шүүх хуралдааны товыг түүнд 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдсэн, өмнө нь хариуцагч талын хүсэлтээр удаа дараа шүүх хуралдаан хойшлогдож, хэргийг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон хугацаа хэтэрсэн байх тул анхан шатны шүүх хуралдааныг дахин хойшлуулах тухай түүний хүсэлтийг хангахгүй орхиж шүүх хуралдаан явуулсныг буруутгах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2021/02582 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 314 877 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Н.БАТЗОРИГ