Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2021/02757

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2021/02757

Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, “Я” Хадгаламж зээлийн хорооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, дугаар байр,  тоотод оршин суух, Б.О-т холбогдох,

 

2 679 580 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж, гэрч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Я” Хадгаламж зээлийн хоршооны төлөөлөгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О нь 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 900 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 3.8 хувийн, жилийн 45.6 хувийн зээлж хүүтэй авсан боловч зээлийг графикийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийн төлөгдөх хугацаа дууссан.

 

2020 оны 8 дугаар сарын 23-ны байдлаар зээлийн үлдэгдэл 900 000 төгрөг, хуримтлагдсан хүү 1 779 580 төгрөг, нийт 2 679 580 төгрөгийг төлөөгүй байна. Хэдийгээр зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 900 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгөөгүй боловч тухайн үед хоршооны дарга байсан У.Вандангаас зээлсэн мөнгөнд тооцон өгөхийг хариуцагч зөвшөөрсөн тул зээл 900 000 төгрөгийг кассаас У.Вандангаар гарын үсэг зуруулж гаргасан.

 

Иймд үндсэн зээл 900 000 төгрөг, хүүгийн төлбөрт 1 779 580 төгрөг, нийт 2 679 580 төгрөгийг Б.Одончимэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэдийгээр зээлийн гэрээнд хариуцагч гарын үсэг зурсан байх боловч нэхэмжлэгч нь зээлийг түүнд шилжүүлж өгөөгүй. Хэрэгт нотлох баримтаа н.Вандан гэдэг хүн гарын үсэгтэй чек хавсаргасан байсан. Тэгэхээр н.Вандан гэдэг хүн зээл авсан нь баримтаар тогтоогдож байна. Иймд Б.О хариуцагч биш н.Вандан хариуцагч юм. “Я” Хадгаламж зээлийн хоршоо үнэхээр үйл ажиллагаагаа явуулдаг нь үнэн бол н.Вандангаас гаргуулах нь зүйтэй. Мөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Я” Хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Б.О холбогдуулан 2 679 580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ “...үндсэн зээл 900 000 төгрөг, хүүгийн төлбөрт 1 779 580 төгрөг, нийт 2 679 580 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон. Хариуцагч уг шаардлага, үндэслэлийг “...нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу мөнгийг хариуцагчид шилжүүлж өгөөгүй, ...шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хариуцагч хэтрүүлсэн” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 10003 дугаартай зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээнд зээлдүүлэгчийг төлөөлж У.В, зээлдэгчийг төлөөлж Б.О нар тус тус гарын үсэг зурж, “Я” Хадгаламж зээлийн хоршооны тамга дарагдсан байна.

 

Хариуцагч нь уг гэрээнд зурагдсан гарын үсэг өөрийнх биш талаар маргасан боловч шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1585 дугаар дүгнэлтэд гэрээнд зурсан гарын үсэг нь хариуцагчийн гарын үсгийн чөлөөт болон туршилтын загвартай тохирсон талаар дүгнэсэн байна. Үүнээс үзвэл, хариуцагчийн зээлийн гэрээнд зурсан гарын үсэг өөрийнх биш гэх тайлбар нь шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна. Иймд хариуцагчийг дээрх зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэж үзнэ.  

 

Дээрх гэрээний 1.1-д зааснаар хариуцагч нь 900 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 3.8 хувийн хүүтэй нэхэмжлэгчээс зээлэхээр тусгасан байх бөгөөд нэхэмжлэгч нь уг гэрээг шаардлагын үндэслэлээ болгожээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Түүнчлэн, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар мөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцдог.

 

Хадгаламж зээлийн хоршооны зээл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зохицуулалтад хамаарах бөгөөд мөн зүйлд болон гэрээнд зааснаар зээлдүүлэгч “Яруу ундрах ирээдүй” Хадгаламж зээлийн хоршоо нь зээл 900 000 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагчид шилжүүлснээр гэрээний үүрэг талуудад үүсэж, гэрээ байгуулагдсанд тооцно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид зээл 900 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагчид гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэг тус тус үүснэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь зээл 900 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлснээ, хариуцагч нь зээлийг буцаан төлснөө тус тус нотлох үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаар зээлийн гэрээнд хэдийгээр хариуцагч гарын үсэг зурсан байх боловч гэрээний зүйл болох 900 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл,  “Яруу ундрах ирээдүй” Хадгаламж зээлийн хоршооны 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн кассын зарлагын ордерт “Б.Одончимэгт активын зээл есөн зуун мянган төгрөг хүлээн авсан Вандан” гэж гарын үсэг зурсан, мөн “Яруу ундрах ирээдүй” Хадгаламж зээлийн хоршооны Төрийн банк дахь 102600335741 дугаар дансны хуулганд 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1 300 000 төгрөгийн зарлага гарсан, мөн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Төрийн банкны чект 1 300 000 төгрөг бичигдсэн зэрэг нь нэхэмжлэгчээс зээл 900 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэлийг нотолж чадахгүй байна. /хх-32, 82, 86 дугаар тал/.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх бөгөөд мөн зүйлийн 211.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно.

 

Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох зээл 900 000 төгрөгийг хариуцагчид биш, бусад этгээдэд шилжүүлэхдээ хариуцагчийн зөвшөөрлийн дагуу шилжүүлсэн гэж үзэх, мөн бусад этгээд нь тухайн зээлийг хүлээн авснаар хариуцагч ашиг олсон гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн, гэрчийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар нотолгооны бусад хэрэгслээр тогтоогдохгүй байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 900 000 төгрөг, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар хүүгийн төлбөрт 1 779 580 төгрөг, нийт 2 679 580 төгрөгийг шаардах эрхгүй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан буюу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жилийг хэтрүүлсэн талаар маргасан.

 

Шүүх талуудын хооронд гэрээний үүрэг үүссэн, гэрээ байгуулагдсан гэж үзээгүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт үүнд хамаарахгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчид холбогдох 2 679 580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.О холбогдох, 2 679 580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Я” Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 823 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          М.БАЯСГАЛАН