Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0149

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гриша, Д.Мэндбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Барсүрэн, Г.Алтанчимэг нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1034 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “Гутлын-22” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1034 дүгээр шийдвэрээр: ”Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Гутлын-22” Сууц өмчлөгчдийн холбооны гаргасан “...Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/116 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 561 дүгээр захирамжийн “Гутлын-22” СӨХ-ны 5412 м.кв газрыг “1 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэснийг зөвтгөж 15 жилийн хугацаатайгаар ашиглуулах захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэл, гуравдагч этгээд Д.Наранбаярын гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжийн 3-т “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 123 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт....” гэж бичсэнийг “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт” гэж зөвтгөн өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу “Гутлын-22” СӨХ-ны “иргэн Д.Наранбаярын зөвшөөрөлгүй эзэмшиж буй газрыг албадан чөлөөлүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Энхтуяа давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 106 дугаар зүйлийн 106.4 дэх заалтыг зөрчиж, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл муутай, нэг талыг барьсан дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг зөрчсөн.

... Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 123 дугаар шийдвэрээр Д.Наранбаярт 60 м.кв газрыг олгосон тухай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 124 дүгээр шийдвэрээр А.Шийравт 48 м.кв газрыг олгосон тухай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжийн 3 дахь заалтад Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 123, 124 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгосон байдаг.

... Анхан шатны шүүх маргаан бүхий А/116 дугаар захирамжийн үндэслэл болсон хоёр захирамжид Д.Наранбаяр А.Шийрав нарын нэрс ороогүй, эдгээр иргэд нь анхнаасаа газар эзэмших эрхгүй байсныг шүүх зөв дүгнэсэн ч ... хуулиар олгогдсон хүчин төгөлдөр газар ашиглах эрхийг, хууль бусаар газар эзэмшиж буй Д.Наранбаярын эзэмшлийн газартай СӨХ-ны газар давхцаагүй байна гэж шүүх дүгнэлт өгсөн нь ... үндэслэлгүй байна.

... Мөн шүүх холбогдох нотлох баримтуудыг анхаарч үзээгүй, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь огт дүгнээгүй орхигдуулсан нь зориуд нэг талыг баримталсан шийдвэр гаргасан гэж үзэхэд хүргэж байна.

 ... Иргэн Д.Наранбаяр нь анхнаасаа газар эзэмших эрхгүй этгээд байсан бөгөөд маргаан бүхий газарт буюу манай М-100 байрны урд талд байрлах хэсэгт зөвшөөрөлгүй СӨХ-ны эзэмшлийн газартай газар давхцуулан байшин барьсан тул Нийслэлийн Засаг дарга хууль бусаар газар эзэмшсэн этгээдэд газар чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгч, маргаан бүхий газарт хуулийн дагуу арга хэмжээ авч, газар чөлөөлүүлэх ажиллагааг хийхэд холбогдох захиргааны актыг гаргах бүрэн эрхтэй субьект байна.

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл иргэн Д.Наранбаяр болон А.Шийрав нарт газар эзэмшүүлэх тухай шийдвэр гараагүй, өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхгүй эдгээр иргэдэд огт хамааралгүй захирамжуудыг үндэслэн дээрх хууль тогтоомжуудыг зөрчин, бусдын газарт давхацсан эсэхийг шалгаж тогтоолгүйгээр гуравдагч этгээд иргэн Д.Наранбаярт Нийслэлийн Засаг дарга 2014 оны А/116 дугаар захирамжаар газар олгосон нь хууль бус байна.

... Нийслэлийн Засаг дарга 2006 оны 561 дүгээр захирамжийг гаргахаас өмнө буюу 2005 оны 07 сарын 01-ний өдөр Газрын тухай хуульд 441 гэсэн нэмэлт зохицуулалт орж СӨХ-нд орчны газрыг 15 жилийн хугацаатай ашиглуулах, мөн гэрээг 15 жилийн хугацаатай байгуулж, түүнийгээ 15 жилээр хэдэн ч удаа сунгаж болохоор нэмэлт зохицуулалт орсон байхад Нийслэлийн Засаг дарга 2006 оны 561 дүгээр захирамжийг гаргахдаа хэдийгээр холбогдох хуулиудыг үндэслэсэн боловч хугацаатай холбоотой хуулийн заалтыг орхигдуулан, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Нийслэлийн Засаг дарга 2006 онд 561 дүгээр захирамжаар СӨХ-нд 1 жилийн хугацаатай газар ашиглуулахаар шийдвэрлэсэн атлаа гэрээг ... 2008 онд “Гутлын-22” СӨХ-той гэрээ байгуулж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т “шуурхай, тасралтгүй байх” захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчиж байна. Захиргааны байгууллагуудын буруутай үйл ажиллагааны улмаас “Гутлын-22” СӨХ-той цаг тухайд нь гэрээг хуулийн дагуу байгуулаагүй, газар ашиглах эрхийг 1 жилийн хугацаатай олгосон нь өнөөдөр нэхэмжлэгч “Гутлын-22” СӨХ-ны эрх ашгийг хөндөж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэг. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжаар 22 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулсны дотор иргэн Д.Наранбаярын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 109 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийг баталгаажуулж, үүнтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 123 дугаар захирамжийн иргэн А.Шийрав, Д.Наранбаярт холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцжээ.

Тухайн шийдвэрийг үндэслэн Нийслэлийн өмчийн харилцааны газартай 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулж, гэрчилгээ авснаар иргэн Д.Наранбаярын газар эзэмших эрх Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу шаардлага хангаж хууль ёсны болжээ.  

Хэрэгт цугларсан баримтаар Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжаар иргэн Д.Наранбаярт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газрын 48 м.квадратыг нь гражийн зориулалтаар иргэн А.Шийрав, 60 м.квадратыг иргэн Д.Наранбаяр өөрөө 15 жилийн хугацаагаар үйлчилгээний зориулалтаар Чингэлтэй дүүргийн Засаг даргаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр 2004 оны 07 дугаар сараас эзэмшиж ирсэн, А.Шийравын гражийг худалдан авснаар 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс тухайн газрыг Д.Наранбаяр өнөөг хүртэл эзэмшсээр ирсэн, бусдын гражийг худалдан авсантай холбогдуулан Д.Наранбаяр нэгтгэн Нийслэлийн Засаг даргад хандсанаар дээрх 2014 оны А/116 дугаар захирамж гарсан болох нь тогтоогджээ[1].

Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 561 дүгээр захирамжаар нийтийн зориулалттай орон сууцны орчны газар ашиглах эрх нь баталгаажсан 88 сууц өмчлөгчдийн холбоодыг хавсралтаар баталгаажуулсны дотор “Гутлын-22” Сууц өмчлөгчдийн холбоонд Чингэлтэй дүүргийн 1 хороонд орон сууцны орчны газрын зориулалтаар 5412 м.кв газрыг 1 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэсэн, дээрх шийдвэрийг үндэслэн тухайн сууц өмчлөгчдийн холбоо Нийслэлийн газрын албатай 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр газар ашиглах гэрээг 2 жилийн хугацаатайгаар байгуулах зэргээр орчны газраа ашиглаж иржээ.

Ийнхүү газрыг ашиглахдаа уг сууц өмчлөгчдийн холбоо 5412 м.кв газрын кадастрын зургийг “Шинэ кадастр” ХХК-аар, эдэлбэр газрын схем зургийг Нийслэлийн газрын албаар үйлдүүлэх, Нийслэлийн барилга, хот байгуулалтын төлөвлөгөөний газраар “Гутлын-22” Сууц өмчлөгчдийн холбооны ашиглах газрын ерөнхий төлөвлөгөө, тохижилтын схем зургийг хийлгэх ажлыг гүйцэтгүүлж[2] байсан боловч Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 35 дугаар зүйлийн 35.3.1, Нийслэлийн газрын албатай байгуулсан 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээ”-ний 5.9 дэх заалт /Газар ашиглагч нь гэрээгээр ашиглах газрынхаа кадастрын зураглалыг хийлгэж, мэдээллийн санд оруулж баталгаажуулан газар ашиглуулах гэрээнд хавсаргасан байна/-ыг зөрчиж Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд зааснаар ашиглах газрынхаа кадастрын зураглалыг үйлдүүлж кадастрын зураглалын мэдээллийн санд хүлээлгэн өгөөгүйгээс тухайн сууц өмчлөгчдийн холбооны ашиглах газрын хилийн эргэлтийн цэгүүд тодорхой бус байсаар өнөөг хүрчээ.

Өөрөөр хэлбэл, дээрх нөхцөл байдал нь гуравдагч этгээдэд маргаан бүхий актаар олгогдсон газрыг нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн холбоо хууль ёсоор ашиглаж байсан гэдгийг үгүйсгэх нэг үндэслэл болохоос гадна энэ бүх хугацаанд иргэн А.Шийрав, Д.Наранбаяр нар Чингэлтэй дүүргийн газрын албанаас олгосон гэрчилгээнд заагдсан газрыг гражийн зориулалтаар ямар нэг маргаангүйгээр эзэмшсээр байсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүйг харуулж байна. энэ нь иргэн Д.Наранбаярт газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн гэх үндэслэл болж байна.

Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж, хүчингүй болгох боломжтой.

Тиймээс дээрх байдлаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрх зөрчигдсөн нь тогтоогдоогүй тохиолдолд гуравдагч этгээд Д.Наранбаярт газар эзэмших эрхийг олгосон маргаан бүхий захиргааны актыг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 /Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна/-д заасныг үндэслэн хүчингүй болгох боломжгүй.

Үүнээс гадна нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргад хандан 2006 оны 561 дүгээр захирамжийг эс зөвшөөрч байсан, эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хугацааг өөрчлөх талаар огт хандаж байгаагүй атлаа түүнийг зөвтгөхийг даалгах агуулгатай нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

Үүнээс үзвэл анхан шатны шүүх “Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/116 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 561 дүгээр захирамжийн “Гутлын-22” Сууц өмчлөгчдийн холбооны 5412 м.кв газрыг “1 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэснийг зөвтгөж, 15 жилийн хугацаатайгаар ашиглуулах захирамж гаргахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Гэхдээ тухайн шийдвэр Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.9-д “Сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах орчны газрын ашиглах хугацаа 15 жил байна. Энэ хуулийн 441.6-д заасан гэрээг нийтийн зориулалттай тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд 15 жилээр хэдэн ч удаа сунгаж болно” зааснаар орчны газраа сунгуулах хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлахгүйг дурдах нь зүйтэй.

Хоёр. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4 /хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах/-д зааснаар газар эзэмшүүлэх, ашиглуулах болон үүнтэй холбоотойгоор мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д заасны дагуу зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан этгээдийг албадан нүүлгэх тухай шийдвэр гаргах эсэх нь Засаг даргын бүрэн эрхийн асуудал байна.

Үүнээс гадна нэхэмжлэгч “Гутлын-22” Сууц өмчлөгчдийн холбооноос Нийслэлийн Засаг даргад хандан “иргэн Д.Наранбаярын зөвшөөрөлгүй эзэмшиж буй газрыг албадан чөлөөлөх талаар огт хандаагүй атлаа тийнхүү захирамж гаргахыг “даалгах” агуулгатай шаардлага гаргасан нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, Д.Наранбаярт газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй нь дээр дурдсанаар тогтоогдсоноос гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 /захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох/-д зааснаар даалгах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 /Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно/-д заасантай холбогдуулж гаргах бөгөөд тийнхүү хандаагүй тохиолдолд Засаг даргыг эс үйлдэхүй гаргасан гэх боломжгүй.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл нэхэмжлэлийн “Д.Наранбаярын зөвшөөрөлгүй эзэмшиж буй газрыг албадан чөлөөлүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор байна.

Анхан шатны шүүх энэ талаар Газрын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д заасны дагуу албадан нүүлгэх тухай шийдвэр гаргах Засаг даргын үйл ажиллагааг иргэний хэргийн шүүхэд харьяалагдах маргаан гэж үзсэн нь буруу байна.

Гурав. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 123, 124 дүгээр захирамжийн аль алинаар нь гуравдагч этгээд Д.Наранбаяр болон А.Шийрав нарт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд газар олгоогүй, түүнчлэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192, 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 122 дугаар захирамжаар бусад иргэдийн нэгэн адил зуслангийн зориулалтаар “Чингэлтэйд” 400 м.кв газрыг Д.Наранбаярт 5 жилийн хугацаагаар, “Жигжидэд” 700 м.кв газрыг А.Шийравт 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, тодруулбал, гуравдагч этгээд Д.Наранбаярт 192 дугаар захирамжаар бусад иргэдээс тусд нь зуслангийн зориулалтаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд  газар олгосон гэх үндэслэлгүй тул гуравдагч этгээдийн “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжийн 3-т “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 123 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт....” гэж бичсэнийг “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт” гэж зөвтгөн өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” тухай бие даасан шаардлагыг хангах боломжгүй

Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1034 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, “1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 59 дүгээр зүйлийн 59.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Гутлын-22” Сууц өмчлөгчдийн холбооны “Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/116 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 561 дүгээр захирамжаар “Гутлын-22” Сууц өмчлөгчдийн холбооны 5412 м.кв газрыг “1 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэснийг зөвтгөж, 15 жилийн хугацаатайгаар ашиглуулах захирамж гаргахыг, иргэн Д.Наранбаярын зөвшөөрөлгүй эзэмшиж буй газрыг албадан чөлөөлүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад тус тус даалгуулах” тухай нэхэмжлэл, гуравдагч этгээд Д.Наранбаярын “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжийн 3-д “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 123 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт” гэж бичсэнийг “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт” гэж зөвтгөн өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын дугаарыг “2”, 4 дэх заалтын дугаарыг “3” гэж өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                                 ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

                                                 ШҮҮГЧ                                                  С.МӨНХЖАРГАЛ

                                                 ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР


[1] Хэргийн 1 дэх хавтас. 90-107 дахь тал

[2] Хэргийн 1 дэх хавтас. 109-126 дахь тал